| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/01690/И |
| Дугаар | 142/шш2024/00085 |
| Огноо | 2024-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 142/шш2024/00085
| 2024 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2024/00085 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Э 3 барьцаат зээлийн газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Х,
Хариуцагчийн төлөөлөгч О.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Х би Э 3 б з гт Samsung UE7500 LED ухаалаг 50 инч зурагтыг барьцаалж 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 100,000 төгрөг нэмж нийт 400,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлж авсан. Түүнээс хойш зээлийн хуцагаа хэтэрснээс 8 хоногийн О.Этай холбогдоход гэрээнд заагдаагүй алданги нэмж нэхэмжлэн үл ойлголцол үүссэн. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу зээлийн хугацаа дууссанаас хойш 13 хоног, холбогдосноос хойш 5 хоногийн дараа таны бараа зарагдлаа гэсэн мессеж гар утсанд ирсэн. Би Samsung UE7500 LED зурагтаа 2023 оны 01 дүгээр сарын 30-нд Голомт банкны зээлээр 2,090,900 төгрөгөөр авч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлж дуусах гэрээтэй байгаа. Иймээс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16.7-д заасны дагуу борлуулсан барааны үнийн дүнгийн зөрүү 1,640,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Х нь /РД:********/ манай үйл ажиллагаа явуулдаг У багийн 3-22-р байранд байрлах Э 3 барьцаалан зээлүүлэхэд 2023 оны 08-р сарын 28-ны өдөр хайрцаг савгүй, хэрэглээний эдэлгээтэй, удирдлага байхгүй. Самсунг UE 7500 маркын 50 инчийн зурагтыг 300,000 төгрөгийн үнэлгээтэйгээр үйлчлүүлсэн. Маргааш өдөр нь буюу 2023 оны 08-р сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийг нэмэлтээр авсан. Тухайн иргэнтэй байгуулсан 9419 дугаартай зээлийн гэрээнд эд зүйлсийн эхлэх болон дуусах огноо, хугацаа хэтэрснээс хойш хүлээх хүлээлгийн хоног, мөн хугацаа хэтэрснээс хойших 1%-н алдангийн тухай мэдээлэл бүгд байгаа бөгөөд хүлээлгийн хоног дуусаж зарагдах бараанд орсныг сануулсан мессэж илгээсэн байгаа. Иргэн Жаргалсайхан овогтой Хатансайхан нь баглаа боодолгүй, удирдлагагүй, хэрэглээний эдэлгээтэй хуучин зурагтыг Зах зээлийн үнэлгээнээс 50% давсан лизингийн нэмэгдэлтэй шинэ зурагтны үнэлгээ гаргаж нэхэмжлэлсэнийг манай байгууллага гаргаж өгөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Ж.Хы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Э 3 барьцаат зээлийн гэрээ /хх-4, 5/, 2023 оны 01 сарын 30-ны өдрийн ЗГ4025118024 дугаартай зээл болон барьцааны гэрээ /хх-6-8/, Сайн интернэшнл ХХК-ийн зарлагын падаан /хх-9/, баталгаат хугацаа, засвар үйлчилгээний нөхцөл /хх-10/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Эрдэнэс-3 барьцаалдан зээлүүлэх дотоод журам /хх-19/-ыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Э-3 барьцаат зээлийн газарт холбогдуулан 1,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Х нь Э 3 б з гт Samsung UE7500 LED ухаалаг 50 инч зурагтыг барьцаалж 2023 оны 08 сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 08 сарын 29-ний өдөр 100,000 төгрөг нэмж нийт 400,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлж авсан байна.
Энэ талаар талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн хугацаа хэтэрснээс 8 хоногийн дараа О.Этай холбогдоход гэрээнд заагдаагүй алданги нэмж нэхэмжлэн үл ойлголцол үүссэн , 2023 оны 09 сарын 30-ны өдөр буюу зээлийн хугацаа дууссанаас хойш 13 хоног, холбогдсоноос хойш 5 хоногийн дараа таны бараа зарагдлаа гэсэн мессеж гар утсанд ирсэн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Ж.Х нь /РД:АИ 99081816/ манай Э-3 барьцаалан зээлдүүлэх газраас 2023 оны 08 сарын 28-ны өдөр хайрцаг савгүй, хэрэглээний эдэлгээтэй, удирдлага байхгүй, Самсунг UE 7500 маркын 50 инчийн зурагтыг 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан, маргааш өдөр нь буюу 2023 оны 08 сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийг нэмэлтээр авсан. Зээлийн гэрээнд эд зүйлсийн эхлэх болон дуусах огноо, хугацаа хэтэрснээс хойш хүлээх хүлээлгийн хоног, мөн хугацаа хэтэрснээс хойшхи 1%-н алдангийн тухай мэдээлэл бүгд байгаа бөгөөд хүлээлгийн хоног дуусаж зарагдах бараанд орсоныг сануулсан мессэж илгээсэн байгаа гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д Зээлдэгч энэ хуулийн 16.5-д заасан хугацаанд барьцааны шаардлагыг хангаагүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны зүйлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоно.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс, эсхүл гэрээнд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 14 хоног байна гэжээ.
Нэхэмжлэгч нь зээлийн хугацаа хэтэрснээс 8 хоногийн дараа буюу 9 сарын 25-ны өдөр хариуцагчтай холбогдсон, 2023 оны 09 сарын 30-ны өдөр буюу зээлийн хугацаа дууссанаас хойш 13 хоног, холбогдсоноос хойш 5 хоногийн дараа таны бараа зарагдлаа гэсэн мессежийг хариуцагч түүний утсанд ирүүлсэн байна. Хариуцагч нь барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулсаны дараа зарагдсан гэж нэхэмжлэгчид мэдэгдэх биш харин өмнө нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг түүнд хүргүүлэх үүрэгтэй.
Энэхүү мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс, эсхүл гэрээнд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дараа барьцааны шаардлагыг хангах эрх үүсэхээр байсан байна. Гэтэл энэхүү эрх үүсээгүй байхад эд зүйлийг худалдан борлуулсан нь буруу байна.
Түүнчлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, бодитой үнэлнэ гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох зурагтыг үнэлээгүй, нэхэмжлэгч нь Samsung UE7500 LED зурагтыг 2023 оны 01 сарын 30-нд Голомт банкны зээлээр 2,090,900 төгрөгөөр авсан, зээлийг 2025 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл төлж дуусах ёстой байсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас борлуулсан барааны үнийн дүнгийн зөрүү 1,640,000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.7-д заасныг баримтлан хариуцагч Э-3 барьцаат зээлийн газраас 1,640,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э-3 барьцаат зээлийн газраас 20,595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН