Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1755

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02029 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.От холбогдох,

 

Хохиролд 2 549 672 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Одбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг авто ломбард буюу “Х-А” ХХК-аас Тоёота акуа маркийн авто машиныг зээлээр худалдан авахаар болсон.

Гэтэл Говь-Алтай аймгийн харьяалалтай гэдэг үндэслэлээр авах боломжгүй болсон. Ингээд Улаанбаатар хотод амьдардаг Д.Оийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан зээлээр авто машин авсан байдаг.

Ж.Б зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу эхний нэг сард “Х-А” ХХК-ийн дансанд төлж байсан боловч тухайн данс нь болохгүй байгаа бэлнээр өг гэсэн компанийн мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч нь Д.Оийн 5024446189 тоот данс руу 2018 оны 12, 01, 02 сарын эргэн төлөлтийн төлбөр нийт 1 722 600 төгрөгийг шилжүүлээд компанид бэлнээр аваачаад өгөхийг гуйсан.

Гэтэл Д.О нь 3 сарын хугацаанд зээлийн дээрх мөнгийг төлөөгүй учраас “Х-А” ХХК-аас Ж.Бд мэдэгдэл ирсэн. Үүний дагуу Д.Отэй холбогдоход шинэ жил, цагаан сар болсон учраас 2 сар төлөөгүй. Сүүлийн шилжүүлсэн мөнгийг чинь шилжүүлсэн гэж хэлсэн.

Ингээд Ж.Б нь 2019 оны 03 сард хотод ирэн “Х-А” ХХК-д зээлийн төлбөр, хүү, алдангид нийт 9 776 700 төгрөг төлж, машинаа өөрийн нэр дээр болгон тухайн зээлийн гэрээг хаасан. Д.О нь Ж.Бын шилжүүлсэн мөнгийг цаг тухай бүрт нь “Х-А” ХХК-д төлж байсан бол зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 7 751 750 төгрөгийг төлөх ёстой байсан.

Д.Оийн буруугаас болж нэхэмжлэгчид хохирол учирсан. Зээлийн хугацаа нь 68 хоногоор хэтэрсэн.

Иймд хариуцагчаас 2 749 672 төгрөгийг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 200 000 төгрөгийг төлсөн тул уг хэмжээгээр багасгаж 2 549 672 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-А” ХХК нь хөдөөний хаягтай хүнтэй зээлийн гэрээ байгуулахгүй гэсэн учраас Д.О нь Ж.Бын гуйснаар зээлийн гэрээ байгуулсан.

Ж.Б нь эхлээд “Х-А” ХХК-ийн данс руу зээлийн мөнгийг шилжүүлдэг байсан. Гэтэл Х-А ХХК нь зээлийн мөнгийг бэлнээр төлөх мэдэгдэл өгсөн учраас нэхэмжлэгч нь Д.Оийн данс руу гурван удаагийн үйлдлээр нийт 1 722 600 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн, энэ талаар маргахгүй.

Д.О нь 998 500 төгрөгийг “Х-А” ХХК-д төлсөн. Харин 724 100 төгрөгийг төлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Хаан банкны дансаар 200 000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр Ж.Бд шилжүүлсэн баримт нь хэрэгт авагдсан.

Иймд одоо 524 100 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр 2 549 672 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй.

“Х-А” ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс учирсан хохирлыг Ж.Б шаардах эрхгүй. Ж.Б, Д.О нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа хэдий ч хариуцагч нь 524 100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар хариуцагч Д.Оээс 524 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 025 572 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 16 373 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Анхан шатны шүүх хариуцагч Д.О нь Ж.Бын шилжүүлсэн мөнгийг “Х-А” ХХК-д шилжүүлэлгүй ашигласан тул нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн данс руу шилжүүлсэн 1 772 600 төгрөгөөс 524 100 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас алдангид төлсөн 2 025 572 төгрөгийг нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхэд зээлийн гэрээний эх хувийг гаргаж өгсөн боловч тус зээлийн гэрээг нотлох баримтаар тооцохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Уг гэрээг нотлох баримтаар хүлээж аваагүй ч хэрэгт авагдсан “Х-А” ХХК барьцаат зээлийн гэрээнээс 2 025 572 төгрөгийн хохирол учирсан болох нь хангалттай тогтоогдож байхад үүнийг тооцоолж үзэлгүйгээр хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Хариуцагч Д.О нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүүд 998 500 төгрөг төлсөн.

Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан бол 2019 оны 03 дугаар сард 7 542 000 төгрөгийг төлөөд зээл хаагдаж зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэх боломжтой байсан. Гэтэл 9 776 700 төгрөг төлж хаасан ба илүү 2 234700 төгрөгийг  төлсөн болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 025 572 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Д.От холбогдуулан 2 749 672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг 200 000 төгрөгөөр бууруулж 2 549 672 төгрөгөөр нэхэмжлэгч тодорхойлсныг хариуцагч 524 100 төгрөг төлөхийг зөвшөөрчээ.

 

“Х-А” ХХК-тай Ж.Бын өмнөөс Д.О нь автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсанд маргаагүй байна.

 

Д.О нь Ж.Бд туслах зорилгоор “Х-А” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан тул Д.О, Ж.Б нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж үзнэ.

 

Ж.Б нь автомашины үнэд төлөхөөр 2018 оны 12 сард 584 400 төгрөг, 2019 оны 01 сард 574 200 төгрөг, 2019 оны 02 сард 564 020 төгрөг, нийт 1 722 600 төгрөгийг Д.Оийн данс руу шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Уг мөнгөн хөрөнгөөс Д.О нь 998 500 төгрөгийг нь “Х-А” ХХК-д шилжүүлсэн ба үлдэх 724 100 төгрөгийг шилжүүлээгүй гэж талууд маргасан.

 

Иймд Ж.Б нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 574 200 төгрөгийг шаардах эрхтэй, харин Д.О нь Ж.Б нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй тул хохирол шаардах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02029 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “495 дугаар зүйлийн 495.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                        

                              ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА