Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/02029

 

 

 

 

 

 

 

 

 2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/02029

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............ тоот хаягт оршин суух, ..... овогт Ж-ын Б- /РД:........../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .......... тоот хаягт оршин суух, Б овогт Д-н О /РД:............. /-т холбогдох,

 

2,749,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ж.Б- нь 2018 оны 10 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг авто ломбард буюу “Х ” ХХК-иас тоёота акуа маркийн авто машиныг зээлээр худалдан авахаар болсон. Гэтэл Говь-Алтай аймгийн харьяалалтай гэдэг үндэслэлээр авах боломжгүй болсон. Ингээд Улаанбаатар хотод амьдардаг Д.О гэдэг бэр эгчтэйгээ уулзаж түүний нэр дээр зээлийн гэрээ байгуулан зээлээр авто машин авсан байдаг. Ж.Б- зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу эхний нэг сард нь “Х” ХХК-ийн дансанд шууд төлж байсан боловч тухайн данс нь болохгүй байгаа бэлнээр өг гэсэн компанийн мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч нь Д.О-ийн 5024446189 тоот данс руу 2018 оны 12, 01, 02 сарын эргэн төлөлтийн төлбөр нийт 1,722,600 төгрөгийг шилжүүлээд компани дээр бэлнээр аваачаад өгөхийг гуйсан байдаг. Гэтэл О.О нь 3 сарын хугацаанд зээлийн дээрх мөнгийг төлөөгүй учраас “Х” ХХК-иас Ж.Б-д мэдэгдэл ирсэн. Үүний дагуу О.О-тэй холбогдоход шинэ жил, цагаан сар болсон учраас 2 сар төлөөгүй. Сүүлийн шилжүүлсэн мөнгийг чинь шилжүүлсэн гэж хэлсэн байдаг. Ингээд Ж.Б- нь 2019 оны 03 сард хотод ирэн “Х” ХХК-д зээлийн төлбөр, хүү, алдангид нийт 9,776,700 төгрөг төлж, машинаа өөрийн нэр дээр болгон тухайн зээлийн гэрээг хаасан. Хэрэв хариуцагч Д.О нь Ж.Б-ын шилжүүлсэн мөнгийг цаг тухай бүрт нь “Х” ХХК-д төлж байсан бол зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 03 сарын 23-ны  өдрийн байдлаар нийт 7,751,750 төгрөгийг төлөх ёстой байсан. Ингээд О.О-ийн буруугаас болж нэхэмжлэгчид 2 сая гаран төгрөгийн хохирол учирсан. “Х” ХХК нь тухайн зээлийг хаах үед Д-гийг хайх, эрэн сурвалжлах ажиллагаатай холбоотой бүх л зардлыг нэмж Ж.Б-аар төлүүлсэн байдаг. Тухайн үед Д.О-ийн дансанд сар бүрийн төлөлт нь ороод байхад яагаад цаг тухай бүрт нь төлөөд байж болоогүй юм. Д.О нь өөрийн данс руу шилжүүлсэн мөнгөнөөс 998,500 төгрөгийг төлчихсөн байгаа. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар 200,000 төгрөгийг төлсөн. Ингээд дансаар шилжүүлсэн мөнгөнөөс 524,100 төгрөг үлдэж байгаа юм. Үүн дээр Д.О-ийн учруулсан хохирол 2,025,572 төгрөгийг нэмж нийт 2,549,672 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Талуудын хоорондын хүсэлтийг харахад даалгаврын гэрээ байгуулагдсан юм шиг харагдаж байгаа. Зээлийн гэрээг “Х” ХХК болон Д.О нар байгуулсан боловч гол эзэн нь Ж.Б- байгаа юм. Тийм учраас даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа юм. Ж.Б- нь Д.О-ийн данс руу мөнгө шилжүүлж Д.О нь тухайн мөнгийг “Х ” ХХК-д өгөх үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Зээлийн хугацаа нь 68 хоногоор хэтэрсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэгч маань 2 сая төгрөгийг зээлийн гэрээний үнийн дүн дээр нэмж төлсөн байгаа юм” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан “Х” ХХК-тай ямар шаардлага үндэслэлээр Д.О-тэй зээлийн гэрээ байгуулах болсон талаар хэлж байна. Тухайн компани нь хөдөөний хаягтай хүнтэй зээлийн гэрээ байгуулахгүй гэсэн учраас Д.О нь Ж.Б-ын гуйснаар зээлийн гэрээ байгуулсан юм. Үүнтэй маргах зүйл байхгүй. Ж.Б- нь эхлээд “Х” ХХК-ийн данс руу зээлийн мөнгийг шилжүүлдэг байсан. Г ” ХХК нь зээлийн мөнгийг бэлнээр төлөх мэдэгдэл өгсөн учраас нэхэмжлэгч нь Д.О-ийн данс руу гурван удаагийн үйлдлээр нийт 1,722,600 төгрөгийг шилжүүлсэн. Орж ирсэн мөнгөн дүн дээр маргах зүйл байхгүй. Д.О нь 998,500 төгрөгийг нь “Х” ХХК-д төлсөн байдаг. Харин 724,100 төгрөгийг төлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш Хаан банкны дансаар 200,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр Ж.Б-д шилжүүлсэн баримт нь хэрэгт авагдсан байгаа. Иймд одоо нийтдээ 524,100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч тал нь ямар хуулийн, ямар зүйл заалтаар 2,549,672 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Учир нь “Х” ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс учирсан хохирлыг Ж.Б- гэдэг хүн шаардах эрх байхгүй. Мөн Д.О-ийг хэн, хэзээ, яаж эрэн сурвалжилсан, эрэн сурвалжлахад ямар хэмжээний зардал гарсан, илүү төлсөн хохирол 2,025,572  төгрөгийн хэд нь Д.О-ийг эрэн сурвалжлахад гарсан юм, хэд нь хүү алдангийн торгууль гэдэг талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэр хариуцагч Д.О, Ж.Б- нарын хооронд ямар гэрээ байгуулагдаж, ямар эрх зүйн харилцаа үүссэн, ямар хуулийн зүйл заалтаар мөнгө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа. Учир нь Ж.Б-, Д.О-г нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа хэдий ч хариуцагч нь 524,100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:                                                                                          

Ж.Б- нь хариуцагч Д.О-т холбогдуулан 2,749,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үндэслэлээр шаардлагаа уг хэмжээгээр багасгаж, 2,549,672 төгрөгийн шаардлагаа дэмжив.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 12 сар, 2019 оны 01, 02 сард Д.О-ийн 5024446189 тоот данс руу нийт 1,722,600 төгрөгийг “Х ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрт төлүүлэхээр шилжүүлсэн боловч хариуцагч уг мөнгийг “Х ” ХХК-д дамжуулалгүй, дундаас нь авч хэрэглэсэн. Хариуцагч тухайн мөнгийг цаг тухайд нь дамжуулаагүйгээс нэхэмжлэгч авто машинаа өөрийн нэр дээр шилжүүлэхийн тулд зээлийн хугацаа хэтэрсэн хүү, алданги, бусад зардалд нийт 2,549,672 төгрөг нэхэмжилнэ...” хэмээн тайлбарлав. 

 

Хариуцагч нь “...Ж.Б-ын гуйснаар, түүнд туслах гэж “Х” ХХК-тай түүний өмнөөс зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Ж.Б- зээлээ төлж байтал цаад газар нь бэлнээр авч ирэхийг шаардсан тул 1,722,600 төгрөг дансанд орж ирсэнд маргахгүй. 998,500 төгрөгийг нь “Х” ХХК-д төлсөн. Үлдэх 724,100 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр Ж.Б-д шилжүүлсэн тул одоо 524,100 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Харин үлдэх 2,025,572 төгрөгийг төлөхгүй үндэслэлгүй...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

Талуудын тайлбараар Ж.Б- нь орон нутгийн харьяалалтай учраас Улаанбаатар хот дахь “Х” ХХК-иас зээл авах боломжгүй болсоноос Д.О уг компанитай зээлийн гэрээ байгуулан 8,700,000 төгрөгийг зээлсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтийг Ж.Б- төлж байсан боловч зээлдүүлэгчийн шаардсанаар бэлнээр төлөх болж, Ж.Б-ын хүсэлтээр Д.О мөнгийг дамжуулах болсон талаар тайлбарлав.

 

Ж.Б- нь 2018 оны 12 сард 584,400 төгрөг, 2019 оны 01 сард 574,200 төгрөг, 2019 оны 02 сард 564,020 төгрөг, нийт 1,722,600 төгрөгийг Д.О-ийн эзэмшдэг “Хаан” банк дахь дансанд шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

“Х” ХХК-тай Д.О зээлийн гэрээ байгуулсан ба Ж.Б- нь зээлийн төлбөрийг төлж хаасан талаар тайлбарладаг тул түүнийг бусдын үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг ногдуулсан хэлцлээр хариуцагч 1,722,600 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” талаар заасан ба хариуцагч Д.О нь Ж.Б-ын шилжүүлсэн мөнгийг “Х ” ХХК-д шилжүүлэлгүй ашигласан тул хуулийн дээрх зохицуулалтаар учирсан хохиролыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно.

 

Хариуцагч өөрийн дансаар 1,722,600 төгрөг хүлээн авснаас 1,198,500 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 524,100 төгрөгийг төлөөгүй байх ба шилжүүлсэн мөнгийг хугацаанд нь “Х” ХХК-д төлөөгүй хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгч Ж.Б-д 2,025,572 төгрөгийн хохирол учирсан талаар нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй.

Тиймээс хариуцагчийн зөвшөөрсөн 524,100 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 2,025,572 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-с 16,373 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар хариуцагч Д.О-с 524,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,025,572 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-с 16,373 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ