Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/00573

 

 

 

 

 

 

 

 

                            2024        01          24

            101/ШШ2024/00573

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Халх овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, Алтай овогт ын /рд:/-д холбогдох,

 

36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулах итгэмжлэлийг өөрийн нөхөр Л.ид 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч тээврийн хэрэгслийг 27.000.000 төгрөгөөр иргэн Ш.-д худалдахаар болж 2.000.000 төгрөгийг дансаар авч үлдэгдэл 24.000.000 төгрөгт авто машиныг “ Зээлээр худалдах, худалдан авах” гэрээг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан, ингээд 1.000.000 төгрөгийг иргэн Ш.оос дахин дансаар 2022 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгийг дансаараа аваад үлдэгдэл 24.000.000 төгрөгөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй явж байна.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал хоног дутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 100 хоногийн алданги 12.000.000 төгрөгийг мөн авч чадахгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд Зээлийн гэрээний үлдэгдэл 24.000.000 сая төгрөг, 0.5 хувийн алданги 12.000.000 төгрөг, нийт төлбөр болох 36.000.000 төгрөгийг хариуцагч Ш.оос гаргуулан өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь өөрийн дугаартай ачааны автомашиныг нөхөртөө олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагчид худалдаж гэрээ байгуулсан. Улмаар хариуцагч нь 2 саяын урьдчилгааг тэр өдрөө шилжүүлсэн. Гэрээнд үлдэх төлбөрийг төлөх хуваарийг гаргасан. Ингээд 1 саяыг нэмж төлөөд үлдэх төлбөрийг төлөөгүй. Машиныг хариуцагч нь өөрөө ирж шалгаад авч явсан. Энэ тухай цагдаагийн байгууллагад хариуцагч өөрөө мэдүүлсэн байдаг. Гэрээнд алдангийн талаар заасан тул 50 хувиар тооцож шаардаж байгаа юм. Тухайн машиныг хариуцагч өөрөө ирээд шалгаад аваад явсан юм. Гэрээг хариуцагч өөрөө байгуулж урьдчилгааг өөрийн эгч Осоржамаагийн данснаас шилжүүлсэн. Хариуцагч нь машиныг дараа нь хэнд ашиглуулах нь түүний асуудал бөгөөд нэхэмжлэгчид хамааралгүй юм. Машины нэрийг шилжүүлээгүй юм. Учир нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул мөнгө бүрэн төлөгдсөний дараа шилжүүлэхээр тохиролцсон юм. Машины тэвшийг сольчихсон тул одоо буцаан авах боломжгүй юм гэв.

 

2.         Хариуцагч Ш. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.*******гийн нэхэмжлэлтэй гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг, алдангид 12,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг нэхэмжилснийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь бодит байдал дээр уг гэрээний зүйл болох Mitsubishi Fuso маркийн 5166 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие худалдаж аваагүй, Ч.******* нь Э. гэх хүнд худалдсан. Би энэ хоёртой танил бөгөөд Э. нүүрс тээвэр хийх машин худалдаж авах хүсэлтэй байгаагаа надад ярихад нь би Ч.*******тай холбож танилцуулсан. Ингээд тэд гэрээ байгуулах болтол Ч.******* нь би Э.ыг сайн танихгүй гээд миний нэрээр гэрээ байгуулахыг хүссэн.

Э.ын хувьд миний найз бөгөөд “” ХХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулчихсан тээврийн ажил нь эхлэх цаг нь тулчихсан байсан тул тээврийн ажил нь яваад эхлэхээр төлбөр тооцоо нь асуудалгүй байх гэж итгэн, хэрэгтэй үед нь найздаа тус болчихъё, хэн хэнд нь хэрэгтэй байх гэж бодоод л гэрээг нь өөрийнхөө нэр дээр байгуулахыг зөвшөөрсөн.

Ингээд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Mitsubishi Fuso маркийн 2003 онд үйлдвэрлэсэн, 2017 онд импортолсон, 5166 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 27,000,000 төгрөгөөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, энэхүү гэрээтэй холбоотой төлбөр тооцоог Э. хийж, Ч.******* нь тээврийн хэрэгслийг түүнд хүлээлгэн өгсөн. Уг нь энэ гэрээгээ шууд Э.тай байгуулчихад болох байсан зүйлийг намайг танилцуулсан болохоор надтай гэрээ хийнэ гэснээс нь болж л би энэ гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийг ч худалдагч тал болох Ч.******* маш сайн ойлгож байсан бөгөөд энэ бүхэн түүний хүсэлтийн дагуу хийгдсэн, тээврийн хэрэгслийг Э.т хүлээлгэж өгсөн тул гэрээтэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг Ч.******* нь Э.аас л шаарддаг. Бодит нөхцөл байдал дээр миний бие тус тээврийн тээврийн хэрэгслийг ашиглаж, эзэмшиж, өмчлөөгүй болно. Гэрээний урьдчилгаа төлбөрийг ч миний бие төлөөгүй, Э. төлж байсан.

Иймд надаас гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.         Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлээр худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх4-5/,Ч.*******гаас Л.ид олгосон итгэмжлэлийн хуулбар /хх6/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх27/,

3а. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ш.ийн 2 удаа гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбарыг нотлох баримтаар гаргуулсан /хх38-41/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Ч.******* нь гэрээний үүрэгт үндсэн төлбөр 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч Ш. нь гэрээнд гарын үсэг зурсан боловч бодит байдалд автомашиныг өөр этгээд худалдаж авсан, урьдчилгаа төлбөрийг худалдаж авсан этгээд төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.             Шүүх хуралдаан даргалагч хуралдааныг нээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт байгаа эсэхийг асуухад энэ талаар хүсэлт гаргаагүй. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгч нь гэрч асуулгах хүсэлт гаргаж, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тайлбарласан. Хүсэлтийг шийдвэрлэхээр хуралдааныг завсарлуулж, улмаар хүсэлтүүдийг хангахаас татгалзах тухай захирамжийг үндэслэлийн хамт тайлбарласан. Энэ үед хариуцагчийн өмгөөлөгч нь шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан тул хуралдаан даргалагч өмнөх хүсэлт хянан шийдвэрлэх захирамжийн үндэслэлийг дахин тайлбарласан. Мөн хуралдааны энэ шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй бөгөөд хүсэлт хянан шийдвэрлэсэн нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй талаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тайлбарласан. Гэвч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хуралдаан даргалагчийг эсэргүүцсэн тул 2 удаа сануулсан. Улмаар хариуцагчийн өмгөөлөгч нь өмнөх зөрчлөө давтан гаргасаар байсан тул түүнийг хуралдааны танхимаас гаргаж, хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

5.             Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэсэн нэртэй 27,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан байна. /хх4-5/

Гэрээний зүйл нь маргаж буй Mitsubishi Fuso маркийн УБП улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл байна.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан шаардлагыг хангахгүй байх тул зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Харин гэрээнээс үзэхэд талууд автомашин худалдах худалдан авахаар тохиролцсон, үнийн талаар тохиролцсон, улмаар үнийг тодорхой хуваарийн дагаа төлөх талаар гэрээнд заасан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

 

6.             Нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг хариуцагч урьдчилгаа болгон өөрийн эгчийн дансаар дамжуулан төлсөн гэх боловч хариуцагч нь энэхүү төлбөрийг автомашиныг бодитоор худалдан авсан Э. төлсөн гэж маргасан. Үүнээс үзэхэд урьдчилгаа төлбөр болох 2,000,000 төгрөг нь хариуцагчийн дансаар төлөгдөөгүй байна.

Улмаар хариуцагч нь автомашиныг Э. хүлээн авсан гэж тайлбарлаж байх бөгөөд харин нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж маргасан. Гэвч нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Харин хариуцагч нь цагдаагийн байгууллагад автомашиныг худалдан авсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байх боловч энэхүү мэдүүлэг нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн шууд үндэслэл болох боломжгүй.

Цаашлаад, тухайн автомашины өмчлөх эрх бүртгэлийн байгууллагад шилжигдээгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “одоогоор нэр шилжээгүй байгаа, мөнгийг бүрэн төлсний дараа шилжүүлэхээр тохиролцсон” гэх тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр гэрээний 3.5-д нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх тайлбарын талаар тусгасан байх боловч худалдах худалдан авах гэрээ нь 2 талд бөгөөд талууд харилцан үүрэг хүлээдэг гэрээ юм.

 

7.             Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл гэрээний зүйл болох автомашин нь хариуцагчийн өмчлөлд шилжигдээгүй, нэхэмжлэгч тал уг автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн гэх тайлбараа нотолж чадсангүй. Иймд худалдагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул гэрээний дагуу төлбөр шаардахгүй юм.

 

8.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш.оос 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД