Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2024/00008  

 

 

 

 

 

  2024        01         05                                  ...          

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч А.Ц, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х овогт А-н Т /РД: ..., утас: 88857847/

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х овогт Ц-ын Н /РД: ..., утас: ...., .../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо .... тоотод оршин сууж байгаа, .... эрхэлдэг, Ж овогт Э-ын Ч /РД: ..., утас: .../

Хариуцагч: .... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин сууж байгаа, .... эрхэлдэг, М овогт С-ийн Э /РД: ..., утас: ..., .../

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... эрхэлдэг, И овогт Б-ын Э /РД: ..., утас: ..../ нарт холбогдох

Хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Г овогт С-ын Э, 

Хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Б овогт Э-ын Т,

Хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... тоотод оршин суух, Х  овогт Н-ийн Ж,

Эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 32,921,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, иргэдийн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгч А.Т, Ц.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нар оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

А.Т миний бие нь эхнэр Ц.Н-ийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2000 хашааны хойд зам дээр зам тээврийн осолд орсон.

Хэрэг бүртгэлтийн явцад:

1. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот техникийн шинжээчийн дүгнэлтийг И.Б, Н.М, Д.Б нар гаргасан бөгөөд уг дүгнэлтийн Хариулт 1-т “...Волва маркийн улсын дугаартай автомашины жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...- ыг хохирлоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна", Хариулт 2-т "Хово маркийн улсын дугаартай автомашины жолооч Э.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-р заалт буюу "эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна" гэсэн дүгнэлт 

2. Дорноговь аймаг шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.Ц.Н-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Ц.Н-ийн биед хуйханд цус хуралт, хуйханд орой хэсэгт шарх, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт,

3. Дорноговь аймаг шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.А.Т-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.А.Т-ын биед тархины няцралын дунд хэлбэр, зүүн духны хэсгийн тархины эдэд жижиг цусан хураа, зүүн зовхи, дух орчимын урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт,

4. “...” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 14,006,000 төгрөгөөр тогтоосон. Уг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.С нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Зам тээврийн осол гаргасан С.Э, Э.Ч нараас дараах байдлаар учирсан хохирлоо нэхэмжилж байна. Үүнд:

1. Эмчилгээний зардал болон замын зардалд 7,649,108 төгрөгийг,

2. “...” ХХК-иас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ 14,006,000 төгрөгийг,

3. Замын-Үүд сум дотор Эмнэлэг, сургуулийн хооронд такси хөлсөлсний төлбөрт 129,000 төгрөгийг, /... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч О-г шүүхэд гэрчээр асуулгана/

4. С-ын Г-р 2023 оны 03 дугаар сарын 02, 15-ны өдрүүдэд Замын-Үүд сумаас Улаанбаатар, Улаанбаатар хотоос Замын-Үүд тээвэр хийлгэсэн төлбөр 1,000,000 төгрөгийг,

5. "..." ХХК-ийн зогсоолын төлбөр 554,040 төгрөгийг,

6. Хүү Т-ын Ж нь Оросын холбооны улсын Краснодар хотод цэргийн сургууль суралцаж байсан ба энэ ослоос болж сургуулиасаа гарч ирсэн тул ирсэн замын зардал 602,880 төгрөгийг, дүрэмт хувцасны буцаалтын төлбөр 2,250,000 төгрөгийг,

7. А.Т миний төрсөн эгч А.Б нь уг осол болсныг сонсоод намайг Улаанбаатар хотод эмнэлэгт эмчлүүлж байхад ирж, миний нүүр царай, биеийн байдлыг хараад хямарч Сэлэнгэ аймгийн Мандал сумандаа очоод 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цус харваж нас барсан тул сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөгийг,

8. Хаан банк ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот ипотекийн зээлийн хугацаа сунгах, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 297,300 төгрөгийг төлөлт хийх ёстой байсан боловч уг ослын улмаас орлогогүй болж төлж чадаагүй 4 сарын төлбөр болох 1,189,200 төгрөгийг нийт 47,380,228 төгрөгийг буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулах.

2023 оны 10 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эмчилгээний зардалд 2,882,494 төгрөг, замын зардал, өмгөөлөгчийн хөлс 2,574,340 төгрөг, тээврийн хэрэгслийн төлбөрт 24,008,586.51 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нийт 49,465,420.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч А.Т шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э, Ч, Э нараас эмчилгээний зардал, эд хөрөнгийн хохирол, сэтгэл санааны хохирол 49,465,420 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нарын буруутай үйлдлээс болж бид зам тээврийн осолд орсон.  Эмчилгээний зардлын тухайд: Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: ГСҮТөвд төлсөн төлбөр 30,000 төгрөг, эм 1,300 төгрөг, Т-ын толгойн MRI төлбөр 350,000 төгрөг, хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Төгөлдөр фарм эмийн сангаас эм 7,500 төгрөг, Сайн эмийн сангаас эм 31,500 төгрөг, хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Монос эмийн сангаас авсан эм 22,800 төгрөг, Нилцэцэг эмийн сангаас авсан эм 24,000 төгрөг, Ц.Н-ийн ор хоног 37,500 төгрөг, хавтаст хэргийн 19 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Төгөлдөр фарм эмийн сангаас авсан эм 450+14,800+1,250+19,600=36,100, хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: эмнэлэгт хэвтхэд авсан табчик углааш 10,999+20,300=31,299 төгрөг, хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Төгөлдөр фарм эмийн сангаас авсан эм 40,250+9,000+13,850+15,900=79,000 төгрөг, Энто эмийн сангаас авсан эм 17,895 төгрөг, хавтаст хэргийн 24 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: А.Т-ын шинжилгээ Дуб 280,000 төгрөг, ГСҮТөвд ор хоногийн төлбөрт 203,100 төгрөг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт ор хоног 37,500 төгрөг, Төгөлдөр фарм эмийн сангаас авсан эм 18,500 төгрөг, хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Ц.Н-ийн шинжилгээний баримт Дуб 280,000 төгрөг, Энхтун эмийн сангаас авсан эм 106,250 төгрөг, Төгөлдөр фарм эмийн сангаас авсан эм 23,750 төгрөг, SUN medical center эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт 531,170 төгрөг, хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Монос эмийн сангаас авсан эм 3,550 төгрөг, SUN medical center эмнэлэгт ковидын шинжилгээ хийлгэсэн баримт 25,000 төгрөг, Монос эмийн сангаас авсан эм 31,482+35,800+13,498=80,780 төгрөг, хавтаст хэргийн 179 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: А.Т-ын ор хоног Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт 204,000 төгрөг, толгойн зураг 420,000 төгрөг нийт эмчилгээний төлбөр 2,882,494 төгрөг.

2. Тоёото приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслэлийн нэхэмжлэлийн тухайд: Хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Хас үнэлгээний ХХК-ны үнэлгээ 14,006,000 төгрөгөөр үнэлсэн боловч цаашид ашиглах боломжгүй болсон тул энэ үнэлгээгээр машинаа нэхэмжлэх боломжгүй байна. Төрийн банкны дансны хуулга 2019 оны 12 сард 16,500,000 төгрөгийн зээлээр авто машин худалдан аваад 2023 оны 02 дугаар сард 23,101,586.51 төгрөг болгож хаагаад л энэ хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас цаашид ямарч ашиглах боломжгүй болсон байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа зээл хаасан хэмжээгээрээ нэмэгдүүлсэн байгаа болно. Төрийн банкнаас авсан албан бичгээр давхар нотолно. Манай гэр бүл дахин зээл авч шинэ машин авсан ба дахиад л өрийн дарамтанд орж байна. Энэ осол гараагүй бол бид урьд авсан машинаараа гэр бүлийн хэрэгцээгээ хангаад явах байсан. Манай гэр бүлийг эрүүл мэндийн болон эд хөрөнгийн, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулчихаад би төлөхгүй буруугүй гэж байгаад маш их гомдолтой байна. Хавтаст хэргийн 39 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: ... Үнэлгээний ХХК-нд үнэлгээний хөлс төлсөн баримт 837,000 төгрөг, хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: .... ХХК-нд Тоёота Приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслэлийг оношлуухад 50,000 төгрөг. Энд оношилход цаашид ашиглах боломжгүй гэсэн. Хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Дашваанжил ХХК-наас авсан түлш 20,000 төгрөг. Журмын хашаа руу байн байн явж байсан. Нийт тээврийн хэрэгслийн хохиролд: 24,008,586.51 төгрөгөөс машинаа бичиг баримтын хамт 1,500,000 төгрөгөөр хүнд өгчихсөн. 24,008,586 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг хасч үлдэх 22,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

3. Замын зардлын нэхэмжлэлийн тухайд: 2023 оны 01 дүгээр сарын 23-наас 02 дугаар сарын 06-ныг хүртэл Улаанбаатар хотоос Замын-Үүд, Замын-Үүдээс Улаанбаатар хот орсон баримтууд. Хавтаст хэргийн 219 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Н.М бидний зээ хүү ээж нь БНСАУлсад ажиллаж байгаа тул бид харж асардаг учраас өөр харах хүнгүй тул авч явдаг 23,000 төгрөг, Б.А талийгаач эгч А.Б-ны зээ-23,000 төгрөг, А.М зээ хүү-21,500 төгрөг, Ц.Н 36,700 төгрөг, А.Т 36,700 төгрөг, А.Д төрсөн эгч 36,700 төгрөг, А.Б төрсөн эгч нь /талийгаач эгч маань ингэж хамт яваад эргэж бид уулзаагүй юм/ 38,200 төгрөг, Б.Ө эмч 38,200 төгрөг, Ц.Н 38,200 төгрөг, Н.М 23,000 төгрөг, Ц.Н 38,200 төгрөг, А.Т 36,700 төгрөг, Х.Д өмгөөлөгч 38,200 төгрөг, хавтаст хэргийн 21 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: ТЗамын авто зогсоолд 3,000 төгрөг, хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: С.Г-ийн Замын-Үүд сумын сум дундын Прокурорын газарт бичиж өгсөн баримтыг өөрийн шүүхэд гэрчээр асуулгаж давхар нотолно. 1,000,000 төгрөг тээврийн хөлсөн бэлнээр өгсөн. Такси хөлсөлсөн гэрч О-ын мэдүүлгээр нотлогдож байгаа хөлс 129,000 төгрөг, хавтаст хэргийн 170 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: Эм ... ХХК-нд төлсөн 554,040 төгрөгөө нэхэмжилж байна. Осолд орж очиж машинаа аваагүйгээс болоод олон хоногийн зогсоолын мөнгө төлж бас хохирсон. Хавтаст хэргийн 181 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас: таксины жолооч Ө-д 100,000 төгрөг өгч таксигаар үйлчлүүлсэн. Өмгөөлөгч Ж.Ч-ийн замын зардалд ирж очих болгонд 60,000 төгрөг өгсөн. Сайншанд-Замын-Үүдийн таксины үнэ нэг хүний 30,000 төгрөг байдаг юм билээ. 6 удаагийн ирж очсон зардалд 360,000 төгрөг. Өмгөөлөгчөөр ажлуулах эрхзүйн туслалцааны гэрээ байгуулах гэж 1 удаа, хэргийн материалтай танилцах гэж 1 удаа, хэрэг бүртгэлтийн хэрэг хянагдаж байхад 2 удаа, 2023 оны 10 дүгээр сарын 26-ны шүүх хуралдаанд ирэх буцах, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны шүүх хуралдаанд ирэх буцах зардал, Замын зардлын нийт дүн 2,574,340 төгрөг.

4. Сэтгэл санаанд учирсан хохирол хор уршгийн тухайд: Сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилсэн. 20,000,000 төгрөгөөс би хүү Ж-ын хувцасны буцаалтанд төлсөн 2,250,684 төгрөг, Орос улсаас ирсэн замын зардал 1,204,992 төгрөгийг гаргуулахыг хүсч байна. Сэтгэл санааны хохиролд 3,455,676 төгрөгийн нэхэмжилж байна. Үлдэх 16,544,324 төгрөгөөс татгалзаж шаардлагаа багасгаж байна. Анх шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлага болох 49,465,420 төгрөгөө багасгаж одоо хариуцагч нараас 32,921,096 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Т, Ц.Н-ийн нэхэмжлэлтэй Э.Ч, С.Э нарт холбогдох гэм хорын хохирол 47.380.228 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2023 оны 01 сарын 17-ны өдөр гарсан зам тээврийн осол нь дан ганц Э.Ч-ын буруутай үйлдлээс болоогүй бөгөөд 2023 оны 02 сарын 27-ны өдрийн ... дугаар техникийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 05 сарын 02-ны өдрийн ... дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Прокурорын тогтоол, 2023 оны 05 сарын 12-ны өдрийн ... дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан хэргээс холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай Прокурорын тогтоол зэргээс үзэхэд 1. Волво маркийн ... улсын дугаартай автомашины жолооч С.Э нь ЗХД-ийн 3.7 "а"-р заалт буюу “Жолоочид.... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ.... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.... гэснийг зөрчсөн.

2. Хово маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Ч нь МУ-н ЗХД-ийн 11.5-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн,

3. Волво маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь МУ-ын ЗХД-ийн Замын тэмдэглэлийн 1.4-р заалт буюу "1.1-1.3...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж дүгнэж, дээрх этгээдүүдэд зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авсан байна. Тиймээс нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн С.Э, Б.Э нарын хамт хувааж төлнө. Нэхэмжлэгч нар нь нийт 8 төрлийн шаардлага гаргасан үүнээс зам тээврийн ослын улмаас учирсан бодит хохирлыг нотлох баримтыг үндэслэн төлнө. Эмчилгээ болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг баримтыг үндэслэн төлнө бусад зардлууд нь ослын улмаас учирсан бодит хохирол биш тул төлөхөөс татгалзаж байна гэжээ.

            Хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол болсон үйл баримтан дээр маргахгүй. Манай зүгээс хариуцагч Э, Э нартай хамтарч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч байгаа болно. Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас дараах шаардлагыг зөвшөөрнө. Эмчилгээний зардалд 2,068,116 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 14,006,000 төгрөг, замын зардалд 321,600 төгрөг, тээврийн хэрэгслийг үнэлүүлэхэд гарсан зардал 837,000 төгрөг нийт 17,232,716 төгрөгийг Э, Э нартай хуваан төлөхөд татгалзахгүй. Бусад шаардлага нь нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй, түүнчлэн энэ ослын улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй байгаа учир төлөхийг зөвшөөрөхгүй гэв.  

            Хариуцагч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Э миний бие нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2000 хашааны хойд зам дээр ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байхдаа осолд орсон. Уг осол нь миний буруутай үйлдлээс гараагүй бөгөөд тухайн үед ... улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд өөдөөс зөрчиж байсан тул өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд тухайн тээврийн хэрэгслийн хажуугаар зөрж гарахдаа болгоомжгүйгээр ... дугаартай приус 30 маркийн авто машиныг мөргөсөн. Тухайн үед :.. улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж өөдөөс яваагүй байсан бол энэ осол гарахгүй байсан. Энэ бол миний буруугаас болж гараагүй учир нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг осол гарах үед Замын цагдаагийн газраас зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан. Энэ нөхцөл байдал надад болон манай гэр бүлд хүндээр тусч өрхийн орлого тасарч, банкны зээл буюу өр төлбөр төлөхөд хүнд нөхцөл байдал үүсч байна. Иймд нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч-ын төлөөлөгч Э-ын тайлбартай санал нэг байна. Ослын улмаас учирсан шууд хохирлыг Ч, Э нарын хамт хувааж төлнө. Гэхдээ миний тооцоолсноор 16,701,546 төгрөгийг шаардлагыг зөвшөөрч байна. Энэ ослын улмаас Э-ийн тээврийн хэрэгсэлд мөн 4,500,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Хариуцагч Э, Ч нарын гэм буруутай үйлдэл байгаа учир Э-д учирсан 4,500,000 төгрөгийг хариуцагч Э, Ч нараас гаруулж нэхэмжлэгч талд олгуулах боломжтой гэж үзэж байна гэв.  

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Т, Ц.Н нарын шүүхэд гаргасан гэм хороос үүссэн хохирол арилгуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. 497.2. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Мөн хуулийн 499 дүгээр 499.1. Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байдаг ба тухайн гэм учруулсан үйлдэл холбогдолыг шалгасан хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийн 7 дугаартай хариултаар Б.Э миний зогсож байсан үйлдлээс шалтгаалж буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдлээс болж зам тээврийн осол гараагүй буюу тухайн ослын шалтгаан нь болоогүй гэж дүгнэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч Э.Т, Ц.Н нарын 47,380,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э-ын хувьд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан байдаг. Техникийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтээр осол гарах болсон шалтгаан нь Э-ын үйлдлээс болсон гэж гараагүй. Осол Ч, Э нарын үйлдлээс болж гарсан гэж дүгнэлтийн 7-д дүгнэчихсэн байгаа. Иймд Э-ын хувьд гэм хорын хохирлыг төлөх үүрэггүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.  

            Нэхэмжлэгч талаас:

            -Нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэх,

            -Хаан банк ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийг дансны дэлгэрэнгүй хуулга, 

            -2023 оны 05 сарын 18-ны өдрийн ... дугаартай С.Э-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 400,000 төгрөгөөр торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, 400,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт,

            -2023 оны 05 сарын 19-ний өдрийн ... дугаартай Э.Ч-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-д зааснаар 50,000 төгрөгөөр торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасах шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, 50,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт,

            -Хохирлын баримтууд /хх-ийн 16-39, 217-219, 237-238/,

            -Монгол улсын батлан хамгаалах яамны 2023 оны 04 сарын 12-ны өдрийн ... дугаартай архивын лавлагаа,

            -... ХХК-ийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн ... дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, шилжүүлгийн баримт,

            -А.Б-ны нас барсны гэрчилгээ, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ,

            -Зөрчлийн хэргийн материалаас Ц.Н-ийг хохирогчоор тогтоосон 2023 оны 01 сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоол,

-Хохирогч Ц.Н-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

-А.Т-ыг хохирогчоор тогтоосон 2023 оны 03 сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол,

-Хохирогч А.Т-аас мэдүүлэг авсан тэмдэглэл,

-2023 оны 02 сарын 27-ны өдрийн ... дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт,

-2023 оны 02 сарын 03-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 сарын 03-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 02 сарын 15-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол,

-2023 оны 04 сарын 10-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал,

-2023 оны 05 сарын 02-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийг хаасан хэргээс холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай” прокурорын ... дугаартай тогтоол,

-2023 оны 04 сарын 04-ний өдрийн Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт,

-2023 оны 05 сарын 02-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын ... дугаартай тогтоол,

-... үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний дүгнэлт,

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

-Батлан хамгаалах яамны 2023 оны 04 сарын 12-ны өдрийн ... дугаартай албан тоот, 2,250,684 төгрөгийн шилжүүлэгийн баримт,

-.... ХХК-ны 2023 оны 04 сарын 10-ны өдрийн ... дугаартай албан тоот, 1,293,460 төгрөгийн болон 2,000,000 төгрөгийн шилжүүлэгийн баримтууд,

-Нэхэмжлэгч нарын Төрийн банкны болон Хаан банкны зээлийн болон харилцах дансны хуулга,

-Осол гарсан үеийн байдлыг дүрсжүүлэн бичсэн бичлэг бүхий СД зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

 

Хариуцагч талаас:

-Хариуцагч Э.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын хүсэлтээр шүүхийн журмаар дараах нотлох баримтыг хэрэгт хавсаргасан.

 

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурын газрын 2023 оны 05 сарын 02-ны өдрийн ... дугаартай тогтоол,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт,

-Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

-Б.Э-ын 2023 оны 01 сарын 19-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг,

-С.Э-ийн 2023 оны 05 сарын 18-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэг,

-Э.Ч-ын 2023 оны 05 сарын 19-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэг,

-Б.Э-ыг 2023 оны 05 сарын 23-нд 50,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас, торгууль төлсөн Төрийн банкны төлбөрийн мэдээлэл,

-Хариуцагч Б.Э-оос гаргасан баримт 2023 оны 02 сарын 27-ны өдрийн ... дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт,

-Хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-ийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар дараах нотлох баримтыг хэрэгт хавсаргасан

-Шинжээчийн дүгнэлт Э.Ч, Д.Т, Б.Э, Ц.Н, Д.О, Б.А, С.Э нарт танилцуулсан тэмдэглэл.

 

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2000 хашааны хойд зам дээр зам тээврийн осолд орсон. Хариуцагч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”, хариуцагч Э.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасныг зөрчсөны улмаас А.Т, Ц.Н нарын биед хөнгөн хохирол учирсан. Иймд хариуцагч Б.Э, Э.Ч, С.Э нараас эрүүл мэнд болон эд хөрөнгө, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол 32,921,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Э.Ч нь “бодит хохирлыг хариуцагч Б.Э, С.Э нартай хувааж төлнө”,

 

Хариуцагч С.Э нь “бодит хохирлыг бусад хариуцагч нартай хувааж төлнө”,

 

Хариуцагч Б.Э нь “осол гарсан шалтгаан нөхцөлийг Ч, Э нарын буруутай үйлдэл гэж дүгнэлт гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

2023 оны 01 сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2000 хашааны хойд зам дээр зам тээврийн осол гарсны улмаас нэхэмжлэгч Э.Т, Ц.Н нарт эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол учирчээ. 2023 оны 02 сарын 27-ны өдрийн ... дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтээр Волва маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...-ыг хориглоно” гэснийг, Хово маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, Волва маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.4-р заалт буюу “1.1-1.3 ... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг зөрсөн гэжээ. Хариуцагч С.Э, Э.Ч, Б.Э нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч нэхэмжлэгч нарт хохирол учирсан шалтгаант холбоотой гэж үзсэн.

 

Хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Б.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн замын тэмдэглэлийн 1.4-р заалтыг зөрчсөн. Энэ зөрчилдөө Зөрчлийн тухай хуулинд зааснаар арга хэмжээ авагдсан. Түүний энэ зөрчил нь зам тээврийн осол гарах шалтгаан болоогүй” гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч Б.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын тэмдэглэлийн 1.1. “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.2. (үргэлжилсэн өргөн шугам) зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ, 1.3. (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэх тэмдэглэлүүдийг тээврийн хэрэгслээр давахыг хориглосон. Гэтэл хариуцагч Б.Э нь Волва маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тус тэмдэгтүүдийг давж зогссоны улмаас хариуцагч С.Э, Э.Ч нар нь зам тээврийн осол гаргасан гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа  49,465,420.51 төгрөгөөр тодорхойлж байсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 32,921,096 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч нар нь эмчилгээний зардалд нийт 2,882,494 төгрөг нэхэмжилснээс шүүх 1-р хх-ийн 16-19, 22, 24-25, 27, 237-238, 2-р хх-ийн 34 дүгээр  хуудсан дахь баримтуудаар нотлогдсон 2,087,195 төгрөгийг, Тоёото приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслэлд учирсан хохиролд 22,500,000 төгрөг нэхэмжилснээс Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, үнэлгээтэй холбогдсон төлбөр төлсөн Ц.Н-ийн ХААН банкны дансны хуулга, Доктор авто засварын явах эд ангийн оношилгооны хуудас /1-р хх-ийн 65-66, 180 ар тал, 2-р хх-ийн 23/, /14,006,000+837,000+50,000/ 14,893,000 төгрөгийг, замын зардалд 2,574,340 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч нарын Төмөр замын зорчих эрхийн тасалбар /1-р хх-ийн 21, 219-р хуудас ар тал, 238/ гэрч Г.О-ын мэдүүлэг /1-р хх-ийн 220-221/ зэргээр нотлогдсон /284,900+129,000/ 413,900 төгрөг, бусад зардалд /2-р хх-ийн 20/ 15,000 төгрөгийг ийг хангаж шийдсэн.

 

Сэтгэл санааны хохиролд нэхэмжлэгч нар нь хүү Ж-ыг ар гэрийн гачигдалаас болж сургуулиас гаргаснаас үүдэлтэй Оросын холбооны улсын Краснодар хотоос ирсэн замын зардал, дүрэмт хувцасны буцаалт нийт 3,455,676 төгрөг нэхэмжилсэн. Дээрх шаардлагыг сэтгэл санааны хохирол бус нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан хохирол гэж шүүх үзсэн. Нэхэмжлэгч А.Т-ын хүү Т.Ж нь ар гэрийн гачигдалын улмаас суралцах боломжгүй болсон, мөн зэвсэгт хүчний хөгжлийн санд 2,250,684 төгрөгийг 2023 оны 03 сарын 20-нд төлсөн нь Монгол улсын Батлан хамгаалах яамны 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 04/1341 дугаартай албан тоот, ХААН банкны шилжүүлэгийн мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул 2,250,684 төгрөгийг хангасан болно. Нэхэмжлэгч нар нь сэтгэл санааны хохирлыг нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй. Нэхэмжлэгч А.Т-ын сэтгэл зүйг сэтгэцийн эмчид үзүүлсэн гэх боловч түүнийг сэтгэцийн байдлыг тодорхойлсон дүгнэлт гараагүй болно.

 

Иймд хариуцагч С.Э, Э.Ч, Б.Э нараас нийт 19,659,779 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосон болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 13,261,317 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шалтгаан нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч нарт учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн. Тухайлбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт, хувийн хэрэгцээнд зориулсан 295,099 төгрөгийн худалдан авалт /1-р хх-ийн 20, 26/, Замын-Үүд сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу зорчсон нэхэмжлэгч нараас гадна 9 хүний вагоны тасалбарын үнэ 241,800 төгрөг /1-р хх-ийн 17, 28-29, 219/, тээврийн хөлсөнд С.Г-т өгсөн 1,000,000 төгрөгийн замын зардал, ... ХХК-нд төлсөн 554,040 төгрөг, таксины жолооч гэх Ө-д өгсөн гэх 100,000 төгрөг, өмгөөлөгчийн замын зардал 360,000 төгрөг, Тоёота приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн Төрийн банкны зээл төлөлт 7,607,000 төгрөг, Т.Ж-ын замын зардалд төлсөн гэх 1,204,992 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч нарт учирсан хохиролтой ямар шалтгаант холбоотой болох нь нотлогдоогүй, 1,898,386 төгрөгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй  болно. 

      

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна” гэж зааснаар иргэн Э.Т нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.Тэмүүжин нь “Б.Э, Э.Ч, С.Э нар нь буруутай, эмчилгээний болон эд хөрөнгийн, замын зардлыг бүрэн барагдуулах нь зүйтэй. Хариуцагч Б.Э-ыг осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн тул осол гарахад гэм буруутай гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. 

  

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нар нь 405,278 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 19,659,779 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамжийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Э, Э.Ч, С.Э нараас 19,659,779 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,261,317 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч  нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 405,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Э.Ч, С.Э нараас 256,249 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Э.Б

                        ШҮҮГЧИД                                                     А.Ц

                                                                                                 Д.Ц