Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 202/МА2024/00007

 

 

2024 03 12 202/МА2024/00007

 

 

 

А.Т, Ц.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Цэрэнханд, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 137/ШШ2024/00008 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х овогт А.Т /РД: *, утас: */,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х овогт Ц.Н  /РД: *, утас: *, */ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот * тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *тоотод оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ж овогт Э.Ч /РД: *, утас: */,

Хариуцагч: Улаанбаатар хот * тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Архангай аймаг * тоотод оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, М овогт С.Э /РД: *, утас: *, */,

Хариуцагч: Улаанбаатар * тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, И овогт Б.Э  /РД: *, утас: */ нарт холбогдох,

Эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 32,921,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.Э давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ө.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э /цахимаар/, Хариуцагч С.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж /цахимаар/, Хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...А.Т миний бие нь эхнэр Ц.Н хамт 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 65-99 ДГА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2000 хашааны хойд зам дээр зам тээврийн осолд орсон.

Хэрэг бүртгэлтийн явцад Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02/16 тоот техникийн шинжээчийн дүгнэлтийг И.Б, Н.М, Д.Б нар гаргасан бөгөөд уг дүгнэлтийн Хариулт 1-т ...Волва маркийн 77-51 УАТ улсын дугаартай автомашины жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-р заалт буюу Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...- ыг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна", Хариулт 2-т "Хово маркийн 00-98 ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Ч  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-р заалт буюу "эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна" гэсэн дүгнэлт

Дорноговь аймаг шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04/026 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.Ц.Н биед гэмтэл тогтоогдлоо. 2.Ц.Н биед хуйханд цус хуралт, хуйханд орой хэсэгт шарх, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт,

Дорноговь аймаг шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04/033 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.А.Т биед гэмтэл тогтоогдлоо. 2.А.Т биед тархины няцралын дунд хэлбэр, зүүн духны хэсгийн тархины эдэд жижиг цусан хураа, зүүн зовхи, дух орчмын урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт,

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн No136 тоот автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 14,006,000 төгрөгөөр тогтоосон. Уг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Зам тээврийн осол гаргасан С.Э , Э.Ч  нараас дараах байдлаар учирсан хохирлоо нэхэмжилж байна. Үүнд:

Эмчилгээний зардал болон замын зардалд 7,649,108 төгрөгийг,

Хас үнэлгээ ХХК-иас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ 14,006,000 төгрөгийг,

Эмчилгээнд явахдаа такси хөлсөлсний төлбөрт 129,000 төгрөгийг, /38-58 ДГН улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Отгоог шүүхэд гэрчээр асуулгана/

Сүхбаатарын Ганзоригоор 2023 оны 03 дугаар сарын 02, 15-ны өдрүүдэд Замын-Үүд сумаас Улаанбаатар, Улаанбаатар хотоос Замын-Үүд тээвэр хийлгэсэн төлбөр 1,000,000 төгрөгийг,

"Эй Би Эс Ди ворлд" ХХК-ийн зогсоолын төлбөр 554,040 төгрөгийг,

Хүү Т.Ж нь Оросын холбооны улсын Краснодар хотод цэргийн сургууль суралцаж байсан ба энэ ослоос болж сургуулиасаа гарч ирсэн тул ирсэн замын зардал 602,880 төгрөгийг, дүрэмт хувцасны буцаалтын төлбөр 2,250,000 төгрөгийг,

А.Т миний төрсөн эгч А.Б нь уг осол болсныг сонсоод намайг Улаанбаатар хотод эмнэлэгт эмчлүүлж байхад ирж, миний нүүр царай, биеийн байдлыг хараад хямарч Сэлэнгэ аймгийн Мандал сумандаа очоод 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цус харваж нас барсан тул сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөгийг,

Хаан банк ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3Г/201743330345-3 тоот ипотекийн зээлийн хугацаа сунгах, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 297,300 төгрөгийг төлөлт хийх ёстой байсан боловч уг ослын улмаас орлогогүй болж төлж чадаагүй 4 сарын төлбөр болох 1,189,200 төгрөгийг нийт 47,380,228 төгрөгийг буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулах.

2023 оны 10 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эмчилгээний зардалд 2,882,494 төгрөг, замын зардал, өмгөөлөгчийн хөлс 2,574,340 төгрөг, тээврийн хэрэгслийн төлбөрт 24,008,586.51 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нийт 49,465,420.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. гэжээ.

2. Нэхэмжлэгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Т ор хоног Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт 204,000 төгрөг, толгойн зураг 420,000 төгрөг нийт эмчилгээний төлбөр 2,882,494 төгрөг. ...Нийт тээврийн хэрэгслийн хохиролд: 24,008,586.51 төгрөгөөс машинаа бичиг баримтын хамт 1,500,000 төгрөгөөр хүнд өгчихсөн. 24,008,586 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг хасч үлдэх 22,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Замын зардлын ...нийт дүн 2,574,340 төгрөг. Сэтгэл санаанд учирсан хохирол хор уршгийн тухайд: Сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилсэн. 20,000,000 төгрөгөөс би хүү Ж хувцасны буцаалтад төлсөн 2,250,684 төгрөг, Орос улсаас ирсэн замын зардал 1,204,992 төгрөгийг гаргуулахыг хүсч байна. Сэтгэл санааны хохиролд 3,455,676 төгрөгийн нэхэмжилж байна. Үлдэх 16,544,324 төгрөгөөс татгалзаж шаардлагаа багасгаж байна. Анх шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлага болох 49,465,420 төгрөгөө багасгаж одоо хариуцагч нараас 32,921,096 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч Э.Ч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ... Осол болсон үйл баримт дээр маргахгүй. Манай зүгээс хариуцагч Э, Э нартай хамтарч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч байгаа болно. Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас дараах шаардлагыг зөвшөөрнө. Эмчилгээний зардалд 2,068,116 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 14,006,000 төгрөг, замын зардалд 321,600 төгрөг, тээврийн хэрэгслийг үнэлүүлэхэд гарсан зардал 837,000 төгрөг нийт 17,232,716 төгрөгийг Э, Э нартай хуваан төлөхөд татгалзахгүй. Бусад шаардлага нь нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй, түүнчлэн энэ ослын улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй байгаа учир төлөхийг зөвшөөрөхгүй. гэжээ.

4. Хариуцагч С.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ... Ч төлөөлөгч Э тайлбартай санал нэг байна. Ослын улмаас учирсан шууд хохирлыг Чулуунболд, Э нарын хамт хувааж төлнө. Гэхдээ миний тооцоолсноор 16,701,546 төгрөгийг шаардлагыг зөвшөөрч байна. Энэ ослын улмаас Э тээврийн хэрэгсэлд мөн 4,500,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Хариуцагч Энхболд, Чулуунболд нарын гэм буруутай үйлдэл байгаа учир Энх-Амгаланд учирсан 4,500,000 төгрөгийг хариуцагч Энхболд, Чулуунболд нараас гаруулж нэхэмжлэгч талд олгуулах боломжтой гэж үзэж байна. гэжээ.

5. Хариуцагч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ... Э хувьд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан байдаг. Техникийн шинжээчийн 02/16 дугаартай дүгнэлтээр осол гарах болсон шалтгаан нь Э үйлдлээс болсон гэж гараагүй. Осол Ч, Э нарын үйлдлээс болж гарсан гэж дүгнэлтийн 7-д дүгнэчихсэн байгаа. Иймд Э хувьд гэм хорын хохирлыг төлөх үүрэггүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Э , Э.Ч , С.Э нараас 19,659,779 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,261,317 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э , Э.Ч , С.Э нараас 256,249 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Б.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нар давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Мөн хуулийн 499 дугаар зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч А.Т, Ц.Н нар нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо шүүхэд нэхэмжилсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт нээж шалгасан. Уг шалгалтын явцад зам тээврийн ослын талаас тусгай мэдлэг бүхий техникийн шинжээч нар 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0216 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Уг дүгнэлтийн 7 дугаар хариултаар Э зогсож байсан буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдлээс болж зам тээврийн осол гараагүй, Э зам тээврийн осолтой ямар нэгэн шалтгаант холбоогүй гэдэг нь тогтоогдсон. Харин анхан шатны шүүх нь тусгай мэдлэг бүхий техникийн шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр зам тээврийн осол гарахад Э шалтгаант холбоо байсан гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулах үүргийн харилцаанд хариуцлага оногдуулахад гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх, учирсан гэм бурууд шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь чухал ач холбогдолтой. Мөн Иргэний хуулийн хуулийн зорилтод эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахдаа иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалгүй хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд тулгуурлана гэж байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулах нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн нэг бөгөөд мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдлаар сэргээх үүрэгтэй. Э Замын хөдөлгөөний дүрэм, техникийн шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осолтой шалтгаант холбоотой оролцогч биш байна гэж тогтоож шинжээч дүгнэлт гаргаж өгсөн. Тухайн зам тээврийн ослыг эрүүгийн журмаар шалгасан. Э хохирол учруулсан хүн биш гэж үзэж байна. Бусад хариуцагч нар урсгал сөрсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж зам тээврийн осол гарсан гэж шинжээчийн дүгнэлт дээр хангалттай байгаа.

Ийм нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт 19,656,779 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Энхболдод холбогдох хэсгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. гэв.

8. Хариуцагч С.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тулгаагийн тайлбарыг сонслоо. Зам тээврийн осол гаргахад Э шалтгаант холбоо байгаагүй гэсэн тайлбар хэлж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Техникийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ дүгнэлтийн 6 дугаар асуултад Волво маркийн 08-44 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, зөрчсөн бол хэрхэн зам тээврийн осолд нөлөөлсөн гэх асуултыг хөндсөн. Хариулт нь Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.1, 1.3 тэмдэглэлийг зөрчсөн гэж үзэж байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Бодит байдал дээр Э нь замын үргэлжилсэн цагаан зураасыг давж зогссон. Ингээд хөндлөн зогсож байх үед нь Чулуунболд тойрч гарахдаа урсгал сөрсөн. Урсгал сөрөх явцад гэрлийн гялбаанд миний үйлчлүүлэгч Э орж нэхэмжлэгч нарт гэм хор учруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тийм учраас Э энэ хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

9. Хариуцагч Ө.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Жамъян өмгөөлөгчтэй санал нэг байна. Осол гарах шалтгаан нөхцөл Э буруутай үйл явдлаас болсон уу гэдэг дээр Тулгаа өмгөөлөгч манай үйлчлүүлэгчийн шалтгаант холбоо байхгүй, буруутай үйл ажиллагаа байгаагүй гэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу хх-ийн 51-52 дугаар хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлт, хх-ийн 59-60 дугаар хуудаст прокурорын тогтоол, хх-ийн 62-63 дугаар хуудаст хэрэг бүртгэлтийг хаагаад хэргийг зөрчил рүү шилжүүлсэн тогтоол, хх-ийн 117-118 дугаар хуудаст гэрч Энхболдод Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан торгуулийн баримт зэрэг нотлох баримтуудаар Э буруутай үйлдэл буюу нэхэмжлэгч нарт гэм хор учирсан болох нь шууд шалтгаант холбоо байна гэж энэ нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй бол хариуцлага хүлээхгүй гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Э гэм буруугүй гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тийм учраас анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж шүүхийн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Э ын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Учир нь:

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн осол болсон, техникийн шинжээчийн дүгнэлтээр жолооч С.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-р заалт буюу жолооч ...согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...ыг хориглоно гэснийг зөрчсөн, ...Хово загварын 00-98 ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Ч  Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-р заалт буюу эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн, Волва загварын 08-44 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Б.Э  Замын хөдөлгөөний дүрмийн замын тэмдэглэлийн 1.4-р заалт буюу 1.1-1.3 ... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэснийг зөрчсөн, зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь жолооч С.Э , Э.Ч  нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас Тоёота Приус маркийн 65-99 ДГА улсын дугаартай автомашиныг мөргөж, нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, автомашины эд анги эвдэрч эд хөрөнгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн.

Иймээс нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарын зүгээс эмчилгээний зардал болон автомашинд учирсан эд ангийн болон засварын зардал, осол болсны улмаас ар гэрийн гачигдлаар хүүхэд нь ОХУ-д сурч байсан сургуулиасаа чөлөөлөгдсөний улмаас гарсан зардал, сэтгэл санааны хохиролд нийт 47,380,228 төгрөгийг хариуцагч С.Э , Э.Ч  нараас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүсэлтээр Б.Э ыг хэрэгт хамтран хариуцагчаар шүүх татсан, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 49,465,420,51 төгрөг болгож нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа ХААН банк зээлдэгч Ц.Нандинцэцэг, А.Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зөрчилд холбогдогч С.Э , Э.Ч  нарт Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, эмчилгээний болон бусад зардлуудын баримтууд, дүрэмт хувцасны буцаалтаар 2,250,000 төгрөг төлсөн тухай шилжүүлгийн мэдээлэл, зам тээврийн ослыг шалгасан хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны баримтууд зэрэгт тус тус үндэслэсэн.

2.Хариуцагч С.Э ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж,

-хариуцагч Э.Ч  ...техникийн шинжээчийн дүгнэлтээр С.Э , Э.Ч , Б.Э  нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн, С.Э , Б.Э  нарын хамт хувааж төлнө гэж,

-хариуцагч Б.Э  ...хэрэг бүртгэлтийн 2320000021 дугаартай хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02/16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийн 7 дугаар хариултаар Б.Э  миний зогсож байсан үйлдлээс шалтгаалж буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдлээс болж зам тээврийн осол гараагүй буюу тухайн ослын шалтгаан нь болоогүй гэж дүгнэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус хариу тайлбаруудыг гаргасан.

Хариуцагч Э.Ч ын өмгөөлөгч С.Энхзулын хүсэлтээр шүүхийн журмаар ... тоот хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан болон зөрчлийн хэргээс хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, ослын бүдүүвч зураг, Б.Э од Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон баримт, Б.Э , С.Э , Э.Ч  нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэргийг,

Хариуцагч Б.Э оос нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбартаа үндэслэсэн осол болсон шалтгаан нөхцөлийн талаарх техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт тус тус гаргаж өгсөн байна.

3.Анхан шатны шүүх ...хариуцагч нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол болсон, ... нэхэмжлэгч нар хариуцагч нараас өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шаардах эрхтэй, ...эмчилгээний зардалд 2,087,195 төгрөгийг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 14,893,000 төгрөгийг, замын зардалд 413,900 төгрөг, бусад зардалд 15,000 төгрөг, нэхэмжлэгчийн хүү Т.Жамух ар гэрийн гачигдлын улмаас суралцах боломжгүй болсны улмаас Батлан хамгаалах яамнаас гаргасан 2,250,684 төгрөг, бүгд 19,659,779 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 13,261,317 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Б.Э  эс зөвшөөрч ...анхан шатны шүүх тусгай мэдлэг бүхий техникийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэлгүйгээр намайг зам тээврийн осол гарах шалтгаан гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзсэн.

Хэрэгт авагдсан техникийн шинжээчийн дүгнэлтийн ...Асуулт 7. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоож, хэний буруутай үйлдлээс уг зам тээврийн осол болсон эсэх?

Хариулт 7. Волва маркийн 77-51 УАТ улсын дугаартай автомашины жолооч С.Э нь МУ-ын ЗХД-ийн 3.7 а-р заалт, Хово маркийн 00-98 ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Ч  нь МУ-ын ЗХД-ийн 11.5-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 51-52, 136-137/-ийн энэ хэсэгт анхан шатны шүүх анхаараагүй, орхигдуулсан.

Шинжээчийн дүгнэлтийн зөвхөн хариуцагч нарын ...Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэнд буюу ... дүгнэлтийн 1, 2, 6 дугаар асуултын ...1, 2, 6 дугаар хариултууд-д үндэслэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй буюу шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасанд хариуцагч Б.Э ын үйлдэл нийцэхгүй байна.

Хэрэгт авагдсан техникийн шинжээчийн дүгнэлтийн асуулт 6, хариулт 6-д ...Волва маркийн 08-44 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Б.Э  нь МУ-ын ЗХД-ийн Замын тэмдэглэлийн 1.4-р заалт буюу 1.1-1.3 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэснийг зөрчсөн гэсэн боловч түүний энэ үйлдэл нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болоогүй нь дүгнэлтийн ...7 дугаар асуултын хариулт-аар тогтоогдсон байна.

Зам тээврийн ослын талаар техникийн шинжээчийн дүгнэлт нь техникийн тусгай мэдлэг шаардагдсан асуудал ба зам тээврийн осолтой холбоотой нөхцөл шалтгааныг шийдвэрлэхдээ шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зайлшгүй юм.

Өөрөөр хэлбэл: Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг анхан шатны шүүх зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тухай хэргийн баримтуудаар ослын улмаас нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1хх 61, 55-56/-ээр, нэхэмжлэгч нарын автомашинд 14,006,000 төгрөгийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоогдсон Хас хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хх 65-66/-ээр тус тус тогтоогдсон ба ослын талаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг зэрэгт тус тус үндэслэж техникийн шинжээчийн дүгнэлт /1хх 51-52/ гарсан, шинжээчийн дүгнэлтийн талаар хэргийн оролцогч нарын зүгээс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байхад болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үед маргаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Э од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

8. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг анх 47,380,228 гэж шүүхэд гаргасан боловч хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 49,465,420,51 төгрөг болгосон боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 32,921,096 төгрөг болгосон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгч нарт учирсан хохирол болох эмчилгээний болон автомашины эвдрэл, засварын бусад зардалд гарсан нийт хохиролд 19,659,779 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй болсон байна.

9.Хариуцагч Б.Э од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхээр хангаж шийдвэрлэсэн 19,659,779 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Э , Э.Ч  нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзсэн, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс үзсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасанд хамаарч байна.

Хариуцагч Б.Э ын давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 137/ШШ2024/00008 дугаартай шийдвэрийн тогтоох 1 дүгээр заалтад хариуцагч Б.Э од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Э.Ч , С.Э нараас 19,659,779 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч тус бүрээс 9,829,889 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Т, Ц.Н нарт олгож гэж,

- 2 дугар заалтад ...хариуцагч Э.Ч , С.Э нараас 256,249 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч тус бүрээс 128,124 төгрөгийг гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Э ын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Э давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,802 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС