Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2024/00014

 

 

 

 

   2024        01        11                                  ...

           

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч А.Ц, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... гудамж, Монгол даатгалын байр, ... ХК /РД: ..., ХХД: ., утас: .../-ны  нэхэмжлэлтэй

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:... тоотод оршин суух, ... ХК-нд тусгай активын менежер ажилтай, Ж овогт С-ын А  

Хариуцагч: Дорноговь аймгийн .... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Ж-ийн Э /РД: ..., .../-д холбогдох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын ... ажилтай, Х овогт Б-ийн Н

Гэм хорын хохирол болох даатгалын нөхөн төлбөр, хариуцагчийг эрэн сурвалжилсан тэмдэгтийн хураамж нийт 56,918,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, иргэдийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч О.Ү нар оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

"..." ХК нь Д овогтой М, Б овогтой Г нартай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр №... тоот "Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ”-г байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 18-наас 2015 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 35 дугаар зөрлөгийн Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр Ж овогтой Э нь Хова маркийн ачааны шаланз ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино" гэж, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.15 дахь хэсэгт заасан "саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг тус тус зөрчиж хөдөлгөөнд оролцож, Д.М-ийн жолоодож явсан ... улсын дугаартай Ниссан кондор маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас Д.М-ийн амь нас хохирч даатгалын тохиолдол үүссэн. Тус зам тээврийн осолд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн ... тоот хэрэг үүсгэн шалгасан байх бөгөөд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор “...Б овогт Ж-ийн Э-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай..." гэж шийдвэрлэсэн байна. "...” ХК нь ... тоот "Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн Даатгалын гэрээ"-ний дагуу даатгуулагч Д.М-ийн "Орон сууцны ипотекийн зээл"-ийн үлдэгдэл төлбөр болох 56,847,827 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон 2017 оны 03 дугаар сарын 16-ны даатгуулагчийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн болно. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт төлсөн 56,847,827 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж (Ж.Э-ыг эрэн сурвалжилсан) 70,200 төгрөг, нийт 56,918,027 төгрөгийг гэм буруутай этгээд болох Ж.Э-оос гаргуулж, "..." ХК-д олгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М, Б.Г нартай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ... тоот "Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ”-г байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Ж.Э нь зам тээврийн осол гаргаж даатгуулагч Д.М нас барсан. Д.М-ийн амь нас хохирч даатгалын тохиолдол үүссэн. Даатгалын гэрээ"-ний дагуу даатгуулагч Д.М-ийн "Орон сууцны ипотекийн зээл"-ийн үлдэгдэл төлбөр болох 56,847,827 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон 2017 оны 03 дугаар сарын 16-ны даатгуулагчийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн болно. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт төлсөн 56,847,827 төгрөг, мөн хариуцагч Ж.Э-ын оршин суух хаягийг тогтоох зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг Ж.Э-оос гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол даатгал ХК-иас надад холбогдуулан 56,918,027 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний бие 2015 онд болсон үйл явдалд хариуцлага үүрэг хохирол төлбөр барагдуулсан бөгөөд уг хугацаанаас хойших үйл явдлын хугацаа өнгөрсөн байгаа байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оноос хойш Г-аас нэхэмжлэх эрхийг Даатгалын компани авсан боловч хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй. Э-оос даатгалын нөхөн төлбөрийг энэ 2023 оны 11 сард л нэхэмжлэл гаргаж нэхэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.  

            Нэхэмжлэгч талаас:

-Монгол даатгал ХК-ны улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ

-Тэмдэгтийн хураамжинд 442,541 төгрөг төлсөн баримт

-2023 оны 11 сарын 212-ны өдрийн ... дугаартай итгэмжлэл

-Д.М-тэй байгуулсан зээлдэгчийн эрсдэлийн даатгалын ... дугаартай гэрээ

-Б.Г-ын Монгол даатгал ХК-нд гаргасан өргөдөл

-Монгол даатгал компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 03 саырн 13-ны өдрийн ... дугаартай тогтоол

-2017 оны 03 сарын 16-ны өдрийн төлбөрийн даалгавар

-2015 оны 06 сарын 18-ны өдрийн  Д.М-ний Орон сууцны ипотекийн зээлийн ... дугаартай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, орон сууц захиалгын 2015 оны 06 сарын 02-ны өдрийн ... дугаартай гэрээ, Хаан банкны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн ..., 2016 оны 12 сарын 02-ны ..., 2017 оны 02 сарын 01-ны өдрийн ..., 2017 оны 02 сарын 22-ны өдрийн ...  дугаартай албан тоотууд

-Иргэний нэхэмжлэгч тогтоох 2015 оны 10 сарын 20-ны өдрийн тогтоол

-Д.М, Б.Г нарын гэрлэлтийн... дугаартай баталгаа

- Д.М-ийг нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ

-Шинжээчийн 2016 оны 01 сарын 25-ны өдрийн... дугаартай, 2016 оны 05 сарын 07-ны өдрийн ... дугаартай дүгнэлтүүд

-Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн ... дугаартай магадлал

-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Э-ыг эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн Голомт банкны баримт 

-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн ... дугаартай шийдвэр

-Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 сарын 24-ний өдрийн ... дугаартай албан тоот зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч талаас:

-Б.Н-т олгогдсон 2024 оны 01 сарын 10-ны өдрийн ... дугаартай итгэмжлэл

-Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын Ж.Э-ын оршин суух хаягийн тодорхойлолт

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүхийн тамгын газрын 2024 оны 01 сарын 10-ны өдрийн ... дугаартай албан тоот, шүүхэд нэхэмжлэл хүлээн авдаг баримт зэргийг гаргаж өгсөн болно. 

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

"Монгол Даатгал” ХК нь №... тоот "Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн Даатгалын гэрээ"-ний дагуу даатгуулагч Д.М-ийн "Орон сууцны ипотекийн зээл"-ийн үлдэгдэл төлбөр болох 56,847,827 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон 2017 оны 03 дугаар сарын 16-ны даатгуулагчийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн болно. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний 6 дугаар зүлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт төлсөн 56,847,827 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж (Ж.Э-ыг эрэн сурвалжилсан) 70,200 төгрөг, нийт 56,918,027 төгрөгийг гэм буруутай этгээд болох Ж.Э-оос гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хаан банк ХХК-ны Замын-Үүд салбар нь 2015 оны 06 сарын 18-ны өдөр иргэн Д.М, Б.Г нартай ... дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г байгуулж 58,800,000 төгрөгийг 240 сарын хугацаатай буюу 20 жилийн хугацаатайгаар байгуулж, 58,800,000 төгрөгийн зээлийг олгожээ. Зээлдэгч Б.Г нь Монгол Даатгал ХК-тай 2015 оны 06 сарын 19-ний өдөр ... дугаартай “Зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээт баталгаа” гэх гэрээг байгуулж даатгуулсан, даатгагч Монгол Даатгал ХК нь даатгалын тохиолдолд бий болоход даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцжээ. Б.Г болон Монгол Даатгал ХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443.1 дэх хэсэгт заасан амь нас, эрүүл мэндийн гэм хорын даатгалын гэрээний харилцаа үүссэн байна /хх-ийн 9/.

2015 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р багийн нутаг дэвсгэр, 35 дугаар зөрлөгийн Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр хариуцагч Ж.Э Хова маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 7.15, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, хөдөлгөөнд оролцож байсан ... улсын дугаартай Ниссан кондор маркийн автомашинтай мөргөлдөж Д.М-ийн амь насыг хохироосон нь Шинжээчийн 2016 оны 01 сарын 25-ны өдрийн ... дугаартай, 2016 оны 05 сарын 07-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36/, хариуцагч Ж.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас Д.М-ний амь нас хохирсон болох нь хүчин төгөлдөр бүхий Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн ... дугаартай магадлал зэргээр тус тус нотлогдож байна.

Б.Г нь даатгалын гэрээний дагуу Монгол Даатгал ХК-нд хандсан ба  2017 оны 03 сарын 16-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 56,847,827.09 төгрөгийг Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн болох нь төлбөрийн даалгавар ... тоот баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Монгол Даатгал ХК нь даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкны 2017 оны 02 сарын 22-ны өдрийн ... дугаартай албан тоотын дагуу төлж барагдуулсан болохоо тайлбарласан болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Ж.Э-оос шаардлага гаргах эрх үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж тус тус хуульчилсан. Хариуцагч Ж.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас Д.М-ний амь нас хохирсон нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг нэхэмжлэгч Монгол Даатгал ХК-нд үүсэх үндэслэлгүй байна.

 Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д “Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан. Б.Г нь Монгол Даатгал ХК-тай 2015 оны 06 сарын 19-ний өдөр ... дугаартай “Зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээт баталгаа” гэх гэрээг байгуулж гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч зам тээврийн осолын улмаас амь хохирсон Д.М-тэй Монгол Даатгал ХК-ийг зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2015 оны 06 сарын 19-ний өдөр ... дугаартай “Зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээт баталгаа” гэх гэрээн дээр даатгуулагчийг төлөөлж гэх хэсэгт Г гарын үсэг зурсан боловч Д.М-ийг төлөөлж гэрээн дээр гарын үсэг зурсан эсэх нь нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй болно. Иймд Д.М болон Монгол Даатгал ХК хоёрын хооронд эрсдлийн даатгалын эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.   

Нэхэмжлэгч Монгол Даатгал ХК нь хариуцагч Ж.Э-ыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж түүний оршин суух хаягийг тогтоох зорилгоор 2023 оны 06 сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн нь Голомт банкны баримт /хх-ийн 54/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн ... дугаартай шийдвэр /хх-ийн 55-56/ зэргээр тогтоогдож байна. Улсын тэмдэгтийн хураамж нь шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсэний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгө юм. Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч Ж.Э-оос шаардах эрхгүй байна.

Иймээс нэхэмжлэгч байгууллагын 56,918,027 төгрөгийг хариуцагч Ж.Э-оос гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэв.

Хариуцагч Ж.Э нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж мэтгэлзсэн боловч Монгол Даатгал ХК болон Д.М нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх дээр хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна” гэж зааснаар иргэн Ч.Б нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.

Иргэдийн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч нь нэхэмжлэлийг төлөх шаардлагагүй, учир нь 2017 оноос хойш хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул төлөх үүрэг байхгүй” гэх дүгнэлтийн хувьд шүүх хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Э-д холбогдох 56,918,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Э.Б

                        ШҮҮГЧИД                                                     А.Ц

                                                                                                 Д.Ц