Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 202/МА2024/00008

 

2024 03 12 202/МА2024/00008

 

 

 

М ХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Цэрэнханд, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 137/ШШ2024/00014 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: * байр, М ХК /РД: *, ХХД: *, утас: */-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Ж.Э /РД: *, */-д холбогдох

Гэм хорын хохирол болох даатгалын нөхөн төлбөр, хариуцагчийг эрэн сурвалжилсан тэмдэгтийн хураамж нийт 56,918,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч М ХК -ийн гүйцэтгэх захирам Л.Төр-Одын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ..."Монгол Даатгал" ХК нь Д.М , Б.Г нартай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр №10514406080 тоот "Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ-г байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 18-наас 2015 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 35 дугаар зөрлөгийн Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр Ж.Э нь Хова маркийн ачааны шаланз 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино" гэж, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.15 дахь хэсэгт заасан "саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг тус тус зөрчиж хөдөлгөөнд оролцож, Д.М жолоодож явсан 04-35 УНТ улсын дугаартай Ниссан кондор маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас Д.М амь нас хохирч даатгалын тохиолдол үүссэн. Тус зам тээврийн осолд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн 20151000283 тоот хэрэг үүсгэн шалгасан байх бөгөөд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор ...Ж.Э  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай..." гэж шийдвэрлэсэн байна. "М ХК нь №10514406080 тоот "Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн Даатгалын гэрээ"-ний дагуу даатгуулагч Д.М "Орон сууцны ипотекийн зээл"-ийн үлдэгдэл төлбөр болох 56,847,827 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон 2017 оны 03 дугаар сарын 16-ны даатгуулагчийн Хаан банкны 5075065748 тоот дансанд шилжүүлсэн болно. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт төлсөн 56,847,827 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж (Ж.Э эрэн сурвалжилсан) 70,200 төгрөг, нийт 56,918,027 төгрөгийг гэм буруутай этгээд болох Ж.Э гаргуулж, "Монгол Даатгал" ХК-д олгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Ж.Энхболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ... М ХК-иас надад холбогдуулан 56,918,027 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний бие 2015 онд болсон үйл явдалд хариуцлага үүрэг хохирол төлбөр барагдуулсан бөгөөд уг хугацаанаас хойших үйл явдлын хугацаа өнгөрсөн байгаа байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Э холбогдох 56,918,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэж

4. Нэхэмжлэгч М ХК -ийн гүйцэтгэх захирам Л.Төр-Одын давж заалдсан гомдолдоо: .... Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хуульд зааснаар хүсэлт гаргасан. Шүүх тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлээд уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т ...10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан. Энэ эрхийг эдлүүлэхгүйгээр хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт анхан шатны шүүхээс М ХК болон даатгуулагч Д.М нарын хооронд зээлдүүлэгчийн гэрээ байгуулсан эсэх дээр дүгнэлт гаргуулсан байдаг. Яагаад гэвэл тухайн маргаанд даатгуулагч нь нас барсан. Д.М төлөөлсөн ямар нэгэн этгээд хуралд оролцоогүй. Гэтэл энэ хоёрын хооронд гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь хэрэгт ач холбогдолтой баримтуудыг үнэн зөв дүгнээгүй гэж үзэж гомдол гаргасан гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М ХК-ны гүйцэтгэх захирал Л.Төр-Одын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэргийн үйл баримтыг хянан хэлэлцвэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 35 дугаар зөрлөгийн орчимд хатуу хучилттай засмал замд 2015 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө хариуцагч Ж.Э нь Хово маркийн ачааны шаланз 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 7 дугаар бүлгийн 7.15 дахь заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас иргэн Д.М жолоодож явсан 04-35 УНТ улсын дугаартай Ниссан кондор маркийн автомашинтай мөргөлдөж Д.М амь насыг хохироосон, хариуцагч Ж.Э энэ үйлдлийнхээ улмаас эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Хохирогч Д.М 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ХААН банкны Дорноговь аймаг Замын-Үүд салбартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 160 дугаар байрны 12 тоотод 70,1 м.кв 3 өрөө байрыг худалдаж авах зорилгоор 58,800,000 төгрөгийн зээлийг жилийн 8%-ийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлж, мөн зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээг М ХК-тай байгуулсан байсан ба зээлдэгч Д.М нас барснаар даатгалын тохиолдол үүссэн гэж М ХК №10514406080 тоот Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ-ний дагуу даатгуулагч Д.М Орон сууцны ипотекийн зээл-ийн үлдэгдэл төлбөр болох 56,847,827 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр даатгуулагчийн ХААН банкны 5075065748 тоот дансанд шилжүүлсэн.

Даатгалын тохиолдол Ж.Э буруутай үйлдлийн улмаас бий болсон гэж үзэж М ХК өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөр, Ж.Э эрэн сурвалжлуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг бүгд 56,918,027 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож Ж.Э гаргуулж өгөхийг хүссэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа М ХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.М, М ХК-ны хооронд байгуулсан Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгаа, даатгуулагч Д.М хууль ёсны өв залгамжлагч Б.Ганзулаас М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн тухай өргөдөл, даатгалын нөхөн төлбөрийг төлөх тухай М ХК-ны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, төлбөр төлсөн тухай Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн даалгавар, үндсэн зээлдэгч Д.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ганзул нарын Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, Б.Ганзулаас М ХК-д нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл, ХААН банкнаас гаргаж өгсөн ...Д.М нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдахдаа 100 хувь өөрийн орлогоор судлуулсан, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ганзулын орлого орж судлагдаагүй, 0 хувь болно гэсэн тухай тодорхойлолт, ХААН банкнаас даатгалын нөхөн олговрыг гаргуулахыг хүссэн тухай хүсэлт, Ж.Э холбогдох эрүүгийн хэргийн холбогдох баримтууд болон Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хариуцагч Ж.Э эрэг сурвалжлуулах тухай гаргасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Ж.Э оршин суух хаягийг тогтоосон тухай албан бичиг /хх-5-57/ зэрэгт тус тус үндэслэсэн.

3.Хариуцагч Ж.Э ...миний бие 2015 онд болсон үйл явдалд хариуцлага хүлээсэн, хохирол төлбөрийг барагдуулсан, уг хугацаанаас хойших үйл явдлын хугацаа өнгөрсөн байгаа байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбартайгаа холбогдуулж нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

4.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч М ХК эс зөвшөөрч ...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

6.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзсэн.Учир нь:

Иргэн Д.М 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ХААН банкны Дорноговь аймаг Замын-Үүд салбартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 160 дугаар байрны 12 тоотод 70,1 м.кв 3 өрөө байрыг худалдаж авах зорилгоор 58,800,000 төгрөгийн зээлийг жилийн 8%-ийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлэхдээ зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээг М ХК-тай байгуулсан байсан, зээлдэгч гэмт хэргийн улмаас нас барснаар гэм хорын даатгалын тохиолдол үүссэн гэж М ХК үзэж 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ХААН банкны Замын-Үүд салбарт 56,847,827,09 төгрөгийн хохирлыг маргалгүйгээр ХААН банкны Замын-Үүд салбарт төлж даатгалын гэрээний үүргээ биелүүлсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

Өөрөөр хэлбэл:Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан зэргээр даатгуулагч Д.М, М ХК-ны хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээ байгуулагдсан ба ...зээлдэгч амь насаа алдах, ... зэрэг 3 төрлийн эрсдэлээр даатгалын хамгаалалтыг гэрээгээр тохирсон байсан, даатгуулагч нас барснаар даатгалын тохиолдол бий болсон тул М ХК хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлж үүргээ биелүүлсэн, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зохигчийн хооронд байгуулагдсан Даатгалын гэрээ-ий үүрэг дуусгавар болсон байна.

7.Гэтэл анхан шатны шүүх ... хариуцагч Ж.Э гэм буруутай үйлдлийн улмаас Д.М амь нас хохирсон нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг нэхэмжлэгч М ХК-д үүсэх үндэслэлгүй байна. ...зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгаанд даатгуулагч Д.М гарын үсэг зураагүй, даатгуулагчийг төлөөлж гэх хэсэгт Б.Ганзул гарын үсэг зурсан боловч Д.Мөнх-эрдэнийг төлөөлж зурсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй, иймд Д.М болон М ХК-ны хооронд эрсдэлийн даатгалын эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас илтэд зөрүүтэйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн, талуудын хооронд маргаагүй үндэслэлийг шүүх үндэслэлээ болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

8.Нэхэмжлэгч М ХК даатгуулагчийн банкны зээлийн төлбөрийг төлсөн тул М ХК өөрт учирсан хохирлоо хариуцагч Ж.Э шаардах эрх шилжсэн гэж үзнэ.

Энэ нөхцөл нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дугаар зүйлд заасан даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсэн нь нэхэмжлэгч М ХК-ны нэхэмжлэлийн шаардлагад нийцсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Ж.Э нь М ХК-д учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

Даатгуулагч Д.М хууль ёсны өв залгамжлагч Б.Ганзул шаардах эрхээ М ХК-д 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн нь Нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл-ээр /хх 20/ тогтоогдож байна.

9.Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 22-ноос 3 жил 6 сарын хугацаанд хорих ял эдэлсэн тул ялын хугацаа дуусахыг хүлээсэн, хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулахаар эрэн сурвалжлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж хаягийг тодруулах зэргээр хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.4-д заасан ерөнхий болон тусгай хугацаа тус тус хэтрээгүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хугацааны дотор байна.

Ийм байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж үндэслэлээ огт тайлбарлаагүй нь үндэслэлгүй, ойлгомжгүй болсон.

10.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хариуцагч Ж.Э эрэн сурвалжлуулах шаардлагын улмаас нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсний төлөө төлсөн, хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй тул хангаж шийдвэрлэх боломжтой юм.

11.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хангахгүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

12.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэгч М ХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох даатгалын нөхөн төлбөр , улсын тэмдэгтийн хураамж зэрэгт нийт төлсөн 56,918,027 төгрөгийн хохирлыг хариуцагч Ж.Э гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Өөрчлөлт оруулах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасанд хамаарч байна.

13.Иймд нэхэмжлэгч М ХК-ны гүйцэтгэх захирал Л.Төрболдын давж заалдах гомдлыг хангах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 137/ШШ2024/00014 дугаартай шийдвэрийн тогтоох 1 дүгээр заалтад ...хариуцагч Ж.Э даатгалын нөхөн төлбөрт төлсөн 56,847,827,09 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бүгд 56,918,027 төгрөгийг гаргуулж М ХК-д олгосугай гэж, 2 дугаар заалтад хариуцагч Ж.Э улсын тэмдэгтийн хураамжид 442,541 төгрөгийг гаргуулж М ХК-д олгосугай тус тус өөрчилж, нэхэмжлэгч М ХК-ны давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч М ХК-ны давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,541 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС