Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1754

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01636 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А Ө” ХХК, “А Г” ХХК-д тус тус холбогдох,

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээний дагуу “А Ө” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг Пнд баригдсан 16-н давхар И блокийн орон сууцны барилгын 9 давхарт 65.12 м.кв, 3 өрөө орон сууц, мөн 5 давхарт 41.08 м.кв, 2 өрөө орон сууцанд тус тус оруулж, дээрх 2 орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг “А Ө” ХХК, “А Г” ХХК-д тус тус даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Наранчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Цэрэндэжид,

Хариуцагч “А Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөлөөгч: Л.Оргилчимэг, Т.Дагвадорж,

Хариуцагч “А Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Дөлгөөн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээний дагуу “А Ө” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг Пнд баригдсан 16 давхар И блокийн орон сууцны барилгын 9 давхарт 65.12 м.кв, 3 өрөө орон сууц, мөн 5 давхарт 41.08 м.кв, 2 өрөө орон сууцанд тус тус оруулж, мөн дээрх 2 орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг “А Ө” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч “А Ө” ХХК нь 2014 онд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 7 дугаар хорооллын байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан. Сүхбаатар дүүргийн Пнд айлуудын газрыг орон сууцаар солих гэрээ байгуулж эхэлсэн.

2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэг талаас төсөл хэрэгжүүлэгч “А Ө” ХХК, нөгөө талаас Ж.Д нар харилцан тохиролцож гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг байгуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн 596 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Сүхбаатар дүүргийн Пнд баригдах барилгын 7, 3, 5 давхруудын 3, 1, 1 өрөө бүхий 70 м.кв 126 000 000 төгрөгийн үнэ бүхий байраар солихоор харилцан тохирсон.

Тус компани Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хороонд барих талбайг И, З, Е, Ё1, К1, Л, Ш, Ё, Ү гэж хэсэгчлэн хувааж И хэсэгчилсэн талбайд газар чөлөөлж, эхний ээлжийн 16 давхар карказан барилгыг ашиглалтад оруулахаар ажлаа 2014 оны 08 сард эхлүүлсэн.

Орон сууцны 68.31 м.кв нь 2015 оны 2 дугаар улиралд, 32.31 м.кв нь 2016 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон ба гурван талт гэрээ байгуулахаар тус гэрээнд тусгасан боловч байгуулаагүй.

Би гэрээний 2.5-д зааснаар 2014 онд өөрийн өмчийн газар, мөн уг газар дээр байсан 6х4 хэмжээтэй хувийн сууцаа буулгаж, газраа чөлөөлж холбогдох бичиг баримтыг “”А Ө ХХК-д хүлээлгэн өгсөн, түр суурьших түрээсийн байраа өөрөө хариуцахаар гэрээнд заасан.

Гэвч “А Ө” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй учир гэрээгээ шинэчилж хийнэ гэсэн санал тавьсан. 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 талт гэрээг шинэчилж байгуулсан.

Би өөрийн өмчлөлийн газраа 196 470 000 төгрөгийн үнэ бүхий байраар солихоор, байрыг 2017 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан.

Уг орон сууцны 5 дугаар давхрын 41.08 м.кв, 2 өрөө орон сууцыг 2014 оноос хойш орон сууцанд орох хүртэлх хугацааны түрээсийн төлбөртөө тооцуулахаар тохиролцсон. Мөн тус байрыг 2013 оны 3 дугаар улиралд ашиглалтад орохоор гэрээнд тусгасан.

Гэтэл СБД-ийн Пны нутаг дэвсгэрт баригдсан И хэсэгчилсэн талбайн барилгаа барьсан атлаа гэрээнд заасан 65.12 м.кв талбай бүхий 3 өрөө, 41.08 м.кв талбай бүхий 2 өрөө байраа өгөхгүй намайг өдийг хүртэл хохироож байна.

Би 2014 оноос хойш өөрийн өмчийн газар, үл хөдлөх эд хөрөнгөө “А Ө” ХХК-д чөлөөлж өгөөд өнөөдрийг хүртэл сар бүр 200 000 төгрөг түрээс төлж байна. “А Ө” ХХК нь 16 давхар барилгыг барьж ашиглалтад оруулсан боловч Гэр хороолол дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээнд заасан 3 өрөө болон 2 өрөө орон сууцыг өгөхгүй намайг хохироож байна.

Гэр хороолол дахин төлөвлөлтийн үүрэгт ажиллагааны 4.11-д төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гурван талт гэрээг оршин суугчтай байгуулна гэсэн байгаа. Энэ журмыг мөрдөж ажиллаагүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд Гурван талт гэрээг Нийслэлийн засаг дарга, түүнийг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй байгуулна гэж байна. Төсөл хэрэгжүүлэгч компани санаачилгаараа иргэдийн газрыг чөлөөлж авчхаад гэрээгээ байгуулаагүй нь төсөл хэрэгжүүлэгч компани журмаа зөрчиж ирсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А Ө” ХХК болон “А Г” ХХК нь түншлэл болж Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ба Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны батламжаар И блокийн хэсгийн барилгыг, 2016 оны батламжаар М, Ж, О блокуудын барилгыг барьж ашиглалтад оруулах ажлыг эхлүүлсэн.

Уг ажлын хүрээнд И блокийн хэсгийн газар өмчлөгч нартай харилцан тохиролцож 4 иргэнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч Ж.Дгийн өмчлөлийн газар нь Ж блокийн хэсэгт харьяалагддаг ба тухайн үед түүний газар нь Хотын ерөнхий төлөвлөлтөд хамрагдаж уг хэсэгт Архивын ерөнхий газар барих төлөвлөлттэй байсан. Бид төслийн шаардлагын дагуу буюу Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу М, Ж, О, И блокийн хэсэгт байрлах нийт 340 орчим нэгж талбай буюу айл өрхөөс дэмжлэг авах буюу газар чөлөөлөхийг зөвшөөрнө гэсэн тохиролцоог хийх ёстой байсан.

Үүний дагуу блок тус бүрээс хэд хэдэн айлыг сонгож хоёр талт гэрээ хийж урьдчилсан нөхцөлийг баталгаажуулсан. Гэвч Нийслэлээс хийгдэх ёстой байсан ажлууд төлөвлөлтийн дагуу хийгдэхээ больсноор уг төслийн ажил зогссон. Тиймээс хоёр талт гэрээ хийсэн бүх айлуудтай хийхээр хүлээж байсан гурван талт гэрээ хийгдээгүй. Хоёр талт гэрээ нь зөвхөн газраа чөлөөлж оронд нь шинээр баригдах барилгаас орон сууц авахыг зөвшөөрч байна гэсэн иргэдтэй хийсэн тохиролцоо бөгөөд гурван талт гэрээ байгуулсны үндсэн дээр уг хоёр талт гэрээ нь баталгаажих ёстой ба энэ талаар гэрээний 1.3 дахь хэсэгт тусгасан байдаг.

Бид Ж.Дд газраа чөлөөл гэж ямар нэгэн байдлаар хугацаа тогтоож өгөөгүй, мөн газар өмчлөх гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлж аваагүй. Зөвхөн төслийн бичиг баримтад шаардлагатай байсан тул айлуудаас газрын гэрчилгээг нь эх хувиар нь авч Гэр хорооллын хөгжлийн газарт өгч байсан. Уг гэрчилгээг Гэр хорооллын хөгжлийн газрын ажлын хэсгээс акт үйлдэн айлуудад буцаан олгосон. “А Ө” ХХК нь Сүхбаатар дүүргийн Пны И блокийн хэсэгт баригдсан байрны зоорийн давхар болон нэгдүгээр давхрын цутгалтын хэсгийг гүйцэтгээд байх үед “А Г” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон тул барилгын ажлыг шилжүүлсэн ба улмаар “А Г” ХХК нь барилгыг ашиглалтад оруулан бүртгүүлсэн байдаг.

Тиймээс уг барилга нь манай өмчлөлийн хөрөнгө биш, мөн Ж.Дтай 3 талт гэрээ байгуулж газрыг нэр дээрээ шилжүүлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээгээр “А Г” ХХК-ийн 100%-ийн хувьцааг Л.Зоригтоос Ю.Байгаль шилжүүлж авсан.

Шилжүүлж авах хүртэл “А Ө” ХХК болон “А Г” ХХК нар нь харилцан хамаарал бүхий хуулийн этгээдүүд байсан бөгөөд “А Ө” ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны батламжаар И блокийн хэсгийн барилгыг “А Ө” ХХК болон “А Г” ХХК нар нь хамтран барьж эхлүүлсэн.

И блокийн барилгын ажлыг зөвхөн зоорийн давхар болон нэгдүгээр давхрын цутгалтын хэсгийг хийж гүйцэтгээд зогсонги байдалд орсон үед “А Г” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн.

Ингэхдээ И блокийн барилгын ажил, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд, бусад этгээдүүдийн өмнө хүлээсэн үүргийн хамтаар шилжүүлсэн. Уг шилжүүлсэн үүргийн дотор Ж.Дтай холбоотой ямар нэгэн үүрэг хариуцлага байгаагүй.

Түүний нэхэмжлэлд дурдсан газар нь И блокийн хэсэгт хамааралгүй. “А Г” ХХК И блокийн барилгын ажлыг хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгөөр болон Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан. Одоогийн байдлаар уг блокийн бүх орон сууцыг борлуулж дууссан. “А Г” ХХК-ийн өмчлөлд орон сууц үлдээгүй.

“А Г” ХХК нь уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ И блокод хамаарагдах газрыг чөлөөлж өгсөн иргэдийн өмнө 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, бэлэн мөнгөөр болон орон сууцаар төлбөр тооцоо гүйцэтгэж дуусгасан.

Ж.Дтай “А Г” ХХК нь ямар нэг гэрээ байгуулаагүй, түүний өмнө хүлээсэн үүргийг шилжүүлж авсан гэрээ хэлцэл, гаргасан баталгаа, батлан даалтын үүрэг зэрэг ямар нэгэн үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Ж.Дгийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй хоёр талт гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй.

Хариуцагч “А Ө” ХХК-ийн өгсөн тайлбараас үзвэл 3 талт гэрээ байгуулаагүй, газрыг шилжүүлж аваагүй, барилгын ажлыг эхлүүлээгүй байх тул нэхэмжлэл нь үндэслэлгүй.

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “А Г” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэг, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч “А Ө” ХХК болон “А Г” ХХК-иудад холбогдуулан гаргасан, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Пнд баригдсан 16 давхар И блокийн орон сууцны барилгын 9 давхарт 65.12 мкв 3 өрөө, мөн 5 давхарт 41.08 мкв 2 өрөө орон сууцанд тус тус оруулж, уг 2 орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 500 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргасан.

“А Ө” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/532 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэр, орон сууцны 7-р хороолол орчимд И блокийн Гэр хороолол дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч улмаар тус компани 9, 10, 11, 12 дугаар хороодын оршин суугчдаар дэмжигдэж төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээ байгуулах эрх авч 50 гаруй айлтай гэрээ байгуулсан.

Ж.Д 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Гэр хороолол дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх №ж/39/147 тоот 2 талт гэрээ, мөн газар худалдах худалдан авах гэрээг “А Ө” ХХК-тай байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр газраа чөлөөлж өгөхийг шаардсан учраас газраа чөлөөлж өгч, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хурааж авсан.

2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №ж/39/147 тоот 2 талт гэрээг шинэчилж нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Уг гэрээгээр төсөл хэрэгжүүлэгч “А Ө” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 9, 10,11-р хорооны нутаг дэвсгэрт баригдах “И” блокийн барилгын 9 давхарт 3 өрөө. 65.12м.кв орон сууцыг, ”И” блокийн /Б/-ээс, 5 давхарт 2 өрөө, 41.08 м.кв орон сууцыг “И” блок /Д/- ээс , нийт 196 470 000 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж өгөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч тус компани 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан гэрээнд заасан “И” блокийн орон сууц барьж 2017 оны 07 дугаар сард ашиглалтад оруулсан боловч 2 талт гэрээнд заасан орон сууцанд оруулахгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тус компани нь Гэр хороолол дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын 4.11, 4.17-д заасан үүргийг биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/31-р тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам болон мөн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаас  харахад Гэр хороолол дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээ байгуулах үйл ажиллагааг төсөл хэрэгжүүлэгч “А Ө” ХХК хариуцан гүйцэтгэхээр журамд заасан байхад шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд буруу дүгнэлт хийж хэт нэг талыг барьсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2014 оны 08 сараас эхлэн орон гэргүй болж түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд түрээс төлөх боломжгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01636 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч “А Ө” ХХК, “А Г” ХХК нарт холбогдуулан, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Пны нутаг дэвсгэрт барьсан И блок 16 давхар орон сууцны барилгын 9 давхарт 65.12 м.кв, 3 өрөө орон сууцанд, мөн орон сууцны 5 давхарт 41.08 м.кв, 2 өрөө орон сууцанд оруулахыг, мөн тус 2 орон сууцны өмчлөлийн гэрчилгээнүүдийг гаргахтай холбоотой бичиг баримт бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Ж.Д болон “А Ө” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ж.Д нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-2203003826 дугаарт бүртгэлтэй, 000057403 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн П, Чингэлтэйн 14 дугаар гудамжны 147 тоотын 596 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг “А Ө” ХХК-ийн барьж ашиглалтад оруулах Сүхбаатар дүүргийн 9-р хорооны байршилд баригдах орон сууцны 7, 3, 5 давхрын 3, 1, 1 өрөө 126 000 000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг орон сууцаар солих, “А Ө” ХХК нь орон сууцуудыг ашиглалтад оруулж Ж.Дд хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Мөн Ж.Д болон “А Ө” ХХК-ийг төлөөлж захирал Л.Ганзориг нар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Дгийн өмчлөлийн дээрх газрыг Сүхбаатар дүүргийн Пны нутаг дэвсгэрт баригдах И хэсэгчилсэн талбайн барилгын 9 давхрын 3 өрөө 65.12 м.кв И блок /Б/, 5 давхрын 2 өрөө 41.08 м.кв И блок /Д/ буюу 196 470 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар солих, “А Ө” ХХК орон сууцыг 2017 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах, хүлээлгэж өгөх нөхцөлийг тохиролцон гэрээг байгуулснаар өмнөх гэрээний үүрэг хэрэгжээгүй байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 сарын 29-ний өдрийн А/532 тоот Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчим /ХЕТ-2013/1 багц И блок/-ын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А Ө” ХХК-ийг шалгарсныг батламжилсны дагуу “А Ө” ХХК болон “А Г” ХХК-ууд хамтран барилгын ажлыг эхлүүлсэн байна.

 

“А Ө” ХХК нь “А Г” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээгээр 100 хувийн хувьцааг шилжүүлж, “А Г” ХХК нь И блокийн барилгын ажил, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд, бусад этгээдүүдийн өмнө хүлээсэн үүрэг, маргаан бүхий 120 айлын 16 давхар орон сууцыг барьж ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Ж блокийн газар чөлөөлөлтийн хуваарьт бичиг дээр Ж.Д нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр газрыг чөлөөлөхөөр байх боловч уг газрыг чөлөөлж хариуцагчид хүлээлгэж өгсөн талаар баримтгүй байна. Түүнээс гадна Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 03/276 тоот албан бичгээр “А Ө” ХХК-д барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа боловч төслийн ажлыг эхлүүлээгүй М, Ж хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гарсныг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгджээ.

 

Нэхэмжлэгч Ж.Дгийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг “А Ө” ХХК-ийн төслийн менежер Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн, газар өмчлөх эрх Ж.Дгаас хэн нэгэнд шилжигдсэн  байдал тогтоогдоогүй, Ж.Д уг газрыг өмчлөх эрх хэвээр байна.

 

Түүнчлэн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний 3.2, 3.3-т “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар гурван талт гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд энэ гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэсэг болно” гэж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 1.3-т “гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно”, 1.5-д “талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний нөхцөлийг өөрчлөх, өөр этгээдтэй ижил төрлийн гэрээ байгуулах, гэрээний үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд гурван талт гэрээ байгуулагдах хүртэл энэ гэрээний үүргийн биелэлтийг шаардахгүй” гэж тус тус заасныг гэрээний талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул дээрх гэрээ нь 3 талт гэрээ байгуулагдаагүй нөхцөлд хүчин төгөлдөр болохгүй юм.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдаагүй тул гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ж.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА