Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1636

 

 

 

 

 

 

   2019 оны 08 сарын 01 өдөр

      Дугаар 181/ШШ2019/01636

          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж.Д- ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “А Ө ” ХХК

Хариуцагч: “А Г ” ХХК -иудад холбогдох

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээний дагуу “А Ө ” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороонд баригдсан 16-н давхар “И” блокийн орон сууцны барилгын 9 давхарт 65.12 м.кв, 3 өрөө орон сууц, мөн 5 давхарт 41.08 м.кв, 2 өрөө орон сууцанд тус тус оруулж, мөн дээрх 2 орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг “А Ө ” ХХК, А Г  ХХК нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д , түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч А Ө  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оргилчимэг, Т.Дагвадорж, хариуцагч А Г  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн, нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээний дагуу “А Ө ” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг 9-р хороонд баригдсан 16 давхар “И” блокийн орон сууцны барилгын 9 давхарт 65.12 м.кв, 3 өрөө орон сууц, мөн 5 давхарт 41.08 м.кв, 2 өрөө орон сууцанд тус тус оруулж, мөн дээрх 2 орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг “А Ө ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Учир нь:

           Хариуцагч “А Ө ” ХХК нь 2014 онд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 7 дугаар хорооллын байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан. Сүхбаатар дүүргийн 9-р хороонд айлуудын газрыг орон сууцаар солих гэрээ байгуулж эхэлсэн. Үүний нэг нь Ж.Д  юм. 2014.06.12-нд нэг талаас төсөл хэрэгжүүлэгч “А Ө ” ХХК, нөгөө талаас Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Чингэлтэйн 16-р гудамжны 147 тоотод оршин суугч Ж.Д  бид харилцан тохиролцож гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг байгуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн 596 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдах барилгын 7, 3, 5 давхаруудын 3, 1, 1 өрөө бүхий 70 м.кв 126.000.000 төгрөгний үнэ бүхий байраар солихоор харилцан тохирсон.

           Тус компани Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хороонд барих талбайг И,  З, Е, Ё1, К1, Л, Ш, Ё, Ү гэж хэсэгчилэн хувааж “И” хэсэгчилсэн талбайд газар чөлөөлж, эхний ээлжийн 16 давхар карказан барилгыг ашиглалтанд оруулахаар ажлаа 2014 оны 08 сард эхлүүлсэн. Гэрээнд байрыг ашиглалтанд орох хугацааг 2015 оны 2-р улиралд багтаана гээд 68.31 м.кв-ыг нь, 2016 оны 1-р улиралд 32.31 м.кв-ыг ашиглалтанд оруулж өгөхөөр гэрээнд тусгасан. Мөн гурван талт гэрээ байгуулахаар тус гэрээнд тусгасан боловч байгуулаагүй. Долгормаа би гэрээний 2.5-д зааснаар 2014 онд өөрийн өмчийн газар, мөн уг газар дээр байсан 6х4 хэмжээтэй хувийн сууцаа буулгаж, газраа чөлөөлж холбогдох бичиг баримтыг “А Ө ” ХХК-д хүлээлгэн өгсөн, түр суурьших түрээсийн байраа өөрөө хариуцахаар гэрээнд тус тус заасан. Гэвч А Ө  ХХК нь гэрээнд заасан 2015 оны 2-р улиралд барилгыг ашиглалтанд оруулаагүй. Бид барилгаа барихыг шаардахад “А Ө ” ХХК-ийн захирал Ганзориг хүлээж бай эхний ээлжний “И” хэсэгчилсэн талбайн барилгаас орон сууц өгнө тиймээс гэрээгээ шинэчилж хийнэ гэсэн санал тавьсан. Бид 2016 оны 05 сарын 24-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 талт гэрээг шинэчилж байгуулсан. Би өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14-147 тоот, 596 м.кв Г-2203003826 Улсын бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газраа Сүхбаатар дүүрэг, 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах “И” хэсэгчилсэн талбайн барилга 9-р давхарт 3 өрөө, 65.12 м.кв-ыг, мөн “И” блокын /Б/, мөн 5 давхарт 2 өрөө 41.08 м.кв “И” блок /Д/-ээс нийт 196.470.000 төгрөгний үнэ бүхий байраар солихоор, байрыг 2017 оны 03 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулсан. Уг орон сууцны 5-р давхарын 41.08 м.кв, 2 өрөө орон сууцыг 2014 оноос хойш орон сууцанд орох хүртэлх хугацааны түрээсийн төлбөртөө тооцуулахаар тохиролцсон. Мөн тус байрыг 2013 оны 3-р улиралд ашиглалтанд орохоор гэрээнд тусгасан. Гэтэл СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан И хэсэгчилсэн талбайн барилгаа барьсан атлаа миний газраар солих гэрээнд заасан 65.12 м.кв, 3-н өрөө, 41.08 м.кв талбай бүхий 2 өрөө байраа өгөхгүй намайг өдийг хүртэл хохироож байна. Би 2014 оноос хойш өөрийн өмчийн газар, үл хөдлөх эд хөрөнгөө “А Ө ” ХХК-д чөлөөлж өгчихөөд өнөөдрийг хүртэл байр түрээслэн сар бүр 200 000 төгрөг төлж амьдарч байна. “А Ө ” ХХК нь СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт иргэд бидний газрыг чөлөөлж авчихаад 16-н давхар барилгыг барьж ашиглалтанд оруулсан боловч ГХДТ-ийн хоёр талт гэрээнд заасан 3 өрөө болон 2 өрөө орон сууцуудыг өгөхгүй намайг хохироож байна. Би “А Ө ” ХХК-ийн СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан 16 давхар орон сууцны барилгад очиж ажилтантай нь уулзахад энэ барилгыг “А Ө ” ХХК, “А Г ” ХХК нар хамтын ажиллагааны гэрээгээр барьсан гээд “А Г ” ХХК-ийн ажилтан гаднаас захиалга авч айл өрхийг оруулж байна. “А Ө ” ХХК-ийн захирал Л.Ганзориг, мөн менежер н.Дагвадорж нартай уулзахад хүлээж бай байрыг чинь өгнө гээд сураггүй алга болсон. Би “А Ө ” ХХК-д холбогдуулж 2018.03.12-нд СБД-ийн ИХАШШ-д  нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа байхгүй гээд нэхэмжлэл буцаагдах болсон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчийн хаягийг тогтоолгохоор Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс “А Ө ” ХХК-ийн захирал Лхамсүрэнгийн Ганзоригийн хаягийг Хан-Уул дүүрэг 15-р хороо Хансвилл хотхоны 103-р байрны 1-р орц 1201 тоотод оршин сууж байгааг тогтоосны улмаас дахин Хан-Уул дүүргийн  ИХАШШ-ны шүүхэд 2018.08.18-нд нэхэмжлэл гаргасан боловч ХУД-ийн иргэний шүүхээс ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

           ИХШХШТХ-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гэж шүүхийн онцгой харьяаллын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргана гэж зааснаар талуудын хооронд байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 талт гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт “А Ө ” ХХК-ийн барьсан “И” блок 16 давхар орон сууцны барилгын 9 давхарт 65.12 м.кв, 3 өрөө орон сууцанд, мөн орон сууцны 5 давхарт 41.08 м.кв, 2 өрөө орон сууцанд оруулахыг, мөн тус 2 орон сууцны өмчлөлийн гэрчилгээнүүдийг гаргахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг “А Ө ” ХХК, А Г  ХХК нарт тус тус даалгуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Яагаад гэхээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 талт гэрээний дагуу А Ө  ХХК-д нэхэмжлэгч Ж.Д г Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 16 давхар А блокны орон сууцны 9 давхарт 65,12 м.кв, 5 давхарт нь 41,08 м.кв хоёр орон сууцанд оруулж өгөхийг даалгах шаардлага гаргасан байгаа. Асар-Өргөө ХХК нь 2013.05.29-ний өдөр Нийсэлийн засаг даргын А532 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хороолол орчимд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 13 багц И блокийн гэр хороолол, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байдаг. Ингэж шалгарахын тулд тухайн хороодын нутаг дэвсгэрийн айл өрхүүдээс саналыг нь авч, тэдний дэмжлэгээр шалгарсан. Ингэж айл өрхийн саналыг авч шалгарах үйл явц нь 2013 оны НИТХ-ын 3/31 дугаартай тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу явагдаж ирсэн. Энэ журам нь 2014.02.20-ны өдрийн НИТХ-ын тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэгдэн батлагдаж, үүнийг дагаж мөрдсөн. Асар-Өргөө ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэх эрх олж аваад, иргэдтэй хоёр талт гэрээг байгуулсан. Ж.Д тай 2014.06.25-ны өдөр анхны гэрээгээ байгуулаад явж байтал гэрээндээ 2016.05.24-ний өдөр өөрчлөлт оруулаад шинэ гэрээ байгуулсан. Энэ хоёр талт гэрээнд заахдаа И блокийн барилгыг 2017 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулна. Ингэхдээ танайд 9 давхрын 67,12 м.кв 3 өрөө, 5 давхарт 41,08 м.кв байр өгнө гэж заасан байгаа. 3 өрөө орон сууц нь үндсэн газрынхаа 596 м.кв газартай, 41,08 м.кв нь энэ хүнийг энэ орон сууц баригдах хүртэл хугацаанд журмаараа бол түрээсийн орон сууцаар хангах үүрэгтэй. Тэгэхээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны 2 талт гэрээ нь өнөөдрийг хүртэл хэрэгжээд ирсэн. Өнөөдөр энэ орон сууц баригдсан байгаа. Яагаад энэ хүнийг оруулахгүй байгаа юм бэ гэдэг асуудал байна. Заавал шүүхэд хандаж хийх ажиллагаа юм уу. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 1.3.5-д Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 2 талт гэрээ гэдэг нь төсөл хэрэгжүүлэгч, сонирхогч этгээдийн хооронд байгуулсан албан ёсны баримт бичиг юм. Үүний дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээ байгуулагдсан. Тэгэхээр энэ хоёр талт гэрээний эрхийг оршин суугчдын дэмжлэгтэйгээр 75 хувиас доошгүй саналыг авч байж гэрээ байгуулах эрх олж аваад, энэ гэрээг байгуулчихаад өнөөдөр гэрээнийхээ үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа нь энэ компанийн хариуцлагагүй, хүний эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж авчихаад өнөөдөр ийм байдалтай байгаа нь хариуцлагагүй асуудал гэж үзэж байна.

Хоёрдугаарт, төсөл хэрэгжүүлэгч компани нь үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчтэй 3 талт гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй. Энэ бол Гэр хороолол дахин төлөвлөлтийн үүрэгт ажиллагааны 4.11-д заасан байна. Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гурван талт гэрээг оршин суугчтай байгуулна гэсэн байгаа. Энэ журмыг ерөөсөө мөрдөж ажиллаагүй байсаар өнөөдрийг хүрлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд “Гурван талт гэрээг Нийслэлийн засаг дарга, түүнийг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй байгуулна гэж байна.” Төсөл хэрэгжүүлэгч компани санаачилгаараа иргэдийн газрыг чөлөөлж авчихаад гэрээгээ байгуулаагүй нь төсөл хэрэгжүүлэгч компани журмаа зөрчиж ирсэн гэж үзэж байна. Төсөл хэрэгжүүлэгч нь хоёр талт болон гурван талт гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгч Ж.Д  нь хоёр талт гэрээний дагуу хариуцагч нараас хоёр орон сууцыг шаардах эрхтэй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагч Асар-Өргөө ХХК-ийн зүгээс Ж блокийн барилга баригдах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Уг төслийг Асар-Өргөө, А Г  ХХК нар хамтарч төсөл хэрэгжүүлсэн учраас А Г  ХХК нь хамтран үүрэг хүлээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

           Хариуцагч “А Ө ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А Ө ” ХХК болон “А Г ” ХХК нь түншлэл болж Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ба Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны батламжаар И блокын хэсгийн барилгыг, 2016 оны батламжаар М, Ж, О блокуудын барилгыг барьж ашиглалтанд оруулах ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд бид И блокын хэсгийн газар өмчлөгч нартай харилцан тохиролцож 4 иргэнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулан газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч Ж.Д гийн өмчлөлийн газар нь Ж блокын хэсэгт харьяалагддаг ба тухайн үед түүний газар нь Хотын ерөнхий төлөвлөлтөд хамрагдаж уг хэсэгт Архивын ерөнхий газар барих төлөвлөлттэй байсан. Бид төслийн шаардлагын дагуу буюу Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” гэж заасны дагуу М, Ж, О, И блокын хэсэгт байрлах нийт 340 орчим нэгж талбай буюу айл өрхөөс дэмжлэг авах буюу газар чөлөөлөхийг зөвшөөрнө гэсэн тохиролцоог хийх ёстой байсан. Үүний дагуу бид блок тус бүрээс хэд хэдэн айлыг сонгож хоёр талт гэрээ хийж урьдчилсан нөхцөлийг баталгаажуулсан. Гэвч Нийслэлээс хийгдэх ёстой байсан ажлууд төлөвлөлтийн дагуу хийгдэхээ больсноор уг төслийн ажил мөн зогссон. Тиймээс хоёр талт гэрээ хийсэн бүх айлуудтай хийхээр хүлээж байсан гурван талт гэрээ хийгдээгүй юм. Хоёр талт гэрээ нь зөвхөн газраа чөлөөлж оронд нь шинээр баригдах барилгаас орон сууц авахыг зөвшөөрч байна гэсэн иргэдтэй хийсэн тохиролцоо бөгөөд гурван талт гэрээ байгуулсны үндсэн дээр уг хоёр талт гэрээ нь баталгаажих ёстой ба энэ талаар гэрээний 1.3 дахь хэсэгт мөн тусгасан байдаг.

           Бид Ж.Д д газраа чөлөөл гэж ямар нэгэн байдлаар хугацаа тогтоож өгөөгүй, мөн газар өмчлөх гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлж аваагүй. Одоо ч түүний газар нь Ж.Д гийн өмчлөлийнх хэвээр байгаа. Зөвхөн төслийн бичиг баримтад шаардлагатай байсан тул айлуудаас газрын гэрчилгээг нь эх хувиар нь авч Гэр хорооллын хөгжлийн газарт өгч байсан. Уг гэрчилгээнүүдийг Гэр хорооллын хөгжлийн газрын ажлын хэсгээс акт үйлдэн айлуудад буцаан олгосон. А Ө  ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны И блокын хэсэгт баригдсан байрны зоорийн давхар болон нэгдүгээр давхарын цутгалтын хэсгийг гүйцэтгээд байх үед А Г  ХХК уг барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон тул бид барилгын ажлыг шилжүүлсэн ба улмаар А Г  ХХК нь уг барилгыг ашиглалтанд оруулан бүртгүүлсэн байдаг. Тиймээс уг барилга нь манай өмчлөлийн хөрөнгө биш, мөн бид Ж.Д тай 3 талт гэрээ байгуулж газрыг нэр дээрээ шилжүүлж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Хариуцагч А Г  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 11 сарын 04-ний өдрийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ” болон “Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ”-гээр “А Г ” ХХК-ийн 100%-ийн хувьцааг Л.Зоригтоос Ю.Байгаль шилжүүлж авсан. Шилжүүлж авах хүртэл “А Ө ” ХХК болон “А Г ” ХХК нар нь харилцан хамаарал бүхий хуулийн этгээдүүд байсан бөгөөд “А Ө ” ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны батламжаар “И” блокын хэсгийн барилгыг “А Ө ” ХХК болон “А Г ” ХХК нар нь хамтран барьж эхлүүлсэн. “И” блокын барилгын ажлыг зөвхөн зоорийн давхар болон нэгдүгээр давхарын цутгалтын хэсгийг хийж гүйцэтгээд зогсонги байдалд орсон үед “А Г ” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн. Ингэхдээ “И” блокын барилгын ажил, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд, бусад этгээдүүдийн өмнө хүлээсэн үүргийн хамтаар шилжүүлсэн. Уг шилжүүлсэн үүргийн дотор иргэн Ж.Д тай холбоотой ямар нэгэн үүрэг хариуцлага байгаагүй. Түүний нэхэмжлэлд дурьдсан газар нь “И” блокын хэсэгт хамааралгүй байна. “А Г ” ХХК “И” блокын барилгын ажлыг хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгөөр болон Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан. Одоогийн байдлаар уг блокын бүх орон сууцыг борлуулж дууссан. “А Г ” ХХК-ийн өмчлөлд орон сууц үлдээгүй байна. “А Г ” ХХК нь уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ “И” блокод хамаарагдах газрыг чөлөөлж өгсөн иргэдийн өмнө 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, бэлэн мөнгөөр болон орон сууцаар төлбөр тооцоо гүйцэтгэж дуусгасан. Иргэн Ж.Д тай “А Г ” ХХК нь ямар нэг гэрээ байгуулаагүй, түүний өмнө хүлээсэн үүргийг шилжүүлж авсан гэрээ хэлцэл, гаргасан баталгаа, батлан даалтын үүрэг зэрэг ямар нэгэн үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Ж.Д гийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй хоёр талт гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй байна. Хариуцагч “А Ө ” ХХК-ийн өгсөн тайлбараас үзвэл 3 талт гэрээ байгуулаагүй, газрыг шилжүүлж аваагүй, барилгын ажлыг эхлүүлээгүй байх тул нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

           Иймд, нэхэмжлэгч Ж.Д гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “А Г ” ХХК-д холбогдох хэсэг буюу “И” блокын барилгаас орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Д  нь хариуцагч “А Ө ” ХХК, “А Г ” ХХК-иудад холбогдуулан, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан “И” блок 16 давхар орон сууцны барилгын 9 давхарт 65.12 м.кв, 3 өрөө орон сууцанд, мөн орон сууцны 5 давхарт 41.08 м.кв, 2 өрөө орон сууцанд оруулахыг, мөн тус 2 орон сууцны өмчлөлийн гэрчилгээнүүдийг гаргахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “А Ө ” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гурван талт гэрээ байгуулаагүй, түүний газрыг хүлээн авч акт үйлдээгүй, түүний газар дээр буюу Ж хэсэгчилсэн талбайд баригдах төсөл хэрэгжих боломжгүй болсон учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж, хариуцагч “А Г ” ХХК нь “А Ө ” ХХК-иас 100 хувийн хувьцааг нь эрх шилжүүлэх гэрээгээр, И” блокын барилгын ажил, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд, бусад этгээдүүдийн өмнө хүлээсэн үүргийн хамтаар шилжүүлсэн, энэхүү үүргийн дотор иргэн Ж.Д тай холбоотой ямар нэгэн үүрэг хариуцлага байгаагүй, түүнтэй манайх эрх зүйн харилцаанд ороогүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус маргасан.

            Хэргийн 58 дахь талд авагдсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 сарын 29-ний өдрийн А/532 тоот “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжийн 1 дүгээр заалтаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчим /ХЕТ-2013/1 багц “И” блок/-ын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр А Ө  ХХК-ийг шалгарсныг батламжилсны дагуу хариуцагч А Ө  ХХК нь нэхэмжлэгчтэй доорх хоёр талт гэрээг байгуулсан байна.

1. 2014 оны 06 сарын 12-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт ж-39/147 дугаартай гэрээг нэг талаас иргэн Ж.Д , нөгөө талаас “А Ө ” ХХК, түүнийг төлөөлж төслийн зохицуулагч Э.Мөнхтуяа нар байгуулсан ба гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.1-т Ж.Д  нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2203003826 дугаарт бүртгэлтэй, 000057403 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14 дугаар гудамжны 147 тоотын 596 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн хүрээнд тухайн байршилд “А Ө ” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах Сүхбаатар дүүргийн 9-р хорооны байршилд баригдах 7, 3, 5 давхарын 3, 1, 1 өрөө, 70 м.кв талбайтай, 2015 оны 2-р улиралд /68.31/, 2016 оны 1-р улиралд 32.31 мкв-ыг 126 000 000 төгрөгийн орон сууцаар солих нөхцөлтэй, гэрээний 3.2, 3.3-т Энэхүү гэрээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар гурван талт гэрээ байгуулах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх ба энэ гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэрэг болно” гэж заажээ./хх-ийн 7-8 дахь талд/

            2. Мөн 2016 оны 05 сарын 24-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт ж/39/147 дугаартай гэрээг нэг талаас иргэн Ж.Д , нөгөө талаас ХЕТ-2013-4 багцын дугаар бүхий барйшилд бүхэлд нь, эсхүл Ж хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан А Ө  ХХК, түүнийг төлөөлж захирал Л.Ганзориг нар байгуулсан ба гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.1-т өмчлөгч 596 мкв, гэр бүлийн хэрэгцээний Г-2203003826 дугаартай Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Чингэлтэй 14-р гудамж 147 тоотод байршилтай, газрыг Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах И хэсэгчилсэн талбайн барилгын 9 давхарын 3 өрөө, 65.12 мкв И блок /Б/, 5 давхарын 2 өрөө, 41.08 мкв И блок /Д/, 2017 оны 3-р улиралд ашиглалтанд орох 196.470.000 төгрөгийн орон сууцаар солих нөхцлөөр тохирсон /хх-ийн 9-10 дахь талд/ гэрээнүүд авагдсан бөгөөд эдгээр хоёр талт гэрээний 1.3-т “Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно.” 1.5-д “Талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний нөхцлийг өөрчлөх, өөр этгээдтэй ижил төрлийн гэрээ байгуулах, гэрээний үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд гурван талт гэрээ байгуулагдах хүртэл энэ гэрээний үүргийн биелэлтийг шаардахгүй.” гэж заасан байна.

            “А Ө ” ХХК нь нэхэмжлэгч Ж.Д тай анх 2014 оны 6 сарын 12-ны өдөр болон 2016 оны 05 сарын 24-ний өдөр ...хоёр талт гэрээнүүдийг байгуулсан боловч 2015 оны 11 сарын 04-ний өдрийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ” болон “Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ”-гээр “А Г ” ХХК-ийн 100% хувьцааг Л.Зоригтоос Ю.Байгаль шилжүүлж авсан ба шилжүүлж авах хүртэл “А Ө ” ХХК болон “А Г ” ХХК нар нь харилцан хамаарал бүхий хуулийн этгээдүүд байжээ. “А Ө ” ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны батламжаар “И” блокын хэсгийн барилгыг “А Ө ” ХХК болон “А Г ” ХХК нар нь хамтран барьж эхлүүлсэн бөгөөд “А Г ” ХХК-ийн хувьцааг “И” блокын барилгын ажил, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд, бусад этгээдүүдийн өмнө хүлээсэн үүргийн хамтаар шилжүүлж маргаан бүхий 120 айлын 16 давхар орон сууцыг А Г  ХХК барьж ашиглалтанд оруулж, улсын комисс хүлээн авсан талаарх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

            Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам болон, мөн тэргүүлэгчдийн 2014 оны 02 сарын 20-ны өдөр 23 дугаар тогтоолоор анхны журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг баталсан байна./2 дахь хх-ийн 92-100 дах талд/ Энэхүү журмын 1.3.4-т “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ” гэж дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч болон Нийслэлийн Засаг дарга харилцан тохиролцож, байгуулсан баримт бичгийг, 1.3.5-д “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” гэж дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээд, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож байгуулсан баримт бичгийг ойлгохоор нэр томъёог тодорхойлан заажээ.

Мөн 3.15-д “Төслийн танилцуулгын үр дүнд хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан аж ахуйн нэгж нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-иас доошгүй хувийн зөвшөөрөл авч, хоёр талт гэрээ байгуулна. Хоёр талт гэрээ нь гурван талт гэрээний хавсралт баримт байна” гэж, 3.20-д “Нийслэлийн Засаг дарга энэ журмын 3.15 дахь заалтын хэрэгжилт, төслийн төлөвлөгөөг хянасан Төслийн удирдах хорооны саналыг үндэслэн ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно.” гэж тус тус зааснаас дүгнэхэд: Нэхэмжлэгч Ж.Д  нь дээрх хоёр талт гэрээнд заасны дагуу гурван талт гэрээ байгуулахыг хариуцагч “А Ө ” ХХК-иас удаа дараа шаардсан боловч гэрээг байгуулаагүй гэж тайлбарладаг боловч хариуцагч “А Ө ” ХХК-ийг нэхэмжлэгч Ж.Д тай гурван талт гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөөр солих буюу үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх агуулга бүхий гэрээ байх тул шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

            Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар заасан.

            Нэхэмжлэгч Ж.Д гийн хувьд хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгсөн гэх боловч хариуцагч А Ө  ХХК нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 1.3.5-д заасны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг Ж.Д тай байгуулсан нь баримт бичиг үйлдсэн гэж үзэх боловч гурван талт гэрээг байгуулаагүй, түүний газрыг албан ёсоор хүлээн авч баримт үйлдээгүй, Ж.Д гийн өмчлөлийн газрын гэрчилгээг Нийслэлийн Гэр хороолын дэд бүтцийн газарт акт үйлдэн хүлээлгэн өгсөн талаархи баримт хэргийн 79 дүгээр талд авагдсан ба Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018.04.11-ний өдөр 03\276 дугаартай албан бичгээр “А Ө ” ХХК-д Мэдэгдэлээр “...барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа боловч төслийн ажлыг эхлүүлээгүй “М, Ж” хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гарсныг мэдэгдэж байна” гэсэн \хх-ийн 78 дахь талд/ баримтууд, талуудын тайлбараар Ж.Д гийн газар өмчлөх эрхийг хэн нэгэнд шилжүүлсэн талаар бичгийн баримт авагдаагүй зэрэг байдлууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

           Хэргийн 84-85 дахь талд 2014 оны 07 сарын 28-ны өдрийн 7-39-147 дугаартай худалдах худалдан авах гэрээг ...газрын өмчлөгч Ж.Д тай худалдан авагч тал болох Э.Мөнхтулга хийж, Сүхбаатар дүүрэг 9-р хороо, Чингэлтэйн 16 дугаар гудамжны 147 тоот хаягтай Улсын бүртгэлийн гэрчилгээтэй 596 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Г-2203003826 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхийг худалдан авагч талд шилжүүлэн, тухайн дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах блок 7 давхарын 48 тоот бүхий 68.31 мкв, 3 өрөө орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд худалдагч талд хүлээлгэн өгөхөөр тохирсон ба энэхүү гэрээний 5.2-т “Талууд гэрээнээс үүсэн гарах маргааныг харилцан зөвшилцөж эвлэрлийн журмаар шийдвэрлэх ба тохиролцоонд эс хүрвэл маргаанаа МҮХАҮТ-ийн дэргэдэх Үндэсний арбитраар шийдэрлүүлнэ” гэж заасан байх тул тухайн шүүх энэхүү гэрээний маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байх боловч нэхэмжлэгч Ж.Д гийн хувьд хариуцагч “А Ө ” ХХК, “А Г ” ХХК-иудад холбогдуулан гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй боловч нэхэмжлэгч нь хариуцагч “А Ө ” ХХК-тай байгуулсан хоёр талт гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг нь жич нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Хэдийгээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт эрхийг хүлээн зөвшөөрөх хамгаалалтын аргыг хуульчилсан боловч энэ нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөх зорилготой ч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар энэхүү маргааны үйл баримт дахь эрхийг хүлээн зөвшөөрөх агуулгагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

            Иймээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Д гийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэг, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч “А Ө ” ХХК болон “А Г ” ХХК-иудад холбогдуулан гаргасан, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдсан 16 давхар “И” блокын орон сууцны барилгын 9 давхарт 65.12 мкв 3 өрөө, мөн 5 давхарт 41.08 мкв 2 өрөө орон сууцанд тус тус оруулж, уг 2 орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн \1.140.300+70.200\ нийт 1.210.500 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ