Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/04637

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух ... овогт Ц.Б /РД:*/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг ...дугаар хороо... дугаар гудамж ... тоотод оршин суух ... овогт Ц.С /РД:*/

 

Зээлийн гэрээний үүрэг болон алданги 51,100,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Ц.С

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ц.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Ц.С нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 13,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Уг гэрээний үүргээ биелүүлж 33,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

 

1.2. Хариуцагч нь 20,000,000 төгрөгийн 10 сарын хүү болох 8,000,000 төгрөг, 13,000,000 төгрөгийн хүү болох 1,950,000 төгрөгийг 2014 онд төлсөн. Одоо зээлийн үндсэн төлбөр 33,000,000 төгрөг, алданги 16,500,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний 2 сарын хүү 1,600,000 төгрөг нийт 51,100,000 төгрөг нэхэмжилж байна.

 

1.3. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч Ц.С-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг ... дугаар хороо ... гудамжны ... тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний 159 м.кв талбайтай газрыг барьцаалсан. Иймд зээлийн гэрээний үүрэг 51,100,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.С нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Зээлийн гэрээгээр 33,000,000 төгрөг авсан, дансаар болон бэлнээр нийт 8,742,800 төгрөг төлсөн, үлдсэн 24,257,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө.

 

2.2. Иргэн хүн банктай адил өндөр хүү бодох хууль байдаг эсэхийг мэдэхгүй. Иймд хүү, алдангийг зөвшөөрөхгүй байна гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, Х банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-6-10, 50-55 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: ХХ банкны дансны хуулга, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 32-49 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 20,000,000 төгрөг, 2014  оны 2 дугаар сарын 10-ны өдөр 13,000,000 төгрөгийг тус тус зээлсэн, уг мөнгийг дансаар нь шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 33,000,000 төгрөг, зээлийн хүү 1,600,000 төгрөг, алданги 16,500,000 төгрөг нийт 51,100,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан тул уг хөрөнгөөр 51,100,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,742,800 төгрөг төлсөн, үлдсэн 24,257,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, иргэн хүн банктай адил өндөр хүү бодох хууль байдгийг мэдэхгүй тул хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Ц.Б нь Ц.С-т 20,000,000 төгрөгийг шилжүүлэх, Ц.С нь 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй төлөх үүргийг тус тус хүлээжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ц.С-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг ... дугаар хороо ... гудамж ... тоотод байршилтай 159м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулахаар талууд тохирч 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлж гарын үсэг зурсан байна.

 

 Мөн 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр талууд зээлийн гэрээ байгуулж, тухайн гэрээгээр Ц.Б нь 13,000,000 төгрөг зээлэх, Ц.С нь 13,000,000 төгрөгийг 3 сарын хүү болох 1,950,000 төгрөг нийт 14,950,000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн байна. Дээрх гэрээнүүдийн агуулга, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүсчээ.

 

Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс 33,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.   

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн талууд гэрээгээр хүү төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасанд нийцнэ. Иймд хариуцагч нь зээл, түүний хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 20,000,000 төгрөг, нэг жилийн хүү 9,600,000 төгрөг нийт 29,600,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр үндсэн зээл 13,000,000 төгрөг, хүү 1,950,000 төгрөг нийт 14,950,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. Талуудын нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга болон тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 11,650,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 800 ам доллар, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 640,000 төгрөг хүлээн авсан болох нь тогтоогдов.   

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу 11,650,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болох 29,600,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дээрх гэрээний үүрэгт хариуцагч нь 17,950,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Тухайн гэрээгээр талууд алданги төлөхөөр тохирсон байх ба хууль болон гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж ойлгохыг хуульд тодорхойлсон. Иймд хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 17,950,000 төгрөгөөс алданги төлөх үүрэгтэй. Хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгээгүй бөгөөд энэ хүртэл хугацаанд алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул алданги нь 17,950,000 төгрөгийн 50 хувь болох 8,975,000 төгрөг болно.

 

Хариуцагч 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 14,950,000 төгрөг төлөх ба мөн алдангийн хэмжээ нь хуульд заасан хэмжээнээс буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул уг гэрээний дагуу төлөх алданги нь 7,475,000 төгрөг болж байна.

 

Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх багасгаж болох тул хариуцагчийн гэрээний үндсэн үүргээ биелүүлж чадаагүй байгаа нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг тус бүр 50 хувиар багасган тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 800 ам долларыг үүрэг гүйцэтгэсэн үеийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх бөгөөд https://www.mongolbank.mn вэб сайтын ханшийн мэдээллийг үндэслэн 1 ам долларыг 2,497.65 төгрөгөөр тооцож, зээлийн гэрээний үүрэгт 1,998,120 төгрөг төлсөн гэж үзнэ.

 

Хариуцагчийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг тодорхойлвол зээл, хүүгийн төлбөр 17,950,000 төгрөг, алданги 4,487,500 төгрөг нийт 22,437,500 төгрөг, үүнээс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 1,998,120 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 640,000 төгрөг нийт 2,638,120 төгрөгийг хасаж 19,799,380 төгрөгийг төлөх үүрэгтэй. 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 14,950,000 төгрөг, алданги 3,737,500 төгрөг нийт 18,687,500 төгрөг төлөхөөр байна. Иймд хариуцагчаас 38,486,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 12,613,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн барьцааны гэрээгээр барьцаагаар хангагдах шаардлагыг зээл, хүү, алданги, бусад зардлын хэмжээгээр тодорхойлсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Харин дээрх барьцааны гэрээний үл хөдлөх эд хөрөнгөөр 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ байгуулагдаагүй тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй. Иймд 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цэрэндолгорын Содбилэгээс 38,486,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цэрэнжавын Бүдрагчаад олгож, нэхэмжлэлээс 12,613,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг ... дугаар хороо ... гудамж ... тоотод байршилтай 159 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс 19,799,380 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 420,584 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА