Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/00292

 

 

 

 

    2024         01          11                                      101/ШШ2024/00292

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Г-ын Г-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Б-гийн Г-т холбогдох,

           

            Б өрөө орон сууцны эзэмшлийг Г.Гт буцаан шилжүүлэхийг даалгах, гэм хорын хохиролд 1,455,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Гтой Бод байрлах 58.31 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдан авахаар тохиролцсон. Ингээд тохиролцооны дагуу 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 31,300,000 төгрөгийг хариуцагч Б.Гын хүсэлтийн дагуу түүний эхнэр А.Хгийн Хаан банк дахь ... дансанд 2 хуваан шилжүүлж, орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Орон сууц зээлээр худалдан авах гэрээнд үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлсний дараа худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг худалдан авагчийн нэр дээр бүртгүүлж түүний нэр дээр гэрчилгээг гаргуулах, худалдан авагч нь зээлийн төлбөрийг графикийн дагуу сар бүрийн 27-ны өдөр Голомт банкны ... тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон.

Нэхэмжлэгч нь орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний сар бүр 495,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сар хүртэл төлсөн ба нийт 4 сая 950 мянган төгрөг төлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийн зөрчил гаргаагүй. Зээлийг цаг тухайд нь төлж байсан. Даатгалын төлбөр, урьдчилгаанд өгсөн төлбөрүүдийг төлж байсан. Гэтэл Б.Г нь 2021 оны 9 сард найз нь орох оронгүй болчихлоо чи миний байрыг чөлөөлж өг гэсэн. Тэгэхэд нь Г.Г орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу өгсөн авсандаа байх хэрэгтэй хэмээн орон сууцыг буцаан өгөхөөс татгалзсан.

Түүнээс хойш Б.Г байнга утсаар болон зурвасаар байраа авна гэж дарамтлах болсон. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Гын дүү Г.Мийг гэртээ ганцаараа байхад Б.Г 5 хүний хамт орж ирээд хуч хэрэглэн гэрт байсан бүх тавилга, эд хогшлыг коридорт гаргаж, Г.Мийг хөөж гаргасан.

Тавилга эд хогшлыг маань орон сууцнаас хүч хэрэглэн гаргах үед 2 хаалгатай хувцасны шүүгээ болон зурагт эвдэрсэн.

Үүнийг нь "Э" ХХК-р 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үнэлүүлэхэд зурагт 1,125,000 төгрөг, хувцасны шүүгээ 250,000 төгрөг, нийт 1,375,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон. Үнэлгээ хийлгэсэн үйлчилгээний төлбөрт 80,000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч Г.Г өнгөрсөн хугацаанд талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан "Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж нийт 36,250,000 төгрөг төлсөн, тус орон сууцны хууль ёсны эзэмшигч болсон. Бид цаашдаа орон сууцаа гэрээний дагуу эзэмшиж, графикийн дагуу зээлээ төлж орон сууцны төлбөрийг барагдуулж дуусаад өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах хүсэл зоригтой байгаа.

 Ковидын үед Засгийн газраас ипотекийн зээл  төлөлтийг хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан бидний зүгээс Гт хүсэлт гаргаснаар, зээл төлөлтийг банкны зүгээс хойшлуулж, энэ хугацаанд зээл төлөөгүй. Харин зээлийг төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ орон сууцнаас гаргаж, эд хогшлыг гаргасан үеэс эхлэн бид төлөөгүй байгаа. Хуулийн дагуу эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд төлөөд явахад бэлэн байгаа.

Энэ ипотекийн зээлийн гэрээг 2 удаа сунгасан байгаа нь хойшлуулах хүсэлт гаргах эрх нь хариуцагчид өөрт нь байсан. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагч талаас би өөрийнхөө өмлчлөлийн байрнаас бусдын хөрөнгийг гаргасан юм гэдэг тайлбар гаргаж байна. Гэхдээ хуульд зааснаар манайд байранд чиний юм байна гээд шууд гаргах эрх байхгүй. Тэр бол эрх бүхий байгууллагын шийдвэр туслалцаагаар хийгэх ёстой асуудал. Бид бол гэрээний дагуу үүргээ биелүүлээд явж байсан, харин хариуцагчийн зүгээс хуульд заагаагүй арга хэрэгслээр гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Б хаягтай 58.31 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн төлж ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох хүсэлттэй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул гэрээний дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмшилд шилжүүлж өгнө үү. Мөн хууль бусаар эд хөрөнгийг минь гаргахдаа эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,445,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Гыг сайн танихгүй, манай хадмын талын хүмүүс бие биеэ тандаг юм билээ. Манай байр авах болоод урьдчилгаанд төлөх мөнгө хэрэг болсон. Ингээд хадам талаас буюу танайх эднийд байраа зарчих гэдэг саналыг Г.Гын ээж, манай хадам эмээд хэлсэн юм билээ. Ингээд бид байраа зээлээр худалдахаар тохиролцсон. Банкны урьдчилгаанд төлсөн 31,300,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан. Нэхэмжлэгч зээлийг төлөөд явж байсан. Ингээд 10 дугаар сүүлээр нэхэмжлэгч над руу холбогдоод Ковидын нөхцөл байдлаас болоод зээл төлөлтийг хойшлуулж байгаан байна. Чи банкинд хүсэлт гаргаад зээл төлөлтийг хойшлуулаад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед би Г.Гт өөрт нь тайлбарлаж хэлсэн, зээлээ хурдан төлөөд дуусгавал гэрчилгээ чинь хурдан гарна гэж. Он гараад 9 давхрын хүн над руу чи байрандаа амьдарч байгаа юм уу, энд байгаа айл нь өдөр шөнөгүй архидаад, эхнэр хүүхдээ зодоод, би цагдаа дуудлага өгчихсөн шүү гэсэн. Тэгээд би Г.Г луу залгаад энэ юу болоод байгаа юм бэ гэхэд би байрыг чинь хүнд түрээсэлсэн чинь бүтэхгүй хүмүүс орсон байна гэсэн. Тэгээд Г.Г би өөрийнхөө байрыг өөрөө яах аа мэдэж байна гэсэн.

Тэгээд л ер нь больё, байраа буцааж авъя гэсэн нөхцөл байдал үүссэн. Би Г.Гт өөрөө байрандаа орно, би өөрөө орох оронгүй болчихлоо, нэг хүнтэй хэлцэл хийсэн чинь тэр маань бүтэхгүй болчихлоо гэж зөндөө хэлсэн. Г.Г намайг элдвээр хэлж эхэлсэн, ээж нь хүртэл залгаад би чамд бөөгөөр хараал хийлгэх гэж байна гэж хүртэл залгасан. Эд хогшил эвдсэн гэж байна гэж байна. Гэхдээ тийм зүйл байхгүй, би тухайн үедээ өмгөөлөгчтэйгөө болон найзуудтайгаа очиж юмыг нь гаргаж тавсан. Одоо би банкинд зээлээ төлөөд явж байгаа.

 Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь хэрэв зээлээр худалдан авах бол эргэн төлөх график байх ёстой, гэрээг нотариатаар гэрчлүүлэх ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл, эсхүл өөр гэрээг халхавчлан зорилгоор хийсэн хэлцэл гэж заасан. 2016 онд Голомт банктай байгуулсан гэрээ байсаар байтал банкны зөвшөөрөлгүй бусадтай гэрээ байгуулсан байх тул Г.Гыг эзэмшигч гэж үзэхгүй, өмчлөгч нь Б.Г, барьцаалагч нь банк байгаа. Б.Гын 2016 онд Голомт банктай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.8, 3.1.10, 3.4.3 гэх мэт гэрээний заалтуудыг Голомт банк зүгээр нэг бичээгүй. Ипотекийн зээлийг Б.Гд зүгээр ч өгөөгүй, толгойтой бүх үсийг нь тоолж байж өгч байгаа. Хэрэв зээлийн гэрээ байгуулсан бол зээл төлөгч нь солигдож, Г.Г худалдаж авч байгаа бол ахиад Голомт банк дээр очиж толгойтой үсээ тоолуулах ёстой. Хэрэв хэн нэгэнд худалдах гэж байгаа бол заавал Голомт банканд мэдэгдэх ёстой гэж гэрээнд дээрээ заасан байгаа. Нэхэмжлэгч тал шүүхээс хууль бус шийдвэр гаргахыг буюу өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байна. Гэтэл энэ байр 20 жилийн дараа л хэн нэгний өмчлөлд шилжих боломжтой.

Нэхэмжлэгчээс эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан гэж байгаа бол зөрчил гэж үзээд цагдаагийн байгууллагаар нь шалгуулах ёстой. Зөвхөн хөрөнгийн үнэлгээгээр тогтоохгүй, ямар гадны нөлөөгөөр эвдэлсэн гэдгийг нь бид нар мэдэхгүй, нотлогдохгүй байна.

 Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс: Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, Эбил эстимэйт ХХК-ийн үнэлгээний тодорхойлолт, гэрэл зураг, Г.Гын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг

Хариуцагчаас: СӨХ-ны тооцооны үлдэгдлийн баталгаа, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2023 оны 3 сарын 17, 2023 оны 4 сарын 19-ний өдрийн албан тоотууд, дуудлагын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Голомт банкнаас Б.Гын эзэмшлийн Голомт банкны дансны хуулга,  үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 12 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл төлөлтийн график, зээлийн нөхцөл өөрчлөх өргөдлийн маягт, 2016 оны 6 сарын 27-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

           

Зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

1.Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Гт холбогдуулан гэрээний үүрэгт Б хаягт байрлах 58,31 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, гэм хорын хохиролд 1,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагчаас гэрээнээс татгалзсан, хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт орон сууцны эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдан Б хаягт байрлах, 58.31 мкв 2 өрөө орон сууцыг 96,211,500 төгрөгөөр  худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, худалдах худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-8 дугаар тал/

Гэрээний дагуу орон сууцыг худалдан авагч Г.Гын эзэмшилд шилжүүлсэн бөгөөд урьдчилгаа төлбөр болох 31,300,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 27-ны өдрийн дотор хариуцагчийн дансанд банкинд төлөх зээлийн графикийн дагуу төлөхөөр тохиролсон болох нь талуудын хэн алиных нь тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ, нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, хариуцагчийн эзэмшлийн Голомт банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-8, 13-18, 36-38 дугаар тал/

Нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөр 31,300,000 төгрөг болон гэрээгээр тохиролцсоны дагуу 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр банкинд төлөх графикийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан болох нь зохигчидын хэн алиных нь тайлбар болон дансны хуулгуудаар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Зохигч талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн байдал, гэрээний агуулгаас дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

2.1 Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг “... орон сууцны оршин суугчид оруулсан айл чинь амгалан тайван байдал алдагдуулж байна гэж удаа дараа залгасан, мөн өөрийн бусдаас орон сууц худалдаж гэрээ, хэлцэл нь бүтээгүй тул гэрээнээс татгалзаж, орон сууцнаас хариуцагчийг гаргасан” гэж тайлбарлаж байна.  

Энэ тайлбар татгалзлын хүрээнд хариуцагч нь гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй эсэх, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.

Зохигчдын хэн алиных нь тайлбараар Ковид-19 цар тахлаас шалтаалан зээлдэгч нарын хүсэлтээр орон сууцны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар Монгол банк болон Монголын ипотекийн корпораци ХХК-иас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг хариуцагч Г.Г гаргасны дагуу зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулж, сунгасан байна.  

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Г.Гын Голомт банканд хуваарийн дагуу төлөх зээлийн хугацааг хойшлуулсан тул уг хойшлуулсан хугацаагаар зээлийг графикийн дагуу төлөөгүй нь талуудын хооронд байгуулсан орон  сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр Г.Г нь Голомт банканд Г.Гын төлөх зээлийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн, уг үүргийн хүрээнд зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацаанд төлбөр төлөөгүйд буруутгах үндэслэлгүй.

Мөн оршин суугчдын гаргасан гомдол мэдээлэл нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг дуусгавар болгох, гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нь дээрх шалтгаанаар гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

2.2.Хариуцагчаас үл хөдлөх  эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг зөрчсөн, мөн ипотекийн зээлтэй орон сууцыг бусдад худалдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж тодорхойлж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүдийг заасан байх бөгөөд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан  суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

  Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч Г.Г нь гэрээний дагуу шилжүүлэн авсан эд хөрөнгийн хувьд хууль ёсны эзэмшигч байх бөгөөд тухай үл хөдлөх эд хөрөнгө нь ипотекийн зээлтэй үл хөдлөх эд хөрөнгө байгаа нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

Тодруулбал, худалдагч тал нь тухайн орон сууцыг Голомт банкинд барьцаалан ипотекийн зээл авсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нөхцөл байдлыг худалдан авагч тал мэдэж байсан, талууд хэн аль нь ипотекийн зээлтэй орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байна. /хх-ийн 36-38, 43-48, 65-69 дүгээр тал/

Иймд талуудын байгуулсан гэрээ, гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн хүсэл зориг болон эзэмших эрх хууль ёсны болох зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

2.3 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид тухайн орон  сууцыг эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

3.Нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд 1,455,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Уг шаардлагыг гэм хорын хохирол буюу орон сууцнаас эд зүйл гаргахдаа эд хөрөнгөд учруулсан хохирол гэж тодорхойлж байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагчаас гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс зурагт болон хувцасны шүүгээнд учирсан гэмтлийг “Эбил эстимэйт” ХХК-иар үнэлүүлсэн байх бөгөөд 1,455,000 төгрөгийн хохирол учруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдож байна. /хх-ийн 9-10 дугаар тал/

Хариуцагчаас дээрх эд хөрөнгөд хохирол учруулаагүй гэж маргаж байх хэдий ч тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой үр дагавараас урьдчилсан сэргийлэх, нотлох үүрэг нь хариуцагчид байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байна.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй, хүч хэрэглэн гаргах, зөөвөрлөхдөө хохирол учруулахгүй байхын зэрэгцээ эд хөрөнгө нь гэмтэлтэй байсан эсэх болон өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр эд хөрөнгөд гэмтэл учруулаагүй гэдгээ нотлох, тодорхойлох үүрэг нь хариуцагчид илүү хадаглагдана гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1,455,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.   

            4. Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 1,455,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Б хаягт байрлах 58,31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

            5.Иргэдийн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа талаар шүүхэд мэдэгдсэн бөгөөд зохигчид хэн аль нь эзгүйд нь шүүх хуралдааныг явуулах хүсэл зоригийг илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн болно.

6.Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 38.231 төгрөгийг илүү төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 38,231 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Б хаягт байрлах 58,31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Гт даалгаж, хариуцагчаас 1,455,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 677,238 төгрөгийг улсын орлогод үлдээж, 38,231 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс, хариуцагч Б.Гоос 639,007 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БАЯРМАА

 

                                     ШҮҮГЧИД                                         Г.БЯМБАЖАРГАЛ

 

                                                                                               Б.ЦОЛМОНГЭРЭЛ