Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00598

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00598

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/00292 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гт холбогдох, Баянзүрх дүүргийн **-р хороо, У /13301/, У-ийн гудамж, **-р байрны 1** тоот хаягт байршилтай, 58.31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах, гэм хорын хохиролд 1,455,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Г-ртой Баянзүрх дүүргийн **-р хороо, К цогцолбор хороолол, **-р байрны 138 тоот хаягт байршилтай, 58.31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдан авахаар тохиролцсоны дагуу 2020 оны 06 сарын 10-ны өдөр 31,300,000 төгрөгийг Б.Г-ын эхнэр А.Х-ийн ХААН банк ХК дахь 5114****** тоот дансанд 2 хуваан шилжүүлж, орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч нь орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу cap бүр 495,000 төгрөгийг 2020 оны 06 сарын 28-ны өдрөөс 2021 оны 03 cap хүртэл хугацаанд нийт 4,950,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчээс гэрээний үүргийн зөрчил гаргаагүй. Зээлийг цаг тухайд нь төлж байсан, мөн даатгал болон урьдчилгаа төлбөрүүдийг төлж байсан. Гэтэл Б.Г нь 2021 оны 09 сард орох оронгүй болчихлоо чи миний байрыг чөлөөлж өг гэхэд нь Г.Г орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу буцаан өгөхөөс татгалзсан. Түүнээс хойш Б.Г байнга утас болон зурвасаар байраа авна гэж дарамтлах болсон. 2022 оны 05 сарын 31-ний өдөр Г.Г-ын дүү Г.Мөнгөнцэцэгийг гэртээ ганцаараа байхад нь Б.Г 5 хүний хамт орж хүч хэрэглэн гэрт байсан бүх тавилга, эд хогшлыг коридорт гаргаж, Г.Мөнгөнцэцэгийг хөөж гаргасан. Тавилга эд хогшлыг хүч хэрэглэн гаргах үед 2 хаалгатай хувцасны шүүгээ болон зурагт эвдэрсэн. Үүнийг нь "Э" ХХК-аар 2022 оны 06 сарын 06-ны өдөр үнэлүүлэхэд зурагт 1,125,000 төгрөг, хувцасны шүүгээ 250,000 төгрөг, нийт 1,375,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үнэлгээ хийлгэсэн үйлчилгээний төлбөрт 80,000 төгрөг төлсөн. Ковидын үед Засгийн газраас ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан Б.Г-т хүсэлт гаргаж, энэ хугацаанд банкинд зээл төлөөгүй. Харин орон сууцнаас гаргаж, эд хогшлыг гэмтээсэн үеэс бид төлбөр төлөөгүй. Хуулийн дагуу эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд төлөхөд бэлэн байна. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 сарын 09-ний өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Баянзүрх дүүргийн **-р хороо, К цогцолбор хороолол, **-р байрны 138 тоот хаягт байршилтай, 58.31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгаж, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1,455,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Г.Г ыг сайн танихгүй, танайх эднийд байраа зарчих гэсэн саналыг Г.Г-ын ээж манай хадам эмээд хэлсэн юм билээ. Ингээд бид байраа зээлээр худалдахаар тохиролцсон. Банкны урьдчилгаанд төлсөн 31,300,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан. Нэхэмжлэгч зээлийг төлөөд явж байсан. Ингээд 10 сарын сүүлээр Ковидын нөхцөл байдлаас болоод зээл төлөлтийг хойшлуулж өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн үед би Г.Г-т өөрт нь зээлээ хурдан төлөөд дуусгавал гэрчилгээ чинь хурдан гарна гэж тайлбарлаж хэлсэн. Он гараад 9-р давхрын хүн над руу чи байрандаа амьдарч байгаа юм уу, энд байгаа айл нь өдөр шөнөгүй архидаад, эхнэр хүүхдээ зодоод, би цагдаад дуудлага өгчихсөн шүү гэсэн. Тэгээд би Г.Г руу залгаад юу болоод байгаа юм бэ? гэхэд би байрыг чинь хүнд түрээсэлсэн чинь бүтэхгүй хүмүүс орсон байна, би өөрийнхөө байрыг өөрөө яах аа мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд л байраа буцааж авах нөхцөл байдал үүссэн. Би Г.Г-т өөрөө байрандаа орно, би өөрөө орох оронгүй болчихлоо, нэг хүнтэй хэлцэл хийсэн чинь тэр нь бүтэхгүй болчихлоо гэж зөндөө хэлсэн. Эд хогшил эвдсэн зүйл байхгүй, би тухайн үед өмгөөлөгч болон найзуудтайгаа очиж юмыг нь гаргаж тавьсан. Одоо би банкинд зээлээ төлж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 сарын 09-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь зээлээр худалдан авах гэрээ бол эргэн төлөх график, нотариатаар гэрчлүүлэх ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд дүр үзүүлэн хийсэн хэлцэл, эсхүл өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заасан. 2016 онд Голомт банк ХК-тай байгуулсан гэрээ байхад банкны зөвшөөрөлгүй бусадтай гэрээ байгуулсан байх тул Г.Г-ыг эзэмшигч гэж үзэхгүй, өмчлөгч нь Б.Г, барьцаалагч нь банк. Хэрэв хэн нэгэнд худалдах гэж байвал Голомт банк ХК-д мэдэгдэх ёстой гэж гэрээнд заасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, **-р хороо, К цогцолбор хороолол, **-р байр, 138 тоот хаягт байрлалтай, 58.31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Г-т даалгаж, хариуцагчаас 1,455,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677,238 төгрөгийг улсын орлогод үлдээж, 38,231 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс, хариуцагч Б.Г-оос 639,007 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.Г т олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4.1.  Нэхэмжлэгч Г.Г нь уг орон сууцанд 2020 оны 06 сараас 2022 оны 06 cap хүртэл нийт 24 cap орчим амьдарсан хугацаанд сард төлөх төлбөрийг 4-5 удаа төлсөн. Г.Г нь Б.Г-оос Г ХК-д зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтийг гаргуулсан хугацаанд гуравдагч этгээдэд байрыг түрээслэж ашиг олсон нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан зүйлээс өөр байдлаар шийдвэрт бичиж, хэргийн оролцогчийн аль нэгэнд нь давуу байдал бий болгож бодит байдлыг гуйвуулж байна.

4.2.  Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Г.Г ыг тухайн орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг хасаад 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байдаг. Хариуцагчаас нэхэмжлэгчийн харилцах дансны хуулга, түүний хамаарал бүхий этгээдүүдийн харилцах дансны хуулга зэргийг шүүхийн журмаар гаргуулж хэрэгт хавсаргуулах, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн **-р хороо, К цогцолбор хороолол, **-р байрны 138 тоотод байршилтай, 58.31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад дамжуулан түрээслэж хууль бусаар хөрөнгөжиж байсан талаарх үйл баримтыг цуглуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч анхан шатны шүүх хангаагүй.

4.3.  Зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдан авах гэрээний хэлбэртэй зохицно. Уг Баянзүрх дүүргийн *-р хороо, К цогцолбор хороолол, **-р байрны 138 тоот байршилтай, 58.31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь хариуцагч Б.Г боловч Г ХК-ийн ипотектийн зээлийн гэрээний дагуу барьцаалбарт байгаа орон сууцыг бусдад худалдах эрхгүй. Иймд анхан шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу хэрэглэж шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хууль бус байна.

4.4.  Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл ба анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй, зээлээр авагч тал үүргээ удаа дараа зөрчсөн тул хэлцлийг цуцлах, уг гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус талаар хариуцагч мэдэгдээд зохих төлбөрийг буцаан шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй үйл баримт эрх зүйн харилцааг дур мэдэн тодорхойлж, шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь нэг талыг барьсан, бусдад давуу байдал бий болгосон. Мөн дээрх нөхцөл байдлыг худалдах худалдан авах гэрээний үүргийг зөрчөөгүй гэж буруу тайлбарлаж байна.

4.5.  Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хэд хэдэн үндэслэлээр мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх бодит хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзвэл энэ талаар үндсэн барьцаалагч Голомт банк ХК-д мэдэгдэх, дараа нь харилцан тохиролцсоны дараа уг гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэх байсан. Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар хариуцагч Б.Г үндсэн өмчлөгч Голомт банк ХК-ийн өмнө шаардлагаасаа татгалзаагүй. Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасан шаардлагад нийцэхгүй, эрх зүйн харилцаа бус байна. Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Г ХК нь ипотекийн баримт бичгийг Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ-г үндэслэн нэхэмжлэгч Г.Г-т шилжүүлсэн, үүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бол дээрх гэрээ хүчин төгөлдөр байх нөхцөл бүрдэнэ. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг зайлшгүй нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай ба энэ талаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заажээ. Мөн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ-ний 3.1.8-д заасан заалт нь хүчин төгөлдөр юм. Дээрх хуулийн болон гэрээний заалтаас харахад талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд дээрх үйл баримтыг гаргаж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх авч хэлэлцээгүй шийдвэрт няцаасан баримт тусгаж бичээгүй, дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь хуулийг илт буруу хэрэглэж байна.

4.6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар Г.Г-ын нэхэмжлэлтэй хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, шүүхээс тогтоол биш шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагчаас 1,455,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 195 дугаар зүйл гээд дуусаж байна. Нэхэмжлэгч нь эд хөрөнгөө бүрэн бүтэн байсан, хариуцагч эвдсэн гэдгийг нотолж чадаагүй, шүүх бүрэлдэхүүний яг бүрэн бүтэн байсан юм уу? гэх асуултад хариулж чадаагүй. Монгол Улсын Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, мөн Зөрчлийн хуульд бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэсэн заалт байдаг бөгөөд дээрх устгасан гэмтээсэн асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоодог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, эд хөрөнгийг гэмтээсэн гэх үнэлгээг үндэслэн төлбөр гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна.

4.7.  Шүүхээс ипотекийн зээлдэгчийг хууль бусаар сольж байгаа нь барьцаалагч Г ХК буюу гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа юм. Барьцаалагч буюу Г ХК нь Засгийн газраас батлагдсан Орон сууцны зээлийн болон ипотекийн журам-ын дагуу Б.Г-ыг судалж, 2016 оны 06 сарын 27-ны өдрийн ЗГ1175106809 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээ хүчин төгөлдөр байхад шүүх дээрх гэрээний зээлдэгч талыг сольж байгаа нь хууль бус бөгөөд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн. Хариуцагчийн гаргасан гомдол хуульд нийцээгүй, бодит байдлыг илт гуйвуулсан, нотлох баримтад үндэслээгүй байна.

5.1.  Хэрэгт цугларсан нотлох баримтаар гуравдагч этгээдүүдэд байрыг түрээсэлж, ашиг олж байсан болох нь тогтоогддог гэж хэлж байгаа боловч хэрэгт ийм нотлох баримт байхгүй. Бусад этгээдэд түрээслүүлсэн нь хэрэгт ач холбогдолгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэгчид 18,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн баримт хэрэгт байдаг гэж хэлдэг боловч хэрэгт тийм баримт байдаггүй. Энэ хэрэг анхан шатны шүүхэд багагүй хугацаанд байсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан.

5.2.  Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ч гэрээний төлбөрийг тодорхой хугацааны дараа бүрэн төлсний эцэст өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж харилцан тохиролцсон. Үүнийг хариуцагч мэдэж байгаа, хариуцагч гэрээний төслийг нэхэмжлэгчид санал болгосон. Тухайн үед нотариатаар оръё гэсэн боловч би эрх зүйч мэргэжилтэй, нотариат орох шаардлагагүй гэрээ, гарын үсгээ зураад төлбөрөө төлчих гэж хэлсэн учраас энэ гэрээ байгуулагдсан. Гэтэл өнөөдөр энэ бүхнийг үгүйсгэж нотариатаар батлуулах ёстой байсан, гэрээ хүчин төгөлдөр бус гэж ярьж байна.

5.3.  Хариуцагч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаад худалдахаа болилоо, та нар байраа чөлөөлж өг гэж шаардсан. Байрыг чөлөөлөхдөө хууль бусаар хүч хэрэглэж чөлөөлсөн, бид энэ асуудлыг хөндсөн, татгалзалд яригдсан асуудал. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл, нотариат ороогүй, ипотекийн гэрээг бид мэдэхгүй гэж удаа дараа хэлдэг. Хэрэгт цугларсан баримтаар тухайн хөрөнгийн өмчлөгч нь Б.Г бөгөөд Г банк ХК биш. Хариуцагчийн өмгөөлөгч нь Г ХК-ийг үндсэн өмчлөгч гэж ярьж байна, үндсэн өмчлөгч гэдэг ойлголт байдаггүй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд улсын бүртгэлийн гэрчилгээгээр хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч. Өмчлөгч нь эрхийнхээ дагуу захиран зарцуулсан. Төлбөрийг нь ипотекийн зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлье гэдэг асуудал яригдсан. Хариуцагч өөрөө ипотекийн зээлийн гэрээний төлөлтийг хойшлуулсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас 1 сарын өмнө хариуцагч Г ХК-д ипотекийн зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан нь хэргийн материалд байгаа. 2020 оны 06 сард гэрээ байгуулагдсан, 11 сард хугацаа хойшлуулах хүсэлт гаргасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч төлбөр төлөөд явж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

5.4.  Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх шийдвэр гаргачихлаа, тогтоол гаргах байсан гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн бол шийдвэр гаргана гэж заасан, тогтоол гаргах ойлголт байдаггүй. Иймээс хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн гэж бичих гэж байгаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж буруу бичсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

5.5.  Гэм хорын нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд талуудын тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар шаардлага, үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөх хангалттай хугацаа өнгөрсөн. Хариуцагч тал энэ асуудлыг ярьж байгаагүй, хариу тайлбарт ч дурдаж байгаагүй, зөвхөн хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд ярьсан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаа анхнаасаа зөв тодорхойлоод ойлгоод мэтгэлцсэн бол шүүх нотлох баримтаа гаргаж өгөх боломжийг хангалттай олгосон. Нэгэнт нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

5.6.  Шүүх ипотекийн зээлдэгчийг сольсон асуудал байхгүй, ийм шийдвэр гаргаагүй. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үндэслээд шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх бодит байдлыг илт гуйвуулж гомдол гарган мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Г-т холбогдуулан Баянзүрх дүүргийн **-р хороо, У /13301/, У-ийн гудамж, **-р байрны 138 тоот хаягт байршилтай, 58.31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах, гэм хорын хохиролд 1,455,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 27-28/

3.   Талууд 2020 оны 06 сарын 09-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Г нь Баянзүрх дүүргийн **-р хороо, У /13301/, У-ийн гудамж, **-р байрны 138 тоот хаягт байршилтай, 58.31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 96,211,500 төгрөгөөр худалдах, Г.Г нь орон сууцны үнийг тохирсон хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлсний дараа Б.Г нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр шилжүүлж өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 6-8/

4.   Нэхэмжлэгч Г.Г нь дээрх гэрээний дагуу 2020 оны 06 сарын 10-ны өдөр 31,300,000 төгрөг, мөн 2020 оны 06 сарын 28-ны өдрөөс 2021 оны 04 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4,950,000 төгрөг, нийт 36,250,000 төгрөгийг Б.Г-т төлж, орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад авсан, улмаар Б.Г нь 2022 оны 05 сарын 31-ний өдөр Г.Г-ын эзэмшлээс орон сууцыг буцаан авсан, ингэхдээ 55 инчийн ТВ, хувцасны шкаф зэрэг эд хөрөнгийг эвдэж, нэхэмжлэгчид 1,455,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 9-12, 13-18, 36-38, 83-84, 117-118/

5.   Маргаан бүхий орон сууц нь хариуцагч Б.Г-ын өмчлөлд 2016 оны 06 сарын 23-ны өдрөөс бүртгэлтэй бөгөөд уг орон сууцны үнийг Голомт банктай байгуулсан 2016 оны 06 сарын 27-ны өдрийн ЗГ1175106809 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу 67,300,000 төгрөгийг жилийн 8%-ийн хүүтэйгээр 360 сарын хугацаатай зээлдэн авч төлсөн байна. /хх 43, 67-73/

6.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, хариуцагч Б.Г-оос гэм хорын хохирол 1,455,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч талуудын хооронд 2020 оны 06 сарын 09-ний өдөр байгуулагдсан Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгч Г.Г-ын гаргасан орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

7.   Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд... гэж, 245 дугаар зүйлийн 245.2-т ...үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хуулиар тавигдсан байна.

Талууд 2020 оны 06 сарын 09-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

8. Түүнчлэн, талууд 2020 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2-т Худалдан авагч нь гэрээний 1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсний дараа худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг худалдан авагчийн нэр дээр бүртгүүлж, түүний нэр дээр гэрчилгээг гаргуулна гэж, 2.2-т Орон сууцны байшингийн худалдах нийт үнэ нь 96,211,500 төгрөг байна гэж тус тус тусгасан байх боловч уг тохиролцоо нь биелэгдэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, өмнө дурдсан Голомт банкнаас хариуцагч Б.Г-ын авсан ипотекийн зээлийн гэрээний хугацаа 2047 оны 09 сарын 27-ны өдөр дуусч байх ба зээлдэгч нь ипотекийн зээлийг 160,022,554 төгрөг болгон төлөхөөр байна. /хх 45-48/

Мөн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн ЗГ1175106809 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний 3.1.8-д Зээлдэгч болон барьцаалуулагч нь барьцааны зүйлийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх хэлцэл хийхдээ урьдчилан Банкнаас зөвшөөрөл авах үүрэгтэй бөгөөд өмчлөх эрхээ шилжүүлэхээс бусад тохиолдол буюу барьцааны зүйлийн талаар гуравдагч этгээдтэй аливаа хэлцэл байгуулах тохиолдолд энэ талаар Банкинд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

9.   Талуудын байгуулсан 2020 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Г нь маргаан бүхий орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад буцаан авах эрхтэй, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг бусдаас шаардах эрхгүй.

Хариуцагч Б.Г нь маргаан бүхий орон сууцыг 2022 оны 05 сарын 31-ний өдөр өөрийн эзэмшилд буцаан авсан үйл баримт тогтоогдсон тул 2020 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Б.Г-ын хүлээн авсан нийт 36,250,000 төгрөгийг түүнээс гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т буцаан олгох нь зүйтэй.

10.   Нэхэмжлэгч Г.Г-т холбогдуулан гэм хорын хохирол шаардсан, анхан шатны шүүх уг шаардлагын хангаж шийдвэрлэсэн атлаа холбогдох хуулийн зохицуулалтыг удирдлага болгоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

11.   Хуулийн оноосон нэрийг буруу ташаа бичсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлээд шийдвэр гаргах тул ...бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлээд тогтоол гаргаагүй... гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг мөн адил хангахгүй.

12.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/00292 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Г-оос гэм хорын хохиролд 1,455,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянзүрх дүүргийн **-р хороо, У /13301/, У-ийн гудамж, **-р байрны 138 тоот хаягт байршилтай, 58.31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Г-оос орон сууцны төлбөрт шилжүүлэн авсан 36,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т буцаан олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 677,238 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 38,231 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Г-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 39,000 төгрөг, нийт 109,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР