Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2019/00027

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00254 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 05 дугаар багт байршилтай “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхын нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг “Бай-Өлке” үйлчилгээний төвийн 3х7 метрийн хэмжээтэй зууны байрыг албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: “Манай компани эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт /хуучин соёлын төв/ 2900 м.кв газар эзэмшдэг. 2017 оны хавраас эхэлж зочид буудал, үйлчилгээний зориулалттай 9 давхар барилгыг уг эзэмшил газарт холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон ажил эхлэх зөвшөөрлийн дагуу барьж байна. Гэвч барилга барих ажил эхлэхээс өмнө бидний эзэмшил газарт ямар ч зураг төсөвгүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүй, зөвшөөрөлгүйгээр “Бай-Өлке” үйлчилгээний төвийн эзэн А.М нь 3 х 7 метрийн хэмжээтэй зуухын байрыг... дур мэдэн өргөтгөж барьсан. Манай компанийн зүгээс хариуцагчид зуухны байрыг сайн дураар буулгаж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл өгч ирсэн. Тухайлбал, манай барилга баригдахаар төлөвлөгдсөн ухаж бэлтгэгдсэн газарт өөрчлөлт орж, тухайн газрыг буцаагаад булсан зэрэг төлөвлөгдөөгүй ажлууд хийгдэж илүү зардал гаргаж багагүй хэмжээний материаллаг хохирол амссан. Нөгөө талаас ингэснээр цаг хугацаа алдаж чирэгдэл боллоо. Иймд “Б” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 031304202 дугаар бүхий 2900 м.кв талбайтай хууль ёсны эзэмшил газарт барьсан хариуцагч “Бай-Өлке” үйлчилгээний төвийн зуухны байрыг  албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Надад холбогдуулан гаргасан “Б” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй.

1.Миний бие “Б” ХХК-ны эзэмшлийн газарт эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр зуухны байр барьсан гэдэг нь үндэслэлгүй. Би нэхэмжлэгч Х.Ж нь амаар зөвшөөрсний үндсэн дээр 2013 онд уг байрыг барьсан.Энэ зуухны байрыг барихад надаас нийт 7600000 төгрөгийн зардал гарсан. Бид амаар тохиролцсоны үндсэн дээр үйлдэл хийгдсэн тул энэ хэлцэл хүчинтэй. Хэрэв миний тэдний эзэмшлийнх нь газар дээрх зуухны байр барих хүсэлтийг нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй, хүлээн авахгүй байсан бол тухайн үед тэд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байсан. Гэвч тэд энэ талаар ямар нэгэн асуудал хөндөж байгаагүйгээс үзэхэд тэд миний хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан нь нотлогдож байна.

2. “Б” ХХК-ны зүгээс надад хандаж зуухны байрыг сайн дураараа буулгаж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан гэдэг нь үндэслэлгүй. Харин ч надтай зуухны байр барьсан тухайн газрыг авсан үнээр нь аваарай гэж “Б” ХХК нь хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр миний бие 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банк дахь “Б” ХХК-ны 5805011280 тоот дансанд 4800000 төгрөг шилжүүлж байсан. Тийм ч учраас надад хандаж газар чөлөөлөх тухай албан бичиг, шаардлага ирүүлж байгаагүй. Хэргийн материалаас харахад “Анэж-Од” ХХК -нд газар чөлөөлөх тухай албан бичиг явуулж байсан ба надад хандаж газар чөлөөлөх тухай нэг ч удаа албан бичиг, шаардлага ирүүлж байгаагүй. Энэ баримтуудаар надад уг зуухны газрыг харилцан хэлэлцэн тохиролцож худалдсан гэдэг нь нотлогдож байна.

3. Харилцан хэлэлцэн тохиролцоод зуухны байр бариулаад, газрын үнийг надаас авсан атлаа одоо газар чөлөөл гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа “Б” ХХК нь миний Иргэний хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна. Тэд хэлэлцэн тохиролцсон үүргээсээ татгалзаж байгаа бол энэ хэлцлийн улмаас надад учирсан гэм хорыг бүрэн арилгах ёстой. Уг газарт зуухны байр барихад гарсан 7600000 төгрөг болон газрын үнэд шилжүүлсэн 4800000 төгрөг, уг мөнгийг банкны зээлээр авсан тул зээлийн хүүд тооцвол сарын хүүд 7600000 х 1,9%=144400,58 сараар бодоход 8375200 нийт 20775200 төгрөгийн нөхөн төлбөрийг надад өгсөн тохиолдолд миний бие тэдний шаардлагыг хүлээн авах болно. Зуухны байрыг барьсан гэх газар нь бохирын цооногтой газар тул үзлэг хийж өгнө үү.

4. Миний бие уг үйлчилгээний байр барьсан газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 357 тоот шийдвэрээр авсан. Харин “Б” ХХК нь уг газрыг 2013 онд авсан байгаа. Газар эзэмших, ус хангамж, хот суурин ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “цэвэр шугамын гол тэнхлэгээс 2 тийш 5 метр, бохир усны гол тэнхлэгээс 2 тийш 6 метр байх хамгаалалттай байна” гэсэн заалтыг зөрчиж цэвэр, бохир шугамтай газрыг хууль бусаар “Б” ХХК-нд газар буруу нэмж олгосон. “Б” ХХК нь надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй бол миний бие газар буруу олгогдсон энэ асуудлын талаар холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах болно.

5. Мөн “Б” ХХК-ийн эзэмшлийн газартай хөрш залгаа миний өмчлөлийн “Бай-Өлке” үйлчилгээний төв байгаа бөгөөд Иргэний хуульд зааснаар хөршүүд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй. Гэтэл “Б” ХХК нь тэдний эзэмшлийн газраар дамжин орж өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн аюулгүй байдлын талаарх миний эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж байна.” гэжээ.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-ийг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ний эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2900 м.кв талбайтай газрыг А.М-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Бай-Өлке үйлчилгээний төвийн хойд талд баригдсан 2.6м х 6.7м харьцаатай, 17.42 м.кв талбайтай зуухны байрыг албадан буулгахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “1."Б” ХХК-ийн зүгээс А.М-д зуухны байрыг барихыг зөвшөөрсөн тухайд: Маргаан бүхий газарт зуухны барилгыг дураараа барьсан асуудал байхгүй, тухайн үед зуухны байр барихаар болоход Д.М гишүүн зөвшөөрсөн, дараа нь “Б” ХХК-ийн захирал Х.Ж утсаар ярьж, нэмж өөр барилга байгууламж барихгүй байхыг сануулсан. Н.Жу гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...би Д.М-д худалдсан газраа үзүүлж явж байх үед А.М-тэй таарсан, тухайн үед зуухны барилгын 1 давхрын хэсэг баригдсан байсан, энэ үед А.М болон Д.М нар уулзаж, хоорондоо ярилцаж байсан нь үнэн, тухайн үед Д.М-аас манай газарт яагаад барилга барьсан гэх талаар ямар нэгэн маргаан гаргаагүй...” гэж мэдүүлсэн нь Д.М зөвшөөрч байсныг харуулна. Харин Д.М-аас даалгавар гүйцэтгүүлж гэрчийн мэдүүлэг авах гэсэн боловч гэрчийн мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзаж, Баян-Өлгий аймагт ирсэн атлаа шүүхэд ирээгүй үйлдэл нь А.М-д зуухны барилгыг барихыг тухайн үед зөвшөөрч байсныг нотлох юм. А.М-ийг 2014 онд зуухны барилгыг, мөн оны 8 дугаар сард барьж дуусгасныг мэдсэн байх ба “Бай-Өлке” үйлчилгээний төвийн хойд талд баригдсан байрыг албадан буулгах нэхэмжлэл гаргаж байгаагүй, зөвхөн “Анэж-Од” үйлчилгээний төвд холбогдуулж нэхэмжлэл гаргаж байсан гэдгээрээ, түүнчлэн хууль бусаар баригдсан байрыг албадан буулгах шаардлагуудыг зөвхөн “Анэж-Од” үйлчилгээний төвд холбон гаргаж байсан тул А.М-тэй харилцан тохиролцсон, зөвшөөрсөн болох нь хангалттай нотлогдсоныг шүүх анхаараагүй.

 

2. Газрын тухай хуульд зааснаар арга хэмжээ аваагүй тухайд: Шүүхээс эрх бүхий этгээдийн эрх хэмжээнд шууд хөндлөнгөөс оролцож шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн. Учир нь, газар чөлөөлөхтэй холбоотой асуудал салбар хуульд тусгайлан зохицуулагдсан байх бөгөөд эхлээд мэдэгдэл хүргүүлэх, дараа нь тодорхой хугацаа тогтоосны үндсэн дээр биелүүлээгүй бол албадан нүүлгэх аргах хэмжээ авах, албадан нүүлгэх арга хэмжээг биелүүлээгүй нөхцөлд торгох, цагдаагийн байгууллагын тусламжтайгаар аймгийн Засаг даргын шийдвэрийг албадан биелүүлэх зэрэг хуулийн зохицуулалт харагдаж байна. Харин дээрх хуулийн арга хэмжээ эс биелэгдвэл шүүхэд хандах боломжтой байтал шүүхээс албадан буулгаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

 

3. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Иргэний хуулийн эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхтэй холбоотой заалтууд нь хэн нэгэн этгээд бусдын эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байхыг шаардах ба А.М-ээс зуухны барилгыг 2014 онд барьж, 2018 он хүртэл 4 жилийн хугацаанд ашиглах явцдаа ямар нэгэн хэлбэрээр саад учруулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иймд, нэхэмжлэгч талаас хариуцагчийн буруутай үйлдэл, саад учруулж байгаа нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй, тогтоогдоогүйгээс гадна ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 

4. Хөршийн эрхийн талаар: Нэхэмжлэгч талаас хариуцагч бусдын газарт хууль бусаар барилга байгууламж барьснаар ямар хохирол учрах, зуухны байрыг барьснаар нэхэмжлэгч талын барьж буй барилга байгууламж нурж унах аюул тулгарч байгаа эсэх, тэдний барилгын доор эсхүл дээр нь баригдсан эсэхийг тодорхойлж чадаагүй буюу хариуцагчийн татгалзлыг няцаагаагүй бөгөөд дээрх нөхцөл байдал бодит байдалд хэрхэн бий болсныг нотолж чадаагүй. Хөршийн зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан гэж үзвэл эсхүл хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй шаардлага хүргүүлэх ба нэхэмжлэгч талаас “Бай-Өлке” үйлчилгээний төв зуухны барилга хууль бусаар баригдсаныг 2014 онд мэдсэн. Нөгөөтээгүүр, “Бай-Өлке” үйлчилгээний төвийн эзэнд ямар ч шаардлага хүргүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Нэгэнт барилгыг 2014 онд барьсныг, тухайн үед хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй ухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй гэдгийг хангалттай нотолсон тул 137.2-т зааснаар хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Түүнчлэн, хариуцагч талаас мөн хил зөрчиж барилга байгууламж барьсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг анхаарах ёстой. Тиймээс хөршийн эрх зөрчсөн тал нь хөршид жил бүр мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр төлөх үүргийг хүлээлгэсэн шийдвэр гаргахад татгалзах зүйлгүй болохыг мөн дурдаж байна. Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Хөршийн эрхийн тухай хуулийн зохицуулалт нь энэ хэрэгт хамааралгүй гэж тогтоох хэсгийг уншсаны дараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан хэдий ч анхан шатны шүүх энэ талаар шийдвэртээ тусгаагүй, огт дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 134, 135-т заасныг уг хэргийг шийдвэрлэхэд хэрэглээгүй нь буруу. Иймд, анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрийн үндэслэл буюу барилгыг албадан буулгах ямар хуулийн заалтыг баримталсан нь тодорхой бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч А.М-д холбогдуулан “өөрийн хууль ёсны эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төв, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2900 м.кв талбайтай газрын 2,6м х 6,7метрийн харьцаатай, 17.42 м.кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр” нэхэмжлэл гаргаж,  хариуцагч эс зөвшөөрч “Б” ХХК-ийн эзэмшлийн газарт эзэмшигчийн зөвшөөрлөөр зуухны барилгыг барьсан. Тус газрын үнийг надаас авсан байж одоо газар чөлөөлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүх хэрэглэвэл зохих хуулийг  хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримталсан нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч нь тухайн газрын өмчлөгч бус хууль ёсны эзэмшигч бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө чөлөөлүүлэхийг шаардсан байхад шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө нь түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж буй нөхцөлд уг саадыг арилгуулахаар шаардах эрхийг зохицуулжээ. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшил газрын дийлэнх хэсэг нь түүний эзэмшилд байгаа боловч албадан чөлөөлүүлэхийг хүссэн 17.42 м.кв талбайтай газарт хариуцагч А.М нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зуухны барилга барьчихсан байх тул нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүсэж буй газрыг түүний эзэмшил, мэдэлд байна гэж үзэх үндэсгүй. Тиймээс анхан шатны шүүх маргааны үйл баримтад хуулийн уг заалтыг хэрэглэсэн нь оновчгүй болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хариуцагч А.М нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшлийн газарт эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зуухны барилга барьсан байх тул түүнийг шударга бус эзэмшигч гэж үзэх ба Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-т зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээд “Б” ХХК-д эд хөрөнгийг нь буцааж өгөх үүрэгтэй.

 

            Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түүний эзэмшил газарт барилга барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хөршийн эрхтэй холбоотой Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Газрын тухай хуульд зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлээгүй” талаар гаргасан давж заалдах гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00254 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-ийг” гэснийг “Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-ийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ