Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2019/00254

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Өлгий сумын  дугаар багт байршилтай, регистрийн дугаар, Б ХХК (гүйцэтгэх захирал Х.Ж, утас)-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Өлгий сумын 0-р багт оршин суудаг, Өлгий сумын 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б үйлчилгээний төвийн эзэн, утас, РД: 0 И овогт А-н Мэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч А.М, хариуцагчийн өмгөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б ХХК-ны Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг Б үйлчилгээний төвийн 3х7 м.кв-ийн хэмжээтэй зуухны байрыг албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг даалгаж өгөхийг шаарджээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт /хуучин соёлын төв/ 2900 м.кв газар эзэмшдэг. 2017 оны хавраас эхэлж зочид буудал, үйлчилгээний зориулалттай 9 давхар барилгыг уг эзэмшил газарт холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон ажил эхлэх зөвшөөрлийн дагуу барьж байна. Гэвч барилга барих ажил эхлэхээс өмнө бидний эзэмшил газарт ямар ч зураг төсөвгүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүй, зөвшөөрөлгүйгээр Б үйлчилгээний төвийн эзэн А.М нь 3х7 метрийн хэмжээтэй зуухны байрыг... дур мэдэн өргөтгөж барьсан. Манай компанийн зүгээс хариуцагчид эдгээр зуухны байрыг сайн дураар буулгаж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл өгч ирсэн. Тухайлбал, манай барилга баригдахаар төлөвлөгдсөн ухаж бэлтгэгдсэн газарт өөрчлөлт орж, тухайн буцаагаад булсан зэрэг төлөвлөгдөөгүй ажлууд хийгдэж илүү зардал гаргаж багагүй хэмжээний материаллаг хохирол амссан. Нөгөө талаас ингэснээр цаг хугацаа алдаж чирэгдэл боллоо. Иймд Б ХХК-ийн Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 031304202 дугаар бүхий 2900 м.кв талбайтай хууль ёсны эзэмшил газарт барьсан хариуцагч Б үйлчилгээний төвийн зуухын байрыг ... албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б үйлчилгээний төвийн эзэн миний бие нэхэмжлэгч Б ХХК-ны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Миний бие Б ХХК-ны эзэмшлийн газарт эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр зуухны байр барьсан гэдэг нь үндэслэлгүй байна. Би нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зуухны байрыг барих үед нэхэмжлэгч Х.Ж нь амаар зөвшөөрсний үндсэн дээр 2013 онд уг байрыг барьсан юм. Хэрэв тухайн үед зөвшөөрөөгүй байсан бол би уг зуухны байрыг барихгүй байх байсан. Энэ зуухны байрыг барихад надаас нийт 7600000 төгрөгийн зардал гарсан байгаа. Хэдийгээр бид бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй ч тэдний эзэмшлийн газар дээр зуухны байр барих миний хүсэлтийг тухайн үед нэхэмжлэгч тал хүлээн авч зөвшөөрсөн тул бидний дунд хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Иймд бидний амаар тохиролцсоны үндсэн дээр үйлдэл хийгдсэн тул энэ хэлцэл хүчинтэй юм. Хэрэв миний тэдний эзэмшлийнхэн газар дээрх зуухны байр барих хүсэлтийг нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй, хүлээн авахгүй байсан бол тухайн үед тэд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байсан. Гэвч тэд энэ талаар ямар нэгэн асуудал хөндөж байгаа бөгөөд эндээс үзэхэд тэд миний хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэдэг ч нотлогдож байна.

2.Б ХХК-ний зүгээс надад хандаж зуухны байрыг сайн дураараа буулгаж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан гэдэг нь мөн үндэслэлгүй юм. Харин ч надтай зуухны байр барьсан тухайн газрыг авсан үнээр аваарай гэж Б ХХК нь хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр миний бие 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банк дахь Б ХХК-ны 5805011280 тоот дансанд 4800000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тийм ч учраас надад хандаж газар чөлөөлөх тухай албан бичиг, шаардлага ирүүлж байгаагүй. Хэргийн материалаас харахад А ХХК-нд газар чөлөөлөх тухай албан бичиг явуулж байсан ба надад хандаж газар чөлөөлөх тухай нэг ч удаа албан бичиг, шаардлага ирүүлж байгаагүй. Энэ баримтуудаар надад уг зуухны газрыг харилцан хэлэлцэн тохиролцож худалдсан гэдэг нь нотлогдож байна.

3.Харилцан хэлэлцэн тохиролцоод зуухны байр бариулаад, газрын үнийг надаас авсан хэрнээ одоо газар чөлөөл гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа Б ХХК нь миний Иргэний хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна. Тэд хэлцлээр тохиролцсон үүргээсээ татгалзаж байгаа бол энэ хэлцлийн улмаас надад учирсан гэм хорыг бүрэн арилгах ёстой. Уг газарт зуухны байр барихад гарсан 7600000 төгрөг болон газрын үнэд шилжүүлсэн 4800000 төгрөг, уг мөнгийг банкны зээлээр авсан тул зээлийн хүүд тооцвол сарын хүүд 7600000 х 1,9%=144400,58 сараар бодоход 8375200 нийт 20775200 төгрөгийн нөхөн төлбөрийг надад өгсөн тохиолдолд миний бие тэдний шаардлагыг хүлээн авах болно. Зуухны байрыг барьсан гэх газар нь бохирын цооногтой газар тул үзлэг хийж өгнө үү.

4.Миний бие уг үйлчилгээний байр барьсан газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 357 тоот шийдвэрээр авсан. Харин Б ХХК нь уг газрыг 2013 онд авсан байгаа. Газар эзэмших, ус хангаж, хот суурин ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу цэвэр шугамын гол тэнхлэгээс 2 тийш нь 5 метр, бохир усны гол тэнхлэгээс 2 тийш нь 6 метр байх хамгаалалттай байна гэсэн заалтыг зөрчиж цэвэр, бохир шугамтай газрыг хууль бусаар Б ХХК-нд газар буруу нэмж олгосон байна гэдгийг хэлье. Б ХХК нь надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй бол миний бие газар буруу олгогдсон энэ асуудлын талаар холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах болно

5.Мөн Б ХХК нь эзэмшлийн газартай хөрш залгаа миний өмчлөлийн Б үйлчилгээний төв байгаа юм. Иргэний хуульд зааснаар хөршүүд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй. Гэтэл Б ХХК нь тэдний эзэмшлийн газраар дамжин орж өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн аюулгүй байдлын талаарх миний эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б ХХК тус шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б үйлчилгээний төвийн 3х7 метрийн хэмжээтэй зуухны байрыг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь Б ХХК нь Б аймгийн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшдэг. Энэхүү эзэмшдэг газарт одоогоор барилга барьж байгаа. Уг эзэмшдэг газрын нэг хэсэгт Б үйлчилгээний төвийн эзэн нь Б ХХК-ны удирдлагын зөвшөөрөлгүйгээр газраа сунгаж зуухны зориулалттай байр барьсан байдаг. Үүнийг албадан буулгах, газар чөлөөлөхийг даалгах тухай үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч маргаан бүхий газар Б ХХК-ны газар мөн гэхдээ тухайн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу энэхүү объектыг барьсан гэж байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Б ХХК Ж, М, С нарын үүсгэн байгуулсан компани. Эдгээр үүсгэн байгуулагч нартай энэ асуудлаар хэд хэдэн удаа уулзаж, хариуцагчийн тайлбарыг танилцуулж байсан. Бид нар анхнаасаа зөвшөөрөл олгоогүй, хариуцагч нэг ч удаа ирж зөвшөөрөл өгөх талаар асуугаагүй гэсэн. Хэргийн 44 дүгээр хуудаст хариуцагч байгууллагын төлөөлөгч тухайн үед Б ХХК-д хандаж өргөдөл гаргасан. Энэ өргөдөлд юу гэсэн бэ? гэхээр Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай Б зоогийн газрын явган замын хэмжээ нь 32 м.кв, уурын зуухны хэмжээ нь 18 м.кв бүгд 50 м.кв газрыг надад 7500000 төгрөгөөр худалдаж авъя гэж өргөдөл оруулсан байдаг. Б компани зүгээс энэхүү өргөдлийг судалж үзээд, 18 м.кв бүхий газрын 1 метрийг 150000 төгрөгөөр үнэлж нийт 4800000 төгрөгөөр зарахаар шийдвэрлэсэн. Харин маргаан бүхий газрыг зарахгүй, чөлөөлж өг гэсэн хүсэлтийг хариуцагчид удаа дараа амаар мэдэгдсэн. Бичгээр албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Сүүлд барилгын ажилд саад учирч эхлэхээр шүүхэд хандсан. Тус хэрэгт холбогдуулан хариуцагчийн хүсэлтийн дагуу үүсгэн байгуулагч Саас гэрчийн мэдүүлэг авсан. Харин Жын хувьд өөрийнхөө тайлбарыг надаар дамжуулан мөн өөрийн тайлбараа бичгээр өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Мын хувьд энэ газарт барилга барихад нь зөвшөөрөл өгсөн гэдгийг нотлох ямар нэгэн баримт авагдаагүй хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг газар Б ХХК-ний эзэмшлийн газар гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тухайн үед өөрсдөө зөвшөөрч зуухны зориулалттай байрыг бариулж байсан. Уурын зуухны хаалгыг зүүн талаасаа гаргаж ав таны эзэмшилд өгнө гэж бариулсан. Анх М гишүүн менежментийн хувьчлалаар авах үед надтай уулзаж тэр үед өөрөө зөвшөөрөл өгсний дараа барьсан. Би дур мэдэн бариагүй. Тухайн үед Б ХХК-ний нэг гишүүн Сын компанид нягтлан хийж байсан үед энэ газрыг чамд өгнө. Чи уурын зуух барьж ав. Чамд 2700000 төгрөгөөр авч өгнө. Авсан үнэ 2700000 төгрөг гарч байгаа гэж хэлдэг байсан. Одоохондоо баруун талын 32 м.кв газрыг 4800000 төгрөгөөр ав гэж, 2700000 төгрөгийг Голомт банкны дансанд хийсэн. Би 4800000 төгрөгийг бүгдийн хийх үү? гэхэд, Үгүй, би чамд 2700000 төгрөгөөр авч өгнө гэсэн. Тэр үед А ХК-ний эзэн Нансалмааг хариуцагчаар татаж байсан. Надад нэг ч удаа хүсэлт гаргаж, барьсан уурын зуухыг буулгах тухай шаардлага тавьж байгаагүй. 2017 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргасныг гайхаж байгаа. Ж гэрчээр асуугдсан. М гишүүнд гэрчээр асуугдах хүсэлт тавьсан боловч би гэрчээр асуугдах хүн биш гэж урьд нь өөрийн өгсөн тайлбараас буцаж, гэрчээр асуугдахгүй. Би бүх хөрөнгөө хүү Тилеубердэд өгсөн. Би муу сайн ч гэсэн УИХ гишүүн хүн гэж намайг утсаар загнасан. Би тэнд уурын зуух барьж 10000000 төгрөг гаруй гарсан. Одоо уг газрыг чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Өргөдөл гаргасан талаар ярьж байна. Тэр үед С өөрөө энэ газрыг 2700000 төгрөгөөр, нөгөө газрыг 4800000 төгрөгөөр ав гэж байсан. Бид нар тэрний дагуу бичиж очиход М гишүүний хүү Тилеуберди ингэж бичээд өг гэж бичүүлсэн. Тэр өргөдөл гаргасан асуудал биш тэд өөрсдөө бичүүлж авсан. Надад нэг ч удаа барьсан уурын зуухаа буулга гэж хэлж байгаагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрвээ надад урьдчилан мэдэгдэж байсан бол өөр арга хэмжээ авах байсан. Тухайн барилгыг барьж байхад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, хүлээн зөвшөөрч бариулж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

Нэхэмжлэгч Б ХХК нь Б аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 618 дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар 031304202 дугаар бүхий 2900 м2 газрыг 7 жилийн хугацаатай Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол /хуучин соёлын төв/-д байршилтай газраас үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа нь Б аймгийн Газрын албаны даргаас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон №000303210 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ-гээр, Б аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж[1], тухайн газрын кадастрын зураг[2] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Энэхүү газрын кадастрын байршлын зураг нь Хий Нын нэр дээр үйлдэгдсэн боловч хавтаст хэрэгт авагдсан иргэн Х.Н, Б ХХК-ний хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ[3] болон Б аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 618 дугаартай захирамжаар иргэн Х.Нын 031304202 нэгж талбарын дугаартай 2900 м.кв талбайтай эзэмшил газрын эрхийн гэрчилгээг Б ХХК-д үйлчилгээний зориулалтаар 7 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна.

Урьд нь энэхүү 031304202 нэгж талбарын дугаартай 2900 м.кв талбайтай эзэмшил газрыг Х.Н эзэмшдэг болох нь Б аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж[4], 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон №0404544 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[5]-ээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч А.М нь Б аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 357 дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар 031304310 дугаар бүхий 100 м2 газрыг 15 жилийн хугацаатай Өлгий сумын 5 дугаар баг, Ө ХХК-ний зүүн талд байршилтай газраас үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа нь Б аймгийн Газрын албаны даргаас 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон кадастрын зураг[6], Б аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 357 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж[7] зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Б аймгийн Газрын албанаас 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзэхэд хариуцагч А.Мэд Б аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ө  ХХК-ийн зүүн талд үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг олгосон байх бөгөөд хариуцагч А.Мийн эзэмшиж байгаа газарт хийсэн тус шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр Б үйлчилгээний төв байрлаж байгаа газрын нийт хэмжээ нь 145.02 м.кв хэмжээтэй байх ба үүнээс зуухны бар нь 2.6м х 6.7м=17.42 м.кв болох нь тогтоогдсон байна.[8]

Хариуцагч А.Мээс Б үйлчилгээний төвийн хойд талд барьсан зуухны байр[9] нь Б ХХК-ний эзэмшлийн 2900 м.кв газарт баригдсан болохыг зөвшөөрсөн байна.

Хэзээ бичсэн нь тодорхойгүй огноогүй хариуцагч А.Мийн Б ХХК-ний удирдлагад бичгээр гаргасан хүсэлтэд Өлгий сумын 5-р багт байрлалтай Б зоогийн газрын явган замын хэмжээ нь 32м2 газар, уурын зуухны хэмжээ нь 18м2 газар бүгд 50м2х150000=7500.000 төгрөгөөр худалдан авах болсон тул тус компаний эзэмшлээс хасаж эрх шилжүүлж өгнө үү. Уг газрын төлбөр болох 7500.000 төгрөгийг дансанд шилжүүлэх болно[10] гэсэн байна.

Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкны Б салбарын орлогын баримтаар 32м2 газрын үнэ гэж 4800000 төгрөгийг А.М нь Б ХХК-нд шилжүүлсэн[11] болох нь нотлогдож байна. Харин хүсэлтэд дурдсан уурын зуухны гэх 18м2 газрын төлбөрийг төлсөн гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь энэхүү Х.Мийн хүсэлтийн дагуу үнэ төлөгдсөн газар болон үнэ төлөгдөөгүй газрын Х.Мийн эзэмшил шилжүүлээгүй болох нь А.Мийн Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээр[12] нотлогдож байна.

Мөн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Ж, Х.С нарын мэдүүлгээр[13] хариуцагч А.М нь Б ХХК-ний эзэмшил газарт Б үйлчилгээний төвийн хойд талд уурын зуухны байр барьсан гэдгийг нотолж байгаа боловч Б ХХК-ний эзэмшил газрыг хууль ёсоор эзэмшилдээ авсан эсэхийг нотолж чадаагүй болно.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-т зааснаар буюу хэлцэл хийх тухай саналд хариу ирүүлээгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэж амаар хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, газрыг бусдад шилжүүлэх, ашиглуулахаар бол газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөл шаардлагатай тул Б ХХК нь газрыг А.Мийн эзэмшилд амаар харилцан тохиролцож шилжүүлсэн гэж үзэх боломжгүй болно.

Иймд хариуцагч А.М нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т заасан Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэснийг тус тус зөрчиж эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн 100 м.кв газраас илүү газар эзэмшиж бусдын эзэмшил газарт 2.6м х 6.7м=17.42м.кв хэмжээтэй зуухны байрыг барьсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б ХХК-ний эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2900 м.кв талбайтай газрыг А.Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Б үйлчилгээний төвийн хойд талд баригдсан 2.6м х 6.7м харьцаатай, 17.42 м.кв талбайтай зуухны байрыг албадан буулгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-ийг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ний эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2900 м.кв талбайтай газрыг А.Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Б үйлчилгээний төвийн хойд талд баригдсан 2.6м х 6.7м харьцаатай, 17.42 м.кв талбайтай зуухны байрыг албадан буулгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Мээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК

 

 

 

 

 

________________________________________

[1] Хэргийн 6 дугаар тал

[2] Хэргийн 7-8 дугаар тал

[3] Хэргийн 103 дугаар тал

[4] Хэргийн 100 дугаар тал

[5] Хэрийн 101 дугаар тал,

[6] Хэргийн 109-110 дугаар тал

[7] Хэргийн 107 дугаар тал

[8] Хэргийн 124-129 дугаар тал

[9] Хэргийн 17 дугаар талд гэрэл зурагаар харуулсан байна.

[10] Хэргийн 46, 111 дугаар тал

[11] Хэргийн 31 дугаар тал

[12] Хэргийн 105 дугаар тал

[13] Хэргийн 221-227 дугаар тал