Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 148/ШШ2024/00053

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 148/ШШ2024/00053

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг 18-18 тоотод байрлах ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбар /РД: *******/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант тосгоны төв гудамжны 1-131 тоотод оршин суух, Боржигин огвогт *******ийн ******* /РД: *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,502,920.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******, хариуцагч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь Л.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 11,650,586.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 820,525.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,308.85 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 12,502,920.52 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Ё.******* /нас барсан/, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.******* нар нь ХААН Банкны Сэлэнгэ салбарын Бугант тооцооны товоос 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/202147068575 дугаартай зээлийн гэрээ байгуулж 22,680,647.02 төгрөгийг жилийн 13.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БГХ/202147068575 дугаартай барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 11,030,060.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,469,134.34 төгрөг нийт 14,499.195 төгрөг төлсөн.

Зээлдэгч Ё.******* /нас барсан/, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.******* нар нь зээлээ хугацаандаа төлөөгүй 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийт 155 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. мөн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна.

Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэс1 ийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

2023 оны 11-р сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт: Үндсэн зээлийн төлбөр11,650,586.36 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 820,525.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 27,308.85 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 12,502,920.52 төгрөгийг гаргуулах гэжээ.

1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ё.******* хамтран үүрэг гүйцэтгэгч Л.******* нар нь ******* банкны Сэлэнгэ салбарын Бугант тооцооны товоос 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/202147068575 дугаартай зээлийн гэрээ байгуулж 22,680,647.02 төгрөгийг жилийн 13.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БГХ/202147068575 дугаартай барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн хуваарийн дагуу үндсэн төлбөрт 11,030,060.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,469,134.34 төгрөг, нийт 14,499.195 төгрөг төлсөн. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийт 155 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн төлбөр 11,650,586.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 820,525.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 27,308.85 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 12,502,920.52 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн гэв.

  2. Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн ХААН банкны нэхэмжлэлтэй ******* овогтой ******* надад холбогдуулан 12.502.920.52 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжэлийн хувийг гардан авч хариу тайлбар гаргаж байна.

Хариуцагчаар татагдсан миний бие нь одоо 74 настай талийгаач хүү ******* овогтой ******* түүний хүү Б. /одоо 13 настай/ хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Миний хүү ******* нь Болдтөмөр Ерөө гол ХХК-д хүнд механизмийн операторчины албан тушаалд ажилладаг байсан. 2022 оны 11 сарын 16-ны өдөр өвчний учраас таалал төгссөн. Миний хүү амьд сэрүүн ажил төрөл эрхэлдэг байхдаа цалингийн зээлийг Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны тооцооны төвөөс цалингаа барьцаалан зээл авсан нь үнэн. Намайг тухайн үед хамт амьдардаг тэтгэвэрийн орлоготой та хүүгийнхээ хамтран зээлдэгч болох хэрэгтэй гэж хэлсний дагуу намайг банкны мэргэжилтэн дуудаж гарын үсэг зуруулсан. Тухайн үед хэдэн төгрөгийн зээл авсныг мэдэхгүй байна. Ажил төрөл эрхлэдэг байсан болохоор цалинаас нь суутгадаг байсан гэсэн. Ингээд миний хүүг нас барсаны дараагаар Бугантын ХААНбанкны теллер Оюунэрдэнэ над дээр ирсэн та хүүгийнхээ зээлийн төлбөрийг төл гэж хэлсэн. Тэгээд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд яахав гэж бодоод хэл ам хийгээгүй. 2022 оны 12 сараас эхлэн 2023 оны 06 сарыг дуустал сар бүр 1.088.200 төлдөг байсан. Цаашид би төлөх чадал тэнхээ алга даа эмээ нь тэтгэвэрийн зээлтэй, хүүгээ нас барах үед тэтгэвэрийн зээл авч хөдөөлүүлэх ажилд нь зарцуулсан. Гар дээр тэтгэврийн зөрүү гэж 210.000 төгрөг ирдэг түүгээрээ эм тариа, тог, мод, түлээний мөнгө, хоол унд зэрэг ойр зуурын хэрэгцээндээ хэрэглээд хүрэхтэй үгүй байна. Эмээ нь хоол ундгүй турж үхэлтэйн нь биш гэж Оюунэрдэнэд хэлсэн. Өнөөдөр намайг шүүх дуудсан ирж уулзахад ХААНБанк надаас 12.502.920.52 төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна гэдгийг мэдлээ. Миний хувьд ийм их мөнгийг төлөх чадал тэнхээ үнэндээ байхгүй. банкинд эрсдэлийн сан гэж байдаг гэсэн тэр асуудлаараа шийдэж болохгүй юм уу. Ер нь хүний хариуцлагыг амьд үлдсэн нэг нь төлөх үндэслэл байна уу. Би өөрөөсөө гадна ач хүү Гал-Эрдэнийн хамт амьдардаг 8-р ангид суралцдаг. Хүүгээ 12-р анги төгсгөөд хорвоог орхих юмсан гэж бодох юм. Тэгээд банк хүүг минь нас барсныг мэдсээр байж зээлийн хүүг зогсоож болох л байсан шүү дээ. Би хүүгийнхээ авсан зээлийн төлөлтийг хэдэн төгрөг төлсөн. Одоо хэд үлдсэнийг мэдэхгүй байна. Тэр баримтыг нь үзмээр санагдах юм. Тиймээс үнэн зөв тооцоо гаргасан гэдэгт итгэхгүй байна. Би банкны теллер Оюунэрдэнэд чи тухайн үед яах гэж намайг ирүүлж гарын үсэг зуруулсан юм бэ, хөгширсөн хойно өр ширэнд орж, тайван ч үхэж чадахгүй юм шиг байна гэдгээ хэлсэн. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

2.2. Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач энэ зээлийг авч байх үедээ эрүүл саруул байсан учраас төлж байсан. Гэнэт бие нь ажлаа хийж байгаад бие нь муудаад эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэж байгаад энд ирээд эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирээд 20 гаран хоноод бурхан болсон. Энэ зээлийг ажил хийж байх хугацаандаа төлж байсан. Нас барсны дараа үлдсэн зээлээс нь би төлж байгаад үнэндээ төлөх тэнхэлгүй болсон гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээд ******* банк ХХК-ийн улсын бүртгэлийн 000283102 дугаар гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэлүүд, нас барсны гэрчилгээний хуулбар, хариуцагч Л.*******гийн иргэний үнэмлэхний мэдээлэл, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №ЗГ/202147068575 тоот зээлийн гэрээ, хавсралтын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №БГХ202147068575 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, зээл төлөх мэдэгдлүүд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны тодорхойлолтууд зэрэг баримтуудыг, хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, онлайн тэтгэврийн зээлийн гэрээний хулбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт байхгүй байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 11,650,586.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 820,525.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,308.85 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 12,502,920.52 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хүү Ё.*******г нас барсантул хүүг зогсоох талаар ******* банк ХХК-д хэлсэн, 2022 оны 12 сараас эхлэн 2023 оны 06 сарыг дуустал сар бүр 1.088.200 төлдөг байсан. Цаашид би төлөх чадал тэнхээ алга даа эмээ нь тэтгэвэрийн зээлтэй, хүүгээ нас барах үед тэтгэвэрийн зээл авч хөдөөлүүлэх ажилд нь зарцуулсан. Миний хувьд ийм их мөнгийг төлөх чадал тэнхээ үнэндээ байхгүй. банкинд эрсдэлийн сан гэж байдаг гэсэн тэр асуудлаараа шийдэж болохгүй юм уу. Ер нь хүний хариуцлагыг амьд үлдсэн нэг нь төлөх үндэслэл байна уу. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

3.1. ******* банк нь зээлдэгч Ё.*******тай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ/202147068575 дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4,680,647.02 төгрөг дээр 18,000,000 төгрөг нэмж, нийт 22,680,647.02 төгрөгийг жилийн 13,8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлүүлсэн, ******* банк ХХК-иас 18,000,000 төгрөгийг зээлдэгч Ё.*******гийн 5679033437 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн болох нь №ЗГ/202147068575 тоот зээлийн гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогджээ.

3.2. Уг зээлийн гэрээний 1.2.2-т зээлдэгч- энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээд гэж тодорхойлсон, Ё.******* нь зээлдэгч байна.

3.3. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой ... үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэжээ.

4. Зээлдэгч Ё.******* нь нас барснаар түүний үүрэг дуусгавар болсон байх ба хамтран үүрэг гүйцэтгэгч Л.******* болон ******* банк ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж тус тус заажээ.

4.2. Дээрхээс үзвэл зээлдүүлэгч буюу ******* банк ХХК-иас хариуцагч Л.*******гийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй, зээлийн гэрээнд зээлдэгч гэж Ё.*******г тодорхойлсон, хариуцагч Л.*******тай зээлийн гэрээ байгуулаагүй учир, тус гэрээний үүргийг Л.*******гаас шаардахгүй эрхгүй байна.

5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ., 20.8Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ. гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Л.******* нь тус зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх хамтран зээлдэгч биш, харин тус зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх хамтран үүрэг гүйцэтгэгч юм.

5.1 Өөрөөр хэлбэл хамтран үүрэг гүйцэтгэгч нь тухайн зээлийн гэрээнээс үүсэх үүргийг хүлээнэ.

5.2. Гэвч зээлийн гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үндсэн зээлдэгч нь нас барсанаар дуусгавар болсон тул хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болсон гэж шүүх дүгнэв.

6. Иймд ******* банк ХХК-ийн хариуцагч Л.*******гаас үндсэн зээлийн төлбөр 11,650,586.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 820,525.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,308.85 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 12,502,920.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. ******* банк ХХК-ийн хэрэгт нотлох баримтаар өгсөн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214996 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан ******* банк ХХК-ийн хариуцагч Л.*******гаас үндсэн зээлийн төлбөр 11,650,586.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 820,525.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,308.85 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 12,502,920.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214996 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА