Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2024/00015

 

Хаан банк ХК-ийн Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Сэлэнгэ салбар,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,502,920.52 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, О.Гантулга /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 11,650,586.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 820,525.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,308.85 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 12,502,920.52 төгрөгийг гаргуулах

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч ******* /нас барсан/, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь ХААН Банкны Сэлэнгэ салбарын Бугант тооцооны товоос 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/202147068575 дугаартай зээлийн гэрээ байгуулж 22,680,647.02 төгрөгийг жилийн 13.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 11,030,060.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,469,134.34 төгрөг нийт 14,499.195 төгрөг төлсөн.

Зээлдэгч ******* /нас барсан/, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь зээлээ хугацаандаа төлөөгүй 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийт 155 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. мөн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1. Хариуцагчаар татагдсан миний бие нь одоо 74 настай талийгаач хүү Ёндонжунай овогтой Батнаран түүний хүү ******* /одоо 13 настай/ хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Миний хүү Батнаран нь Болдтөмөр Ерөө гол ХХК-д хүнд механизмийн операторчины албан тушаалд ажилладаг байсан. 2022 оны 11 сарын 16-ны өдөр өвчний учраас таалал төгссөн. Миний хүү амьд сэрүүн ажил төрөл эрхэлдэг байхдаа цалингийн зээлийг Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны тооцооны төвөөс цалингаа барьцаалан зээл авсан нь үнэн. Намайг тухайн үед хамт амьдардаг тэтгэврийн орлоготой та хүүгийнхээ хамтран зээлдэгч болох хэрэгтэй гэж хэлсний дагуу намайг банкны мэргэжилтэн дуудаж гарын үсэг зуруулсан. Тухайн үед хэдэн төгрөгийн зээл авсныг мэдэхгүй байна. Ажил төрөл эрхлэдэг байсан болохоор цалинаас нь суутгадаг байсан гэсэн. Ингээд миний хүүг нас барсны дараагаар Бугантын ХААН банкны теллер ******* над дээр ирсэн та хүүгийнхээ зээлийн төлбөрийг төл гэж хэлсэн. Тэгээд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд яахав гэж бодоод хэл ам хийгээгүй. 2022 оны 12 сараас эхлэн 2023 оны 06 сарыг дуустал сар бүр 1.088.200 төлдөг байсан. Цаашид би төлөх чадал тэнхээ алга даа эмээ нь тэтгэврийн зээлтэй, хүүгээ нас барах үед тэтгэврийн зээл авч хөдөөлүүлэх ажилд нь зарцуулсан. Гар дээр тэтгэврийн зөрүү гэж 210.000 төгрөг ирдэг түүгээрээ эм тариа, тог, мод, түлээний мөнгө, хоол унд зэрэг ойр зуурын хэрэгцээндээ хэрэглээд хүрэхтэй үгүй байна. Эмээ нь хоол ундгүй турж үхэлтэй нь биш гэж *******д хэлсэн. Өнөөдөр намайг шүүх дуудсан ирж уулзахад ХААН Банк надаас 12.502.920.52 төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна гэдгийг мэдлээ. Миний хувьд ийм их мөнгийг төлөх чадал тэнхээ үнэндээ байхгүй. Банкинд эрсдэлийн сан гэж байдаг гэсэн тэр асуудлаараа шийдэж болохгүй юм уу. Ер нь хүний хариуцлагыг амьд үлдсэн нэг нь төлөх үндэслэл байна уу. Би өөрөөсөө гадна ач хүү Гал-Эрдэнийн хамт амьдардаг 8-р ангид суралцдаг. Хүүгээ 12-р анги төгсгөөд хорвоог орхих юмсан гэж бодох юм. Тэгээд банк хүүг минь нас барсныг мэдсээр байж зээлийн хүүг зогсоож болох л байсан шүү дээ. Би хүүгийнхээ авсан зээлийн төлөлтийг хэдэн төгрөг төлсөн. Одоо хэд үлдсэнийг мэдэхгүй байна. Тэр баримтыг нь үзмээр санагдах юм. Тиймээс үнэн зөв тооцоо гаргасан гэдэгт итгэхгүй байна. Би банкны теллер *******д чи тухайн үед яах гэж намайг ирүүлж гарын үсэг зуруулсан юм бэ, хөгширсөн хойно өр ширэнд орж, тайван ч үхэж чадахгүй юм шиг байна гэдгээ хэлсэн. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан Хаан банк ХХК-ийн хариуцагч *******гаас үндсэн зээлийн төлбөр 11,650,586.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 820,525.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,308.85 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 12,502,920.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214996 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

ХААН Банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч *******гаас 12,502,920.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХААН Банк ХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Зээлдэгч *******г /нас барсан/ ХААН Банкны Сэлэнгэ салбараас зээл авахад ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээний үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчснөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд зээлдэгч ******* нь /нас барсан/ өмнө тус банкнаас өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан ба өмнөх зээлийн үлдэгдэл 4,680,647.02 төгрөг дээр нэмж 2021 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн Зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөг нэмж зээлэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба зээлдэгч цалин орлогоо барьцаалан гэр бүлийн болон өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх өргөдөл, талуудын тайлбараар нотлогддог. Иймд ******* нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч учраас гэрээний үүргийг зөрчснөөс үүсэх хариуцлагыг бие даан хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн зээлдэгч ******* нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний дагуу ХААН Банк ХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн зүйлийн 242.2 дахь хэсэгт Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар.....үүснэ. гэж, мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийн бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй. Мөн ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2022 оны 12 сараас эхлэн 2023 оны 06 сарыг дуустал сар бүр 1,088,200 төлдөг байсан гэснээс үзэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгээ тэрээр өөрөө хүлээн зөвшөөрч төлөлт хийж байсан гэдэг нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч *******д зээл авах хэрэгцээ шаардлага байна гэдгээ илэрхийлж зээл хүсэгчийн анкетыг бөглөж өгөхдөө тэтгэврийн орлоготой болохоо илэрхийлж үндсэн зээлдэгчийн нэгэн адил бүрдүүлж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон учраас зээлийг судлуулан зээл авсан. Хэрвээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр ******* оролцоогүй тохиолдолд тухайн зээл судлагдаж, олгогдохгүй байсан. Зээлдэгч нар ирээдүйд орж ирэх цалингийн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Харин зээлдэгч нар авсан зээлээ хэн, хэрхэн ашигласан гэдэг нь чухал биш ба уг зээл нь өрхийн хэрэглээний зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, мөн хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2 дахь заалтад заасан үүрэг дуусгавар болох үндэслэл нь үүрэг гүйцэтгэгч буюу *******гийн оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсныг ойлгох ба талуудын хооронд буюу банк болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүссэн харилцаа нь мөнгөн төлбөрийн харилцаа бөгөөд *******гийн хувийн байдалтай салшгүй холбоогүй, заавал биечлэн гүйцэтгэх үүрэгт хамаарахгүй зээлсэн мөнгөө буцаан төлөх мөнгөн төлбөрийн үүрэг байна.

Өөрөөр хэлбэл, ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд цаашид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг төлөх боломжтой бөгөөд түүний зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь дуусгавар болоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүх яаж буруу шийдвэр гаргасан бэ гэвэл нэгдүгээрт зээлийн гэрээний үүрэг нас барснаар дуусах уу гэдэг дээр ярих хэрэгтэй байх. Манай нөхцөлд зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа зүйл буюу үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байгаа. Зээлдэгчийн үүрэг нь өөрөө мөнгөн төлбөрийн үүрэг буюу хувийн байдалтай нь салшгүй холбоотой биш. Өөрөөр хэлбэл тэр хүн байсан байгаагүй үүрэг нь гүйцэтгэх боломжтой буюу тэр хүний хувийн байдлаас үл хамаараад гүйцэтгэх боломжтой байсан үүрэг учраас энэ зээлийн үүрэг нь өөрөө 240.1.2-н дагуу дуусгавар болоогүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт *******г банк хамтран зээлдэгч гэж үзээгүй. Иргэний хуулийн 242.2 дугаар зүйлийн дагуу хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу гэж заасны дагуу зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж оруулж ирсэн байгаа. Мөн Банкны зээлийн дагуу банк нь өөрөө Иргэний хуулийн 242.3 дугаар зүйлийн дагуу үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг хэсэгчлэн буюу бүхэлд нь шаардаж болно гэж заасны дагуу бид нар бүхэлд нь шаардсан байгаа. Бүхэлд нь шаардах эрхээ бид нар зээлийн гэрээндээ тусгасан. Зээлдэгчийн эрх үүргийг эдэлнэ. Үүргийг бүхэлд нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжлэх боломжтой байдлаар тусгасан. Нэгдүгээрт үүрэг нь өөрөө хувийн байдалтай салшгүй холбоотой биш. Мөнгөн төлбөрийн үүрэг учраас үүрэг дуусгавар болоогүй. Хоёрдугаарт ******* нь зээлийг авч хэрэглэсэн эсэхээс үл хамаараад гэрээгээр тохиролцоод тухайн хүнийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулаад тэр хүн нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учир энэхүү зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх, зээлийн гэрээний үүрэг нь дуусгавар болсон гэх үндэслэлгүй байгаа юм. Шүүх нь өөрөө хуульд захирагдах, хуулийг үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой. Тухайн нөхцөл байдлаас харахад хэдий хүнд ч гэсэн байгуулсан гэрээ болон хуульд үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх анхан шатны нотлох баримтыг бүрдүүлэх болон хэрэг дотор авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэсэн. ... талийгаач нас барсан ч гэсэн нас барсан үед нь зээлийн гэрээг зогсоох бүрэн боломжтой байсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч гэх нэр томьёогоор ******* сар болгон 1,088,200 төгрөг төлсөн байдаг. Сүүлдээ энэ хүн төлөх чадваргүй болсон. Өнөөдөр энэ хүн 74 настай. Шүүх хуралдаанд ч оролцох чадваргүй байна. Өмнөх шүүх хуралдаанд ямар байдалтай оролцсоныг итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байсны хувьд харсан. Хоёр чих нь юм сонсохгүй. Чихэвч хийсэн ч бид нарын дуунаас давж чарлаж байсан. Амьдралын хувьд маш хэцүү болчихсон. Тэтгэврээ аваад хүүгээ оршуулсан байдаг. Тал хувийг нь зээлээ төлсөн байдаг. Ийм нөхцөл байдал үүссэн. Ингээд шүүх тал талыг харгалзан үзсэн. Нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийж энэ хүн хамтран үүрэг гүйцэтгэгч биш байна. Зээлийн гэрээний дээр нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн нэр томьёо байгаа боловч энэ хүний данс руу нь мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй байна. Энэ хүн захиран зарцуулаагүй нөхцөл байдал үүссэн байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Хаан банк ХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,030,060.66 төгрөг, зээлийн хүү 3,469,134.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,308.85 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 12,502,920.72 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зээлдэгч ******* / нас барсан /, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан, үндсэн зээлдэгч нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч *******гаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч *******гаас ...Уг зээлийг би өөрөө аваагүй, Тухайн үед хүү маань өөрөө ажилтай байсан, хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй, одоо би нас өндөр, тэтгэврийн зээл авч хүүгийнхээ буяны ажилд зарцуулсан, одоо бага насны хүүхдийн хамт байдаг тэтгэврээс 210.000 төгрөг ирдэг, түүгээр амьжиргаагаа залгуулж хүрэхтэй үгүйтэй байдаг тул зээл төлж чадахгүй... гэж маргасан байна.

Хаан банк ХК-ийн Сэлэнгэ салбар болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зээлдүүлэгч Хаан банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь зээлийн гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлдэгч *******д олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан талаар маргаангүй, харин уг гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч ******* уг мөнгийг аваагүй тул төлөхгүй гэж маргажээ.

Зээлдэгч нь 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 30 сарын хугацаатай байгуулсан байх ба үндсэн зээлдэгч ******* 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* уг хугацаанаас хойш 06 сарын хугацаанд зээлийн төлөлтийг графикийн дагуу төлж байгаад 2023 оны 07 дугаар сараас эхлэн төлж барагдуулаагүй байна.

Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй хамтран үүрэг гүйцэтгэгчийг үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой.... үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Учир нь: Үндсэн зээлдэгч ******* нь Болд төмөр Ерөө гол ХХК-д хүнд машин механизмын операторчноор ажилладаг, үүнээс үүдэлтэй ирээдүйд орж ирэх цалин хөлсийг барьцаалсан зээл олгосон бөгөөд зээлдэгчийн ээж ******* нь 70 гаруй настай өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй хүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж зээлийн гэрээний нэг тал болгон гарын үсэг зуруулсан нь хэлбэрийн шаардлага хангах төдий дүр үзүүлсэн үйлдэл бөгөөд зээлдэгч нас барснаар түүний ирээдүйд орж ирэх цалин хөлс байхгүй болж, зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж тайлбарлан шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг нь үүргийг хамтран хүлээн авсан, түүнчлэн үүргийг хамтран гүйцэтгэх боломж бүхий, хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийг буцаан шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх боломжтой байхыг ойлгоно.

Гэтэл Хаан банкны Сэлэнгэ салбар нь зээлдэгч *******д зээл олгох үед л *******гийн ирээдүйд орж ирэх цалин орлогыг барьцаалсан ба тэрээр нас барснаар үүрэг дуусгавар болсон төдийгүй, өндөр насны тэтгэвэр бүхий ******* нь *******тай тэнцүү хэмжээний цалин орлогогүй, уг үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэж чадахгүй нь үүргийг хүлээн авах үед тодорхой байсан байна.

4.Давж заалдах гомдлын талаар:

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн гэж, түүнчлэн хүүгээ нас барсны дараа 06 сар үргэлжлүүлэн зээлийг төлсөн тул үүргийг хүлээн авсан гэж үзнэ. Хамтран үүрэг гүйцэтгэгч хэн алинаас нь нэхэх эрх бидэнд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж маргаж байгаа ба зээлийн гэрээний үүргийг хүүгээ нас барснаас хойш үргэлжлүүлэн 06 сарын турш төлөлт хийснийг үүргийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь: Хариуцагч ******* нь өөрийн тэтгэврийн орлогоосоо илүүчлэн хүү *******гийн авсан байсан зээлийн гэрээний төлбөрийг буюу сард 1,088,200 төгрөгийг 06 сар төлснөө хүлээн зөвшөөрсөн, одоо үргэлжлүүлэн төлөх боломжгүй байгаагаа илэрхийлснээр тэрээр хамтран үүрэг гүйцэтгэгчийн хуулийн дагуух шаардлагыг хангахгүй байгаагийн илэрхийлэл болсон төдийгүй 06 сарын туршид зээлийг төлснийг түүний эрх ашгийн эсрэг тайлбарлах нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,996.72 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ