Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2019/00029

 

Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэртэй, Б.А-н нэхэмжлэлтэй, Б сумын Соёлын төвийн эрхлэгч, Б сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.           

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ержан, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Соёлын төвийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Манай соёлын төв өөрийн гэсэн тусгай нам даралтын зуухтай байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 01-ээс сумын төвлөрсөн халаалтад холбогдсон. Нам даралтын зуухтай үед миний бие сахиул галчийн ажлыг хамтад нь гүйцэтгэж ирсэн. Уг төвлөрсөн халаалтад холбогдсоноор сумын төв халаалтын уурын зуухыг гэрээгээр ажиллуулахаар шалгарсан "К" ХХК руу байгууллагын галч нарыг шилжүүлсэн. Миний галчийн үүрэг дуусгавар болсон ч сахиулын үүрэг хэвээр байх тул сахиулын ажлаа үргэлжлүүлэн хийхээ илэрхийлэн тус компанид галчаар ажиллахаас татгалзсанаар намайг шилжүүлсэн тушаал гараагүй. Гэвч сумын Засаг дарга С.Б болон Соёлын төвийн эрхлэгч Р.Х нар намайг Засаг даргын өрөөнд дуудан "чамайг Соёлын төвийн сахиулаар үлдээсэн, одоогоор төсөв хүрэлцэхгүй байх тул чамайг тогтмол цалинжуулах боломжгүй. Байгууллагад урлаг тоглолтын болон түрээсийн гэх мэт орлого орвол тухай бүр цалин тавьж өгнө. Гэхдээ "К" ХХК-нд түр хугацаагаар давхар галчаар ажиллаж, тэндээсээ цалинжиж бай, төсөв батлагдсаны дараа Соёлын төвөөс өмнөх цалинжиж байснаар өгөх болно, түр хугацаагаар аргалж бай" гэсний дагуу би "К" ХХК-нд давхар галчаар ажилласан. Одоо хүртэл намайг Соёлын төвийн сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн эрхийн акт гаргаагүй атлаа тогтмол цалин олгохгүй, цагийн бүртгэл хийхгүй байна. Надаар Соёлын төвийн сандал ширээ зөөх, засвар үйлчилгээ хийх зэрэг хар бор ажлуудыг одоо хүртэл хийлгэсээр байх бөгөөд би цалин авч чадаагүй хэдий ч ажиллаж байна гэж ойлгож ирсэн. Гэтэл саяхан Соёлын төвд нэг ажилтан шинээр авч ажиллуулж эхэлсэн. Миний бие эрхлэгч Х-т "нэмж ажилтан авсан бол төсөв хүрэлцээтэй болсон байна, би цаашид тогтмол цалин авч ажилламаар байна" гэхэд эрхлэгч Х нь "төсөв хүрэлцээтэй гэхдээ Музейд мэргэжлийн хүн авсан, харин чамд төсөв хүрэлцэхгүй" гэх учир нь олдохгүй тайлбар өгсөн. Ийнхүү хариу авснаар Х нь янз бүрээр шалтаглан намайг хууран мэхэлж намайг ажиллуулж байгаа дур эсгэн зөвхөн хугацаа хожиж ирснийг ойлгосон. Засаг дарга Б-т хандсан боловч би мэдэхгүй гэж хэлсэн амнаасаа буцсан. Миний Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж байна. Иймд намайг Б сумын Соёлын төвийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б сумын Соёлын төвийн эрхлэгчийн тайлбарт: “Б.А-ын гомдол ямар ч үндэслэлгүй. Тус төв нь албан ёсоор батлагдсан гэрээт ажилтны хоёр орон тоотой байсан ба сарын цалин нь 7 сараар төсөвт сууж ирдэг. Эдгээр орон тооны нэгэнд Б.А-ыг гэрээт галчаар томилж ажиллуулж байсан нь үнэн. Ингэхдээ батлагдсан цалингийн санд багтаан халаалтын үргэлжлүүлэх хугацаагаар тухайн жилийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сараар томилж ажиллуулж ирсэн. Хөдөлмөрийн гэрээг мөн 7 сараар хийж тухай бүрд нь ажилд түр томилох, чөлөөлөх тушаал гаргаж байсан. Б.А-ыг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалаар галч сахиулаар ажиллуулж байгаад халаалт зогссон учир 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалаар дахин ажилд томилж байсан. Нэгэнт тухайн тушаал гарсны дараа ажлаас чөлөөлөгдсөн учир 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаал одоо хүртэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болно. 2017 оны 12 дугаар сард Б сумын төвд "К" ХХК нэгдсэн халаалтын төв барьж сумын төвийн бүх төсөвт байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдох болсон. Энэ дагуу Соёлын төвийн эрхлэгч, "К" ХХК-ийн захирал нар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Гэрээний 3.7-д дулааны хангамжийн үйлчилгээний түлш халаалтын зардал болон галч нарын цалинг "К" ХХК-д бүрэн шилжүүлж өгөхөөр тохиролцсоны дагуу Соёлын төвийн гэрээт галчаар ажиллаж байсан Б.А-ыг төвийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлж "К" ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн. Б.А нь энэ дагуу "К" ХХК-д галчаар ажилд орсон. Тэрнээс хойших асуудлыг тус төв хариуцахгүй. Б.А нь "К" ХХК-д галчаар ажиллаж байсныг тус компанийн захирлын түүнтэй 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний "К" ХХК-аас 3 сарын цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл нэхэмжилсэн хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00765 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагч Б сумын Засаг даргын тайлбарт: “Тус сумын 5 дугаар багийн иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Соёлын төвд Б.А нь ажиллаж байгаа үед томилох бүхий албан тушаалтан Соёлын төвийн эрхлэгч Р.Х байсан ба миний бие уг асуудалд хамааралгүй болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ын Баян-Өлгий аймгийн Б сумын Соёлын төвийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга С.Б-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна.Учир нь Б.А нь 2012 онд ажилд томилогдсон тушаалаас өөр учир нь олдохгүй энэ олон тушаалуудын нэгийг ч харж байгаагүй, ийм төрлийн тушаалууд гарсныг мэдээгүй бөгөөд хариуцагч тал нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөхөд олж мэдсэнээ шүүх хуралд тодорхой тайлбарласан. Мөн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн. Б.А нь мөн өөрийг нь “К” ХХК-д шилжүүлсэн тушаал гарсныг өмнө нь огт мэдээгүй, хараагүй, нэхэмжлэгчид гардуулаагүй гэдгийг тодорхой илэрхийлсэн бөгөөд үүнийг хариуцагч няцааж чадаагүй хүлээн зөвшөөрснөөс гадна Б.А “би шүүхэд гомдол гаргаснаас хойш ажил олгогч нөхөн гаргаж шүүхэд ирүүлсэн байж болзошгүй” гэж тайлбар өгсөн. Ажилтныг ажилд томилох болон ажлаас чөлөөлсөн тохиолдол бүрд ажил олгогч эрхийн акт буюу тушаал гарган ажилтанд нэг хувийг гардуулж өгөхийг Хөдөлмөрийн тухай хуулиар ажилд олгогчид үүрэг болгосон байх бөгөөд ажлаас чөлөөлсөн болон шилжүүлсэн тушаалыг ажил олгогч мэдэгдэж, гардуулж өгөх үүргээ биелүүлээгүй явдалд ажилтныг буруутгах үндэслэлгүй. Гэтэл шүүх ийм олон төрлийн тушаал гарсан байхад гардаж аваад эрхээ хэрэгжүүлээгүй гэх маягаар ажилтныг буруутгаж гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байна гэж дүгнэж байгаа нь хууль зөрчсөн нэг талыг барьсан явдал юм. Хэрвээ ажил олгогч ажлаас чөлөөлсөн болон шилжүүлсэн тушаалуудыг цаг тухайд нь Б.А-д мэдэгдэж, гардуулж байсан бол мэдэгдэж, гардуулснаа шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар нотолж чадаагүй байхад шүүх ажил олгогчийг бус ажилтныг хардаж, үгийг буруугаар мушгиж “тушаалыг нөхөж гаргасныг нотолж чадаагүй” гэж үндэслэх хэсэгтээ тусгасан нь тушаалуудыг чи гардаж аваагүй гэдгээ нотолж чадаагүй гэж нэг талыг барьж дүгнэсний тод илрэл юм. Мөн Б.А-ыг ажил олгогч орон тоо хасагдсан гэх үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлан “К” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Б.А-д хөдөлмөрийн гэрээг цуцлахаа нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байтал мэдэгдэх үүрэг болон “К” ХХК-д шилжүүлсэн тушаалыг гардуулж өгөөгүй байгааг шүүх огт анхаарсангүй. Б.А нь шүүхийн шийдвэрт тусгасан ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн тушаалуудын нэгийг ч гардаж аваагүй, тушаал гарсныг мэдээгүй байхад эрхээ хэрэгжүүлэн шүүхэд гомдол гаргах боломжгүй гэдэг нь илт тодорхой. Б.А нь цалин хөлснөөс болж дарга нарын хэлсэн ёсоор Соёлын төвийн сахиулын ажлын хажуугаар энэхүү компанид давхар 3 сар ажилласнаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үнэн бодитоор илэрхийлсэн. Хариуцагч Х Б.А өнөөг хүртэл Соёлын төвд ямар нэг байдлаар оролцоотой ажиллаж ирснийг шүүх хуралд үгүйсгээгүй харин хүлээн зөвшөөрсөн бөгөөд “К” ХХК-д шилжүүлсэн тушаал гарснаас хойш хэд хэдэн удаагийн давтамжаар Б.А-д цалин хөлс, хангалтын мөнгө олгож байсан талаарх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон Б.А-ын тайлбарыг үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн байдлаас харахад Б.А-ын өөрийгөө өнөөг хүртэл Соёлын төвийн ажилтан гэж ойлгож явсан гэдгийг нотолж байгаа нотолгооны нэг бөгөөд Б.А-ын гомдол тайлбар үндэслэлтэй гэдгийг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан Б.А-ыг Б сумын Соёлын төвийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Б.А нь Баян-Өлгий аймгийн Б сумын Соёлын төвийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, хариуцагч Б сумын Засаг дарга, Б сумын Соёлын төвийн эрхлэгч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Б.А нь Б сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаалаар галч сахиулаар томилогдож, түүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тус төвд гэрээт галчаар жил болгоны 10 дугаар сарын 01-ний өдөр түр томилогдож, халаалт зогссон үед буюу 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж байжээ. 

2017 оны 12 дугаар сард Б сумын бүх төсөвт байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдсоны дагуу тус Соёлын  төвийн эрхлэгч “К” ХХК-ны захиралтай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаалаар гэрээт галч Б.А-ыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс чөлөөлж “К” ХХК-ийн мэдэлд шилжүүлснээр нэхэмжлэгч Б.А нь 2018 оныг дуустал “К” ХХК-т галчаар ажиллаж байсан үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь “К” ХХК-нд галчаар ажилласан үйл баримттай маргаагүй бөгөөд Б сумын Соёлын төвд сахиул, галчаар ажиллаж байсан. Миний галчийн үүрэг дуусгавар болсон ч сахиулын үүрэг хэвээр байгаа. Иймд миний хүсэлтийн дагуу Соёлын төвийн сахиулаар үлдээж, байгууллагад урлаг тоглолтын болон түрээсийн гэх мэт орлого орвол тухай бүр цалин тавьж өгнө гэсний дагуу би "К" ХХК-нд давхар галчаар ажилласан. Намайг анх сахиул, галчаар томилсон 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаал одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Хавтаст хэрэгт авагдсан намайг томилж, чөлөөлж байсан олон тушаалуудыг нөхөн гаргасан гэж хардаж байна гэж тайлбарлах боловч энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Б.А-ыг  Баян-Өлгий аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаалаар тус төвийн галч сахиулаар анх ажилд томилсон гэх боловч Б сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 05, 10, 2014 оны 04,09, 2015 оны 07, 11, 2016 оны 04, 09, 2017 оны 04, 07 дугаартай гэрээт галчаар томилж, чөлөөлж байсан тушаалууд болон хөдөлмөрийн гэрээгээр гэрээт галчаар ажиллаж байсан нь тогтоогджээ.

 

Ажилтан Б.А-ыг Баян-Өлгий аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай ажилд шилжүүлэх тухай  тушаалаар ажлаас чөлөөлж, "К" ХХК-д шилжүүлсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж шүүхэд гомдлоо 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнтэй маргаагүй бөгөөд уг хугацааг сэргээх боломжтой гэж тайлбарлах боловч баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь утга найруулгын алдаатай байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ын Б сумын Соёлын төвийн эрхлэгч, тус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Б сумын Соёлын төвийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ