| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/07696/И |
| Дугаар | 101/ШШ2023/05488 |
| Огноо | 2023-12-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/05488
| 2023о 12 с 07ө | Дугаар 101/ШШ2023/05488 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
21,140,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэх захирал Б.Чтай 2021 оны 03-р сарын 29-ний өдөр 2222 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч байгууллагын хэрэглэгчдэд зориулсан динамик веб хуудсыг хийхээр тохирсон болно. Нэхэмжлэгч нь захиалагчийн хүсэлтээр гэрээний дагуух ажлын төлбөр болох 6,000,000 төгрөг,мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалын зардалд 10,889,458 төгрөгийг 2021 оны 4-р сард багтааж 4 удаагийн банкны гүйлгээгээр хариуцагчийн хаан банкин дахь 5555555 болон түүний өгсөн 6666666 тоот дансанд шилжүүлсэн болно. Гэтэл хариуцагч нь элдэв янзын шалтгаан шалтаг тооцож одоо болтол гэрээт ажлыг огт хийгээгүй тул ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 16,889,458 төгрөг мөн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хугацаанд гүйцэтгээгүй тул хуульд заасны дагуу бидэнд учирсан бодит хохирол болох 4,250,690 төгрөг нийт 21,140,148 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж өгнө үү.
Тус нэхэмжлэгч компани нь захиалсан веб хуудсаа гэрээний дагуу ашиглалтад оруулсан бол ашиг хийж зээл болон бусад зардлуудаа төлөх ихээхэн боломжтой байсан ба уг хохирлыг бодитоор тооцох боломжгүй тул 2020 оны 11-р сард Голомт банкнаас сарын 1,4 хувийн хүүтэй зээл авсны зээлийн хүүгийн төлбөрт нийт 4,250,690 төгрөгийг төлсөн бодит хохирол гарсан байна. Хэрэв хариуцагч компанид уг мөнгийг шилжүүлээгүй зээлээ төлсөн бол бид энэ хүүгийн төлбөрийг төлөхгүй байх байсан... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болох М ХХК нь гэрээт ажлыг гэрээний болон нэмэлт хугацаанд гүйцэтгээгүйгээс захиалагч М ХХК-д учирсан бодит хохирлын тооцоо. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай компани нь захиалсан веб хуудсаа гэрээнд заасан хугацаанд хүлээн авч ашигласан бол ажил үйлчилгээ сайжирч зээл болон бусад зардлуудаа төлөх ихээхэн боломжтой байсан ба уг хохирлыг бодитоор тооцох боломжгүй тул 2020 оны 11-р сард Голомт банкнаас сарын 1.4 хувийн хүүтэй зээлийн төлбөрийг ажил гүйцэтгэгч гэрээний дагуу төлсөн төлбөрөөр төлсөн бол 4,250,690 төгрөгийн хүүгээс чөлөөлөгдөх байсан тул уг бодит хохирлыг нэхэмжилсэн. Хохирлыг тооцсон аргачлал тооцоо:
2021.4.2-нд 9,411,600 төгрөг шилжүүлсэн-2022.12.2-20 сар
2021.4.9- нд 2,200,000 төгрөг шилжүүлсэн-2022.12.9-20 сар
2021.4.13-нд 1,000,000 төгрөг шилжүүлсэн-2022.12.13-20 сар
2021.4.15- нд 1,000,000 төгрөг шилжүүлсэн-2022.12.15-20 сар
2021.4.15- д 1,000,000 төгрөг шилжүүлсэн-2022.12-15-20 сар
нийт 14,611,600 х 4 хувь-204,562 х 20 сар-4,091,240 төгрөг,
2022.6.9-нд 2,277,858 төгрөг шилжүүлсэн-2022.12.9-5 сар
нийт 2,277,858 x 1.4 хувь31890 х 5 сар159,450 төгрөг Бүгд дүн-4,250,690 төгрөгийн хүү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Н.Хангал шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М ХХК нь 2021 оны 03 сарын 29-ний өдөр 2222 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг М ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээгээр манай компани тус компанийн хэрэглэгчдэд зориулсан динамик веб хуудсыг хийж гүйцэтгэх, М гэрээнд заасан ажлын хөлсийг төлөхөөр болсон. Талууд ажлын хөлсийг нийт 6,000,000 төгрөг байхаар бусад нэмэлт зардлыг М ХХК хариуцахаар гэрээнд тусгасан ба нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т заасан урьдчилгаа төлбөр буюу ажлын хөлсний 70% болох 4,200,000 төгрөгийг тус гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор шилжүүлэх байсан хэдий ч 2021 оны 04 сарын 09-ний өдөр 2,200,000 төгрөгийг, 2021 оны 04 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг төлсөн. Харин системийн төлбөр болох 3,300$ /тухайн үеийн ханшаар 9,411,600 төгрөг/ -ийг 2021 оны 04 сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн мэтээр тайлбарлаж, Хаан банк дахь 6666666 тоот дансанд тушаасан, уг дансыг М ХХК өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Хаан банк дахь 6666666 тоот дансны эзэмшигч нь нэхэмжлэгч М ХХК-ийн айти инженер Батдорж овогтой Гансүх ба нэхэмжлэгч өөрийн ажилтандаа өгсөн шилжүүлгийг илт мушгин тайлбарлаж байгаа нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж байна. Ийнхүү вэб хуудас бүтээх, хөгжүүлэх ажлын эхлүүлсэн хэдий ч МУ-ын ЗГ-ын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 99999 дүгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолын дагуу 2021 оны 04 сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хөл хорио тогтоосон тул үйл ажиллагаа биднээс үл хамаарах шалтгаанаар хойшилсон болно. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 сарын 23-ны өдөр баталсан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор уг хугацааг 2021 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 сарын 05-ны өдрийн 115 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор Бүх нийтийн бэ байдлын зэргийг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2021 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл, 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 44444 дүгээр Өндөржүүлсэн бэлэг байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор 2021 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 6666 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор 08 сарын 31-ний өдрийг хүртэл, 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 999 дүгээр Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор 2021 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 385 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор уг хугацааг 2022 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал тус тус сунгасан байдаг. Гамшгийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.4.2-т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажлын тусгай горимд шилжүүлэх, мөн хуулийн 10-р зүйлийн 10.7-д Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлнэ. гэж заасны дагуу манай компани гүйцэтгэх захирлаас баталсан Ажлын тусга, горимд шилжүүлж ажиллуулах тухай тушаалыг баримтлан манай компани ажиллаж байсан болно. Талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар улс орны хэмжээнд хуулийн этгээдүүд ажлын тусгай горимоор ажиллаж байх хугацаанд бид дараах байдлаар хамтарч ажилласан. Тухайлбал, 2021 оны 07-р сард М ХХК-ийн айти инженер Б.Г манай компанийн Вива Сити хотхонд байрлах оффист биечлэн ирж, веб сайтын хөгжүүлэлтийг турших, нэмэлт өөрчлөлт, засвар шинэчлэлтийн талаар ярилцаж, гэрээний 6.1-д заасан кюпэй /QРАҮ/ буюу төлбөрийн системд холбох асуудлын хүрээнд захиалагч нь банктай гэрээ байгуулж, улмаар холбогдох мэдээллийг бидэнд яаралтай өгөхөөр тохиролцсон хэдий ч уг мэдээллийг талууд ийнхүү уулзалт хийснээс хойш 3 сарын дараа буюу 2021 оны 10 сарын 17-ны өдөр цахим хаягаар илгээсэн билээ. Бидний зүгээс веб сайтын ажлыг хүлээлгэн өгч, нэмэлт өөрчлөлтүүд, засвар шинэчлэлийн ажлыг шалгуулахаар удаа дараа холбогдсон боловч айти инженер Б.Г буюу хариуцсан ажилтан өөрчлөгдсөн гэх шалтгаанаар удааширсан. Ингээд бэлэн болсон вэб хуудсыг хэрэглэгчдэд нээлттэй байдлаар харуулах сүүлийн үе шат буюу Ажил гүйцэтгэх гэрээ-ний 6.1-д вэб хуудасны хостинг үйлчилгээ, домайн нэрний үйлчилгээний сервесүүдийг холбон вэб сайтыг бүрэн ажиллагаанд оруулах-ын тулд сар бүр тодорхой хэмжээний хураамж төлөх ёстой тул бид Оын холбооны улсад байрлах о буюу Хын т системийн холболт, интеграцыг хийдэг байгууллагаас нэхэмжлэх, төлбөр төлөх линкүүдийг авсан боловч Оын холбооны улс болон Уулсын хоорондын дайны нөхцөл байдлаас шалтгаалж, Европын холбооноос авсан эдийн засгийн хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд Оын холбооны улс уруу ямар ч рублийн гүйлгээ хийгдэхгүй, Маsterсагd, viza болон бусад төлбөрийн хэрэгслүүд бүгд ажиллахгүй болсон учир веб сайтыг олон нийтэд харагдах боломжтой байдлаар харуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн билээ. Хураамжийн төлбөр төлөгдөх боломжгүй талаарх үүссэн нөхцөл байдлын талаар удаа дараа М ХХК-ийн айти инженер /88888, 999999 дугаар/-т мэдэгдэж байсан бөгөөд талуудын хэн алины хүсэл зоригоос гадуурх уг нөхцөл байдлын талаар мэдэж байсан тул тус бид хэн алинаасаа аливаа үүрэг шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй. Бид гэрээний 6,1-т заасан веб хуудас бүтээх ажлыг үндсэндээ бүрэн дуусгаж, хөгжүүлэлтийн хэсэгт захиалагч байгууллагын санал хүсэлтийг авахаар 2022 оны эхээр М ХХК-ийн айти инженер Бий 999999 дугаарт холбогдоход би хөдөө байна, эргээд холбогдъё, ачаа бараа буулгаж байна, завгүй байна, ирэх 7 хоногт уулзъя гэх мэтээр шалтаг тоочиж, гэрээгээр хүлээсэн хамтран ажиллах үүргээ биелүүлэхгүй байсан тул бид ажлын хөлснөөс тодорхой хэсгийг авахаар нэхэмжлэх илгээсэн ба тус компани 2022 оны 06 сарын 09-ний өдөр 2,277,858 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Ингээд тус компанийн айти инженер дахин солигдож, Д гэх хүнтэй холбогдох болсон ба 2022 оны 09 сарын эхээр захиалагч талаас source code буюу веб сайтын программын эх кодыг авъя гэсэн тул 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 15:26 минутад нэхэмжлэгч талаас мессежээр илгээсэн Д цахим хаягт холбогдох бүхий л мэдээллийг илгээж, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн болно. Өөрөөр хэлбэл бид вэб хуудас бүтээх, хөгжүүлэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба зөвхөн нийтэд харагдах байдал буюу биднээс үл хамаарах нөхцөл байдал тодруулбал, О-д болж буй Эдийн засгийн хязгаарлалтын арга хэмжээнээс шалтгаалан сарын хураамжийг төлөх боломжгүйгээс вэб сайтыг бүрэн ажиллагаанд оруулах ажил хойшилсон билээ. Бид боломжит бүхий л нөхцөл бололцоог судалснаар Монгол улсад оршин суугаа Оын холбооны улсын иргэншилтэй иргэнтэй холбогдсон ба дотоодын банкны картыг нь ашиглан веб сайтын сар бүрийн хураамжийг өөрсдийн зардлаар төлж, 2022 оны 10-р сард бүтээсэн вэб хуудсыг нээсэн бөгөөд М ХХК-д энэ тухайгаа мэдэгдсэн. Гэвч тус компани өөрсдийн төлбөл зохих сарын хураамж болон гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүргэж байна. Ийнхүү хамтарч ажиллах хугацаанд М ХХК-ийг төлөөлсөн айти инженерүүд удаа дараа солигдсон, бидний бүтээсэн веб хуудаст оруулах шаардлагатай мэдээ мэдүүллүүдийг хугацаа хожимдуулж өгсөн, кюпэй буюу төлбөрийн системд холбогдох мэдээллийг мөн хожимдуулж өгсөн нь Иргэний хуулийн 223.2.-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. гэж заасанд хамаарахаас гадна бидний хувьд хүлээсэн үүргээ хожимдуулж гүйцэтгэсэн нь МУ-д болон О-д өрнөсөн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тул хүндэтгэн үзэх нөхцөлд хамаарна гэж үзэж байна.
Нэхэмжлэгч өөрт учирсан хохиролтой холбогдуулан М ХХК болон Голомт банкны хооронд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ-г хавсарган өгсөн байх бөгөөд чухам ямар аргаар тооцож, 4,250,690 төгрөгийг нэхэмжилж буй нь ойлгомжгүй байна. Түүнчлэн тус компанийн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан зээл талууд хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-тэй огт холбоогүй атал ийнхүү хамааруулж, өөрт учирсан хохирол хэмээн тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Манай компани тус компанитай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу вэб хуудас бүтээх ажлыг бүрэн гүйцэтгэж, тус вэб хуудас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ашиглагдаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-20, 113-117, 132-135-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 34-36, 46-50, 54-67, 145-147-р тал.
Шүүхийн журмаар нотлох баримт: хавтаст хэргийн 78-83, 90-94, 125-127-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч М ХХК хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 16,889,458 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 4,250,690 төгрөг, нийт 21,140,148 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч тал гэрээгээр тохирсон ажлаа хийсэн, хөл хорио болон О Уулсын дайнтай холбоотой ажил хойшилсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.1-д зааснаар гэрээтэй холбоотой маргаан гарвал захиалагчийн оршин суугаа газрын шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр тохирсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно гэсэнд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэгчийн хаягийн дагуу тус шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.
Зохигчдын хооронд 2021 оны 03 сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал хэрэглэгчдэд зориулсан динамик вэб хуудсыг хийж гүйцэтгэх ажлыг 2021 оны 04 сарын 23-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч 6,000,000 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.
Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Гэрээ ёсоор ажил гүйцэтгэх хугацаа 2021 оны 04 сарын 23-ны өдөр дуусахаар байсан хэдий ч захиалагчаас заавар зааварчилгаа, шийдэл, ашиглах мэдээлэл зэргийг өгөхийн тулд гэрээний хугацааг сунгаж, хамгийн сүүлд 2021.10.17-нд кюпэй үйлчилгээний мэдээллээ өгсөн болох нь хариуцагч талын тайлбар, хариуцагчийн төлөөлөгч Б.Чын мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Дын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул ажил гүйцэтгэгчийг гэрээнд заасан хугацаанд ажлаа хийгээгүй гэж үзэх боломжгүй.
Талууд гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дотор 70 хувь буюу 4,200,000 төгрөгийг, ажлыг хүлээн аваад 30 хувь буюу 1,800,000 төлөхөөр тохирчээ.
М ХХК-ийн захирал У.Бын төрсөн эх Д.Оын Хаан банкны 555555 тоот данснаас М ХХК-ийн захирал Б.Чын Хаан банкны 5555555 тоот данс уруу 2021.04.02-нд 9,411,600 төгрөг, 2021.04.09-нд 2,200,000 төгрөг, 2022.06.09-нд 2,277,858 төгрөг,
М ХХК-ийн айти гэх Б.Гийн Хаан банкны 6666666 тоот данснаас М ХХК-ийн захирал Б.Чын Хаан банкны 5555555 тоот данс уруу 2021.04.15-нд 1,000,000 төгрөг,
нийт 14,889,458 төгрөгийг шилжүүлж өгсөн болох Д.Оын Хаан банкны 555555 тоот дансны хуулга, хариуцагч талын тайлбараар тогтоогдож байна. /хх-17-18, 29, /
Нэхэмжлэгч тал 16,889,458 төгрөг шилжүүлсэн гэх боловч 2,000,000 төгрөгийг Б.Чын дансанд хийснээ баримтаар нотлоогүй, 2021.04.14-нд Д.Оын данснаас 6666666 тоот данс уруу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байх боловч уг данс Б.Чын данс биш, хариуцагч тал ...өөрийнх нь ажилтан айти Б.Гийн данс... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хариуцагч тал ...9,411,600 төгрөг нь системийн төлбөр, гэрээгээр тохирсон 4,200,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй... гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул захиалагч талыг гэрээгээр тохирсон урьдчилгаа төлбөр 4,200,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Ажил гүйцэтгэгч тал гэрээний 1.1-д заасан ажлыг хийхээс өмнө захиалагч тал гэрээг цуцалсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан ба гэрээний 1.1-д заасан ажлыг захиалагч тал хүлээн авсан болох нь Б.Чын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Дын мэдүүлэг, 2022.06.09-нд үлдэгдэл төлбөрөө шилжүүлсэн үйл баримт зэргээр тогтоогдож байна. /хх-78-79,125-127/
Захиалагч гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал нөгөө талдаа холбогдуулж шаардлага гаргах эрх нь нээлттэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлаа хийгээгүйг нотлоогүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар гэрээ цуцалж, шилжүүлсэн 14,889,458 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч тал ...гэрээний үүргээ биелүүлсэн бол бараагаа цахимаар зарж ашиг олох байсан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцон, банканд мөнгөө төлсөн бол сард 1.4 хувийн хүү төлөхгүй байсан... гэж тайлбарлаж байна.
Талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.
Захиалагч тал 2021 оны 10 сарын 17-нд хамгийн сүүлд кюпэй үйлчилгээний мэдээллээ ажил гүйцэтгэгч талд өгсөн нь тогтоогдсон ба ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлыг захиалагч тал 2022 оны 06 сарын 09-нд хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөр 2,277,858 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон.
Хариуцагч тал ...хөл хорио удаа дараа тогтоосон, О Украйны дайнаас шалтгаалж ажил хойшлогдсон... гэж тайлбарлаж байх боловч энэ талаараа захиалагч талд мэдэгдсэн баримтгүй байна.
Захиалагч тал хамгийн сүүлд 2021 оны 10 сарын 17-нд кюпэй үйлчилгээний мэдээллээ ажил гүйцэтгэгч талд өгсөн байхад М ХХК 2022 оны 02 сарын 18-нд О Улс руу төлбөр төлөхөөр харилцсан нь ойлгомжгүй, О Украйны дайнаас шалтгаалж ажил гүйцэтгэгч 2021.10.18-ны өдрөөс 2022.06.09-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-90-92/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д захиалагчийг хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон байх ба гэрээг талууд чөлөөтэй байгуулах, тэгш эрхтэй тул талууд хэн алинаасаа тооцох алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0.5 хувиар тохирсон гэж үзэхээр байна.
Гэрээний зүйл нь цахим орчинд хэрэглэгдэх ажил байсан байх ба ковид цар тахлын үед захиалагч ажлаа цаг хугацаанд нь хүлээн авсан тохиолдолд ашиг орлого нь нэмэгдэх боломжтой байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.
Ажил гүйцэтгэгч 2021.10.18-ны өдрөөс 2022.06.09-ний өдрийг хүртэл гэрээний үүргээ 230 хоногоор хэтрүүлж гүйцэтгэсэн нь тогтоогдсон, захиалагчийн 2022.06.09-ний өдрийг хүртэл төлсөн байсан 12,611,600 төгрөгөөс алданги тооцоход хоногт 63,058 төгрөг тооцогдохоор байх тул нэхэмжлэгчийн шаардсан бодит хохирлын хэмжээ 4,250,690 төгрөгөөр тооцон хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв.
Иймд хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан бодит хохиролд 4,250,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16,889,458 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 264,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,250,690 төгрөгт ногдох 82,961 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 4,250,690 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16,889,458 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 264,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,961 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ