Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/05351

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023о 12 с 01ө

Дугаар 101/ШШ2023/05351

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч:  М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М ХХК-д холбогдох,

  20,001,600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 7,408,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М ХХК нь М ХХК-тай 2020 оны 9 сарын 07-ны өдөр гараашийн хаалга, авто зогсоолын автомат хаалт нийлүүлэн, угсрах гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу тус компанийн Бтөвд гараашийн автомат хаалт нийлүүлж, угсарч тус ажлыг бүрэн хийж гүйцэтгэн 2020 оны 10 сарын 02-ны өдөр тус компанид хүлээлгэн өгсөн. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхдээ дээрх гэрээний 2.1-т зааснаар нийт 14,816,000 /нэмэгдсэн өртгийн албан татвар, барааны угсралт суурилалтын зардал, бусад холбогдох гэх мэт бүх зардал багтсан/ төгрөгөөр харилцан тохиролцсон. Улмаар гэрээний 2.2-т заасны дагуу захиалагч М ХХК нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 1,481,600 төгрөгийг Голомт банкин дахь манай дансанд 2020 оны 10 сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 40 хувь буюу 5,926,400 төгрөгийг бартераар буюу манай компани нь Бтөвд лангуу түрээслэх байдлаар тохиролцсон. Гэвч тус төв нь засвар хийгдэх болсон тул лангуу түрээслэх боломжгүй болсон. Мөн захиалагч тал нь гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 7,408,000 төгрөгийг бараа материалыг нийлүүлж, угсарч, ажил хүлээлцэх акт үйлдсэнээр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл энэ мөнгөн дүнг өдий болтол төлөөгүй байна. Бид ажлыг бүрэн гүйцэтгэж 2020 оны 10 сарын 02-ны өдөр тус компанид шилжүүлж өгсөн. Иймд захиалагч М ХХК-иас гараашийн хаалга, авто зогсоолын автомат хаалт нийлүүлэн угсрах гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүн болох 13,334,400 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...М ХХК болон М ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 55555 тоот гараашийн хаалга, авто зогсоолын автомат хаалт нийлүүлэх, угсрах гэрээ-ний 2.2-т ...Захиалагч нь энэхүү гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 7,408,000 төгрөгийг бараа материал нийлүүлж, угсарч, ажил хүлээлцэх акт үйлдсэнээр, гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 40 хувь буюу 5,926,400 төгрөгийг бартераар 1-2121212121212 лангууны түрээсийн төлбөрт тооцно гэсний дагуу 2020.10.02-ны өдөр М ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж М ХХК-д ажлаа хүлээлгэн өгсөн байх тул 2020.10.02-ны өдөр М ХХК нь гэрээний 50 хувь болох 7,408,000 төгрөгийг төлөх мөн гэрээний 40 хувь болох 5,926,400 төгрөгийн хувьд бартерийн нөхцөл биелэгдээгүй учир нийлээд 13,334,400 төгрөгийг М ХХК нь М ХХК-д төлөх үүрэг бий болсон. 2020 оны 09 сарын 07-ны өдрийн 55555555 тоот гараашийн хаалга, авто зогсоолын автомат хаалт нийлүүлэх, угсрах гэрээ-ний 8.1-т Захиалагч энэ гэрээгээр тогтоосон хугацааны дотор барааны үнийг төлөхгүй саатуулбал хугацаа хожимдуулсан хоног тутам төлбөл зохих үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Нийлүүлэгчид төлнө гэсний дагуу 2020.10.02-ны өдрөөс хойш 2023.10.19-нийг хүртэл нийт 1113 өдөр байх бөгөөд 13,334,400 төгрөгийн 0.2 хувийн алданги болох 26,668 төгрөгийн 1113 өдрийн алданги нь 29,681,484 төгрөг байна. Анз нь нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх тул 6,667,200 төгрөгийн алдангиар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 6,667,200 төгрөгөөр ихэсгэж, нийт 20,001,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч А.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... М ХХК нь манай компанийн 33333333 хаягт байрлах Бтөвийн 1 давхрын 17 м2 талбай бүхий 212121212121 павильоныг түрээслэн гараашийн автомат хаалга, хаалт худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Ингэхдээ 1 м.кв талбайг 25,000 төгрөгөөр тооцон, сар бүр 425,000 төгрөг, үүн дээр сар бүрийн цахилгааны төлбөр болох 10,000 төгрөг, нийт 435,000 төгрөгийг сар бүр төлөхөөр 2019-09-01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Манай компани нэг талаас түрээслэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, нөгөө талаас М ХХК-ийн захирал өөрийгөө манай ерөнхий захирлын нутгийн танил дүү гэсэн тул өөрсдийнх нь гаргасан хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрийн оронд тэдний үйлчилгээг авахаар анхны гэрээ буюу 2019-10-30-ны өдрийн 37 тоот гараашийн автомат хаалга, хаалт нийлүүлэх, угсрах гэрээг байгуулсан. Уг гэрээний төлбөр тооцоо бүрэн дуусаж, гэрээ дүгнэгдсэн. 2020-09-07-ны өдөр байгуулсан 55555 тоот гараашийн автомат хаалга, хаалт нийлүүлэх, угсрах гэрээ-гээр ХУД, 21-р хороо, манай компанийн хэрэгжүүлж буй Наран Ухаа төслийн барилгад 3 ширхэг гараашийн автомат хаалга, БЗД-ийн 1-р хороо, Бхудалдааны төвийн гадна талд дахин 1 ширхэг/ 2019 оны өмнөх гэрээгээр 1 ширхэг хаалт авсан/ авто зогсоолын автомат хаалт авахаар, 14,816,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэхээр болсон. Уг гэрээгээр урьдчилгаа төлбөр 1,481,600 төгрөг, ажил хүлээлцсэнээр 7,408,000 төгрөгийг өгөхөөр, үлдэгдэл 5,926,400 төгрөгийг бартераар буюу түрээсийн төлбөрт тооцуулахаар 2 тал харилцан тохиролцсон. Урьдчилгаа төлбөр болох 1,481,600 төгрөгийг манай талаас гүйцэтгэгч тал бараа материалыг буюу 3 ширхэг хаалгыг манай төслийн талбайд авчирсан тохиолдолд шилжүүлэхээр 2 тал тохиролцсон. Учир нь: 1-рт: 2019 оны гэрээгээр 5 хоногт гүйцэтгэх байсан ажлыг 25 хоног хоцроосон. 2-рт: Тухайн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, угсарсан цагаасаа эхлэн байнга эвдрэл гэмтэл гарч , баталгаат засварын хугацаанд 1 ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй тул манай зүгээс тухайн төсөлд зориулагдсан үйлдвэрлэлийн зориулалттай, чанартай бараа нийлүүлэх эсэхэд эргэлзэж байсан. 3-рт: 2019 оны гэрээгээр гүйцэтгэсэн хаалга, хаалтны үйлдвэрийн бичиг, сертификат бусад дагалдах бичиг баримтыг манай талд хүлээлгэн өгөөгүй тул энэ удаагийн гэрээнд заасан хаалга, хаалтны дагалдах бичиг баримт, үйлдвэрлэлийн зориулалттай хаалга мөн эсэхийг батлах бичиг баримтыг манай талд ажил гүйцэтгэхээс өмнө танилцуулахыг шаардсан. 4-рт: 2020-09-07-ны өдөр гэрээ байгуулагдаж 5 хоногт багтаан нийлүүлж, угсарч, хүлээлгэн өгнө гэсэн боловч хаалга нь манай барилгын талбайд 2020-10-02-нд буусан. Гэвч гүйцэтгэгч тал манай барилгын төслийн талбайд 3 ширхэг автомат хаалгыг өөрсдийн унаагаар тээвэрлэн авчирч, буулгаад, ямар ч сав баглаа боодолгүй хэдэн хэсэг ачаа болон 3 ширхэг чип буюу хаалганы түлхүүрийг манай компанид мужаанаар ажилладаг Ү.Эт үлдээн, танайд угсрагдах хаалганууд талбайд буусан тул урьдчилгаа төлбөрөө өг гэсэн. Манай зүгээс нийлүүлсэн бараа материал чанарын шаардлага хангадаггүй, үйлдвэрлэлийн зориулалттай мөн эсэх бас түүнийг баталсан дагалдах бичиг баримт сертификат нь байна уу гэтэл бараатайгаа хамт ирсэнгүй, авчирна гэсээр, авч ирээгүй ба манай зүгээс 1-рт хүйтэрч эхэлсэн, 2-рт тухайн гараашийн хаалгыг угсарна гээд түр хавтангаар гараашийг тагласан байсныг авсан, 3-рт халаалт авах цаг оройтсон, 4-рт улсын комисс ажиллуулахаар болсон байсан тул За ямар ч байсан чанартай, зориулалтын хаалга ирсэн бол угсарчих, тэр хооронд дагалдах бичиг баримт нь ирэх байх гээд 2020- 10-19-ний өдөр гүйцэтгэгч талын Голомт банкны данс руу гэрээний урьдчилгаа төлбөр болох 1,481,600 төгрөгийг шилжүүлснээр М ХХК 2020-10-23-наас угсралтын ажлаа эхэлсэн. Ингээд 2020 оны 11 сарын эхээр 3 ширхэг автомат хаалгыг угсарсан тул хүлээж ав гэсэн бөгөөд манай зүгээс Бтөвд суурилуулах авто зогсоолын хаалтыг яагаад угсрахгүй байгааг асуутал тэр зогсоолд 4 метрийн урт хаалт орох тул одоогоор манайд байхгүй байна, удахгүй ирнэ гэсэн. Бид хаалт ирэхийг хүлээсэн боловч ирэхгүй байсан тул гараашийн автомат хаалгануудын бичиг баримтын хамт хүлээж авахаар шийдсэн. Учир нь түр хугацаанд хаалга огт ашиглагдахгүй байсан тул гараашийн засварын ажлыг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд гараашийн хаалгыг хүлээн авч ашиглахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Гэтэл гүйцэтгэгч талын ажилтан ирж, манай талын инженер, менежер, гүйцэтгэх захирлын хамт ажлыг нь хүлээн авахаар шалгатал, гэрээнд заагдсан 3 хаалганаас 1 нь ажиллаж, 1 нь тросс мултарсан гэсэн шалтгаантай ажиллахгүй, 1 нь огт ажиллахгүй байсан. Манай зүгээс гэрээнд зааснаар 3 хаалга, 1 хаалт хийлгэх байсан боловч ийнхүү хаалт огт хийгдээгүй , 3 хаалганаас 1 хаалга л ажиллаж байсан ба энэхүү хаалт, хаалганууд нь мөн л 2019 оны өмнөх гэрээний адил хаана үйлдвэрлэгдсэн, аль үйлдвэрийнх, ямар хүчин чадалтай гэх мэт үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны талаарх ямар ч мэдээлэл, дагалдах бичиг баримт, сертификатгүйгээс гадна яагаад ажиллахгүй байгааг асуутал Манай зүгээс барилгын талбайд бараагаа анх буулгахдаа, танайд чипийг өгсөн тул танайхыг чипийг ашиглан хаалгыг ажиллуулж, ашиглахаас сэргийлж, цаашлаад үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байх гэж болгоомжилсон тул анхнаасаа бүрэн угсраагүй гэсэн атлаа 1 хаалганы троссыг танайх мулталсан байна, троссыг ховилоос мултрахаас өмнө манайд мэдэгдсэнгүй гэсэн тайлбар хэлэн, хэл чимээгүй алга болсон. Манай зүгээс М ХХК-ийн Н гэгчтэй 8888888 дугаарын утсаар холбогдож байсан ба эхний үед Ковид, хил гаалиас шалтгаалан ачаа бараа ирэхгүй удааширч байна, тросс ховилоос гарсныг танайх хариуцах ёстой гэсэн хариултыг өгч байсан. Танайх чипийг нэгэнт манайд хүлээлгэн өгсөн бөгөөд , чипээр хаалгыг ажиллуулахгүйн тулд бүрэн угсралт хийгээгүй, угсралт хийгдээгүй тул ажиллуулах ямар ч боломж байгаагүй, бид 1 ч удаа ажиллуулаагүй, тэгээд ч хэрвээ тросс мултарсан гэж үзэж байгаа бол тросс хэзээ, яаж мултрахыг манай зүгээс мэдэх боломжгүй мөн хамтран ажиллах гэрээний 6.2.1, 6.2.2 , 6.2.4 -т зааснаар танай тал энэ бүгдийг хариуцан хэвийн ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьсаар ирсэн. Тухайн цаг үеэс эхлэн дэлхий нийтийг хамарсан ковид цар тахал дэлгэрч, хөл хорио, хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдал хаа саагүй удаан хугацаанд үргэлжилсэн тул гүйцэтгэгч талтай биеэр болон албан тоотоор харилцах боломжгүй байсан тул утсаар л холбогдсоор ирсэн ба гүйцэтгэгч тал эхний 1-2 удаагийн дуудлагад хариу мэдэгдэж , 2021 оноос хойш одоог хүртэл утасны дуудлага авахгүй, албан тоотод хариу мэдэгдэхгүй байсаар ирсэн. Ажил гүйцэтгэх гэрээний гол зорилго нь манай компанийн хэрэгжүүлж буй 160 айл өрх бүхий Наран-Ухаа төслийн 100 автомашины зогсоол бүхий дулаан гараашид тус тус орох хаалга 1 ш, гарах хаалга 1 ш, аваарын хаалга 1 ширхэг, нийт 3 ширхэг автомат хаалга нийлүүлж, угсарч, суурилуулах ба нийлүүлсэн бараа нь чанарын шаардлага хангасан бол манайх гараашийн хэсгийг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгч, улмаар гараашийн зогсоолуудыг худалдан борлуулж, ашиг орлогоо олж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой байсан. Гэтэл тухайн хаалганууд эхнээсээ огт ажиллаагүйгээс шалтгаалан гараашийн ажил 3 жилийн туршид зогссон тул, манай хувьд ихээхэн хэмжээний боломж алдагдаж, цаг хугацаа, эдийн засаг, ажлын гүйцэтгэл, түрээсийн талбайгаас олох орлого алдсан зэргээрээ давхар давхар хохирсноос гадна шүүхэд хариуцагчаар дуудагдсанаас хойш удаа дараагийн шүүх хурал хойшлогдсон нь бидний хувьд асар их дарамт болсоор ирлээ. Нэхэмжлэгч тал анхнаасаа гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу чанар стандартын шаардлага хангасан бараа цаг хугацаандаа нийлүүлээгүй, холбогдох баримт бичгийн хамт, ном журмын дагуу гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн гэж бид үзэж байна.

2020-09-07-нд байгуулагдсан гэрээний дагуу, Хан-Уул дүүрэгт хийгдсэн гэх ажлыг хүлээн аваагүй, хүлээлгэн өгөөгүй шалтгаан нь: 1. Нэхэмжлэгч тал ажил, үйлчилгээгээ Ажил хүлээлцэх акт-ын дагуу манай төслийн холбогдох инженер,техникийн ажилтнуудад хүлээлгэж өгөөгүй. Мужаан ажилтай Ү.Эт хүлээлгэн өгсөн хэмээн, түүний гарын үсэг бүхий бичиг харуулж байгаа нь дээр дурдсанчлан, бараа материалыг барилгын талбайд буулгаснаар урьдчилгаа төлбөр хийгдэх үндэслэл болохоос бус ажлыг хүлээлцсэн баримт огт биш бөгөөд тухайн ажилд багтсан автомашины зогсоолын хаалтыг ч тухайн үед огт суурилуулаагүй, хил хаагдсаны улмаас ирээгүй ...гэсэн тайлбарыг өгч байсан. Мөн 3 ширхэг чип өгч, хэдэн хэсэг ачаа л газарт буулгасан байсныг харуулсан ба энэ үед угсралт, суурилуулалтын ажил огтоос хийгдээгүй байсан. 2. Гэрээний 5.1.1-т Барааны үнийг энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр Нийлүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлнэ гэсэн. Гэтэл нийлүүлэгч тал болох М ХХК нь гэрээнд заагдсан ажлаа бүрэн гүйцэтгээгүй буюу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байсны улмаас хүлээлцээгүй тул өөрсдийн нь гаргаж өгөх байсан Нэхэмжлэх-ийг 1 ч удаа манай талд хүргүүлээгүй. 3. Гэрээнд зааснаар 2020-09-13-нд хүлээлгэн өгөх байсан ажлаас 1 ширхэг автомат хаалтыг 5 сарын дараа Бтөвийн гадаа ид хөл хорионы үе буюу 2021 оны 4-р сард угсарсан гэх боловч тухайн үед хэнд ч хүлээлгэн өгөөгүй ба тухайн хаалтны чипийг ч өгөөгүй, хаалт нь анхнаасаа огт ажиллаагүй ба тухайн хаалтыг ажиллагаатай болгон хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал манай шаардлагыг хүлээн аваагүй тул тэрхүү хаалтыг буулган барилгын хашаандаа одоог хүртэл хадгалсаар ирсэн. 4. Манай талаас гүйцэтгэгчийн нийлүүлж, суурилуулсан ажил ажиллагаагүй болохыг 2021-06-07, 2022-06-28, 2022-10-17-ны албан тоотуудаар мэдэгдэж байсан хэдий ч гүйцэтгэгч талаас 1 ч удаа хариу мэдэгдэж байгаагүй. 5. Манай талаас бэлтгэн нийлүүлж, суурилуулсан ажил үйлчилгээгээ ашиглах боломжтой болсон тохиолдолд гэрээнд заагдсан 7,408,000 төгрөгийг өгөхөөс татгалзаагүй бөгөөд, гүйцэтгэгч тал хүлээлгэн өгөх гэж ирсэн цагаасаа хойш 1 ч удаа, ажлынхаа гологдол доголдлыг арилгах талаар ажил хийгээгүй зэргээс болсон. Мөн нэхэмжлэгч тал түрээслүүлэгч байгууллагын зүгээс түрээслэгч тал болох М ХХК-д хүргүүлсэн 2020-02-10-ны өдрөөс Гэрээ цуцална гэсэн албан тоотыг үндэслэл болгон гэрр цуцлагдсан хэмээн үзэж буй нь дараах баримт, үндэслэл, нотолгоонуудаас үгүйсгэгдэж байна. Үүнд: 1. Түрээслэгч тал болох М ХХК нь тус төвийн 1-р давхрын 17 м.кв талбайтай 212121212121 павильоныг түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай талаас 2,3 давхруудад Шинэчлэлт, засварын ажил-ыг гүйцэтгэж, зохион байгуулалтыг өөрчлөн, худалдааны талбайг, орон сууц болгосон. Энэ ажил 2021 оны 3 сараас хийгдсэн бөгөөд түрээслэгч талын 1 давхрын павильонд энэ нь огтхон ч хамааралгүй болно. Гэтэл нэхэмжлэгч тал худалдааны талбайг орон сууц болгосон тул манайх гарсан гэжээ. Харин үүнээс өмнө буюу албан бичигт дурдсанчлан 2020-02-10-ны өдрөөс эхлэн 1 давхрын болон гадна талбайн засварын ажил хийгдэх тул түрээслэгч байгууллагуудтай хийгдсэн гэрээг шинэчилж, 2 болон 3 давхрын сул талбайнуудад үнэ төлбөргүй байршуулан, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгон, 1 давхарт 41 хоногийн хугацаанд засварын ажил гүйцэтгэсэн. Бид М ХХК-д Гэрээ цуцлах албан тоот өгч, түрээсийн талбайг чөлөөлөхийг шаардсан боловч эдний зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй ,түрээсийн талбайд дүүрэн бараа хурааж, агуулахын зориулалтаар ашиглаж, өөрсдөө худалдагч суулгахгүй, үүдэндээ утасны дугаараа тавьж, тэр дагуу захиалга авч, ажлаа үргэлжлүүлэн хийж ирсэн. Энэ хугацаанд түрээсийн гэрээгээ цуцлаагүй, павильоныг суллаагүй, ашигласаар байсан нь 2021-02-10-ны өдөр 212121212121 павильоныг 33333333 утасны дугаар бүхий Б гэдэг хүн манай талд хүлээлгэн өгсөн актаар батлагдана. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн актад 2019-09-01-нд Б гэгч павильоныг Хүлээн авсныг батлах баримт болохыг анхаарна уу. 2. Нэхэмжлэгч тал түрээсийн павильоныг ашиглаагүй бол 2020-09-07-ны өдөр байгуулсан 55555 тоот гараашийн автомат хаалга,хаалт нийлүүлэх, угсрах гэрээндээ үлдэгдэл 5,926,400 төгрөгийг бартераар буюу түрээсийн төлбөрт тооцуулахаар дахин гэрээ байгуулах уу. 2019-09-01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу тус гэрээг байгуулагдах буюу 2020-9-7-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацааны түрээсийн төлбөрт сарын 435,000 буюу 12 сарын 5,220,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Үүнээс 2019-09-5-ны өдөр 435,000 төгрөг, 2020-05-13-ны өдөр 315,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг тус тус 2 удаагийн гүйлгээгээр дансаар төлж, 2019 оны Ажил гүйцэтгэх гэрээ-гээр түрээсийн бартерт тооцогдох 2,669,600 төгрөгийг хасаж тооцоод, үлдсэн 4,470,000 төгрөгийг манай талд төлөх үлдэгдэлтэй байсан. 3. Хэдийгээр 2021-02-10-ны өдөр 2121212121212 павильоныг 33333333 утасны дугаартай Б гэдэг хүн манай талд хүлээлгэн өгсөн гэдэг нь Акт-аар харагдаж байгаа хэдий ч павильон дотор хураасан бараа материалаа аваагүй болох нь ХХ-н 67-д авагдсан Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....М групп нь маш том групп, М нь жижиг компани тул юм нийлүүлдэг,мөнгөө нэхэж авч чадаагүй, гэрээ цуцалсан, түрээсийн 1 давхарт нь объект байгаа, 2 давхарт түрээсийн объект гэж байхгүй. Ийм асуудал байгаа тул манай захирал юмаа авч чадахгүй байсан зүйл байгаа юм байна лээ. Иймд очиж авахад хойрго хандсан зүйл байхыг үгүйсгэхгүй гэж хэлсэн нь авагдсан байдаг. Үүнээс харахад павильоноос бараагаа авахгүй, павильоныг суллаж, дараагийн түрээслэгчид хүлээлгэн өгөх боломжгүй байсан нь харагдаж байна. Ийнхүү олон удаагийн шаардлагаар 2022-12-15-нд павильоныг суллаж өгсөн ба үүнээс өмнө нэхэмжлэгч талаас Гэрээ цуцлах талаар ямар нэгэн байдлаар хүсэлт тавьж байгаагүй бөгөөд , павильон хүлээлцсэн гэх 2021 -02-10-ны өдөр павильоноо хүлээлгэж өгье гэсэн боловч доторх бараа материалаа авахгүй, хөл хорионоос шалтгаалж байна, эсвэл хөдөө байна гэсэн шалтгаануудыг хэлсээр ирсэн. Иймд манай зүгээс түрээслэгч нь Түрээсийн гэрээ байгуулагдсан цаг болох 2019-09-01-ны өдрөөс эхлэн павильоныг сулласан 2022-12-15-ны өдрийг хүртэл нийт 4 жил 4 сарын буюу 52 сарын турш түрээсийн үйл ажиллагаа явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан материалууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгээр нотлогдож байна. түрээсийн гэрээний дагуу сар бүр төлөх төлбөр 435,000 төгрөг байсан боловч Ковид цар тахал, хорио цээртэй холбоотой манай байгууллагын зүгээс тодорхой цаг үеүдэд түрээсийн төлбөрийг чөлөөлж ,хөнгөлөлт үзүүлж байсантай холбоотойгоор хэргийн 36-д авагдсан манай талаас гаргасан М ХХК-иас нэхэмжилсэн түрээсийн төлбөр болох 15,296,000 төгрөгийг түрээсийн гэрээ-ний 6.7-д заагдсан Түрээслэгч хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд түрээслүүлэгчийн шаардлагыг хугацаанд нь биелүүлэх үүрэг хүлээнэ. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй бол хөнгөлөлтийг хүчингүйд тооцож, бодит хэлбэрээр эдэлсэн хөнгөлөлтийг гэрээнд зааснаар түрээслүүлэгч талд нөхөн төлнө ...гэсний дагуу Түрээсийн талбайд худалдагч суулгадаггүй, түрээсийн талбайг худалдааны зориулалтаар ашиглах ёстой атал агуулахын зориулалтаар ашигласан гэх үндэслэлээр гэрээний хугацаанд олгосон бүх төрлийн түрээсийн төлбөрийн чөлөөлөлт, хөнгөлөлтийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч талын Бхудалдааны төвийн 1 давхрын 212121212121 павильоныг 52 сарын хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсний түрээсийн төлбөрийг сар бүрийн 435,000 төгрөгөөр тооцон, энэ хугацааны нийт 22,620,000 төгрөгийн төлбөрөөс Түрээслэгч талын төлсөн 2 удаагийн төлөлт болох 750,000 төгрөг, түрээсийн талбайн дэнчин төлбөр болох 297,500 төгрөг, 2019 оны гэрээгээр бартерт тооцох 2,669,600 төгрөг, 2020 оны гэрээгээр бартерт тооцуулах 5,926,400 төгрөг нийт 9,643,500 төгрөгийн төлөлт хийгдсэн гэж үзвэл үлдэгдэл болох 12,976,500 төгрөгийг манай тал буюу Түрээслүүлэгчид төлөх ёстой . Гэвч 2020-09-07-ны өдрийн 55555 тоот гэрээ биелэгдээгүй тул түрээсийн төлбөрийн бартерт тооцох 5,926,400 төгрөгийг гүйцэтгэгч тал болох М ХХК манай талд төлөх ёстой гэж бид үзэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12,976,500 төгрөг дээр ажлын гүйцэтгэлийн хөлс болох 5,926,400 төгрөгийг нэмж тооцон, нийт 18,902,900 төгрөгийн авлагыг манай тал нэхэмжлэгч талаас авах ёстой байсан. Үүнийг нэгэнт мэдсэн М ХХК ажлаа хүлээлцэхгүй, манай талд нэхэмжлэх өгөхгүй, албан шаардлагад хариу ирүүлэхгүй цаг хожиж, шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь шударга ёсонд хэрхэвч нийцэхгүй болно. Нэхэмжлэгч тал хэргийг будлиантуулж, цаг хожиж, өөрсдөдөө ашигтай байдал үүсгэхийн тулд:1. М ХХК нь гэрээгээ цуцалсан хэмээн хэрэгт холбогдолгүй баримт гаргасан, 2. Чип хүлээлгэн өгсөн бичгийг Ажил хүлээлцсэн акт -д тооцуулах гэсэн, 3. 2020 оны гэрээнээс өмнөх түрээсийн төлбөрөө тооцоогүй, өгөхөөс татгалзсан, 4. Гэрээний үр дүн болох ашиглах боломжтой бараа нийлүүлж, угсарч, суурилуулаагүй атлаа хариуцлага хүлээхээс зайлсхийсэн, 5. Ажлын гүйцэтгэл, төлбөр тооцооны асуудал үүсэж буй тус хэрэг нь Хан-Уул дүүргийн 21-р хороо Архивчдын гудамж хаягт байрладаг болохыг мэдсээр байж Баянзүрх дүүргийн Бтөвд хийгдсэн хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны тэмдэглэл-д худал мэдүүлсэн, 6. 2019 оны гэрээ дүгнэгдсэн хэдий ч, нэхэмжлэгч тал НӨАТ-ийн баримтыг одоо хүртэл манай талд гаргаж өгөөгүй, 7. Ажил хүлээлцсэн нь үнэн бол яагаад нэхэмжлэгч тал ,хариуцагч талд 1 ч удаа нэхэмжлэх илгээгээгүйгээ огт тайлбарлаагүй, 8. Нэхэмжлэгч тал Ажлаа гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн бол, яагаад хариуцагч талын Албан шаардлага-д хариу мэдэгдээгүй, 9. Түрээсийн гэрээ цуцлагдсан гэх атлаа, үүнийгээ ямар ч байдлаар нотолж чадаагүйгээс гадна өөрсдөө павильоноос бараагаа авч чадаагүй байгаагаа нэгэнт мэдэгдсэн, гэх зэргээс үзэхэд нэхэмжлэгч тал болох М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн хангуулах хууль, эрх зүйн үндэслэл байхгүйгээс гадна харин ч түрээслүүлэгч, захиалагч ,хариуцагч тал болох М ХХК-д өглөгтэй 18,902,900 төгрөгийн өглөг болох нь дээрх баримтуудаас харагдаж байна. Манай зүгээс 100 автомашинд зориулагдсан үйлдвэрлэлийн зориулалттай хаалга захиалсан хэдий ч, анхнаасаа огт ажилладаггүй, гарал үүсэл нь тодорхойгүй гологдол доголдолтой, чанарын шаардлага хангахгүй 3 ширхэг автомат хаалга болон 1 ширхэг автомат хаалтаа засаж, сайжруулан,үйл ажиллагааг нь жигдрүүлэн, баталгаат хугацааны туршид хариуцах, хүлээлгэн өгөхийг 3 жилийн туршид удаа дараа шаардсаар ирсэн атал нэхэмжлэгч тал шаардлагыг хүлээн авахаас татгалзаж ирсэн тул, чанарын шаардлага хангахгүй ажил, үйлчилгээгээ буцаан татаж, бидний хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэж бид үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан болно... гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн ерөнхий захирал Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...55555 тоот гэрээний 2.2-д М ХХК нь урьдчилгаа 10 хувь буюу 1,481,600 төгрөгийг гэрээ байгуулагдсанаар төлнө гэж заасан боловч дараа нь талууд 3 ширхэг хаалгыг Наран ухаа төслийн барилгын талбайд авчирсны дараа урьдчилгаа мөнгийг шилжүүлэхээр тохирсон. Гэрээний 3.3-д М ХХК нь урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хойш 5 хоногт багтаан нийлүүлж, угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэнэ гэж заасан. М ХХК нь 3 ширхэг хаалгыг М ХХК-ийн төслийн барилгын талбайд 2020-10-02-нд буулгасан тул М ХХК нь 2020-10-19-нд урьдчилгаа 10 хувийн 1,481,600 төгрөгийг М ХХК-д шилжүүлсэн. Тэрний дараа 2020-10-23-ны өдрөөс М ХХК нь хаалга угсралтын ажлыг эхэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын эхээр 3 ширхэг хаалгыг угсарсан тул хүлээж ав гэсэн. Тэгэхэд нь Баянзүрх дүүрэг дэх барилгын гадна автомат хаалтыг хэзээ суурилуулах талаар асуухад 4 метр урттай хаалт одоогоор манайд байхгүй, удахгүй ирнэ гэсэн хариу өгсөн. Тэгээд 3 ширхэг хаалгыг хүлээн авах комисс томилж шалгатал 1 нь ажиллаж, 1 нь огт ажиллахгүй, 1 нь тросс мултарсан гэсэн шалтгаанаар ажиллаагүй. М ХХК нь тэдгээр хаалганы дагалдах бичиг баримт, сертификатыг өгөөгүй тул хаана үйлдвэрлэсэн, аль үйлдвэрийн, ямар хүчин чадалтай талаарх мэдээлэл байхгүй, өгөөгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа байхгүй байсан. 1 хаалга яагаад ажиллахгүй байгааг тэднээс асуухад танайхыг үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байх вий гэж болгоомжлоод бүрэн угсраагүй юм гэсэн. Учир нь 2020 оны 10-р сарын 02-ны өдөр ирэхдээ танайд хаалганы чипийг өгсөн тул бүрэн угсарвал хаалгыг ажиллуулах боломжтой болно гэсэн. Тэд 1 хаалганы троссыг мултрахаас өмнө манайд мэдэгдэх ёстой байсан, гэтэл мэдэгдсэнгүй гэсэн тайлбар хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш хаалгаа засуулах талаар М ХХК-ийн Нтай утсаар ярихад ковид, хил хаалттайгаас болоод ачаа бараа, сэлбэг ирэхгүй байна. Хаалганы тросс ховилоос гарсанд танайх буруутай гэсэн хариу өгсөн. Хөл хорионоос болж М ХХК-ийнхантай биечлэн уулзаж чадахгүй байсан. Түүний дараа 2021 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүрэг дэх барилгын гадна автомат хаалтыг суурилуулсан боловч ажиллуулах чипийг өгөөгүй, хийсэн ажлаа шалгаж хүлээлгэж өгөөгүй. М ХХК нь автомат хаалга, автомат хаалтыг засаж өгөх, ажиллуулах талаар М ХХК-д 2021-06-07, 2022-06-28, 2022-10-17-ны өдрүүдэд албан тоотоор гомдол, шаардлагаа тавьж ирсэн боловч хариу өгч байгаагүй. Гэрээний 6.1-д баталгаат хугацаа 1 жил байна, хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлнэ гэж заасан. Автомат хаалгыг 2020 оны 11 дүгээр сард суурилуулсан боловч түүнээс хойш эвдрэлтэй хаалгаа засаж өгөлгүй 1 жилийн баталгаат хугацаа 2021 оны 11-р сард дууссан. Автомат хаалтыг 2021 оны 4-р сард суурилуулсан боловч удирдах чипийг өгөөгүйгээс ажиллуулах боломжгүй, гомдол, шаардлагыг хүлээж авахгүй, манайд ирж уулзахгүй байсан тул бид эцэст нь буцаан салгаж аваад агуулахад хадгалсан болно. Тэрхүү автомат хаалтын баталгаат хугацаа 2022 оны 4-р сард дууссан. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-д энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж, Иргэний хуулийн 76-р зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2-д шаардах эрх нь баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж, 75-р зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж тус тус заасан болно. Иймд автомат хаалгатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 11-р сард, автомат хаалттай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2025 оны 4-р сард тус тус дуусах юм. М ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, уг доголдлыг арилгуулах талаар удаа дараа гомдол гаргахад засаж өгөөгүй тул М ХХК нь 2020-09-07-ны өдрийн 55555 тоот гараашийн автомат хаалга, хаалт нийлүүлэх, угсрах гэрээг цуцалсан. Иймд уг гэрээний дагуу шилжүүлсэн 1,481,600 төгрөгийг М ХХК-аас шаардах эрхтэй. Мөн уг гэрээний 2.2-д зааснаар гэрээний үнийн дүнгийн 40 хувь буюу 5,926,400 төгрөгийг бартер буюу М ХХК нь М ХХК-д Барилга мегастор худалдааны төвийн 1-212121212121 лангуу буюу талбайг түрээсэлсний төлбөртөө тооцуулахаар тохирсон. М ХХК нь М ХХК-ийн Барилга мегастор худалдааны төвийн 1-212121212121 лангуу буюу талбайг 2019-09-01-ний өдрийн Түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан. Түрээсийн гэрээний 1.2-д түрээсийн гэрээний хугацааг 2019-09-01 -ний өдрөөс 2020-09-01-ний өдөр хүртэл 1 жил гэж заасан боловч гэрээний 1.2-д гэрээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө аль нэг тал гэрээг цуцлах тухай саналыг нөгөө талд албан бичгээр мэдэгдээгүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байна гэж үзнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 55555 тоот гараашийн автомат хаалга, хаалт нийлүүлэх, угсрах гэрээгээр түрээсийн төлбөрийн 5,926,400 төгрөгийг бартераар төлөхөөр тохирсон, мөн М ХХК нь түрээсийн гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар санал гаргаагүй, түрээсийн талбайг үргэлжлүүлэн ашиглаж байсан тул 2020-09-01-ний өдрөөс хойш түрээсийн гэрээ нь тодорхойгүй хугацаагаар сунгагдсан байсан. Түрээсийн гэрээний 7.1-д 1 м.кв талбайн түрээсийн үнэ 25,000 төгрөг, түрээсийн 17 м.кв талбайн түрээсийн төлбөр сард 425,000 төгрөг байсан. Түрээсийн гэрээний 7.5-д цахилгааны тоолуур тавих боломжгүй бол нэг залгуурт сар тутам цахилгааны төлбөр гэж 10,000 төгрөг түрээсийн төлбөр дээр нэмж төлөхөөр заасан тул нэг сарын төлбөр нь нийт 435,000 төгрөг болсон. Түрээсийн гэрээний 7.2-д нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх дэнчин төлөхөөр заасан боловч 297,500 төгрөгийн дэнчин төлсөн. М ХХК нь 2019-09-01-ний өдрөөс 2020-09-01-ний өдөр хүртэл 1 жилийн түрээсийн төлбөрт 5,220,000 төгрөг төлөх ёстой байсан. М ХХК нь 2019-09-05-ний өдөр 435,000 төгрөг тушаасан. Түрээсийн төлбөрт 2020-05-13-ны өдөр 315,000 төгрөг төлсөн, өөр мөнгө төлөөгүй. М ХХК нь түрээсийн төлбөрөө бартераар төлнө гэж М ХХК-тай 2019-10-30-ны өдөр 37 тоот гараашийн автомат хаалга, хаалт нийлүүлэх, угсрах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр М ХХК-ийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, Их тойруу гудамж, 93 хаягт байрлах барилгын В2 давхарт гараашийн автомат хаалга 1 ширхэг, Барилга мегастор худалдааны төвийн гадна зогсоолд автомашины автомат хаалт 1 ширхгийг тус тус суурилуулж өгөхөөр болсон. Уг гэрээний үнийн дүн 6,674,000 төгрөг байсан бөгөөд М ХХК нь үнийн дүнгийн 60 хувь болох 4,004,400 төгрөгийг урьдчилгаа болгон авч, үлдэгдэл 40 хувь болох 2,669,600 төгрөгийг 2019 оны 10, 11, 12-р сар, 2020 оны 1, 2, 3-р сарын буюу нийт 6 сарын түрээсийн төлбөртөө тооцуулсан. 2019- 09-01-ний өдрөөс 2020-09-01-ний өдөр хүртэл 1 жилийн түрээсийн төлбөр 5,220,000 төгрөгөөс эхний сарын 435,000 төгрөгийг өөрсдөө төлсөн, дараагийн 6 сарын түрээсийн төлбөрт 2,669,600 төгрөгийг бартераар тооцож, анхны 2019-10-30-ны өдрийн 37 тоот гараашийн автомат хаалга, хаалт нийлүүлэх, угсрах гэрээ-ний төлбөр тооцоо дууссан. Мөн 2020-05-13-ны өдөр 315,000 төгрөгийг бэлнээр төлсөн тул нийт 3,419,600 төгрөгийн төлөлт хийгдэж, 2020-09-01-ний өдрийн байдлаар эхний жилийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл өр нь 1,800,400 төгрөг байсан. 55555 тоот гараашийн автомат хаалга, хаалт нийлүүлэх, угсрах гэрээгээр түрээсийн төлбөрийн 5,926,400 төгрөгийг бартераар төлөхөөр тохирсон тул үүнээс өмнөх түрээсийн өр 1,800,400 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4,126,000 төгрөгийн 2,610,000 төгрөг нь 2020 оны 9, 10, 11, 12, 2021 оны 1, 2-р сарын түрээсийн төлбөрийн өрөнд суутгагдсан. Үлдэгдэл 1,516,000 төгрөг нь 2021 оны 2-р сард түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн талбайг суллаж өгөхгүй, хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих 2021 оны 3, 4, 5, 6-р сарын төлбөрт Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-д заасны дагуу суутгагдсан байсан. Иймд М ХХК нь 2020-09-07-ны өдрийн 55555 тоот гараашийн автомат хаалга, хаалт нийлүүлэх, угсрах гэрээний бартерын үнийн дүн буюу 5,926,400 төгрөгийг уг гэрээний дагуу шилжүүлсэн 1,481,600 төгрөгийн хамт М ХХК-аас шаардах эрхтэй. Иймд 7,408,000 төгрөгийг М ХХК-аас манайд гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...2020.09.7-ны өдрийн 55555 тоот гэрээ байгуулагдаж талууд гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон. Уг гэрээний 3.2-т нийлүүлэгч нь барааг гэрээний 2.2.т заасны дагуу урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хойш 5 хоногт багтаан нийлүүлж угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэнэ гэж заасны дагуу М ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөр болох 1,481,600 төгрөгийг 2020.10.19-нд М ХХК-ийн Голомт банкны 111111111 тоот дансанд шилжүүлсэн хэдий ч М ХХК нь өөрийн хөрөнгөөр гараашийн хаалт, хаалгыг худалдан авч 2020.10.02-ны өдөр М ХХК-ийн нисэхэд байрлалтай орон сууцанд 3 хаалга, Бтөвийн авто зогсоолд 1 хаалтыг суурилуулж өгсөн. 2020.09.07-ны өдрийн 55555 тоот гараашийн хаалга, авто зогсоолын автомат хаалт нийлүүлэн, угсрах гэрээний 5.1.2-т Захиалагч нь барааг болон гүйцэтгэсэн ажил үйлчилгээг энэхүү гэрээнд заасан хугацаанд шуурхай хүлээж авах гэж заасны дагуу 2020.10.02-ны өдөр М ХХК нь барааг угсарч суурилуулаад М ХХК-аас хүлээн авахыг асуухад мужаан Эрдэмбилэгт хүлээлгэн өгөхийг зааварласны дагуу мужаан Эрдэмбилэгтэй ажил хүлээлцэх акт үйлдэж туршилт хийлгэснээр гэрээний үүргээ биелүүлж бүрэн дуусгасан. 2020.09.7-ны өдрийн 55555 тоот гэрээний 2.2-т ....5,926,400 төгрөгийг Бартераар М ХХК-ийн 1-212121212121 лангууны түрээсийн төлбөрт тооцно гэж заасан нь бодит байдал дээр хэрэгжээгүй. Тодруулбал 2019.09.01-нд Түрээсийн гэрээ байгуулагдаж 2019.10.24-нд Павильоныг актаар хүлээж авсан /хх 49/ Уг түрээсийн гэрээний 8.2-т Энэ гэрээний 8.1-т зааснаас бусад тохиолдолд гэрээг цуцлах тал нь нөгөө талдаа 30-аас доошгүй хоногийн өмнө албан бичгээр гэрээг цуцлах тухайгаа мэдэгдэнэ гэж зааснаар 2020.01.10-ны өдрийн 23 тоот албан бичгээр Түрээсийн гэрээг цуцлах саналыг М ХХК-д гаргаж /хх 50/, 2020.02.10-ны өдөр Павильон хүлээлцэх акт үйлдэж павильоноо хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээний дагуу М нь 2019.10.24-2020.02.10-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд ашигласан. 1 сарын түрээсийн төлбөр 435,000 төгрөг байх бөгөөд 4 сарын төлбөр нь 1,740,000 төгрөг байна. Үүнээс М ХХК нь барьцаа төлбөрт 297,500 төгрөг, түрээсийн эхний сарын төлбөрт 435,000 төгрөг 2019 оны 10,11,12 сарын төлбөрт 1,305,000 төгрөгийг 2019 оны №37 тоот гэрээний дагуу суутгуулж, 2020 оны 01, 02 дугаар сарын төлбөрийг мөн 2019 оны №37 тоот гэрээний дагуу үлдэгдэл 1,364,400 төгрөгөөс суутгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-9, 49-54-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 21-37, 66-67-р тал, 145-147-р тал.

Шүүхийн журмаар нотлох баримт: гэрчийн мэдүүлэг 94-95, үзлэгийн тэмдэглэл 148-149-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 13,334,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа алдангид 6,667,200 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт үндсэн төлбөрт 13,334,400 төгрөг, алдангид 6,667,200 төгрөг, нийт 20,001,600 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч тал хийсэн ажил доголдолтой, бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй, ажлыг актаар хүлээж аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Зохигчдын хооронд 2020 оны 09 сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал БЗД-ийн 1-р хороо Бхудалдааны төвийн гадна талбайн хаалт 1 ширхэг, Нисэхэд баригдаж байгаа Наран ухаа төслийн барилгад гараашийн автомат хаалга 3 ширхгийг урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хойш 5 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч нь үнийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Гэрээний 2.2, 3.2-т зааснаар захиалагч тал болох М ХХК 2020 оны 10 сарын 19-нд урьдчилгаа төлбөр болох 1,481,600 төгрөгийг ажил гүйцэтгэгч М ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь М ХХК-ийн Голомт банкны 111111111 тоот дансны хуулгаар тогтоогдож байх тул ажил гүйцэтгэгч М ХХК ажлыг 2020 оны 10 сарын 24-нд дуусгах үүрэгтэй байна.

 

Ажил гүйцэтгэгч М ХХК нь 2020 оны 10 сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдрийн хооронд М ХХК-ийн БЗД-ийн 1-р хороо Бхудалдааны төвийн гадна талбайн хаалт 1 ширхэг, Нисэхэд баригдаж байгаа Наран ухаа төслийн барилгад гараашийн автомат хаалга 3 ширхгийг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримт, гэрч Ү.Эийн ...3 хаалганы 6 удирдлага өгсөн, намайг авчих гэсэн учир аваад няравт дамжуулан өгсөн... гэх, С.Шийн ...3 хаалга суурилуулсан, гацаад ажиллахгүй байсан, би хүлээн авах эрх бүхий хүн биш... гэх, Ц.Нийн ...цахилгааны утас ирээгүй байсан, өөрсдөө уртасгагч татаж, суурилуулсан, төв тог ирэхээр нь удирдлагын хэсгийг нь өөрсдөө цахилгаанд холбоно гэж хэлсэн, үүнээс хойш хаалга ажиллахгүй байна гэж манайд мэдэгдээгүй... гэх мэдүүлгүүд, ажил хүлээлцсэн акт, рапортын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэрээгээр урьдчилгаа төлбөр 10 хувь буюу 1,481,600 төгрөг, 40 хувь бартер буюу лангууны түрээсийн төлбөрт тооцох 5,926,400 төгрөг, ажлыг хийж дуусгасны дараа 50 хувь буюу 7,408,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байна.

 

М ХХК 2020 оны 10 сарын 19-нд урьдчилгаа төлбөр болох 1,481,600 төгрөгийг ажил гүйцэтгэгч М ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь М ХХК-ийн Голомт банкны 111111111 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

Гэрээний хавсралтаар 2020 оны 9 сараас хөнгөлөлттэй үнээр лангууг сард 345,680 төгрөгөөр тооцож түрээслэн, 40 хувь болох 5,926,400 төгрөгийг тооцохоор тохиролцсон байх боловч талууд түрээсийн гэрээг байгуулаагүй, М ХХК-иас М ХХК-д 2020 оны 9 сард лангууг хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Гэрч Ц.Н нь М ХХК-ийн захирал Ц.Нын төрсөн дүү байх ба Монгол Улсын Үндсэн хуулинд заасан гэр бүл садан төрлийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул гэрч Ц.Нийн ...2020 оны 9 сард М ХХК Барилга мега сторид лангуутай байсан... гэх мэдүүлгийг үнэлэх боломжгүй.

Талуудын хооронд урьд буюу 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээслүүлэгч тал 2020.01.10-нд гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн, үүний дагуу түрээслэгч 2020.02.10-нд павильоныг хүлээлгэн өгч гарсан болох нь түрээсийн гэрээ, түрээсийн павильон хүлээлцэх акт, М ХХК-ийн 2020.01.10-ны 23 дугаартай гэрээ цуцлах мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хх-21-31, 50/

 

Захиалагч гэрээний 2.2-т заасан төлбөрөөс бартераар тооцох 5,926,400 төгрөг, ажлыг хийж дуусгасны дараа төлөх 7,408,000 төгрөг, нийт 13,334,400 төгрөгийг төлөөгүй буруутай байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... ажлыг актаар хүлээлцээгүй, бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй, доголдолтой байсан, ажлаа чанаргүй хийсэн... гэж тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байх тул ажил гүйцэтгэгч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар дагалдах бичиг баримтыг заавал хүлээлгэн өгөх үүрэггүй байна.

 

Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь зогсоолын хаалт, гараашийн автомат хаалгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар М ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

М ХХК-ийн 2021.06.07-ны 141, 2022.06.28-ны 332, 2022.10.17-ны 430 дугаартай албан бичигт дурдсан зөрчлүүдээс үзвэл, гэрээний зүйл болох хаалт, хаалгыг бүхэлд нь биет байдлын доголдолтой гэж үзэхээргүй байх бөгөөд уг шаардлагыг М ХХК-д хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар гэрээнд заасан ажлын үр дүн болох хаалт, гараашийн хаалгануудыг хийж гүйцэтгэсэн үеэс зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн, ашиглах боломжтой, ашиглаж байгааг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т зааснаар ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Гэрээний 6.1-д хийгдсэн ажлын чанарын доголдлын баталгаа 12 сар буюу 1 жил байхаар заасан байх бөгөөд хариуцагч тал хаалгыг доголдолтой хийсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаараа нотлоогүй, гэрээнд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 352.2.3-т заасан шаардлагыг гаргах эрх нь нээлттэй байсан байна.

 

Нэхэмжлэгч талын ...Гараашийн хаалганы удирдлагын хэсэгт тог ирээгүй байсан, өөрсдөө тог ирэхээр удирдлагын хэсгийг холбоно гээд зөвшөөрөөд суурилуулсан... гэх тайлбар үндэслэлтэй, энэ нь хариуцагч талын ... өвөл болж байсан, улсын комисс ажиллах байсан учир гараашийн хаалгыг яаралтай суурилуулах хэрэгцээ шаардлага байсан... гэх тайлбараар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

Талууд гэрээний 8.1-д захиалагч энэ гэрээгээр тогтоосон хугацааны дотор барааны үнийг төлөхгүй саатуулбал хугацаа хожимдуулсан хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх-өөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй ба 2020.09.01-ний өдрөөс түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцож байгуулсан нь тогтоогдоогүй тул бартер буюу лангууны түрээсийг төлбөрт тооцохоор тохирсон 5,926,400 төгрөгөөс алданги тооцох үндэслэлгүй байна.

Бэлнээр төлөхөөр тохирсон 7,408,000 төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй байх ба алдангийг ажил гүйцэтгэж дууссан буюу 2020 оны 10 сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах 2023 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл бодоход 16,149,440 төгрөг /7,408,000*0.2%=14,816х1090хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 13,334,400 төгрөг, алдангид 3,704,000 төгрөг, нийт 17,038,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 2,963,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

Хариуцагч М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч М ХХК-д холбогдуулан урьдчилгаа төлбөрт төлсөн 1,481,600 төгрөг, түрээсийн төлбөрт 5,926,400 төгрөг, нийт 7,408,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч тал ажлыг хийсэн, лангууг түрээслээгүй гэх үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй,

355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

 

Ажил гүйцэтгэгч тал гэрээний 1-ийн 1-д заасан ажлыг хийхээс өмнө захиалагч тал гэрээг цуцалсан, захиалагч тал гэрээг цуцалж хохирол шаардах эрх үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул урьдчилгаанд төлсөн 1,481,600 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Хариуцагч тал өөрсдийн үйлдсэн хэргийн 50-р хуудсан дахь гэрээ цуцлах мэдэгдэл, хэргийн 31-р хуудсан дахь 22021.02.10-ны түрээсийн павильон хүлээлцэх акт гэх 2 баримтаа няцаасан баримтыг хэрэгт өгөөгүй.

Талууд 2020 оны 9 сарын 1-ний өдрөөс түрээсийн гэрээг байгуулаагүй, улмаар М ХХК түрээсийн павильоныг бодитоор эзэмшиж, ашигласан болох нь тогтоогдоогүй тул М ХХК түрээсийн төлбөрт 5,926,400 төгрөгийг М ХХК-д төлөх үүрэг үүсээгүй байна.

Иймд хариуцагч М ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 1,481,600 төгрөг, түрээсийн төлбөрт 5,926,400 төгрөг, нийт 7,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 346,672 төгрөг, хариуцагчаас төлсөн 133,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан 17,038,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 243,142 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 17,038,400 /арван долоон сая гучин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,963,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 7,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 346,672 төгрөг, хариуцагчаас төлсөн 133,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 243,142 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ