Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00335

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00335

 

МХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/05351 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: МХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: МХХК-д холбогдох,

20,001,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

7,408,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Т, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. МХ ХХК нь МХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гражийн хаалга, авто зогсоолын автомат хаалт нийлүүлэн, угсрах гэрээгээр МХ ХХК нь МХХК-ийн эзэмшлийн Барилга мега стор төвд гараашийн автомат хаалт нийлүүлж, угсарч, тус ажлыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгөх, МХХК нь ажлын хөлсөнд 14,816,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Захиалагч МХХК нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 1,481,600 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай компанийн дансанд шилжүүлсэн. Гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 40 хувь буюу 5,926,400 төгрөгийг бартераар буюу манай компани нь Барилга мега стор төвд лангуу түрээслэх байдлаар тохиролцсон. Гэвч тус төв нь засвар хийгдэх болсон тул лангуу түрээслэх боломжгүй болсон. Мөн захиалагч тал нь гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 7,408,000 төгрөгийг бараа материалыг нийлүүлж, угсарч, ажил хүлээлцэх акт үйлдсэнээр төлөхөөр харилцан тохиролцсон.

Бид ажлыг бүрэн гүйцэтгэж 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус компанид шилжүүлж өгсөн боловч МХХК нь төлбөрөө төлөөгүй.

Иймд захиалагч МХХК-аас гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүн болох 13,334,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Гэрээний 8.1-т захиалагч энэ гэрээгээр тогтоосон хугацааны дотор барааны үнийг төлөхгүй саатуулбал хугацаа хожимдуулсан хоног тутам төлбөл зохих үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө гэж тохиролцсон тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13,334,400 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх алданги тооцвол 29,681,484 төгрөг болох ба хуульд нийцүүлэн 6,667,200 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү.

1.3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл байхгүй. Мөн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаагүй.

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. МХ ХХК нь манай компанийн Барилга мега стор төвийн 1 давхрын 17 м.кв талбай бүхий 21Б павильоныг түрээслэн гараашийн автомат хаалга, хаалт худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Өөрсдийнх нь гаргасан хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрийн оронд тэдний үйлчилгээг авахаар 3 ширхэг гараашийн автомат хаалга, 1 ширхэг авто зогсоолын автомат хаалт авахаар, 14,816,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан.

Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулагдаж, ажлыг 5 хоногт багтаан нийлүүлж, угсарч, хүлээлгэн өгнө гэсэн боловч хаалга нь манай барилгын талбайд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буусан. Гүйцэтгэгч тал манай барилгын төслийн талбайд 3 ширхэг автомат хаалгыг өөрсдийн унаагаар тээвэрлэн авчирч, буулгаад, ямар ч сав баглаа боодолгүй хэдэн хэсэг ачаа болон 3 ширхэг чип буюу хаалганы түлхүүрийг манай компанид мужаанаар ажилладаг Ү.Эрдэмбилэгт үлдээсэн.

2020 оны 11 дүгээр сарын эхээр 3 ширхэг автомат хаалгыг угсарсан тул хүлээж ав гэсэн бөгөөд ажлыг нь хүлээн авахаар шалгатал 3 хаалганаас 1 нь ажиллаж, 1 нь тросс мултарсан гэсэн шалтгаантай ажиллахгүй, 1 нь огт ажиллахгүй байсан. Энэ үеэс доголдлын талаар гэрээний 6.2.1, 6.2.2, 6.2.4-т зааснаар шаардлага тавьсаар 3 жилийн хугацаа өнгөрсөн.

2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөх байсан ажлаас 1 ширхэг автомат хаалтыг 5 сарын дараа Барилга мега стор төвийн гадаа ид хөл хорионы үе буюу 2021 оны 4 дүгээр сард угсарсан гэх боловч тухайн үед хэнд ч хүлээлгэн өгөөгүй ба тухайн хаалтны чипийг ч өгөөгүй, хаалт нь анхнаасаа огт ажиллаагүй ба тухайн хаалтыг ажиллагаатай болгон хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал манай шаардлагыг хүлээн аваагүй тул тэрхүү хаалтыг буулган барилгын хашаандаа одоог хүртэл хадгалсаар ирсэн.

Манай талаас гүйцэтгэгчийн нийлүүлж, суурилуулсан ажил ажиллагаагүй болохыг 2021 оны 06 дугаар сарын 07, 2022 оны 06 дугаар сарын 28, 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд албан бичгээр мэдэгдэж байсан хэдий ч гүйцэтгэгч талаас хариу мэдэгдэл өгөөгүй.

2.2. МХ ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ засварын ажилтай холбоотой цуцлагдаж байгаагүй. Нэхэмжлэгч нь павильоныг ашигласаар байсан нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр н.Батням 21Б павильоныг хүлээн авсан бөгөөд тэрээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр актаар хүлээлгэн өгснөөр нотлогддог..

2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 21Б павильоныг 52 сарын хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсний түрээсийн төлбөрийг сар бүрийн 435,000 төгрөгөөр тооцон, энэ хугацааны нийт 22,620,000 төгрөгийн төлбөрөөс 2 удаагийн төлөлт болох 750,000 төгрөг, дэнчин 297,500 төгрөг, 2019 оны гэрээгээр бартерт тооцох 2,669,600 төгрөг, 2020 оны гэрээгээр бартерт тооцуулах 5,926,400 төгрөг, нийт 9,643,500 төгрөгийн төлөлт хийгдсэн гэж үзвэл үлдэгдэл 12,976,500 төгрөгийг түрээслүүлэгчид төлөх ёстой .

Гэвч 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ биелэгдээгүй тул түрээсийн төлбөрийн бартерт тооцох 5,926,400 төгрөгийг МХ ХХК төлөх ёстой гэж үзэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12,976,500 төгрөг дээр нэмж тооцон, нийт 18,902,900 төгрөгийг нэхэмжлэгч талаас авах ёстой байсан.

2.3. МХХК нь автомат хаалга, автомат хаалтыг засаж өгөх, ажиллуулах талаар МХ ХХК-д удаа дараа гомдол, шаардлагаа тавьж ирсэн боловч хариу өгч байгаагүй. Гэрээний 6.1-д баталгаат хугацаа 1 жил байна, хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлнэ гэж заасан. Автомат хаалгыг 2020 оны 11 дүгээр сард суурилуулсан боловч түүнээс хойш эвдрэлтэй хаалгаа засаж өгөлгүй 1 жилийн баталгаат хугацаа 2021 оны 11 дүгээр сард дууссан. Автомат хаалтыг 2021 оны 4 дүгээр сард суурилуулсан боловч удирдах чипийг өгөөгүйгээс ажиллуулах боломжгүй, гомдол, шаардлагыг хүлээж авахгүй, манайд ирж уулзахгүй байсан тул бид эцэст нь буцаан салгаж аваад агуулахад хадгалсан. Автомат хаалтын баталгаат хугацаа 2022 оны 4 дүгээр сард дууссан.

Автомат хаалгатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 11 дүгээр сард, автомат хаалттай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2025 оны 4 дүгээр сард тус тус дуусна. Доголдлыг арилгуулах талаар удаа дараа гомдол гаргахад засаж өгөөгүй тул МХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээг цуцалсан.

Уг гэрээний дагуу шилжүүлсэн 1,481,600 төгрөгийг МХ ХХК-аас шаардах эрхтэй. Мөн уг гэрээний 2.2-д зааснаар гэрээний үнийн дүнгийн 40 хувь буюу 5,926,400 төгрөгийг бартер буюу МХ ХХК нь МХХК-д Барилга мегастор худалдааны төвийн 1-21Б лангуу буюу талбайг түрээсэлсний төлбөртөө тооцуулахаар тохирсон боловч гэрээ биелэгдээгүй учир түрээсийн гэрээний төлбөр 5,926,400 төгрөгийг мөн шаардана.

Иймд гэрээний бартерын үнийн дүн буюу 5,926,400 төгрөгийг, урьдчилгаанд шилжүүлсэн 1,481,600 төгрөгийг, нийт 7,408,000 төгрөгийг МХ ХХК-аас гаргуулж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МХХК-иас 17,038,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,963,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МХ ХХК-иас 7,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 346,672 төгрөг, хариуцагчаас төлсөн 133,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХХК-иас 243,142 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МХ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон. Талуудын байгуулсан гэрээгээр МХ ХХК нь 3 ширхэг, 5 мм зузаантай гараашийн хаалганы хавтас, үйлдвэрийн зориулалттай гараашийн хаалганы моторын хамт нийлүүлэх, тэдгээрийг нисэхэд баригдаж буй орон сууцны барилгад суурилуулах барилгын ажил гүйцэтгэх, мөн Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах Барилга мегастор төвийн гаднах автомашины зогсоолд алсын удирдлагатай, 3 ширхэг түлхүүртэй автомат хаалт 1 ширхэгийг суурилуулах үүрэг хүлээсэн. Гэрээний 4.1.3-д зааснаар нийлүүлэх бараа нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан чанарын шаардлага хангасан байх ёстой.

МХ ХХК нь гараашийн хаалга, түүний бүрэлдэхүүн хэсгүүд /мотор, гинж г.м./-ийн гарал үүслийн гэрчилгээ, холбогдох баримт бичгүүдийг хүлээлгэн өгөөгүй. Тиймээс ямар байгууллагад, хэзээ үйлдвэрлэгдсэн, ямар хүчин чадалтай, ямар стандартад нийцэж байгааг батлах сертификат, гэрчилгээ зэрэг баримт бичгүүдийг хариуцагч нь нэхэмжлэгчээс удаа дараа шаардсан.

Нэхэмжлэгч өөрийн импортоор оруулж ирсэн гараашийн хаалгуудыг хариуцагчид худалдаж, суурилуулж өгөх ажлыг гүйцэтгэсэн тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ганц баримт нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажил хүлээлцэх акт юм. Уг актад автомашины гараашийн автомат хаалгыг угсарч, суурилуулсан, туршилт хийснээр хүлээлгэн өгөв гэж бичигдсэн боловч хариуцагчаас гаргаж өгсөн харуулын рапортын дэвтэр, гэрч С.Шижир нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар уг ажил хүлээлцэх акт хуурамч нотлох баримт гэдэг нь нотлогдсон. Уг актад гарын үсэг зурсан Ц.Нарандэлгэр нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал хэлсэн бөгөөд суурилуулах ажлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн байдаг.

Гэрч Ц.Нарандэлгэр, С.Шижир нарын цахилгааны утас татсан болон ажил гүйцэтгэсэн өдрийн талаарх мэдүүлгүүд зөрүүтэй байхад худал хэлсэн Ц.Нарандэлгэрийн мэдүүлгийг шүүх үнэлж, С.Шижирийн мэдүүлгийг яагаад үнэн зөв биш гэж үнэлсэн талаараа шийдвэртээ дурдаагүй.

4.2. Гараашийн хаалга суурилуулах ажил нь Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажил болон барилгын материалд тооцогдоно.

Иймд хариуцагчийн барьж буй орон сууцны барилгын автомашины гараашийн гарал, үүсэл, тохирлын гэрчилгээгүй барилгын материалыг суурилуулах, ашиглах нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий гараашийн хаалганы дагалдах бичиг баримтыг заавал хүлээлгэн өгөх үүрэггүй байна гэж дүгнэсэн нь Барилгын тухай хуульд нийцэхгүй байна.

4.3. Гараашийн 3 хаалганы 1 нь огт ажилладаггүй буюу онгойдоггүй, 1 нь тросс нь мултарснаас болж ажилладаггүй, 1 нь гацалттай ажилладаг бөгөөд шүүхийн маргаан үүссэний дараа мэргэжлийн байгууллагаар шалгуулахад 3 хаалга нь бүгд гэрээнд заасан зориулалтын бус тоноглолтой, хаалганы гол эд анги болох моторын хүчин чадлыг тодорхойлох баримт бичиг нь байхгүй тул моторыг үйлдвэрийн зориулалттай эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.

Хариуцагч нь 1 жилийн баталгаат хугацаандаа буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 141 тоот албан бичгээр эвдрэл, гэмтэлтэй хаалгыг засварлах, доголдлыг арилгах шаардлагыг нэхэмжлэгчид тавьсан боловч нэхэмжлэгч нь ирээгүй буюу доголдлыг арилгаагүй.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг гэрээнд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй, шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан гэж дүгнэхдээ хариуцагчийн гаргаж өгсөн, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн талаарх нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй.

4.4. Шүүх 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн алданги тооцож, алдангид 3,704,000 төгрөг хариуцагчаас гаргуулах шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 3 ширхэг гараашийн хаалга суурилуулах ажлыг 2020 оны 11 дүгээр сарын эхээр дуусгасан боловч холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй, 1 ширхэг зогсоолын автомат хаалтыг 2021 оны 4 дүгээр сард суурилуулсан боловч алсын удирдлага, түлхүүрийг хүлээлгэн өгсөн баримтгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-д "Захиалагч энэ гэрээгээр тогтоосон хугацааны дотор барааны үнийг төлөхгүй саатуулбал хугацаа хожимдуулсан хоног тутам төлбөл зохих үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө" гэж заасан бөгөөд "энэ гэрээгээр тогтоосон хугацаа" гэдэг нь гэрээний 2.2 болон 5.1.1-д заасан хугацаагаар тодорхойлох юм.

Талууд ажил хүлээлцэх акт үйлдээгүй, нэхэмжлэгч нь мөн 5.1.1-д заасан төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид өгч байгаагүй тул 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс алданги тооцох, тэр тусмаа алданги тооцож эхлэх өдөр тодорхойгүй байхад алданги тооцох үндэслэл байхгүй.

4.5. Талуудын хооронд байгуулагдсан гражийн автомат хаалга, хаалт нийлүүлэх, угсрах гэрээгээр түрээсийн төлбөрийн 5,926,400 төгрөгийг бартераар төлөхөөр тохирсон, мөн нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар санал гаргаагүй байсан. Нэхэмжлэгч анх хүлээн авсан талбайгаа үргэлжлүүлэн ашиглаж байсан тул 2020 оны 9 дүгээр сард дахин лангууг хүлээлгэн өгөх, тэр талаар баримт үйлдэх шаардлагагүй байсан. Анх 2019 оны 9 дүгээр сард лангууг хүлээлгэн өгсөн, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр лангууг буцааж хүлээж авсан баримтуудыг хариуцагч шүүхэд өгсөн байхад уг баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй.

Мөн нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар гаргаж өгсөн, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 345,680 төгрөгийн түрээсийн төлбөрийн нэхэмжлэх нь тухайн гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч түрээсийн лангууг ашиглаж, түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрөө нэхэмжилж байсныг нотолж байна.

Нэхэмжлэгч гэрээ байгуулах үедээ түрээсийн лангууг ашиглаж байсны бас нэг нотолгоо нь гэрч Ц.Нарандэлгэрийн өгсөн 2020 оны 09 дүгээр сард МХ ХХК нь Барилга мега сторт лангуутай байсан гэх мэдүүлэг юм. Гэтэл шүүх уг гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

4.6. Захиалагч нь гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэж дууссан ч доголдлыг арилгахтай холбоотой нэмэлт үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээ цуцлах эрхтэй. Хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоож, үр дүн гараагүй үндэслэлээр гэрээ цуцалж, хөөн хэлэлцэх хугацааны дотроо мөнгөө буцааж шаардсан нь нэхэмжлэгч талд өгсөн албан бичгүүдээр нотлогддог. Иймд шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн.

Мөн хариуцагч нь мэргэжлийн байгууллагаар шалгуулахад 3 хаалга нь бүгд гэрээнд заасан зориулалтын бус тоноглолтой, хаалганы гол эд анги болох моторын хүчин чадлыг тодорхойлох баримт бичиг нь байхгүй тул моторыг үйлдвэрийн зориулалттай эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч нь хаалганы гол эд анги болох моторын хүчин чадлыг тодорхойлох баримт бичгийг гаргаж өгөөгүй бөгөөд хаалганд суурилуулсан моторууд нь амины орон сууцны биш, үйлдвэрийн зориулалт, хүчин чадалтай гэдгийг нотлоогүй.

Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн лангууг буцаан хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурсан ч түрээсийн талбай доторх бараа материалаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл аваагүй буюу суллаж өгөөгүй. Тиймээс хариуцагч нь 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрт 3,389,080 төгрөг, 2021 оны 02 дугаар сараас хойш түрээсийн талбайг суллаж өгөөгүй, хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих төлбөрт 2021 оны 08 дугаар сар хүртэлх хохирол 2,537,320 /386,750 төгрөг*7 сар/ төгрөг, нийт 5,926,400 төгрөгийг, урьдчилгаа төлбөр 1,481,600 төгрөгийн хамт 7,408,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэл нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Түрээсийн гэрээ үргэлжилсэн асуудал байхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч МХ ХХК нь хариуцагч МХХК-д холбогдуулан 20,001,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 7,408,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Гражийн хаалга, автозогсоолын автомат хаалт нийлүүлэн, угсрах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр МХ ХХК нь 1 ширхэг автомат хаалт, 3 ширхэг автомат хаалгыг нийлүүлэх, угсарч суурилуулахаар, МХХК нь төлбөр 14,816,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулан дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулна.

Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь төрлийн шинжтэй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг гэрээний талууд хүлээдэг. Өөрөөр хэлбэл, автомат хаалт, хаалгыг угсарч суурилуулсан нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нь ажлын үр дүнг бий болгоогүй, харин худалдах, худалдан авах гэрээний дагуу барааг бэлтгэн нийлүүлж, хүлээлгэн өгсөн үйлдэл тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарахгүй. Иймд давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

3.1. Хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажил хүлээлцэх акт болон хариуцагчаас гаргаж өгсөн гэрч Ү.Эрдэмбилэг, С.Шижир нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан 1 ширхэг автомат хаалт, 3 ширхэг автомат хаалгыг нийлүүлэх, угсарч суурилуулах үүргээ гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон байна /хх 9, 94-95, 66-67,163-172/.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчээс 1 ширхэг автомат хаалт, 3 ширхэг автомат хаалгыг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд зөвхөн биет байдлын доголдол болон дагалдах үүргийн талаар маргасан.

Иймд анхан шатны шүүх урьдчилгаанд төлсөн 1,481,600 төгрөгийг хасч тооцон 13,334,400 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байна.

3.2. Хариуцагч нь худалдан авсан барааны биет байдлын доголдлын талаар маргасан боловч гэрээний 6.1-д заасан баталгаат хугацаанд болон Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд доголдлын талаарх шаардлага гаргаагүй байна.

Хэрэгт эд хөрөнгийн доголдлын талаарх МХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 141, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 332, 10 дугаар сарын 17-ны өдрийн 430 тоот албан бичгүүд авагдсан боловч нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь нотлогдоогүй буюу нэг талын баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлэхгүй /хх 28-30/.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, үйлдвэрлэгчтэй холбогдсон мэдээллийг худалдан авагчид өгсөн нь баримтаар тогтоогдоогүй, энэхүү үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрх хариуцагчид нээлттэй. Уг үүргийг нэхэмжлэгч гүйцэтгээгүй нь хариуцагчийг худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээс чөлөөлөхгүй.

3.3. Гэрээний 2.2-т заасан лангууг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч ашиглуулж гэрээний төлбөрийн 40 хувь буюу 5,926,400 төгрөгийн төлбөрийг төлсөн гэх хариуцагчийн татгалзал, гомдлыг хангахгүй.

Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө талууд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан байна. Энэхүү түрээсийн гэрээг түрээслүүлэгч МХХК 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 тоот албан бичгээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр цуцалж байгааг мэдэгдэж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Барилга мега стор төвийн түрээсийн павильон хүлээлцэх актаар МХ ХХК нь түрээсийн талбайг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна /хх 21-27, 31, 50/.

Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг Барилга мега стор төвд талбай үргэлжлүүлэн түрээсэлж байсан гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэргийн 7 дахь тал буюу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад авагдсан МХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн түрээсийн төлбөрийн нэхэмжлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээний үргэлжилж байсныг нотлохгүй.

Мөн нэхэмжлэгч талын асуулгасан гэрч Ц.Нарандэлгэрийн 2020 оны 09 дүгээр сард манай байгууллага Барилга мега стор төвд байрлаж байсан гэх мэдүүлэг нь бичгийн бусад баримтаар нотлогдоогүй тул түүний мэдүүлгийг үнэлээгүй анхан шатны шүүхийн нотлох баримт үнэлэх ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүх алданги 6,667,200 төгрөг гаргуулах шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Талуудын байгуулсан гэрээний 8.1-д заасан алданги тооцох зохицуулалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Гэрээнд заасан 4 ширхэг эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болохоо нэхэмжлэгч нь баримтаар нотолсон. Гэхдээ эдгээр эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн хугацаа харилцан адилгүй байгаагаас шалтгаалан алдангийг хэрхэн тооцох эсэх нь маргаантай байна.

Хэргийн баримтаар 3 ширхэг автомат хаалгыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч хүлээн авсан болох нь тогтоогдсон. Энэхүү өдөр нэхэмжлэгч нь 1 ширхэг автомат хаалтыг мөн хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан уг хугацаанаас үүргийн зөрчил үүссэн гэх агуулгаар алданги шаардсан боловч тухайн өдөр автомат хаалтыг хүлээлгэн өгсөн болох нь нотлогдоогүй. Харин нэхэмжлэгчийн хариуцагчид 1 ширхэг автомат хаалтыг хүлээлгэн өгсөн үйл баримт гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үүргийн зөрчил хэзээ үүссэн, алдангийг хэзээнээс эхэлж тооцох болохыг баримтаар нотлоогүй байна. Учир нь гэрээний үүргийг бүрэн хүлээлгэж өгсөн хугацаанаас эхлэн хариуцагчийн төлбөр төлөх үүрэг үүснэ.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 6,667,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй.

Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

5. Хариуцагч нь доголдлын улмаас гэрээ цуцлагдсан үндэслэлээр урьдчилгаа төлбөрт төлсөн 1,481,600 төгрөг, түрээсийн төлбөрт 5,926,400 төгрөг, нийт 7,408,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсанчлан хариуцагч нь хүлээн авсан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээ цуцлах шаардлага гаргах эрхийг эдлэх урьдчилсан нөхцөл үүсээгүй байна.

Түүнчлэн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цуцлагдсанаас хойш үргэлжилж байсан үйл баримтыг хариуцагч нотлоогүй.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй. Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ажил гүйцэтгэх гэрээнд хамаарах хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу болсныг зөвтгөж өөрчилнө.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 235 тоот албан бичгийг хүлээн авсан атлаа хэрэгт хавсаргаагүй, шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй ноцтой зөрчил гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэж тайлбар гаргасан. Гэхдээ хариуцагч тал нь бичгээр давж заалдах гомдол гаргахдаа уг зөрчилд холбогдуулан гомдол гаргаагүй /хх 197-203/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161-162 дугаар зүйлд зааснаар зохигч нь бичгээр давж заалдах гомдол гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заах ёстой.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт тусгагдсан үйл баримт нь ямар үндэслэлээр шүүхийн шийдэлд нөлөөлсөн ноцтой зөрчил болох нь гомдолд тусгагдаагүй. Үүнтэй холбогдуулан МХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 235 тоот албан бичгийг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй нь хэргийн шийдэл, нотлох баримтын үнэлгээнд нөлөөлсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчил мөн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг дурдвал зохино.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/05351 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МХХК-аас 13,334,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,667,600 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 318 дугаар зүйлийн 318.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж,

3 дахь заалтын 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж , 243,142 төгрөг гэснийг 224,620 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.БАДРАХ