Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2023/00956

 

 

 

 

      2023           11            22    

                           130/ШШ2023/00956

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Ш овогт Х-н Т

Хариуцагч: Б аймгийн Ө суманд оршин суух, С овогт Ж-ны А

Нэхэмжлэлийн шаардлага: Байрны түрээсийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Ж.Ат холбогдуулан байрны түрээсийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн Ж.А нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 10 хоногийн хугацаатайгаар миний 2 өрөө байшинг 10 залуу байрлахаар өдрийн 100,000 төгрөгөөр тохиролцож түрээсэлж авсан. Түрээсийн төлбөрийг 10 хоногийн дараа төлнө гэж хэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орой намайг байхгүй үед түрээсийн мөнгийг өгөлгүйгээр байшингийн түрхүүрийг миний хүргэн дүү С.А-д өгөөд явсан байна. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр намайг утсаар залгаад байрны түрээсийн мөнгийг асуухад Ж.А би чамд 100,000 төгрөг өгнө өөр өгөх мөнгө байхгүй гэсэн юм. Дараа нь миний утсыг блоклоод миний утсыг авахгүй надад чирэгдэл учруулж, залилан мэхэлж байна. Уг миний түрээсийн байранд Ж.А 10 залуугийн хамт байрлах хугацаандаа бүх түлээ болон цахилгааны мөнгийг би хариуцаж байсан. Бид тухайн үед түрээсийн гэрээ хийхдээ нэг өдрийг 100.000 төгрөгөөр байрлахаар тохиролцсон. Харин хариуцагч тал тухайн миний байшинд 10 хоног байрлаж амьдарсан. Тийм учраас түүнээс 10 хоногийн түрээсийн мөнгө болох 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

2. Хариуцагч Ж.А болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын дунд хууль журмын дагуу гэрээ хэлэлцээр хийгдээгүй. Уг гэрээ хэлэлцээр хийгдээгүй гэдгийг гэрч нар нотолж байгаа. Ж.А  Б гэх компани инженер байсан учраас 4 хүнийг хариуцаж, зунжин А сумын цэцэрлэгийн Эко жорлон буюу эко бие засах газрыг төлөвлөгөөний дагуу янзалсан.  Ж.А нар өмнө Ш гэх хүний байранд байрлаж байсан.  Харин уг хүн маань 9 дүгээр сард нас барсан учраас түүний байранд байрлах ямар ч боломжгүй болсон. Тийм учраас Х.Т гэх хүний байранд хамгийн ихдээ 14 хоног байрлахаар амаар гэрээ хэлэлцээр хийсэн. Бид нар 14 хоног байрлах мөнгийг 80.000 төгрөг, тогийн мөнгө гэж 20.000 төгрөг өгөхөөр болж тохиролцсон. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс өдрийг 100.000 төгрөг гэж худлаа нэхэмжилж байна. Бид нарын зүгээс нэхэмжлэгчид тохиролцсоноор зөвхөн 80.000 төгрөг өгөх боломжтой гэдгийг хэлсэн. Харин үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө нь ямар ч үндэслэлгүй байгаа учраас түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс Б аймгийн А сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/151 дугаартай тодорхойлолт, А.Е-ын тодорхойлолт, Э ХХК-ийн захирал Ц.О-ын тодорхойлолт, Ш.Ш-ын тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгч Я.С-ийг авсан талаар хүсэлт, өмгөөлөгч Я.С-ээс татгалзсан талаарх хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Б.М-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.

5. Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр О.С, Е.Н, А.А нарыг гэрчээр асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Х.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд

7.1. Иргэн Ж.А нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 10 хоногийн хугацаатайгаар миний 2 өрөө байшинг 10 залуу байрлахаар өдрийн 100,000 төгрөгөөр тохиролцож түрээсэлж авсан. Бид тухайн үед түрээсийн гэрээ хийхдээ нэг өдрийг 100.000 төгрөгөөр байрлахаар тохиролцсон. Харин хариуцагч тал тухайн миний байшинд 10 хоног байрлаж амьдарсан. Тийм учраас түүнээс 10 хоногийн түрээсийн мөнгө болох 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

8. Хариуцагч Ж.А болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын дунд хууль журмын дагуу гэрээ хэлэлцээр хийгдээгүй. Ж.А нар өмнө Шагдар гэх хүний байранд байрлаж байсан.  Харин уг хүн маань 9 дүгээр сард нас барсан учраас түүний байранд байрлах ямар ч боломжгүй болсон. Тийм учраас Х.Т гэх хүний байранд хамгийн ихдээ 14 хоног байрлахаар амаар гэрээ хэлэлцээр хийсэн. Бид нар 14 хоног байрлах мөнгийг 80.000 төгрөг, тогийн мөнгө гэж 20.000 төгрөг өгөхөөр болж тохиролцсон. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс өдрийг 100.000 төгрөг гэж худлаа нэхэмжилж байна. Бид нарын зүгээс нэхэмжлэгчид тохиролцсоноор зөвхөн 80.000 төгрөг өгөх боломжтой гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө нь ямар ч үндэслэлгүй байгаа учраас түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд зааснаар байшинг түрээслэх гэрээг талууд байгуулаагүй гэж маргадаг боловч шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар  Эд хөрөнгө хөлсөх гэрээ амаар байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Учир нь, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгч Х.Т нь А сумын төвд байршилтай хоёр өрөө байрыг  хариуцагч Ж.Ат нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж үр шимийг хүртэх зорилгоор бус  А сумын А сумын цэцэрлэгийн эко бие засах засварын ажлыг хийх зорилгоор 9 хүн байхаар хөлслөн суусан байсан байна гэж дүгнэв.

9.2. Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Ж.А нар нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан А сумын төвд байршилтай хоёр өрөө байрыг 10 хоногийн хугацаатай, өдрийн 100,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

9.3. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь тодорхой хөрөнгийг хөдөө аж ахуйн болон ахуйн зориулалтаар нөгөө талын эзэмшил, ашиглалтад шилжүүлж, гэрээний хугацааны турш үр шимийг хүртэх боломж олгохоор амлах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Орон сууц гэдэг нь хүн амьдрах зорилгоор ашиглагддаг эд хөрөнгө учир хувь хүн эд хөрөнгө түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээдэг.

Харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

9.4. Түрээсийн гэрээний хувьд хөрөнгийг ашиглахаас гадна түүний үр шимийг хүртдэг онцлогтой. Тиймээс гэрээний объект нь үр шим болгох бололцоо бүхий биет болон биет бус хөрөнгө байдаг. Энэ утгаар эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгагдана.

9.5. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлдог.

9.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан гэрч О.С ... Ж.А Х.Ттай утсаар яриад тохиролцсон, хэдэн төгрөгөөр түрээслэх үү  гэхэд Т 100,000 төгрөг гэсний дараа Ж.А 80,000 төгрөгөөр түрээсэлье гэж тохирсон, дараа нь тогийн мөнгийг яах уу гэж Х.Т асуухад 20,000 төгрөг нэмж нийт 100,000 төгрөгөөр 14 хоног байхаар тохиролцсон гэвч 9 хоног ажиллаад ажлаа дуусгаад явсан ... гэх,

Гэрч Е.Н ... бид 80,000 төгрөгөөр байшин түрээсэлж ажилладаг байсан 80,000 төгрөгөөр түрээсэлж авья гэж инженер хэлэхэд Х.Т тогны мөнгө гарна тогны мөнгийг яах уу гэхэд бригадын дарга тогны мөнгө 20,000 төгрөг нэмж өгье гэж гаргасны дагуу 100,000 төгрөгөөр ажиллах хугацаа дуусах хүртэл түрээсэлж авсан ... гэх,

Гэрч А.А ... би очоод хэдэн төгрөгөөр түрээслэхээр болсон бэ гэхэд 80,000 төгрөг гэсэн ...  гэж гэрч нар мэдүүлж байгаа боловч үйл баримтын эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй учир гэрч нарын мэдүүлгээр сарын 80,000 төгрөгөөр тохиролцсон байна гэж үзэх боломжгүй байна.

9.7. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн А сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/151 дугаартай ... Х.Т нь тус байрыг сумын ард иргэд болон тус суманд засвар үйлчилгээ, судалгааны ажил хийхээр ирсэн хүмүүст түрээсэлдэг нь үнэн гэх тодорхойлолт, ЭХХК-ийн захирал Ц.О-ын .... иргэн Х.Ты байрны 7 хоногийн түрээсэнд 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөг төлөв, мөн түрээсэнд 240,000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөг тус тус төлөв  гэх тодорхойлолтууд, нэхэмжлэгч Х.Ты Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбарыг тус тус үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9.8. Иймээс нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Ж.Ат холбогдуулан Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлсөлсөн үнийг шаардах эрхтэй тул хариуцагч Ж.Ааас нэхэмжлэгчийн хоёр өрөө байрыг хөлсөлж суусан хөлс болох 900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн А.Е-ын 2023.11.02. ... судалгааны багийн хүмүүст өдрийн 70,000 төгрөгөөр 28 хоног түрээсэлж 1,960,000 төгрөгөөр тохирч аман гэрээ хийсэн гэх агуулгатай тодорхойлолтыг, Ш.Ш-ын ... уг байранд 1 сар гаруй байрлаж байгаад гарсан, байшингийн хөлс болгож надад 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг шилжүүлсэн юм 10 сард гэх тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна. 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зааснаар хариуцагч Ж.Ааас 26150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Ж.Ааас  байрны хөлс 900,000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Ты улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 /хорин найман мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ааас 26,150 /хорин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б