Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2024/00013

 

Х.Т-ы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00956 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч  ***** оршин суух Ш овогт Х-ын Т-ы нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух С овогт Ж-ны А-т холбогдох,

 

“Байшин хөлсөлсний үнэ 1,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Иргэн Ж.А- нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 10 хоногийн хугацаатайгаар миний 2 өрөө байшинг 10 залуу байрлахаар өдрийн 100,000 төгрөгөөр тохиролцож түрээсэлж авсан. Түрээсийн төлбөрийг 10 хоногийн дараа төлнө гэж хэлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орой намайг байхгүй үед түрээсийн мөнгийг өгөлгүйгээр байшингийн түрхүүрийг миний хүргэн дүү С.А-д өгөөд явсан байна. 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр намайг утсаар залгаад байрны түрээсийн мөнгийг асуухад Ж.А- “би чамд 100,000 төгрөг өгнө өөр өгөх мөнгө байхгүй” гэсэн юм. Дараа нь миний утсыг блоклоод миний утсыг авахгүй надад чирэгдэл учруулж, залилан мэхэлж байна.

1.2. Уг миний түрээсийн байранд Ж.А- 10 залуугийн хамт байрлах хугацааны бүх түлээ болон цахилгааны мөнгийг би хариуцаж байсан. Бид тухайн үед түрээсийн гэрээ хийхдээ нэг өдрийг 100.000 төгрөгөөр байрлахаар тохиролцсон. Харин хариуцагч тал тухайн миний байшинд 10 хоног байрлаж амьдарсан. Тийм учраас түүнээс 10 хоногийн түрээсийн мөнгө болох 1.000.000 төгрөг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын дунд хууль журмын дагуу гэрээ хэлэлцээр хийгдээгүй. Уг гэрээ хэлэлцээр хийгдээгүй гэдгийг гэрч нар нотолж байгаа. Ж.А- Б гэх компанийн инженер байсан учраас 4 хүнийг хариуцаж, зунжин Алтанцөгц сумын цэцэрлэгийн Эко жорлон буюу эко бие засах газрыг төлөвлөгөөний дагуу янзалсан. Ж.А- нар өмнө нь Ш гэх хүний байранд байрлаж байсан. Харин уг хүн маань 9 дүгээр сард нас барсан учраас түүний байранд байрлах ямар ч боломжгүй болсон. Тийм учраас Х.Т- гэх хүний байранд хамгийн ихдээ 14 хоног байрлахаар амаар гэрээ хэлэлцээр хийсэн. Бид нар 14 хоног байрлах мөнгийг 80.000 төгрөг, тогийн мөнгө гэж 20.000 төгрөг өгөхөөр болж тохиролцсон. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс өдрийн 100.000 төгрөг гэж худлаа нэхэмжилж байна. Бид нарын зүгээс нэхэмжлэгчид тохиролцсоноор зөвхөн 80.000 төгрөг өгөх боломжтой гэдгийг хэлсэн. Харин үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө нь ямар ч үндэслэлгүй байгаа учраас түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00956 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Ж.А-оос байрны хөлс 900,000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Т-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 /хорин найман мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-оос 26,150 /хорин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг эсрэгээр тайлбарлаж, нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон.

4.2. Зохигчдын дунд хэлцэл хийгдээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 287.1, 318 дугаар зүйлийг шууд тайлбарлан, түрээслэгч тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ гэж нэхэмжлэгч талын эрхийг дээрдүүлэн хариуцагчийн эрх ашгийг дордуулсан байгаа. Өөрөөр хэлбэл түрээслэгч болон түрээслүүлэгч нарын хооронд байгуулагдсан хэлцлээр тодорхойлогдох ба түүний дагуу нөгөө тал үүрэг хүлээх байсан.

4.3. Анхан шатны шүүх хэлцлийн үнийг болон хэлцэл хийгдсэн он сар өдрийг тодорхойлж чадаагүй байж, эд хөрөнгө түрээслэх гэрээ амаар хийгдсэн гэж өрөөсгөл дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

4.4. Шийдвэрийн 3 дугаар талд байгаа 9.2 хэсэгт цаг хугацааны хувьд алдаатай байсан ба А-, Т- нар 2023 оны 9 дүгээр сарын 01-ээс хойш уулзсан байдаг. Энэ үед хамт байсан гэрчүүд бүгд нийтдээ 100,000 төгрөгөөр тохирсон гэдгийг баталсаар байтал ямар ч баримтыг үндэслэхгүйгээр шийдвэрт “2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Х.Т-, Ж.А- нар хоёр өрөө байрыг өдрийн 100,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон” гэж худлаа дүгнэлт хийж, Иргэний  хуулийн 287.1, 189.1-р зүйлийг  зөрчсөн байгаа.

4.5. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дээрдүүлэхийн тулд Х.Т-ы бусад хүмүүс, аж ахуй нэгжүүдтэй байгуулсан гэрээ хэлцлийг иш татаж, хэрэгт ач холбогдолгүй баримтуудыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

4.6. Иймд анхан шатны шүүхийн хууль бус, үндэслэл муутай, алдаатай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

 ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Т-ы хариуцагч Ж.А-т холбогдуулан гаргасан “байшин хөлсөлсний үнэ 1,000,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

6. Нэхэмжлэгч Х.Т- нэхэмжлэлийн үндэслэлээ “Иргэн Ж.А- нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 10 хоногийн хугацаатайгаар миний 2 өрөө байшинг 10 залуу байрлахаар өдрийн 100,000 төгрөгөөр тохиролцож түрээсэлж авсан. Уг байрлах хугацааны бүх түлээ болон цахилгааны мөнгийг би хариуцаж байсан. Бид тухайн үед түрээсийн гэрээ хийхдээ нэг өдрийг 100.000 төгрөгөөр байрлахаар тохиролцсон. Тийм учраас түүнээс 10 хоногийн түрээсийн мөнгө болох 1.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.

 

7. Хариуцагч Ж.А- “нэхэмжлэгч болон хариуцагч нарын дунд хууль журмын дагуу гэрээ хэлэлцээр хийгдээгүй. Уг гэрээ хэлэлцээр хийгдээгүй гэдгийг гэрч нар нотолж байгаа. Ж.А- Б гэх компанийн инженер байсан учраас 4 хүнийг хариуцаж, зунжин Алтанцөгц сумын цэцэрлэгийн Эко жорлон буюу эко бие засах газрыг төлөвлөгөөний дагуу янзалсан. Ж.А- нар өмнө нь Ш гэх хүний байранд байрлаж байсан. Харин уг хүн маань 9 дүгээр сард нас барсан учраас түүний байранд байрлах ямар ч боломжгүй болсон. Тийм учраас Х.Т- гэх хүний байранд хамгийн ихдээ 14 хоног байрлахаар амаар гэрээ хэлэлцээр хийсэн. Бид нар 14 хоног байрлах мөнгийг 80.000 төгрөг, тогийн мөнгө гэж 20.000 төгрөг өгөхөөр болж тохиролцсон. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс өдрийн 100.000 төгрөг гэж худлаа нэхэмжилж байна. Бид нарын зүгээс нэхэмжлэгчид тохиролцсоноор зөвхөн 80.000 төгрөг өгөх боломжтой гэдгийг хэлсэн. Харин үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө нь ямар ч үндэслэлгүй байгаа учраас түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Т- нь өөрийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын А бүсэд байрлах 64 м.кв талбай бүхий 2 өрөө байшинг хариуцагч Ж.А-ын эзэмшилд шилжүүлж, хөлслөгч өдрийн 100.000 төгрөгийн хөлс төлөхөөр, 10 хоног хөлслөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, ... хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

Хөлслөгч буюу хариуцагч Ж.А- нь хөлслүүлэгч Х.Т-д орон сууцны хөлсийг гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний биелэлтийг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг үндэслэвэл, хөлслөгч нь байшингаа өдрийн 100.000 төгрөгөөр тооцож хөлс авахаар хөлслөгчийн эзэмшилд шилжүүлж хөлсөлсөн гэх тайлбар бодит байдалд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

9. Орон сууц хөлслөх гэрээний зүйл нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөө байдаг тул энэ гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний ерөнхий зохицуулалтаас гадна мөн хуулийн Хорин тавдугаар бүлгийн Хоёр дугаар дэд бүлэгт заасан орон сууц хөлслөх гэрээний нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг сэргээн тогтоохдоо хэрэглэвэл зохих нарийвчилсан зохицуулалт бүхий хуулийн заалтыг хэрэглээгүй орхигдуулсан тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг хэрэглэж өөрчлөлт оруулах замаар хууль хэрэглээний алдааг залруулав.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ, хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох атал хариуцагч Ж.А- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг тэмдэглэж, хариуцагчийн “анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

11. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих  өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00956 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “287 дугаар зүйлийн 287.1” гэснийг “302 дугаар зүйлийн 302.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Муратын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК