Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2019/00031

 

М.Н-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00302 дугаар шийдвэртэй, М.Н-ын[1] нэхэмжлэлтэй, М.Ө-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ө.Бахытбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: “Хувийн өмч болох (1) М гэх газарт байгаа 5x5 м.кв хэмжээтэй модон байшин буюу 2.500.000.00 төгрөг, 3x5 м.кв хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800.000.00 төгрөг, (2) З гэх газарт байгаа 5x5 м.кв хэмжээтэй модон байшин, 4x4 м.кв хэмжээтэй 2 амбаарын хамт 2.500.000.00 төгрөг, (3) Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5.000.000.00 төгрөг, (4) 2 машин аргал буюу 160.000.00 төгрөг, 2 машин өвс буюу 600.000.00 төгрөг, (5) иргэний цахим үнэмлэхийн үнэ 18.800.00 төгрөг, нийт 11.578.800.00 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие эцгээр овоглож яваа М гэдэг хүний дагавар хүүхэд нь байсан. Намайг 4 настай байхад миний төрүүлсэн эх А нь хойд эцэг М-тай гэр бүл болсон. Аав маань намайг хайрлан, хамгаалан өсгөж 6 дугаар анги хүртэл сургуульд суралцуулснаар дунд боловсролтой болсон ба 2003 онд миний эгч болох З нөхөрт гарсан учраас мөн оноос мал хариулах болон хар бор ажилд туслах зорилгоор намайг сургуулиас гаргаж авсан. Би 2006 онд 16 нас хүрч иргэний цахим үнэмлэх авах үед аав намайг Н гэсэн нэрээр гэрчлэн бичүүлж цахим үнэмлэх авч өгсөн ба тухайн үед ямар зорилгоор миний нэрийг өөрчлөн өгснийг би мэдэхгүй. Түүнээс хойш одоо хүртэл албаны болон албан бус бичиг баримтуудад миний нэр Н гэсэн нэрээр бүртгэгдэж байгаа. Хойд эцэг М нь амьд сэрүүн байхад намайг өөрийн хүүхдүүдийн адил хайр халамжаа хүртээж, намайг гэр бүлтэй болоход тусдаа гаргаж, үл хөдлөх хөрөнгө болон мал тасалж өгсөн. Миний хувьд дүү Ө-тай болон эгч З-тэй ямар нэгэн өс хонзон санасан зүйлгүй хүндэтгэж явдаг ба аавын нас барсан байдлыг ашиглан эгчтэй хамтарч миний дүү болох М.Ө маргаан үүсгэж, хэл ам гаргаж миний хувийн өмч болох М гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй 2,500,000 төгрөгийн үнэтэй модон байшин, 3x5 м2 хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800,000 төгрөг, "З" гэх газарт байгаа 5x5 м2 хэмжээтэй модон байшин 4x4 м2 хэмжээтэй 2 амбаарын хамт 2,500,000 төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5,000,000 төгрөг, 2 машин бэлэн буулгасан аргал үнэ 160,000 төгрөг, 2 машин өвсний үнэ 600,000 төгрөг, 18,800 төгрөгийн үнэтэй иргэний цахим үнэмлэхийн хамт нийт 11,578,800 төгрөгийн эд хөрөнгийг булаан авч, намайг хөөж явуулан, миний өмчлөх эрхэд халдаж байна. ЗИЛ 130 машиныг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр миний ээж Н.А цалингийн зээлээр аваад тухайн үед аавын нэр дээр бүртгүүлсэн байсан ба 2016 оноос аавыг амьд сэрүүн байх үед олж миний нэр дээр бүртгүүлсэн байсан.Энэ машиныг авсан өдрөөс эхлэн би хариуцаж ашиглаж байсан ба миний дүү Ө-д ямар ч холбоогүй. Миний нэр дээр бүртгүүлснээс хойш машинтай холбоотой татвар, даатгал зэрэг төлбөрийг өөрийн биеэр одоо хүртэл төлж байгаа. Иймд миний эдгээр эд хөрөнгийг М.Ө-аас гаргуулж өгнө үү” гэжээ.    

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний аав А-ын М нь ээж Б-гийн М-тай 1978 онд гэр бүл болж З, Р, Б, М, Н, Ө гэх 6 хүүхэдтэй болсон. Ээж Б.М нь 1993 онд намайг 1 настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Улмаар аав маань Н.А-тэй 1993 оны 3 сард гэр бүл болсон. Миний аав 2016 оны 7 дугаар сард өвчний улмаас нас барсан. Би айлын отгон хүү учраас казах түмний заншил ёсоор айлын гал голомтыг сахих хүн. Н.А нь /Н-ын ээж нь/ миний аавтай гэрлэх үед Ам гэх нэртэй хүүхдээ дагуулж ирсэн. 2013 онд Ам гэр бүл болоход аав маань мал, байшин, хөрөнгө тасалж өгч тусад нь гаргасан. Түүнд өөрийнхөө төрсөн хүүгээс өөрцгүй ханддаг байсан. Харин яаж яваад Ам нэртэй хүү миний нас барсан ах Н-ын нэр, регистрийн дугаарыг эзэмшиж нас барсан хүний нэрээр нэрлэгдэн, овоглогдож явааг би ойлгохгүй байна. Надад Н гэдэг ах байсан нь үнэн. 1989 онд төрж 1995 онд 6 настайдаа нас барсан. Эцэг, эх нь өөр атлаа миний аав М, ээж М нарын төрсөн хүү мэт бүртгэгдэж явж байгааг би ойлгохгүй байна. Үүнийг холбогдох хууль, хяналтын байгууллагуудад хандаж шалгуулах болно. Н.А нь миний хойд ээж учраас аав нас барангуут элдэв шалтаг тоон тусдаа гарахыг санаархаж, "намайг гэрээс минь хөөсөн" хэмээн тус шүүхэд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ер нь Н.А хүү Ам хоёр нийлээд өнчин хоцорсон намайг дарамтлан миний аавын хүч хөдөлмөрөөрөө олсон хөрөнгийг өөрийн болгох санаатай над руу дайрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Түүнээс биш Ам нь гэр бүл болоход авах зүйлээ авч тусдаа гарсан хүн. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүний нэхэмжилж байгаа ЗИЛ-130 маркийн машиныг аав нас барахаас өмнө 2013 онд хөдөө, гадаа нүүхэд шаардлагатай байсан тул хэрэглэх гэж худалдаж авсан. Энэ машиныг эхэндээ би барьж гэрээ нүүлгэдэг байснаа сүүлд шаардлагатай үед Ам бид хоёр ээлжилж жолооддог байсан. Машин нь манай аавын нэр дээр бүртгэлтэй байснаа аав нас барангуут 2016 оны 12 дугаар сард Н буюу Ам-ийн нэрд шилжсэн байсныг олж мэдсэн. Би энэ тухай мэдээгүй байсан. Аавын минь хөрөнгийг нас барангуут шунахай сэтгэл гаргаж өөрийнхөө нэрд шилжүүлж авсан Ам-ийн үйлдлийн би зөвтгөхгүй. Энэ машин бол манай гэрийн хөрөнгө болохоос Ам-ийн хувийн машин биш. Хэрэв тэрээр ах дүүгийн хувьд учраа хэлж энэ машиныг би авъя гэх юм бол би зөвшөөрөх байсан. Түүнтэй аавын маань хэдэн хөрөнгийг булаацалдах сонирхол эхэндээ надад байгаагүй. Гэтэл надад хэлэлгүй өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчхаад одоо машин минийх гэж маргаж, надад дайрч байгаа нь ёс бус зүйл юм.

Н буюу Ам тусдаа гарахдаа түүнийг суулгах манай өвөлжөөний хажууд байшин байгаагүй тул М-ын хаваржаанд байрлах 5x5 харьцаатай модон байшинд суулгасан. 2013 оноос хойш Н буюу Ам нь тэнд амьдарч байгаа. Мод байрлах хаваржааг байшингийн хамт 2004 онд хүнээс аав маань худалдаж авч, эхэндээ хүргэн ах Е суудаг байснаа сүүлд 2009 оноос хойш ах Б хаварждаг болж 2013 оноос илүү байшинд Ам суудаг болсон. Түүнээс биш нэхэмжлэлдээ бичсэнчлэн Ам-ийн хувийн өмч биш юм. Харин ч ах Б-нд аав маань өгсөн хаваржаа. Нэгэнт аав маань амьд ахуйдаа М-ын хаваржаа дахь байшинд Ам-ийг суулгасан тул тухайн байшинг Ам-т өгөхөд татгалзах зүйлгүй. Харин байшингаа өнөөдөр нүүлгэж авна гэвэл дуртайяа зөвшөөрнө. Түүн шиг хорон санаатай хүнтэй цаашид хамт байх хүсэл надад алга.

Н буюу Ам-ийн нэхэмжилж байгаа З дахь өвөлжөөнд байрлах 5x5 харьцаатай байшин, амбаар нь түүний өмч биш. 2003 онд миний эгч З нь Е-тай гэр бүл болоход аав маань дүү Б-д мал маллахад нь тус дэм болоорой гэж З-т байрлах өвөлжөөндөө байсан маргаж байгаа 5x5 харьцаатай амбаар бүхий өвлийн байшинг өгсөн. Манайх 2003 он хүртэл З-т байрлах байшиндаа /маргаж байгаа/ өөрсдөө өвөлждөг байсан ба 2004 оноос багийн төвөөс шинээр байшин худалдаж авсан тул нүүхэд сул байшинг хүргэн ах, эгчид өгч тэд 2004 оноос тасралтгүй 2014 он хүртэл амьдарсан. Хүргэн ах, эгч маань 2014 оны 9 дүгээр сард хүүхдүүдээ суралцуулахаар сумын төвд өвөлжиж зуунд манайхтай цуг зусдаг болсон. 2009 онд ах Б гэрлэхэд З дахь өвөлжөөнд байсан сул байшинг түүнд өгснөөр тэрээр хүргэн ах Е-ыхантай цуг өвөлждөг болсон. Өөрөөр хэлбэл З дахь өвөлжөөнд 2 байшин байгаа бөгөөд нэг нь Б-ых, нөгөө нь /маргаан байгаа байшин/ хүргэн ах Е, эгч З-ийн байшин юм. 2014-2015 онд Ам буюу Н нь өвөлжих байшин байгаагүй тул миний ах эгчээс зөвшөөрөл авч тэд нарын эзгүйд 2 жил өвөлжсөн болохоос түүний хувийн өмч биш. Хэрэв хүргэн ах Е, эгч З нар сумын төвд өвөлжөөгүй бол тухайн байшинд одоо хүртэл өөрсдөө суух байсан. 2 жил гуйж суучхаад аав нас барангуут түүнийг ашиглан хөрөнгөнд санаархаж байгааг би зөвшөөрөхгүй. Харин өвс болон түлээ нь өвөлжөөний тэнд байгаа. Авна гэвэл түүнд хэн ч саад болохгүй. Элдэв зүйлийг шалтгаалан шүүхэд худал нэхэмжлэл гаргаснаас надтай ирж уулзсан бол би хүн юм хойно түүнийг ойлгох байсан. Багасаа хамт өссөн ах дүү атлаа надад учраа хэлж М-д байрлах байшин болон машиныг би авъя гэх юм бол би зөвшөөрөх байсан. Гэтэл ээжтэйгээ нийлж ганц бие намайг дарамталж өөрийн нэр дээр машиныг бүртгүүлж хорон санаа гаргаж хөрөнгө салгаж авах хүсэлтэй бол би хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: “2003 оны 8 дугаар сард нөхөр Е-тай сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. 2003 оны 11 дүгээр сард аав М нь З-ын багийн төвд нүүхээр болсон тул өөрийнхөө байшинг бидэнд /маргаан бүхий байшин/ өгч дүү Б мал хариулахад тус дэм болоорой хэмээн суулгасан. Тухайн үед хадам аав, ээжийн хажууд байсан ба аавынхаа хүсэлтийн дагуу З дахь өвөлжөөнд нь ирж аавын хэлсний дагуу мал маллахад тусалсаар ирсэн. Биднийг анх З-т нүүж ирэхэд аав М-ын өгсөн өвлийн байшин нь амбаар бүхий 3 тасалгаатай байсан ба нөхөр бид хоёр 2003 оны 11 дүгээр сараас эхлэн дүү Б-ын гэрийн хажууд түүнд туслан аавынхаа өвөлжөөнд өвөлждөг болсон. Би өвөл зуунгүй аавынхаа гэрийн хажууд суудаг болж улмаар 2009 онд дүү Б гэрлэхэд аав маань тусад нь гаргаж З-ын өвөлжөөнд байсан сул байшинг түүнд өгснөөр тэрээр манайхтай цуг өвөлждөг болсон. 2014 оны намар хүүхдүүдээ сургуульд суралцуулахаар Цэнгэл сумын төвд өвөлжих болсон тул болсон тус өвөлжөөнөөс нүүсэн. 2017 оны 3 дугаар сард Засагт нуур дахь өвлийн байшингийн хажууд байсан амбаараа нурааж сумын төвд авчирсан. Бид З дахь өвөлжөөнд 2003 оноос 2014 он хүртэл тасралтгүй суусан. 2013 онд Н гэр бул болж өвөлжих байшин байхгүй учраас 2014 оны намар би зөвшөөрч өөрийнхөө байшинд суулгасан. Н нь бидний зөвшөөрлөөр 2 жил өвөлжчихөөд одоо байшинг авах гэж маргаж байгаа бөгөөд түүнийг гэрлэхэд аав маань тусад нь гаргаж хөрөнгө тастаж өгсөн тул түүнд огт хамаагүй. Иймээс Н бидний байшинг булаацалдах учиргүй. Иймд З-ын өвөлжөөнд байрлах амбаар бүхий өвлийн байшинг М нь нөхөр Е бид хоёрт өгсөн байшин бөгөөд уг байшингийн хууль ёсны өмчлөгч учир нэхэмжлэгч Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00302 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Ө-өөс Цэнгэл сумын 2-р баг М гэх газарт байгаа 5x5 м.кв хэмжээтэй модон байшин нэг буюу 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, 3x5 м.кв хэмжээтэй модон амбаар нэг буюу 800000 /найман зуун мянга/ төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 /таван сая/ төгрөг, 2 машин аргал буюу 160000 /нэг зуун жаран мянган/ төгрөг, 1 машин өвс буюу 300000 /гурван зуун мянган/ төгрөг, бүгд 8.760.000 /найман сая долоон зуун жаран мянган/ төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч М-ын Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2800000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь хариуцагч М.Ө-өөс иргэний цахим үнэмлэхийн үнэ 18.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

           

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “З дахь модон байшинг 2 амбаарын хамт гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон ч маргаж буй миний аав М-ын машиныг Ам буюу Н-д үлдээж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Маргаан бүхий машиныг Ас-аас аав маань амьд ахуй цагт А-тэй цуг бид гурав хамт очиж 2014 онд худалдаж авсан. Өөрөөр хэлбэл 2015 оноос хойш нас барах хүртэл аав маань машиныг хэрэглэж эзэмшиж байсан ба М-ын нэр дээр сумын татварын албанд бүртгэгдэж үзлэг оношилгоонд орж улмаар 2015, 2016 онд татварыг аав маань өөрөө төлсөн нь машины хууль ёсны өмчлөгч М гэдэг нь нотлогдож байгааг шүүх анхаараагүй. Үүнийг нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүгч эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Миний аав М 2016 оны 7 дугаар сард нас барж 2016 оны 12 дугаар сард Ам нь хуурамч машин худалдах гэрээ байгуулж машиныг өөрийн нэр дээр буулгасан нь гэрч Ас-ын мэдүүлгээр нотлогдсон. Ас нь машин худалдах тухай бичгээр гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, машин худалдаж авах үед М очсон гэдгийг шүүхэд мэдүүлсэн. Мөн Ас-ын эхнэр нь Ам-ийн эхнэртэй төрөл садны холбоотой учир тэрээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгч талд ашигтай мэдүүлэг өгсөн ба гэрчийн мэдүүлэгт авагдсан мэдээлэл нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдоогүй. Тухайлбал гэрч “машины мөнгийг М-той цуг очсон А цалингийн зээл авч банкнаас гаргаж өгсөн, Ам буюу Н машиныг жолоодож явсан” гэх мэдүүлэг нь нотлогдон тогтоогдоогүй. Ам-ийн ээж А нь М нас барсны дараа танил Алт-тэй хуйвалдаж машин худалдах худалдах авах гэрээг хуурамчаар үйлдэн Н-ын нэр дээр ЗИЛ 130 маркийн машиныг 2016 оны 12 дугаар сард бүртгүүлсэн. Үүнийгээ Алт М нас барсны дараа Ас-ын иргэний үнэмлэхийг ашиглан гэрээ үйлдсэнээ тодорхойлолтод хүлээж бичсэн байдаг. Иймээс Н нь анхнаасаа өмчлөх эрхээ хуульд заасан журмаар олж аваагүй хууль бусаар буюу М нас барсны машиныг нэр дээр бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоныг шүүх анхаараагүй.

Миний хойд ээж А нь аав маань нас бармагц өрх тусгаарлах зорилгоор өөрийнхөө төрсөн хүү Ам буюу Н-д бидний гэр бүлийн хөрөнгө болох машиныг хувийн сонирхлоор хуурамч бичиг баримт үйлдүүлэн нас барсан хүний эзэмшлийн машиныг шилжүүлсэн буруутай үйлдлийг шүүх анхаараагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нь аавын маань байхгүй байгааг ашиглаж надтай хөрөнгө булаацалдаж 2017 оны 9 сараас хойш өөрийнхөө нэрээр болон дүүгийн маань нэрээр надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж сүүлд үлдсэн хөрөнгийг Ам буюу Н-ын нэрээр нэхэмжилж байгаа эд хөрөнгийн ашиг сонирхлыгшүүх мэдсээр байж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү маргаан бүхий машиныг 2015 онд буюу аав маань нас бараагүй байх үед гэр бүлийн хөрөнгөөр худалдаж авсан учраас манай гэр бүлийн дундын хөрөнгөд тооцогдох бөгөөд дундын өмчийг бусдад шилжүүлэхэд гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авах ёстой. Н нь өөрийн хөрөнгөөр машин худалдаж авсан нь нотлогдоогүй ба А банкнаас 6 сая төгрөгийн зээл авч Ас-ыг дагуулан очиж банкнаас мөнгө гаргаж өгсөн гэж тайлбарлаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлдог ч хэрэгт авагдсан Аг-ийн банкны дансны 2015 оны 5 дугаар сарын хуулгаар түүний данснаас 6 сая төгрөгийн гүйлгээ буюу зарлага гарч байгаагүй, тийм гүйлгээ хийгдээгүй болох нь шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2015 оны 5 дугаар сард Аг-ийн данснаас 6 сая төгрөгийн зарлага гарсан нь нотлогдон тогтоогдоогүй байтал шүүх ХААН банкны дансны хуулгыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй. Өмчлөгч Н өмчлөх эрхээ хуульд заасан журмаар, хууль ёсоор олж аваагүй нь нотлогдсоор байхад машиныг түүний өмч гэж шүүх шийдвэрлэх ёсгүй. Энэхүү машин нь М-ын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмч байтал шүүх А нь хүү Н-д худалдаж авч өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х.Ө надаас 3ил-130 маркийн машин гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч М.Ө-д холбогдуулан “(1) М гэх газарт байгаа 5x5 м.кв хэмжээтэй модон байшин буюу 2.500.000.00 төгрөг, 3x5 м.кв хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800.000.00 төгрөг, (2) З гэх газарт байгаа 5x5 м.кв хэмжээтэй модон байшин, 4x4 м.кв хэмжээтэй 2 амбаарын хамт 2.500.000.00 төгрөг, (3) Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5.000.000.00 төгрөг, (4) 2 машин аргал буюу 160.000.00 төгрөг, 2 машин өвс буюу 600.000.00 төгрөг, (5) иргэний цахим үнэмлэхийн үнэ 18.800.00 төгрөг, нийт 11.578.800.00 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

1. Нэхэмжлэгчийн хувийн байдлын талаар

 

Нэхэмжлэгчээс анх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа БЛ89062415 регистрийн дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон С овогт М-ын Н-ын иргэний үнэмлэхийг нэхэмжлэлдээ хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М-ын Н нь Х-ын Ам болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах үйл баримтаар тогтоогдсон байна.

 

1993 оны 3 дугаар сард А.М, Н.А нар гэр бүл болоход А.М нь М.З, М.Р, М.Б, М.М, М.Н, М.Ө гэх 6 хүүхэдтэй, харин Н.А нь Х.Ам гэх 4 настай хүүтэй байжээ. А.М, Н.А нар гэр бүл болсноос хойш 1995 онд тэдний дундаас М.За гэх охин төрсөн ба мөн онд М-ын Н гэх хүү 5 настайдаа нас барсан, түүний нас барсныг эцэг, эх нь бүртгүүлээгүй байна. А.М нь М.Н нас барсны дараа дагавар хүүхэд Х.Ам-ийг хүү М-ын Н-ын нэрээр нэрлэж, иргэний цахим үнэмлэх авч, гэрлэлтийг нь М-ын Н нэрээр бүртгүүлсэн талаар зохигчид тайлбарлажээ.

 

Харин хариуцагч М.Ө-ийн хүсэлтээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00084 дүгээр шийдвэрээр М.Н-ыг 1995 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болохыг тогтоож, шүүхийн шийдвэрийг үндэслэж М-ын Н-ын нас барсныг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нөхөн бүртгүүлсэн  байна.

 

Нэхэмжлэгчийн иргэний бүртгэл дэх нэр нь М-ын Н биш, харин Х.Ам мөн болох нь “Хадан овогтой Ам нь 1989 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, БЖ89062336 регистрийн дугаартай, эцэг Т.Х, эх Н.А болохыг Улсын бүртгэлд нөхөн бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа[2], улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 000597 дугаар дүгнэлтийн[3] 2.4 дэх заалт, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Х.Ам нэрээр нөхөн авсан төрсний гэрчилгээ[4], 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Х.Ам нэрээр олгогдсон БЖ89062336 регистрийн дугаартай Б овогт Х-ийн Ам нэртэй иргэний үнэмлэхийн хуулбар[5] зэрэг баримтаар тус тус нотлогдсон.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 000597 дугаартай дүгнэлтийн[6] 2.5-т зааснаас үзвэл “... эцгийн нэрийг М, өөрийн нэрийг Н гэж өөрчлөх тухай Х.Ам-ийн хүсэлт...”-г Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар хангасан бөгөөд үүнийг үндэслэж Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаартай захирамжаар Б овогт Х-ын Ам-ийн нэрийг “С овогт М-ын Н” болгон өөрчилж, нэхэмжлэгч нь мөн нэрээр Монгол Улсын иргэний үнэмлэх авчээ.[7]

 

Хариуцагч Х.Ө дээрх нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон иргэн Х.Ам нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр нэрээ “С овогт М-ын Н” болгон өөрчилснийг хууль зөрчөөгүй гэж үзэж 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2019/0016 дугаартай шийдвэр гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.[8]

 

Нэхэмжлэгчийн хувийн байдлын талаар хэрэгт цугларсан нотлох баримтаар дээрх үйл баримтууд тогтоогдон нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт М.Н-ын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн Удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг “Х-ны Ам” гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.-т нийцээгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг “Б овогт Х-ны Ам” гэж бичсэнийг “С овогт М-ын Н” гэж магадлалын үндэслэх хэсэгт дурдах замаар залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Маргааны үйл баримтын талаар

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

 

1993 оны 3 дугаар сард А.М, Н.А нар гэр бүл болоход А.М нь М.З, М.Ризагүл, М.Б, М.М, М.Ө, М.Н гэсэн 6 хүүхэдтэй, харин Н.А нь Х.Ам гэх 4 настай хүүтэй байсан бөгөөд 1995 онд М.Н нас барж, К.М, Н.А нарын дундаас М.З гэх охин төрснөөр уг гэр бүл нийт 8 гишүүнтэй болжээ. К.М-ын 6 хүүхдээс М.З нь 2003 онд, М.Р нь 2006 онд, М.Б нь 2008 онд, М.М нь 2010 онд өрх тусгаарласан, дагавар хүүхэд Х.Ам буюу М.Н нь 2012 онд гэр бүл болж, 2014 онд гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч, өрх тусгаарласан байна.[9]

 

 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А.М нас барах үед[10] тус гэр бүлд М.Ө, М.З, Н.А нарын гэр бүлийн гишүүд нэг өрхөд[11] амьдарчээ. А.М нас барсны дараа түүний эхнэр Н.А болон бага хүү М.Ө нар таарамжгүй харилцаатай байсны улмаас Н.А, охин М.З нар нь гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00438 дугаартай шийдвэрээр тус гэр бүлийн гишүүдийн зарим хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг шүүх гэр бүлийн гишүүдэд хувааж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.[12]

 

А.М нас барсны дараа гэр бүлийн бусад гишүүд гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсантай холбогдуулан тэдгээрийн дунд гэр бүлийн гишүүдийн өмч, хуваарьт хөрөнгө, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан үүссэн ба нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлийн үндэслэл нь үүнээс улбаатай байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлийн шаардлагуудаас М гэх газарт байгаа 5x5 м.кв хэмжээтэй 2.500.000.00 төгрөгийн үнэтэй модон байшин, 3x5 м.кв хэмжээтэй модон амбаар буюу үнэ 800.000.00 төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5.000.000.00 төгрөг, 2 машин аргал буюу 160.000.00 төгрөг, 1 машин өвс буюу 300.000.00 төгрөг, нийт 8.760.000.00 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай хэсгийг хангаж, З гэх газарт байгаа 5x5 м.кв хэмжээтэй модон байшин, 4x4 м.кв хэмжээтэй 2 амбаарын хамт 2.500.000.00 төгрөг, 1 машин өвс буюу 300.000.00 төгрөг гаргуулах тухай нийт 2.800.000.00 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч иргэний цахим үнэмлэхийн үнэ 18.800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгүүдийг өөрийн өмч гэж үзэн, бусдын хууль бус эзэмшлээс шаардаж нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь татгалзлаа  нэхэмжлэлд дурдсан зарим хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон учраас шүүхийн шийдвэрээс уг заалтыг хасаж өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийн талаар давж заалдах гомдол гаргаагүй, харин хариуцагч М.Ө нь шүүхийн шийдвэрийн Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5.000.000.00 төгрөг гаргуулах тухай хэсгийг эс зөвшөөрч, уг үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж төлж давж заалдах журмаар гомдол гаргасан, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байх тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн давж заалдах гомдлын хэмжээнд дүгнэлт хийх нь зүйтэй байна. Учир нь, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь шүүх хуралдаанаар хянах явцад “Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5.000.000.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас бусад нэхэмжлэлийн шаардлагуудын талаар талуудын хооронд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэмжээнд ямар нэгэн маргаан байхгүй талаар хэргийн оролцогчид хүсэл зоригоо илэрхийлсэн болно.

 

Зил-130 маркийн машин буюу 5.000.000.00 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, уг тээврийн хэрэгслийг А.М, Н.А нар нь Б.Ас-аас 2014 онд худалдаж авсан нь зохигчийн хоёр шатны шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, даатгалын төлөөлөгч Р.Алт-ийн тодорхойлолт[13], 2015, 2016 онд А.М нь тус тээврийн хэрэгслийн татвар төлж байсан гэх баримт[14] зэргээс гадна гэрч Б.Ас-ын “Би мөнгийг нь бэлнээр авсан. Ямар нэгэн баримт бичиж өгөөгүй. М, А, Н гурав ирж авсан. Тэр үед А нь цалингийн зээл авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-н “уг тээврийн хэрэгслийг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 6.000.000.00 төгрөгөөр, цалингийн зээл авч Б.Ас-аас худалдаж авсан” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн 01331636 дугаартай гэрчилгээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон бөгөөд М.Н-ын Б.Ас-тай байгуулсан гэх тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон уг гэрчилгээгээр Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч М.Н-ын нэр дээр бүртгэгдсэн нь Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 112 дугаар албан бичгээр[15] тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 111.2.1-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” гэж, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн   171.1-т “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.” гэж заасан байна. Үүнээс дүгнэвэл,  маргаан бүхий Зил-130 маркийн, 6349БӨТ улсын дугаартай, цэнхэр өнгийн ачааны тээврийн хэрэгсэл нь 01331636 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд М.Н-ын нэр дээр бүртгэлтэй нь тогтоогдож байгаа боловч энэ нь тухайн хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь М.Н мөн болохыг нотлохгүй буюу тээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгө учраас түүний өмчлөх эрх хуульд зааснаар бүртгэлээр үүсэхгүй юм.

 

Тус тээврийн хэрэгслийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А.М нас барахаас өмнө, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр түүний эхнэр Н.А нь банкнаас зээл авч Б.Ас-аас худалдаж авсан учраас энэхүү хөрөнгө нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр М.Н-ын нэр дээр бүртгүүлсэн эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1.-т “...гэр бүлийн гишүүдийн бусад орлого, ... шинээр бий болсон хөрөнгө” гэж зааснаар А.М нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Иймээс уг хөрөнгийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1.-т зааснаар нэхэмжлэгч М.Н нь өөрийн өмч гэж үзэн шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.  

 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээс үзвэл, А.М нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын  эд хөрөнгө болох маргаан бүхий уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч М.Н 2012 онд гэр бүл болж, 2014 онд гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахдаа түүнд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-т зааснаар гэр бүлийн гишүүд тухайн хөрөнгийг захиран зарцуулах талаар харилцан тохиролцож өмчлөлд нь шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй учраас тус эд хөрөнгийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 127 дугаар зүйлийн 127.1.-т зааснаар нэхэмжлэгчийн өмч, хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй, энэ нь хариуцагч М.Ө-ы татгалзал, тайлбараар давхар нотлогдож байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн “Н өмчлөх эрхээ хуульд заасан журмаар хууль ёсоор олж аваагүй нь нотлогдсоор байхад машиныг түүний өмч гэж шүүх шийдвэрлэх ёсгүй. Энэхүү машин нь М-ын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмч байтал шүүх А хүү Н-д худалдаж авч өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950.00 төгрөгийг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00302 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 127 дугаар зүйлийн 127.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Ө-өөс Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар баг, М гэх газарт байрлах 5x5 м.кв хэмжээтэй модон байшин буюу 2.500.000.00 төгрөг, 3x5 м.кв хэмжээтэй модон амбаар буюу 800.000.00 төгрөг, 2 машин аргал буюу 160.000.00 төгрөг, 1 машин өвс буюу 300.000.00 төгрөг нийт 3.760.000.00 /гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас З гэх газарт байгаа 5x5 м.кв хэмжээтэй модон байшин, 4x4 м.кв хэмжээтэй 2 амбаарын хамт буюу 2.500.000.00 төгрөг, Зил-130 маркийн 6349 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу 5.000.000.00 төгрөг, 1 машин өвс буюу 300.000.00 төгрөг, нийт 7.800.000.00 /долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56” гэсний дараа “дугаар зүйлийн 56.1,” гэж нэмж, “60 дугаар зүйлүүдэд” гэснийг “60 дугаар зүйлийн 60.1.-т” гэж, “155110” гэснийг “75.110.00 /далан таван мянга нэг зуун арав/” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Ө-ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж М.Ө-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                С.ӨМИРБЕК

 


[1] Хэргийн 2 дугаар хавтасны 21 дүгээр тал. Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 141-143 дугаар тал.

[3] Мөн хавтасны 136-140 дүгээр тал.

[4] Хэргийн 2 дугаар хавтасны 40 дүгээр тал.

[5] Мөн хавтасны 36 дугаар тал.

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 136-140 дүгээр тал.

[7] Хэргийн 2 дугаар хавтасны 21, 41 дүгээр тал.

[8] Хэргийн мөн хавтасны 54-61 дугаар тал.

[9] Хэргийн 2 дугаар хавтасны 22 дугаар тал.

[10] Хэргийн 1 дүгээр хавтасны 27 дугаар тал.

[11] Хэргийн 1 дүгээр хавтасны 181 дүгээр тал.

[12] Хэргийн 2 дугаар хавтасны 62-71 дүгээр тал.

 

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 95 дугаар тал.

[14] Хэргийн 1 дүгээр хавтасны 74-77 дугаар тал.

[15] Хэргийн 1 дүгээр хавтасны 49 дүгээр тал.