Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2023/03954

 

 

 

 

                           

 

 

 

                                    

         2023       12         08 

                        181/ШШ2023/03954

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... оршин байрлах, Ж ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоотод оршин байрлах О ХХК /РД: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн төлбөрийн үлдэгдэл болох 142,912,674.30 төгрөг болон төлбөр төлөөгүй хугацааны алданги 71,456,337.15 төгрөг, нийт 217,369,012 төгрөг гаргуулах үндсэн,

Ж ХХК болон О ХХК хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний дотоодын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах сүлжээ хоорондын харилцан холболтыг Харилцаа холбооны зохицуулах хороо 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийн дагуу зохицуулж шийдвэрлэсэн тул уг шийдвэрийн дагуу дотоодын яриа, мессеж дамжуулах холбох шугамын хүрээнд нээлгэх буюу шийдвэрийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгах, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессэжний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарсны дараа гэрээг 1 жил 7 сар 21 хоногоор хүчинтэйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал, Ц.Хулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн төлбөрийн үлдэгдэл болох 142,912,674.30 төгрөг болон төлбөр төлөөгүй хугацааны алданги 71,456,337.15 төгрөг, нийт 217,369,012 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Ж ХХК нь О ХХК-тай харилцан тохиролцож, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ЖМ-19/333 тоот “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулан сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан.

Энэхүү гэрээнд заасны дагуу манай компани олон улсын ярианы үйлчилгээ буюу Улс хоорондын дуудлага хүлээн авах (Гэрээний 1.5.3 дахь заалт), Улс хоорондын гарах дуудлага хийх (Гэрээний 1.5.4 дэх заалт), харилцан холболтын үйлчилгээг өөрийн 009 гэсэн гарцыг ашиглан үзүүлдэг бөгөөд талууд Гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байсан.

Гэтэл “О” ХХК нь 2019 оны 12 дугаар сард гарсан олон улсын ярианы үйлчилгээний төлбөрөө өнөөг хүртэл төлөлгүй тус компанид тодорхой хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, тус компанийн сүлжээнээс манай Улс хоорондын ярианы 009 гарцаар 2019 оны 12 дугаар сард 142,912,674.30 төгрөгийн дуудлага хийх үйлчилгээ хийгдсэнээс төлбөрийг огт төлөөгүй байна. Дээрх олон улсын ярианы дуудлага хийх үйлчилгээний төлбөрийг гадаадын холболтын үйлчилгээ үзүүлж байгаа компани төлөхгүй байгаа нөхцөлд Монгол Улсаас гадаад орон руу гарч байгаа олон улсын дуудлага хийх үйлчилгээг хаадаг тул манай компани бусад хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг бодож “О” ХХК-ийн сүлжээнээс гарсан ярианы төлбөрийг гадаадын харилцаа холбооны дамжуулагч компанид төлсөн.

Дээрх төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх үүднээс гэрээнд заасны дагуу “О” ХХК-тай удаа дараа уулзалт зохион байгуулсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Дээрх олон улсын ярианы дуудлагаас чухам алийг нь ямар үндэслэлээр, гадны санаатай халдлагад өртсөн гэмт хэргийн улмаас үүссэн төлбөр гэж үзээд, алийг нь өөрийн төлөх ёстой төлбөр гэж хүлээн зөвшөөрч байгаа нь тодорхойгүй байна. Аливаа бизнесийн байгууллага өөрийн ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй байдлыг өөрөө хариуцан ажиллаж, өөрсдийн хэрэглэгч, үйлчлүүлэгч, цаашилбал бусад гэрээт болон гэрээт бус аливаа гуравдагч этгээдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх хууль ёсны үүрэгтэй. Нөгөө талаар, аливаа бизнес эрхлэгчдид бизнесийн үйл ажиллагааны тодорхой эрсдэл байдаг бөгөөд үүнийг тооцож үзэх, өөрсдөө хариуцах үүрэгтэй байдаг. Гэтэл сүлжээний тоног төхөөрөмж, серверийн аюулгүй байдлыг хангаж ажиллагаагүй алдааг “халдлагад өртсөн” гэж шалтаглан хамтран ажиллагч түншээ хохироохоор завдаж байгааг хууль бус, хэтэрхий шударга бус үйлдэл гэж үзэж байна.

Талууд гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 142,912,674.30 төгрөгийн төлбөрөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон (гэрээний 7.5 дах заалт). Дээрх заалтын дагуу алдангийг тооцож үзэхэд 2019 оны 12 дугаар сарын төлөөгүй төлбөрт ногдох хэмжээг хугацаа хэтэрсэн 371 хоногт тооцвол 71,456,011.45 төгрөг, нийтдээ 214,369,011.45 төгрөг болж байна.

Хэдийгээр талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа хохирол учруулсан тохиолдолд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй байхаар харилцан тохиролцсон ч зөвхөн дээрх 2019 оны 12 дугаар сарын төлбөр болон алдангийг нэхэмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 20/040 дугаар албан бичгийн дагуу манайхаас харилцан холболтыг түр нээсний төлбөрийг тооцож нэхэмжлээгүй болно.

Иймд, О ХХК болон Ж ХХК-ийн хооронд байгуулсан “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ”-ний үүргийн дагуу О ХХК-ийн сүлжээнээс Ж ХХК-ийн Улс хоорондын ярианы 009 гарцаар 2019 оны 12 дугаар сард гарсан ярианы төлбөрийн үлдэгдэл 136,758,580 төгрөг, гэрээний 5.12-т заасан тухайн сард харилцан төлөх нийт төлбөрийн 5 хувийг тус тусын талд орлого цуглуулах шимтгэлд тооцох 7,521,765.90 төгрөг, нийт 142,912,674.30 төгрөг болон төлөөгүй хугацааны алданги 71,456,011.45 төгрөг, нийтдээ 214,369,011.45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

“О ХХК нь 2019 оны 05 сарын Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохих тусгай зөвшөөрлийг авч харилцаа холбооны үйлчилгээ эрхлэхээр үйл ажиллагаа эхлүүлсэн. Энэхүү үйл ажиллагааны дагуу харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж буй холбогдох тусгай зөвшөөрөл бүхий компаниудтай харилцан холболт хийх буюу холбох шугам үүсгэж яриа болон мессеж солилцох техникийн боломжийг нээдэг. Уг холболтыг Ж ХХК-тай харилцан холболтын гэрээг байгуулсны дараа хийсэн байсан.

Ж ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэл нь бүхэлдээ улс хоорондын олон улсын ярианы дуудлагатай холбоотой байгааг онцлон тэмдэглэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “дээрх олон улсын ярианы дуудлагаас чухам алийг нь ямар үндэслэлээр гадны санаатай халдлагад өртсөн гэмт хэргийн улмаас үүссэн төлбөр гэж үзээд алийг нь өөрийн төлөх ёстой төлбөр гэж хүлээн зөвшөөрч байгаа нь тодорхойгүй байна” гэжээ. О ХХК нь нэхэмжлэлд дурдагдаж буй олон улсын дуудлага нь бүхэлдээ санаатай халдлагад өртсөн гэж байнга тайлбарлаж ирсэн.

О ХХК нь олон улсын дуудлагатай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд гомдол гаргасан. Энэ дагуу Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст О ХХК-ийг төлөөлөн О.Мөнгөнсүх, Ж ХХК-г төлөөлөн Д.Пүрэвжаргал нар тодорхой тайлбар мэдүүлэг өгсөн. ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газарт өргөдөл гомдлыг бүртгүүлэн ажилласан. Улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор нь гэмт хэргийн шинжтэй халдлага үйлдэгч этгээд нь гадаад улсад байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх “Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй.

Эндээс харахад гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйн улмаас гэмт үйлдэл үйлдэгчийн хүлээх хариуцлагыг О ХХК-д хариуцуулах, түүнчлэн гэм буруутай этгээд хохирлыг барагдуулдаг байх хууль ёсны зарчмыг алдагдуулан хохирол нэхэмжилж байгаа нь илт хууль бус нэхэмжлэлийн шаардлага юм.

Уг санаатай халдлага буюу гэмт үйлдлийн хохирогчид нь О ХХК болон Ж ХХК нар юм. Өөрөөр хэлбэл хоёр хохирогчтой гэмт үйлдэл байхад хохирогчдийн нэг нь нөгөөгөөсөө төлбөр нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь гадаад улсаас хийсэн цахим халдлагын талаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт энэ тухай хэрхэн шийдвэрлэх талаар ажиллагаа явуулаагүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буруутай этгээдийг олж тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгээгүйн улмаас О ХХК-ийг буруутай этгээд мэтээр хохирлыг барагдуулахыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Иймд үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

а.Энэхүү сөрөг нэхэмжлэлээ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 04/1210 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн дахин гаргасан.

О ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохих тусгай зөвшөөрлийг авч харилцаа холбооны үйлчилгээ эрхлэхээр үйл ажиллагаа эхлүүлсэн. Энэхүү үйл ажиллагааны дагуу харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж буй холбогдох тусгай зөвшөөрөл бүхий компаниудтай харилцан холболт хийх буюу холбох шугам үүсгэж яриа болон мессеж солилцох техникийн боломжийг нээдэг. Уг холболтыг Ж ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ЖМ-19/333 дугаартай “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ” харилцан холболтын гэрээг байгуулсны дараа хийсэн.

Дээрх гэрээ нь улс хоорондын орох гарах дуудлага хийх, дотоодын орох гарах дуудлага хийх, дотоод мессеж бичих хүлээн авах зэрэг гэрээний 1.5.1-1.5.6 заалтуудын дагуу харилцан үйлчилгээ үзүүлэхийг зохицуулдаг.

Ж ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь гэрээний 1.5.3, 1.5.4 заалтуудад хамаарах маргаан юм. Харин энэхүү сөрөг нэхэмжлэлийг гэрээний 1.5.1, 1.5.2, 1.5.5 болон 1.5.6 заалтуудын хэвийн ажиллагааг хангуулахыг шаардаж байна.

Харилцан холболтыг хийснээс хойш О ХХК нь зах зээлд үйлчилгээгээ танилцуулж нэвтрүүлээгүй буюу хэрэглэгчидтэй болж амжаагүй юм. Тиймээс О ХХК-ийн 79 угтвар дугаараар эхэлсэн дугаараас Ж ХХК-ийн 98, 97, 93, 83 угтвар дугааруудаар эхэлсэн дугаартай хэрэглэгчид рүү харилцан дуудлага болон мессеж дамжигдсан асуудал үүсээгүй юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь О ХХК-д Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд бусад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нартай Харилцаа холбооны тухай хуулийн дагуу харилцан холбогдож харилцан үйлчилгээг үзүүлдэг. Гэвч Ж ХХК нь улс хоорондын дуудлага хүлээн авах, гарах дуудлагад хамаарах асуудлаар шалтаглан дотоодын үйл ажиллагааг хааж байгаа нь үйлчилгээ эрхлэгчийг сүлжээндээ холбохгүй саад учруулж үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангахгүй хууль бус үйлдэл хийж байна.

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь зохицуулалт хийж Ж ХХК-ийг дотоодын үйлчилгээгээ хэвийн явуулахыг мэдэгдсэн байтал Ж ХХК нь зохицуулах байгууллагын зохицуулалтыг биелүүлж ажиллахгүй байна. ХХЗХ нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот албан бичгээр Ж ХХК болон О ХХК хооронд үүссэн асуудалд хамаарахгүй буюу дотоодын холбох шугамын хүрээнд зохицуулалтыг хийж шийдвэр гаргасан болно.

Иймд, Ж ХХК болон О ХХК хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний дотоодын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах сүлжээ хоорондын харилцан холболтыг Харилцаа холбооны зохицуулах хороо 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийн дагуу зохицуулж шийдвэрлэсэн тул уг шийдвэрийн дагуу дотоодын яриа, мессеж дамжуулах холбох шугамын хүрээнд нээлгэх буюу шийдвэрийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.

б.Мөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэхдээ: “Ж ХХК нь өөрийн ашигладаг олон улсын ярианы 009 гарцаар дамжин өнгөрсөн “эх ярианы төлбөрийг О ХХК-иас нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. О ХХК нь уг нэхэмжлэлийг үндэслэлгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн хариуцагчийг зөв тодорхойлоогүй тул О ХХК нь хариуцахгүй талаар маргаж байгаа.

Энэхүү олон улсын ярианы 009 гарц нь Ж ХХК О ХХК хоорондын дотоодын яриа болон мессеж дамжуулах шугамаар дамжихаар тохиролцсон байсан. Энэхүү дотоодын яриа, мессеж дамжуулалтыг зохицуулах зорилгоор О ХХК болон Ж ХХК нь 2019 оны 08 сарын 01-ний өдөр ЖМ19/333 сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулсан болно.

Дээрх харилцан холболтын гэрээ хэрэгжиж байх явцад буюу 2019 оны 12 сарын 11-ний өдөр О ХХК-ийн цахим систем халдлагад өртөж Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д заасан компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан...” гэмт үйлдлийг гадаад улсаас үйлдэж ноцтой хохирол учруулсан. Энэхүү үйлдлийн эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй байгаа болно.

Бодит байдал ийм байхад Ж ХХК нь дээрх гэмт үйлдлийн хохирлын мөнгийг О ХХК-иас нэхэмжлэх үндэслэлгүй юм.

Ж ХХК нь олон улсын ярианы 009 гарцын асуудлаар шалтаглан дотоодын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах үйлчилгээг хааж байгаа үйлдэл гаргаж байна. Олон улсын ярианы үйлдэл нь тусдаа шийдэгдэх асуудал байх тул О ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан гэрээг Ж ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хаасан буюу гэрээг мөрдөж ажиллаагүй хугацаанаас гэрээг дуусах 2021 оны 08 дугаар сарын 01-ний хугацаа хүртэл дахин сунгасанд тооцох зайлшгүй шаардлага үүсч байна. Уг хугацааг тооцож үзвэл 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил 7 cap 21 хоног байна.

Дотоодын харилцан холболтын яриа, мессежний холбох шугамыг нээх шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хороо гаргаж албан бичгээр мэдэгдсэнийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн байгаа болно.

Иймд, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессежний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарсны дараа гэрээг 1 жил 7 cap 21 хоногоор хүчинтэйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдэлд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЖМ19/333 дугаар бүхий харилцан холболтын гэрээний дагуу О ХХК-ийн дотоод дуудлага, мессеж хүлээн авах, дотоод гарах дуудлага хийх, дотоод мессеж бичих харилцан холболтын үйлчилгээг үзүүлэх холболтыг нээж хамтран ажиллах нь зүйтэй гэж тусгасны дагуу дотоодын харилцан холболт нээлгэх шийдвэрийг биелүүлж өгнө үү гэжээ.

Ж ХХК нь О ХХК-аас ЖМ19/333 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүргийн биелэлтийг хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд тус сөрөг нэхэмжлэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нэхэмжлэл байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

5.Дараах нотлох баримтуудыг зохигч талууд гаргасан. Үүнд:

а/.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 1,229,796 төгрөг төлсөн баримт, Б.Уранцэцэгт олгосон итгэмжлэл, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/397 дугаар эрх олгох тухай тушаал, 399 дугаартай нэхэмжлэх, харилцан холболтын тооцоо, О ХХК болон Ж ХХК-ийн сүлжээ хороондын харилцан холболтын гэрээ, хавсралтын хамт, Ж ХХК-ийн 14500030 дугаартай тусгай зөвшөөрөл, Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх 14500030 тоот тусгай зөвшөөрлийн гэрээ, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020.05.18-ны өдрийн 02/820, 02/821 тоот, 2020.11.30-ны өдрийн 05/2024 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2020.03.27-ны өдрийн 11е/1948 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.04.16-ны өдрийн 5/595 тоот гомдлын хариу, Ж ХХК-ийн 2020.05.27-ны өдрийн 02/4201 тоот мэдэгдэл, Ж ХХК-ийн 2020.10.14-ний өдрийн 01/7537 тоот хүсэлт, О ХХК-ийн 2021.01.04-ний өдрийн 21/02/004 тоот, 2020.09.28-ны өдрийн 20/041 тоот албан бичиг, Ж ХХК-ийн 2020.09.28-ны өдрийн 20/040 тото албан бичиг, О ХХК-ийн 2019.07.16-ны өдрийн 19/051 тоот албан бичиг, О ХХК-ийн Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх 14200016 дугаартай тусгай зөвшөөрөл, 2019.07.08-ны өдрийн 31500009 дугаартай О ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээ, О ХХК-ийн 2020.02.11-ний өдрийн 20/004 тоот, 2020.05.22-ны өдрийн 20/034 тоот албан бичиг, Ц.Хуланд олгосон итгэмжлэл, Б.Наранцацралд олгосон итгэмжлэл, Харилцан холболтын үйлчилгээний ачааллын тооцоо зэргийг гаргаж өгсөн.

б/.Хариуцагч талаас:О.Мөнгөнсүхэд олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.04.16-ны өдрийн 5/595 тоот гомдлын хариу, улсын тэмдэгтийн хураамжид /70,200+70,200/ нийт 140,400 төгрөг төлсөн баримт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 04/1210 тоот, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот албан бичиг, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, О ХХК-ийн Голомт банк дахь 1505150101 тоот дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.

в/.Шүүхийн журмаар: Д.Пүрэвжаргалыг гэрчээр асуусан тэмдэглэл, Монгол банкны 2022.03.03-ны өдрийн Б-10/173 тоот, 2022.06.06-ны өдрийн Б-10/472 тоот албан бичиг, Ж ХХК-ийн Төрийн банк дахь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх гадаад үйлчилгээний дансны хуулга, Ж ХХК-ийн Голомт банк дахь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх гадаад үйлчилгээний дансны хуулга, Ж ХХК-ийн Хас банк дахь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх гадаад үйлчилгээний дансны хуулга, Ж ХХК-ийн эзэмшдэг 5038006219 тоот ам.долларын харилцах дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, [email protected] и-мэйл хаяг руу [email protected] хаягнаас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 цаг 13 минутад явуулсан мэйл, [email protected] мэйл хаягнаас [email protected] хаяг руу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 21 минутад явуулсан мэйл, [email protected] мэйл хаягнаас [email protected] хаяг руу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 30 минутад явуулсэн мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Шүүх, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан О ХХК болон Ж ХХК-ийн хооронд байгуулсан “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ”-ний үүргийн дагуу О ХХК-ийн сүлжээнээс Ж ХХК-ийн Улс хоорондын ярианы 009 гарцаар 2019 оны 12 дугаар сард гарсан ярианы төлбөрийн үлдэгдэл 136,758,580 төгрөг, гэрээний 5.12-т заасан тухайн сард харилцан төлөх нийт төлбөрийн 5 хувийг тус тусын талд орлого цуглуулах шимтгэлд тооцох 7,521,765.90 төгрөг, нийт 142,912,674.30 төгрөг болон төлөөгүй хугацааны алданги 71,456,011.45 төгрөг, нийтдээ 214,369,011.45 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

8.Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйн улмаас гэмт үйлдэл үйлдэгчийн хүлээх хариуцлагыг О ХХК-д хариуцуулах, гэм буруутай этгээд хохирлыг барагдуулдаг байх хууль ёсны зарчмыг алдагдуулан хохирол нэхэмжилж байгаа нь илт хууль бус нэхэмжлэлийн шаардлага гэх тайлбар гаргаж, эс зөвшөөрч маргасан.

9.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан а.Ж ХХК болон О ХХК хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний дотоодын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах сүлжээ хоорондын харилцан холболтыг Харилцаа холбооны зохицуулах хороо 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийн дагуу зохицуулж шийдвэрлэсэн тул уг шийдвэрийн дагуу дотоодын яриа, мессеж дамжуулах холбох шугамын хүрээнд нээлгэх буюу шийдвэрийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгах,

б.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессежний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарсны дараа гэрээг 1 жил 7 cap 21 хоногоор хүчинтэйд тооцуулах-аар сөрөг шаардлага гаргасан.

10.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ О ХХК-аас ЖМ19/333 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүргийн биелэлтийг хангуулах нэхэмжлэл гаргасан байтал сөрөг нэхэмжлэл нь тус нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж эс зөвшөөрч маргасан.

11.Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар арбитрын хэлэлцээртэйгээс бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо, салбар зөвлөл шийдвэрлэх бөгөөд мөн зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар уг шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

11.1.Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын төлбөрийн талаарх гомдлыг Харилцаа холбооны Зохицуулах хороонд гаргасан. Уг хорооны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/7534 тоот албан бичгээр ...Уг маргаантай асуудал нь одоог хүртэл хоёр талын зөвшилцөлд хүрч чадалгүй ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хэрэг бүртгэлд бүртгэгдэн мөрдөн шалгагдаж байгаа учраас маргалдагч хоёр тал шүүхийн байгууллагад хандан гомдол, хохирлоо шийдвэрлүүлнэ үү гэснээс үзвэл нэхэмжлэгчийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаарх хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

11.2.Тус гэрээний маргаантай холбогдуулан хариуцагч О ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороонд хандахад Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...Ж ХХК-д О ХХК болон танай компани хооронд 2019 оны ...ЖМ19/333 дугаар бүхий харилцан холболтын гэрээний дагуу О ХХК-ийн дотоод дуудлага, мессэж хүлээн авах, дотоод гарах дуудлага хийх, дотоод мессэж бичих харилцан холболтын үйлчилгээг үзүүлэх холболтыг нээж, сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Түүнчлэн О ХХК-ийн дотоод харилцан холболтын үйлчилгээг нээх тохиолдолд танай компани өөрийн техникийн боломжийн хүрээнд О ХХК-иас гарах улс хоорондын ярианы гарцыг хаах, хянах, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг, мөн О ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЖМ19/333 дугаар бүхий харилцан холболтын гэрээндээ О ХХК-аас улс хоорондын гарах дуудлага хийгдэхээс урьдчилан сэргийлэх, хийгдсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар харилцан зохицуулах нэмэлт, өөрлөлтийг оруулах талаар зөвлөж байна гэсэн бөгөөд хувийг О ХХК-д хүргүүлсэн байна./1-р хх-28-29,

11.3.Харилцаа холбооны тухай хуулийн 31.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо, салбар зөвлөл урьдчилан шийдвэрлэнэ, 31.3-т Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу хариуцагч мөн сөрөг нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

12.Нэхэмжлэгчийн 214,369,011.45 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

12.а.Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ ...О ХХК-ийн сүлжээнээс манай Улс хоорондын ярианы 009 гарцаар 2019 оны 12 дугаар сард 142,912,674.30 төгрөгийн дуудлага хийх үйлчилгээний төлбөр, хугацаанд нь төлөөгүй алданги 71,456,011.45 төгрөг гэж тодорхойлсон.

12.б.Нэг талаас Ж ХХК, нөгөө талаас О ХХК-тай харилцан тохиролцож, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ЖМ-19/333 тоот “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г байгуулсан ба уг гэрээ 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх, гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талууд гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд энэхүү гэрээ нь нэг жилийн хугацаатай нэг удаа сунгагдсанд тооцохоор зааж, сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцжээ./1хх-12-23/

12.в.Гэрээгээр талууд өөрийн сүлжээний хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор нөгөө талын сүлжээтэй харилцан холболт хийх, харилцан холболтын үйлчилгээний тарифийг хавсралт 4-т зааснаар сар бүр нийлж, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

12.г.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

12.д.Нэхэмжлэгч талаас хариуцагч талд 2020 оны 05 дгаар сарын 27-ны өдрийн 02/4201 тоот албан бичгээр “...ЖМ19/333 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг байгуулан харилцан холболт хийгдсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сард танай дугаарлалтаас Ж ХХК-ийн ОУ-ын 009 гарцаар 38,569 минут 136,757,360 төгрөг бүхий яриа дамжсан. Үүнээс үүдэлтэйгээр 2019 оны 12 дугаар сарын харилцан холболтын төлбөр тооцооны актыг танай талаас одоог хүртэл баталгаажуулаагүй, Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүргээ биелүүлээгүй байсаар байна. Иймд харилцан холболтын хоорондын тооцоогоо бодит яриа болон халдлагад өртсөн яриа тус бүрт нь ялган тооцож өөрийн тайлбарын хамт актаар баталгаажуулан ирүүлнэ үү. Мөн танай компани дээрх тооцооны актаа баталгаажуулан ирүүлээгүй тохиолдолд бид Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний хүрээнд дотоод харилцан холболтоо нээх боломжгүй байна гэжээ./1-р хх-37/

12.е.Ж ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригт 2020.10.14-ний өдрийн 01/7537 тоот албан бичгээр хүсэлт гаргасанд: ...гэрээг байгуулан харилцан холболт хийсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд О ХХК-ийн 79хх-ххх дугаарлалтаас Ж ХХК-ийн ОУ-ын ярианы 009 гарцаар 38,569 минут 136,757,360 төгрөг бүхий яриа хийгдсэн. ...Дээрх үүссэн асуудал нь Ж ХХК болон О ХХК хооронд байгуулсан ...гэрээний хүрээнд шийдвэрлэгдэх асуудал бөгөөд О ХХК одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсаар байна... та бүхэн Харилцаа холбооны тухай хуулийн 31.2, Сүлжээ хооронд харилцан холболт хийх журмын 10.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэл болгон нөхцөл байдлыг судлан үзэж О ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн хамтран ажиллах тухай мэдэгдэл хүргүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ./1-р хх-35-36/

12.ё.Харилцаа холбооны зохицуулах хорооноос Ж ХХК-д 2020.11.30-ны өдрийн 05/2024 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэнд: ...Уг маргаантай асуудал нь одоог хүртэл хоёр талын зөвшилцөлд хүрч чадалгүй ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хэрэг бүртгэлд бүртгэгдэн мөдөн шалгагдаж байгаа учраас маргалдагч хоёр тал шүүхийн байгууллагад хандан гомдол, хохирлоо шийдвэрлүүлнэ үү...гэжээ./1-р хх-31/

13.Хариуцагч татгалзлын үндэслэлээ болгож дараах бичгийн баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

13.а.Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Ж ХХК-д өгсөн 2020.03.27-ны өдрийн 11е/1948 тоот албан бичигт: Тус хэлтэст “О” ХХК-аас гаргасан “Манай компани үйлчилгээ эрхлэх компаниудтай яриа дамжуулах харилцан холболтын шугам үүсгэж ажиллахаар харилцан холболтын туршилт хийж байх үед буюу 2019 оны 12 дугаар сарын 10-наас 2019 оны 12 дугаар сарын 13-ны хооронд интернэтээр дамжин харилцан холболтын шугам туршиж байсан сүлжээ бүхий компанийн 009 гарц руу хуурамч дуудлага гарсан” тухай гомдлыг Эрүүгийн цагдаагийн албанд гаргасныг хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад тус компанийн систем рүү Бүгд Найрамдах Серби улсын бүртгэлтэй 141.8.147.153 интернет протокол (IP) хаягаас хууль бус хандалт хийж системийн тохиргоог өөрчилсөн, 2019 оны 12 дугаар сарын 10-аас 2019 оны 12 дугаар сарын 13-ны хооронд 009 гарцаар 38659 минутын зохистой хэрэглээний бус яриа хийгдсэн нь дуудлагын луйвар /call fraud/ гэмт хэргийн шинжтэй байх тул өргөдөл гомдлын 93 дугаарт бүртгэн шалгалтыг ажиллагаа явуулж байна гэжээ./1-р хх-32, 81/

13.б.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020.04.16-ны өдрийн 5/595 тоот хариу мэдэгдэх хуудас-д: “Таны гаргасан гомдлын дагуу хяналтын прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай шийдвэр гаргасан Г-93 дугаартай материалыг хянаж танилцлаа. Танай компанийн Ж ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд оператор компанитай шугам холбож туршилт хийж байх үед буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр интернэтээр гадаад улсаас хуурамч дуудлага дамжин, 009 гарцыг ашиглан халдсан” гэх гомдлыг шалгасан материалыг хянавал 141.8.147.153 дугаартай интернет хаягнаас халдлага хийсэн нь тогтоогдсон байх боловч уг хаягийн байршил нь Серби улсад байна. Мөн гадаад улсаас цахим мэдээллийн сүлжээнд халдсан талаар О.Мөнгөнсүх болон Д.Пүрэвжаргал нар тодорхой мэдүүлжээ. Дээрх баримтуудад дүгнэлт хийхэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан, гэмт халдлага хийсэн үйлдэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй байна. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хяналтын прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж байна...гэжээ./1-р хх-82/

            14.Шүүхээс гэрчээр Л.Пүрэвжаргалыг асуух ажиллагааг хийсэн ба түүний мэдүүлэгт: ...009 гарцаар халдлага 2019 оны 12 сарын 10-наас 2019 оны 12 сарын 13-ны хооронд гарсан. Халдлага гарсан өдрөө О компанитай утсаар мэдээлэл солилцсон. Баримт материалыг 2020 оны 2 сарын 20-нд ирүүлэхийг О ХХК-иас шаардсан, гэтэл 2020 оны 4 сарын 3-ны өдөр баримтыг ирүүлсэн, хугацаанд нь ирүүлээгүй хоцроосноос төлбөр хөнгөлөгдөөгүй. Өмнө нь ийм халдлага болж байсан, тухайн үед баримтаа хугацаанд нь ирүүлсэн учир төлбөрөөсөө чөлөөлөгдсөн. Цагдаагийн байгууллагаас халдлага гэдгийг нотолсон Үүнтэй холбоотой харилцан холболтын гэрээний үүргийн дагуу өөрсдөөс нь шалтгаалж нөгөө талд хохирол гаргах бол тэр хохирлыг О ХХК бүрэн барагдуулах үүрэгтэй. Халдлага болсонд О ХХК буруутай. Өөрсдийн техникийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй, хамгаалаагүйгээс халдлагад өртөж байгаа. Энэ талаар гэрээнд заасан...гэжээ./1-р хх-141-146 /

15.Гэрээний 4.1-д Түрээсийн шугам ашиглахаас бусад тохиолдолд зааглах цэгээс 2 тийш талууд өөрсдийн шугам, төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ, гэмтэл засварыг хариуцна., 4.5-д Талууд өөрсдийн сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Аль нэг талын буруутай үйлдэл, санамсар болгоомжгүй байдлаас, мөн техник технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан үйлчилгээ саатах, тасрах, хууль бус хадлага /fraund/-д өртөх зэрэг бүх тохиолдолд тухайн тал нь нөгөө тал, түүний хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй” гэж заажээ.

16.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан боловч талуудын тайлбараар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэмт халдлага болсонтой холбогдуулан хаасан бөгөөд нэг удаа нээгээд буцаагаад хаасан болох нь нотлогдож байна. Гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон, талууд хугацааг бичгээр сунгаагүй үйл баримт тогтоогдож байна. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас харилцан холболтын тооцоог 2019.12.01-2019.12.31-ний өдрийг хүртэл хугацаагаар, мөн Харилцан холболтын үйлчилгээний ачааллын тооцоог тус тус гаргасан нь 1-р хавтаст хэргийн 9-10 дах талд болон шүүх хуралдаанд орчуулга хийсэн баримтыг гаргаж өгснөөр нотлогдож байгаа бөгөөд хариуцагч талаас уг тооцоонд гарын үсэг зураагүй үйл баримт нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, Гэрээний 5.1-д талууд энэхүү гэрээний 5.1-д заасан үйлчилгээнүүдийн харилцан холболтын төлбөрийг хавсралт 4-т зааснаар сар бүр нийлнэ., 5.5-д Талуудын төлбөр тооцооны төвийн ажилтнууд харилцан холболт хийгдсэн ачааллын өгөгдлийг тухайн тайлант А сарын сүүлийн өдрөөс хойш Б сарын хуанлийн 6 хоногт багтаан электрон хэлбэрээр харилцан солилцож, Б сарын хуанлийн 8 хоногт багтаан тооцоог Хавсралт 4-т заасан үнэ тариф болон тооцоо нийлэх маягтын дагуу цаасан дээр хийж баталгаажуулна” гэж заасан заалтыг хариуцагч биелүүлээгүй байна.

17.Мөн гэрээний 5.12-т талууд нь тухайн сард харилцан төлөх нийт төлбөрийн 5%-ийг тус тусын Талд орлого цуглуулах шимтгэлд тооцож үлдээнэ гэж заасныг нэхэмжлэгч үндэслэн /6,837,929+683,796.90/ 7,521,725.90 төгрөгийг нэхэмжлэлээр тооцоолон шаардсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн 9 дүгээр талд авагдсан харилцан холболтын тооцооны баримтаар тогтоогдож байна.

18.Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ цахим халдлага гарсан учир гэм буруутай этгээдийн өмнөөс хариуцлага хүлээж, тооцоо нийлэх шаардлагагүй, гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх хуулийн заалттай, манайх гэм буруугүй гэж маргадаг.

19.Хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэжээ. Ийнхүү мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд шүүх дүгнэлтийг өгнө. Иймээс хэргийн оролцогч талуудын хэн алин “гэмт халдлага болсноор 2019.12.12-ны өдөр сүлжээг хаасан боловч хариуцагчаас сүлжээг нээх хүсэлт гаргасныг хүлээн аваад нэг удаа буюу 2020.09.20-ны өдөр нээсэн, хариуцагч сүлжээг хамгаалах ямар нэгэн ажил хийгээгүйгээс гадаадаас халдлага орж ирээд байсан тул сүлжээг хаасан” гэж тайлбарласан тул 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай тул зохигч талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа цаашид дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

20.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигч талуудын тайлбараар гэрээнд заасны дагуу О ХХК-ийн сүлжээнээс Ж ХХК-ийн Улс хоорондын ярианы 009 гарцаар 2019 оны 12 дугаар сард гарсан 3,587 удаагийн дуудлагаар нийт 38,659 минутын төлбөрт 136,758,580 төгрөг, гэрээний 5.12-т зааснаар 7,521,765.90 төгрөг, нийт 142,912,674.30 төгрөгийн төлбөрийг хариуцагч нь үндэслэлгүй гэж маргасан боловч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал гэрээний 7.3-т зааснаар хариуцагчийг гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 7.3.2-т зааснаар ...энэхүү гэрээний 7.4-т заасан нөхцөлийн дагуу алданги тооцох, 7.3.3-т ...төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас 3 сараар хэтрүүлсэн тохиолдолд 2.2.6-д заасан заалтыг хэрэгжүүлэн харилцан холболтын хязгаарлалт, салгалт хийх-ээр заасны дагуу хариуцагчийг гэрээгээр хүлээсэн болон Харилцаа холбооны тухай хуулийн 25.1.2-т “хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах;”

26.2.2-т “харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;”-өөр заасан үүргээ биелүүлээгүй гэж ...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс Дотоодын харилцан холболтын яриа, мессежийн холбох шугамыг нэхэмжлэгч талаас хаасан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч хууль буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчээс тодорхойлон шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

21.Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д харилцаа холбооны үйлчилгээний тарифыг Зохицуулах хорооноос гаргасан аргачлалын дагуу тогтоох-оор заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 4-т “Улс хоорондын ярианы харилцан холболтын үнийг “О-оос Ж-руу Монгол 009 гарцаар Гадаад ОС+УХ1 баланс УХ1” гэж зааж тохиролцсоноор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тооцсон тооцооллыг үнэн зөв гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын төлбөр 142,912,674.30 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

22.Гэрээний хугацаанд 2019 оны 12 дугаар сарын төлбөр 142,912,674.30 төгрөгийг хариуцагч төлөөгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний 7.5-д “Алданги нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0,5 хувь байна” гэсэн заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгт 142,912,674.30 төгрөг, алданги 71,456,011.45 төгрөг, нийт 214,369,011.45 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

23.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч талаас гэрээний үүрэг шаардсан үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдохгүй гэж эс зөвшөөрч маргасан.

23.а.Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй..., 73.2-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. гэж заасанд хамаарна гэж үзлээ.

23.б.Талуудын хооронд Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал гэрээг цуцалсан, бөгөөд гэрээ дуусгавар болсонтой зохигч талууд маргаагүй.

24.Хариуцагч талаас Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсанаар 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 02/820 тоот албан бичгээр... 2019.08.01-ний өдөр байгуулсан ЖМ-19/333 дугаар бүхий харилцан холболтын гэрээний дагуу О ХХК-ийн дотоод дуудлага, мессэж хүлээн авах, дотоод гарах дуудлага хийх, дотоод мессэж бичих, харилцан холболтын үйлчилгээг үзүүлэх холболтыг нээж, сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй... гэсэн чиглэлийг өгсөн хэдий боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул шүүхээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн энэхүү чиглэлийг биелүүлэхийг нэхэмжлэгчид даалгах хуулийн үндэслэл болохгүй.   

25.Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэрэгжиж байсан боловч нэхэмжлэгч тал гэрээний 7.6-д талууд энэхүү гэрээний 7.3-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг шат дараатайгаар хэрэглэж эхэлснээр буруутай тал 30 хоногийн дотор гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал гэрээг дангаар цуцлах ба энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ. гэж зааснаар гэрээг цуцалсан бөгөөд гэрээний хугацаа дууссан болох нь талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдсон.

26.Хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бус гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэхүү татгалзал нь баримтаар нотлогдоогүй, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

27.Иргэний хуулийн 43 дугаар зүйлд Хэлцэл хийсэн гэж үзэх талаар зохицуулсан ба 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэсэн зохицуулалтад хамаарахгүй байх тул талуудын хоорондох анх байгуулагдсан Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ цуцлагдсан, улмаар дуусгавар болсон үйл баримт нэгэнт тогтоогдсонд гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагч талыг буруутай гэж шүүх дүгнэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн гаргасан Ж ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний дотоодын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах сүлжээ хоорондын харилцан холболтыг Харилцаа холбооны зохицуулах хороо 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийн дагуу зохицуулж шийдвэрлэсэн тул уг шийдвэрийн дагуу дотоодын яриа, мессеж дамжуулах холбох шугамын хүрээнд нээлгэх буюу шийдвэрийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгах,

Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессэжний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарсны дараа гэрээг 1 жил 7 сар 21 хоногоор хүчинтэйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

28.Хэдийгээр цахим халдлага гарсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх боловч үүнээс шалтгаалан хариуцагч нь хууль болон гэрээнд заасан төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсэн болно.

29.Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн шаардаж буй гэрээний үүргийн төлбөр 142,912,674.30 төгрөг болон алданги 71,456,011.45 төгрөг, нийт 214,369,011.45 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал 1-р хавтаст хэргийн 147-149 дэх талд Пи Си Си Дабльюу Глобал компани руу явуулсан гэх бичгийн эх хувь байхгүй, орчуулга хувийг шүүхэд гаргаж өгсөн тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлээгүй.

30.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,229,796 төгрөгийг болон хариуцагчаас төлсөн /70,200+70,200/ нийт 140,400 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч О ХХК-аас тэмдэгтийн хураамж 1,229,796 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7,1.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан О ХХК-иас 214,369,011.45 /хоёр зуун арван дөрвөн сая гурван зуун жаран есөн мянга арван нэгэн төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг гаргуулж Ж ХХК-д олгож,

Оранкжом ХХК-ийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан “Ж ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний дотоодын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах сүлжээ хоорондын харилцан холболтыг Харилцаа холбооны зохицуулах хороо 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийн дагуу зохицуулж шийдвэрлэсэн тул уг шийдвэрийн дагуу дотоодын яриа, мессеж дамжуулах холбох шугамын хүрээнд нээлгэх буюу шийдвэрийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгах, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессэжний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарсны дараа гэрээг 1 жил 7 сар 21 хоногоор хүчинтэйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,229,796 төгрөгийг болон хариуцагч “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+70,200/ нийт 140,400 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч О ХХК-иас 1,229,796 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ