Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00275

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр Дуга 210/МА2024/00275

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/03954 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК-д холбогдох,

 

Харилцан холболтын гэрээний үүрэгт 217,369,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгах, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессэжний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарснаас хойш гэрээг 1 жил 7 cap 21 хоногоор хүчинтэйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хулан, Б.Наранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж ХХК нь О ХХК-тай харилцан тохиролцож, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ЖМ-19/333 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулан сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан.

Энэхүү гэрээнд зааснаар манай компани Олон улсын ярианы үйлчилгээ буюу Улс хоорондын дуудлага хүлээн авах, Улс хоорондын гарах дуудлага хийх, харилцан холболтын үйлчилгээг өөрийн 009 гэсэн гарцыг ашиглан үзүүлдэг.

1.2. О ХХК нь 2019 оны 12 дугаар сард гарсан олон улсын ярианы үйлчилгээний төлбөрөө өнөөг хүртэл төлөлгүй тус компанид тодорхой хэмжээний хохирол учруулсан. Улс хоорондын ярианы 009 гарцаар 2019 оны 12 дугаар сард 142,912,674.30 төгрөгийн дуудлага хийх үйлчилгээ хийгдсэнээс төлбөрийг огт төлөөгүй. Дээрх олон улсын ярианы дуудлага хийх үйлчилгээний төлбөрийг гадаадын холболтын үйлчилгээ үзүүлж байгаа компани төлөхгүй байгаа нөхцөлд Монгол Улсаас гадаад орон руу гарч байгаа олон улсын дуудлага хийх үйлчилгээг хаадаг тул манай компани бусад хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж О ХХК-ийн сүлжээнээс гарсан ярианы төлбөрийг гадаадын харилцаа холбооны дамжуулагч компанид төлсөн. Дээрх төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх үүднээс гэрээнд заасны дагуу О ХХК-тай удаа дараа уулзалт зохион байгуулсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

1.3. Талууд гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 142,912,674.30 төгрөгийн төлбөрөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Дээрх заалтын дагуу алдангийг тооцож үзэхэд 2019 оны 12 дугаар сарын төлөөгүй төлбөрт ногдох хэмжээг хугацаа хэтэрсэн 371 хоногт тооцвол 71,456,011.45 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

Иймд, О ХХК болон Ж ХХК-ийн хооронд байгуулсан Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний үүргийн дагуу О ХХК-ийн сүлжээнээс Ж ХХК-ийн Улс хоорондын ярианы 009 гарцаар 2019 оны 12 дугаар сард гарсан ярианы төлбөрийн үлдэгдэл 136,758,580 төгрөг, гэрээний 5.12-т заасан тухайн сард харилцан төлөх нийт төлбөрийн 5 хувийг тус тусын талд орлого цуглуулах шимтгэлд тооцох 7,521,765.90 төгрөг, нийт 142,912,674.30 төгрөг болон төлөөгүй хугацааны алданги 71,456,011.45 төгрөг, нийтдээ 214,369,011.45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. О ХХК нь 2019 оны 05 сард Харилцаа холбооны зохицуулах хороо-оос харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа эхлүүлсэн. Ж ХХК-тай харилцан холболтын гэрээг байгуулж, холболтын үйл ажиллагаа явуулж байсан ба Ж ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэл нь бүхэлдээ улс хоорондын олон улсын ярианы дуудлагатай холбоотой төлбөр байгааг онцлон тэмдэглэж байна.

2.2. О ХХК нь нэхэмжлэлд дурдагдаж буй олон улсын дуудлага нь бүхэлдээ санаатай халдлагад өртсөн гэж байнга тайлбарлаж ирсэн. О ХХК нь олон улсын дуудлагатай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн алба-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс-т цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор нь гэмт хэргийн шинжтэй халдлага үйлдэгч этгээд нь гадаад улсад байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй.

2.3. Гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйн улмаас гэмт үйлдэл үйлдэгчийн хүлээх хариуцлагыг О ХХК-д хариуцуулах, түүнчлэн гэм буруутай этгээд хохирлыг барагдуулдаг байх хууль ёсны зарчмыг алдагдуулан хохирол нэхэмжилж байгаа нь илт хууль бус нэхэмжлэлийн шаардлага юм. Уг санаатай халдлага буюу гэмт үйлдлийн хохирогчид нь О ХХК болон Ж ХХК нар юм. Өөрөөр хэлбэл хоёр хохирогчтой гэмт үйлдэл байхад хохирогчдын нэг нь нөгөөгөөсөө төлбөр нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй.

2.4. Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь гадаад улсаас хийсэн цахим халдлагын талаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт энэ тухай хэрхэн шийдвэрлэх талаар ажиллагаа явуулаагүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буруутай этгээдийг олж тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгээгүйн улмаас О ХХК-ийг буруутай этгээд мэтээр хохирлыг барагдуулахыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Ж ХХК-тай харилцан холболтыг хийснээс хойш О ХХК нь зах зээлд үйлчилгээгээ танилцуулж нэвтрүүлээгүй буюу хэрэглэгчидтэй болж амжаагүй юм. Тиймээс О ХХК-ийн 79 угтвар дугаараар эхэлсэн дугаараас Ж ХХК-ийн 98, 97, 93, 83 угтвар дугааруудаар эхэлсэн дугаартай хэрэглэгчид рүү харилцан дуудлага болон мессэж дамжигдсан асуудал үүсээгүй юм.

3.2. Гэвч Ж ХХК нь улс хоорондын дуудлага хүлээн авах, гарах дуудлагад хамаарах асуудлаар шалтаглан дотоодын үйл ажиллагааг хааж байгаа нь үйлчилгээ эрхлэгчийг сүлжээндээ холбохгүй саад учруулж үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангахгүй хууль бус үйлдэл хийж байна.

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь зохицуулалт хийж Ж ХХК-ийг дотоодын үйлчилгээгээ хэвийн явуулахыг мэдэгдсэн байтал Ж ХХК нь зохицуулах байгууллагын зохицуулалтыг биелүүлж ажиллахгүй байна.

Иймд, Ж ХХК болон О ХХК хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний дотоодын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах сүлжээ хоорондын харилцан холболтыг Харилцаа холбооны зохицуулах хороо 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийн дагуу зохицуулж шийдвэрлэсэн тул уг шийдвэрийн дагуу дотоодын яриа, мессэж дамжуулах холбох шугамын хүрээнд нээлгэх буюу шийдвэрийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

3.3. Олон улсын ярианы 009 гарц нь Ж ХХК О ХХК хоорондын дотоодын яриа болон мессэж дамжуулах шугамаар дамжихаар тохиролцсон байсан. Энэхүү дотоодын яриа, мессэж дамжуулалтыг зохицуулах зорилгоор О ХХК болон Ж ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ЖМ19/333 сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулсан болно.

Дээрх харилцан холболтын гэрээ хэрэгжиж байх явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр О ХХК-ийн цахим систем халдлагад өртөж, Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д заасан компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан... гэмт үйлдлийг гадаад улсаас үйлдэж ноцтой хохирол учруулсан.

3.4. Олон улсын ярианы үйлдэл нь тусдаа шийдэгдэх асуудал байх тул О ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан гэрээг Ж ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хаасан буюу гэрээг мөрдөж ажиллаагүй хугацаанаас гэрээг дуусах 2021 оны 08 дугаар сарын 01-ний хугацаа хүртэл дахин сунгасанд тооцох зайлшгүй шаардлага үүсэж байна. Уг хугацааг тооцож үзвэл 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил 7 cap 21 хоног байна. Иймд, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессэжний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарсны дараа гэрээг 1 жил 7 cap 21 хоногоор хүчинтэйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Ж ХХК нь О ХХК-аас ЖМ19/333 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний үүргийн биелэлтийг хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд тус сөрөг нэхэмжлэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нэхэмжлэл байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан О ХХК-иас 214,369,011.45 /хоёр зуун арван дөрвөн сая гурван зуун жаран есөн мянга арван нэгэн төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг гаргуулж Ж ХХК-д олгож,

Оранкжом ХХК-ийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан Ж ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний дотоодын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах сүлжээ хоорондын харилцан холболтыг Харилцаа холбооны зохицуулах хороо 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийн дагуу зохицуулж шийдвэрлэсэн тул уг шийдвэрийн дагуу дотоодын яриа, мессэж дамжуулах холбох шугамын хүрээнд нээлгэх буюу шийдвэрийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгах, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессэжний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарсны дараа гэрээг 1 жил 7 cap 21 хоногоор хүчинтэйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,229,796 төгрөгийг болон хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+70,200/ нийт 140,400 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч О ХХК-аас 1,229,796 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг шүүхийн шийдвэрийнхээ 13 дугаар хуудасны 28 дугаарт Хэдийгээр цахим халдлага гарсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх боловч үүнээс шалтгаалан хариуцагч нь хууль болон гэрээнд заасан төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. гэж дүгнэж байгаа нь эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэж барагдвал зохих хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ашиглан гэмт халдлага үйлдээгүй хүн, хуулийн этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.

6.2. Цахим халдлагыг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сүхбаатар дүүргийн Прокурорын газар тус тус нотлон гэм буруутай этгээдийг олох боломжгүй байна гэж үзэж байхад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг нь гэм буруутай этгээдийн төлөөлөгчөөр О ХХК-аар төлөөлүүлэн гэм буруутай этгээд Ж ХХК хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж дүгнэсэн, хэргийн бодит байдлыг бүрэн ойлгоогүй хууль бус шийдвэр гаргасан.

6.3. Нэхэмжлэгч Ж ХХК нь шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэлийн үнийн дүнгээ хэрхэн гаргасан талаар тодорхой тайлбарлаж, нотлож чадаагүй, нэгж үнэ нь тодорхой бус байхад нийт дүн болох 142,912,674.30 төгрөг хэрхэн бий болсныг нотлох баримтаар нотлоогүй. Шүүгч нь нэхэмжлэлийн үнийг хэрхэн бодож гаргасан талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс лавласан боловч нэхэмжлэгч талаас тодорхой нотлох баримт, тайлбар гаргаж чадаагүй, мөн үнэ тариф нь Ж ХХК болон О ХХК хоорондын гэрээнд байгаагүй, үнэ тарифийг талууд тохиролцоогүй байхад тохиролцсон мэтээр илт хууль бусаар шийдвэр гаргаж, нэг талд үйлчилсэн хууль бус үйлдэл гаргасан.

Цахим халдлага нь өөрөө Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг буюу Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байдаг тул энэ нь Иргэний хуулиар зохицуулах боломжгүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь цахим халдлагыг худалдах-худалдан авах гэрээний төрөлд хамааруулж шийдвэрлэж байгаа нь хуулийг илт буруугаар ашиглаж хэргийн оролцогчид давуу байдал бий болгосон үйлдэл юм.

6.4. Гэм буруутай болон гэм хор учруулсан этгээд нь О ХХК биш болохыг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын мэдэгдлээр нотолсон хэдий ч нотлох баримтыг үнэлэлгүй хууль бус шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч нь өөрөө нотлох баримт гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг нь нотлох баримтгүйгээр шийдвэр гаргаж 214,369,011.45 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтаа зөрчсөн юм.

Ж ХХК О ХХК хооронд байгуулсан гэрээнд тариф тодорхойгүй буюу УХ1 гэсэн товчилсон үг байхад энэхүү товчилсон үгийг тариф мэтээр тайлбарлан ашиглаж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хэрхэн гарсныг нотлох баримтаар нотлолгүй шийдвэр гаргаж байгаа нь хууль бус бөгөөд баримтаар нотлогдоогүй шийдвэр юм.

6.5. Гэм хор, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг буруутай болон гэм буруутай этгээдээр төлүүлэх хууль ёсны зарчим байсаар байхад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь уг зарчмыг мөрдлөг болголгүй шийдвэрлэж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээд олдохгүй юм энэ компаниар төлүүлнэ гэх зарчмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа нь илт хууль бус болж байна. Энэ нь шүүгч эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж бусдад давуу байдал бий болгож байна.

Иргэний хуульд учруулсан гэм хорыг учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Хуулийн ийм зохицуулалт байхад Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй байхад О ХХК-д гэм хорыг арилгах үүрэг ногдуулж үүнийгээ худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн мэт дүгнэж байгаад гомдолтой байна. Иргэний болон Эрүүгийн мөн Харилцаа холбооны аль ч хуулиараа хохирол болон гэм хорыг буруутай этгээд төлөхөөр хууль тогтоогч хуульчилсан байдаг.

6.6. 2021 оны 05 сард болсон шүүх хурлын дараа даргалагч шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орж зөвлөлдсөний дараа шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан. 2023 онд Монгол Улсын Дээд шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг тайлбарлахдаа хойшлуулж болох, хойшлуулж болохгүй нөхцөл байдлын талаар хууль хэрэглээний тайлбар гаргаж байсан бөгөөд энэ тайлбартай нийцүүлж шүүх хуралдаан хойшлуулж байсан захирамжид гомдол гаргахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дээд шүүхийн тайлбарт нийцүүлэх хянан үзээгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №181/ШШ2023/03954 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

7.1. О ХХК талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээнд талууд сүлжээний аюулгүй байдлаа хамгаална гэсэн заалт байдаг. О ХХК-ийн сүлжээ халдлагад өртөж, Серби улс руу дуулгаа хийсэн болохыг Эрүүгийн цагдаагийн газар болон прокуророос тогтоож 38,000 минутын дуудлага Серби улс руу хийгдсэн болох нь хангалттай баримтаар тогтоогдож байгаа.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр талууд сүлжээний аюулгүй байдлаа хангана гэж заасан бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу талууд зааглах чигээс хоёр тийш өөр өөрсдийн сүлжээний аюулгүй байдлыг хангана гэсэн зохицуулалттай. Хариуцагч талаас үүнийг форс мажор гэж үздэг.

7.2. Гэхдээ талуудын хооронд форс мажорын асуудал үүсээгүй бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхим шийдвэрлэсэн тохиолдолд форс мажор гэж үзнэ гэж гэрээнд заасан. Гэтэл энэ нөхцөл бий болоогүй байхад халдлага үйлдсэн, форс мажор бий болсон гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний 4 дүгээр хавтралтын 3 дахь хүснэгтийн доор ...улс хоорондын ярианы харилцаа холболтын төлбөрийг тариф гэдэгт О ХХК-ийн тухайн үйлчилгээний тариф дээр нэмэх нь Ж ХХК-ийн улс хоорондын гарцын тарифыг нэмж тооцсон дүнгээр бодно гэж тодорхой заасан. О ХХК-аас гарсан минут 38,000 гэдэг нь хангалттай баримтаар буюу Эрүүгийн цагдаагийн газраас болж тогтоож, нэхэмжлэгч тал хохирогч болсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

7.3. Тиймээс тариф тодорхойгүй байна гэсэн зүйл байхгүй. Хэдэн минутаар хаашаа халдлага гарсан гэдгийг бид нар тогтоох боломжгүй. Хуулийн байгууллага тогтоосон. Тарифын зохицуулалтаа хавсралт 4 дээр тодорхой заасан. Тиймээс энэхүү маргаан талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой гэрээний шаардлага. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан харилцан холболтын гэрээний үүрэгт 217,369,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгах, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессэжний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарснаас хойш гэрээг 1 жил 7 cap 21 хоногоор хүчинтэйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Ж ХХК болон О ХХК нар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ЖМ-19/333 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь дотоод дуудлага хүлээн авах, дотоод гарах дуудлага хийх, Улс хоорондын дуудлага хүлээн авах, мөн дуудлага хийх, дотоод мессэж бичих, хүлээн авах сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээг 2 жилийн хугацаанд үзүүлэх, О ХХК нь үйлчилгээний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна./1хх 12-23/

Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээгээр Ж ХХК-ийн 009 гарцыг ашиглан О ХХК нь дотоод дуудлага хүлээн авах, дотоод гарах дуудлага хийх, Улс хоорондын дуудлага хүлээн авах, мөн дуулага хийх, дотоод мессеж бичих, хүлээн авах сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээ худалдан авч, цааш нь ашгийг тооцож хэрэглэгчдэд худалдах агуулгатай.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь ...О ХХК-ийн 2019 оны 12 дугаар сард олон улсын ярианы 009 гарцыг ашиглан хийсэн үйлчилгээний төлбөр 142,912,674 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь ...2019 оны 12 дугаар сарын олон улсын гарцаар хийгдсэн яриа нь бүхэлдээ халдлагад өртсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээд хүлээх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

4.1. Анхан шатны шүүх Эрүүгийн Цагдаагийн албаны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11е/1948 дугаар албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5/595 дугаар Хариу мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, О ХХК-ийн Ж ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд оператор компанийн шугам холбож туршилт хийж байх үед буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр интернэтээр гадаад улсаас хуурамч дуудлага дамжин, олон улсын ярианы 009 гарцыг ашиглан Серби Улсад байршилтай 141.8.147.153 дугаартай интернэт хаягнаас халдлагын улмаас 38,569 минутын хуурамч дуудлага, 136,758,580 төгрөгийн ярианы төлбөр, гэрээнд заасан орлого цуглуулах 5 хувийн шимтгэл 7,521,765 төгрөг, нийт 142,912,647 төгрөгийн төлбөр гарсан үйл баримтыг зөв тогтоожээ.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д Талууд өөрсдийн сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Аль нэг талын буруутай үйлдэл, санамсар болгоомжгүй байдлаас, мөн техник технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан үйлчилгээ саатах, тасрах, хууль бус халдлага /fraud/-д өртөх зэрэг бүх тохиолдолд тухайн тал нь нөгөө тал, түүний хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй. гэж заажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээний дээрх заалтыг үгийн шууд утгаар тайлбарлахад О ХХК нь өөрөө сүлжээний аюулгүй байдлаа хангах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс Ж ХХК-д учирсан хохирлыг бүрэн барагдуулах агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч О ХХК нь хууль бус халдлага /fraud/-д өртөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул халдлагад өртсөн үйл баримт нь гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

4.3. Анхан шатны шүүх үйлчилгээ худалдан авсан 142,912,674 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.5-д ...талууд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.3 алданги төлнө гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр буюу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тогтоож, хариуцагчаас 71,456,337 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

6.1. Шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2021/06874 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулж, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч гаргасан гомдлыг тухайн шүүхийн шүүх бүрэлдэхүүн хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шинээр нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж захирамжийг хэвээр үлдээжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэглэх эсэх нь тухайн шүүгчийн бүрэн эрхэд хамаарна. Иймд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2021/06874 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заасныг хэрэглэж шүүх хуралдааныг хойшлуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.2. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/820 тоот мэдэгдлийг биелүүлэхийг Ж ХХК-д даалгаж, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессэжний харилцан холболтын холбох шугам нээх шийдвэр гарснаас хойш гэрээг 1 жил 7 cap 21 хоногоор хүчинтэйд тооцуулах эсэх нь иргэний хэргийн шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх, хэлцлийн хугацааг сунгах асуудал нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг 1 жил 7 cap 21 хоногоор сунгах, хүчинтэйд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн, нэгэнт дуусгавар болсон гэрээний хувьд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх буюу яриа болон мессэжний харилцан холболтын холбох шугам нээхийг даалгах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/03954 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,299,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР