Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/03866

 

 

 

 

 

                             

                                     

2023      12         05 

                          181/ШШ2023/03866

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Ө овогт Эын Ц /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... давхарт оршин байрлах, М ХХК /РД: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ цуцлан учирсан хохиролд нийт 50,785,811 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасны хүлээн авч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээ цуцлан учирсан хохиролд 50,785,811 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 

Иргэн би өөрийн орон сууцтай болох зорилгоор “М” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгаар бариулах ПЗ-D-01/19-43 дугаар гэрээгээр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутагт “Поларис Апартмент 3” хотхоноос D блок 1-р орц 4 давхарт 406 тоот 34,71 мкв 2 өрөө орон сууцыг захиалгаар барих төлбөрт нь 45,123,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө Хаан банкин дахь өөрийн хадгаламжийн 5131015047 тоот данснаас гүйцэтгэгчийн Төрийн банк дахь 383000044603 тоот дансанд шилжүүлэн өгч гэрээ байгуулсан юм.

Ажил гүйцэтгэгч нь миний захиалсан байрыг 2021.03.24-ний өдрөөс 2022.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд барьж 2022 оны 4-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан боловч ажил гүйцэтгэгч нь одоо хүртэл уг орон сууцыг барилгүй харин өөр газар өөр орон сууц буюу Поларис 1, 2 зэрэг барилгуудыг бариад захиалга аваад үйл ажиллагаа нь тогтмол явагдаж байгаа бөгөөд миний хувьд ажил гүйцэтгэгч талтай удаа дараа уулзахаар очиход захирал нь гадуур ажилтай гээд уулзаж чаддаггүй. Гэрээ байгуулсан Ш.Дамбасүрэн нь ажлаасаа гарсан гээд олдохгүй болсон.

Харин тус ХХК-ийн хуулийн зөвлөх гэх хүнтэй 2022 оны 3 cap, 2023 оны 3, 4 дугаар саруудад уулзахад удахгүй барилгын ажил эхэлнэ гэж хэлдэг боловч уг барилгын ажил одоо ч эхлээгүй учир мөнгөө буцааж авъя гэхэд гэрээгээ хураалга 180 хоногийн дараа мөнгийг өгнө гэсэн учраас барилгаа барихгүй миний мөнгийг үйл ажиллагаандаа эргэлдүүлэн ашиг олж, харин би энэ компанид итгэн гэрээ хийж мөнгөө төлсөн боловч орон сууц байхгүй, мөнгөө ч авч чадахгүй 2 жил гаруй хугацаанд хохирч явна. Иймд гэрээгээ цуцлан 45,123,000 төгрөгөө мөн гэрээний 2.2.6-д “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд 0,05 хувийн алдангийг захиалагч талд төлнө” гэсний дагуу гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй учраас 2022.12.31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үнийн дүнгийн 0.05% нь хоногийн 22,561 төгрөг бөгөөд (45,123,000 х 0,05% = 22,5617) х (251 хоног 2022.12.31-2023.09.07) нийт алданги 5,662,8117 төгрөг болсон байна. Одоогийн байдлаар үндсэн төлбөр, алданги нийлээд 50,785,8117 төгрөгийг хариуцагчаас гаргуулан зөрчигдсөн эрхийг минь хамгаалж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарболдод 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 411,879 төгрөг төлсөн баримт, Э.Цын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.03.24-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ  зэргийг гаргаж өгсөн.

3.2. Хариуцагч талаас: Б.Амарболдод олгосон итгэмжлэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

5. Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, төлсөн 45,123,000 төгрөгийг болон гэрээнд заасан алданги 5,662,811 төгрөг, нийт 50,785,811 төгрөгийг гаргуулахаар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6. Нэхэмжлэгч нь М ХХК-тай 2021 оны 09 дугаар сарын 24-ний өдөр П3-D-01/19-43 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Поларис Апартмент-3 хорооллын D блокны 1 орц, 4 давхрын 34,71 м.кв талбайтай 2 өрөө бүхий 406 тоот орон сууцыг 45,123,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, гэрээнд заасан төлбөрт нийт 45,123,000 төгрөгийг төлсөн боловч М ХХК нь өнөөдрийг хүртэл барилгыг бариагүй нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг цуцлах үндэслэл болсон тул гэрээний дагуу шилжүүлсэн 45,123,000 төгрөг, гэрээнд заасан алдангид 5,662,811 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулна гэж шаарджээ.

7. М ХХК нь орон сууцыг барьж, захиалагч талд 2022 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр, захиалагч Э.Ц нь гэрээ байгуулахад 45,123,000 төгрөгрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-4-6/

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардан авч, 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарболдод түүний 99978148 дугаарын утсаар мэдэгдэхэд “за ойлголоо, би цааш нь дамжуулаад хэлье, би өнөөдрөөс ажлаа өгч байгаа” гэх хариу өгснийг тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан ба шүүхийн мэдэгдэх хуудсаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр харриуцагч компаний хаягаар мэдэгдэхэд, ажилтан Цэцэгдэлгэр хүлээн авсан нь баримтаар баталгаажигдсан байхад хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

10. Нэхэмжлэгч Э.Ц нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Поларис Апартмент-3 хорооллын D блокны 1 орц, 4 давхрын 34,71 м.кв талбайтай 2 өрөө бүхий 406 тоот орон сууцыг хөнгөлөлттэй үнэ 1 м.кв нь 1,300,000 төгрөгөөр тооцон, нийт 45,123,000 төгрөгөөр худалдан авахаар М ХХК-тай 2021 оны 09 дугаар сарын 24-ний өдөр П3-D-01/19-43 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулжээ.

Гэрээний ерөнхий нөхцөл, зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

11. Гэрээ байгуулсантай холбоотойгоор 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.3.4-т Гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан өдөр гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноор гүйцэтгэгч талын Төрийн банкны 383-000-044-603 тоот дансанд 100 хувь төлж барагдуулахаар харилцан тохиролцсоны дагуу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 45,123,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Ц нь М ХХК-д шилжүүлсэн боловч уг орон сууцны барилгын ажил нь гэрээгээр тохирсон хугацаанд буюу 2022.12.31-ний өдрийн байдлаар эхлээгүй, ашиглалтад ороогүй, цаашид гэрээний үүргийг гүйцэтгэгч биелүүлэх эсэх нь тодорхойгүй болсон, орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлэх боломжгүй /барилгын ажил огт явагдаагүй/ нөхцөл байдал илэрхий болсонтой холбоотойгоор гэрээг цуцлах нөхцөл байдал үүсчээ. /хх-1-8/

12. Нэхэмжлэгч Э.Ц нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 45,123,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь Хаан банкны 2021-03-24-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримтаар нотлогдсон, уг асуудлаар маргаагүй тул 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үндсэн үүргийн дагуу 45,123,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотойгоор хариуцагч М ХХК нь нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж үзлээ.

13. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч М ХХК нь захиалагчтай харилцан тохирч гэрээг цуцалснаар өөрт шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч шаардах эрхтэй.

14. Мөн нэхэмжлэгч гэрээний 2.2.6-д “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги Захиалагч талд төлнө...” гэж зааснаар 2022.12.31-ний өдрөөс 2022.09.07-ны өдрийг хүртэл 251 хоногийн (45,123,000 х 0,05%) 22,561 төгрөгөөр тооцон 5,662,811 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардсан нь гэрээг бичгээр байгуулж, тохиролцсон заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ гэж үзлээ.

15. Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 50,785,811 /45,123,000+5,662,811/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 411,879 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 411,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамж 411,879 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 50,785,811 /тавин сая долоон зуун наян таван мянга найман зуун арван нэгэн/ төгрөг гаргуулж Э.Цод олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 411,879 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М ХХК-аас 411,879 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Цод олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/17721 дүгээр “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжаар хариуцагч Марк констракшн ХХК-ийн Төрийн банк дахь 383000044603 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоох арга хэмжээ авч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ