Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2023/03798

 

 

 

 

 

                           

 

 

                                      

         2023      11         29 

                        181/ШШ2023/03798

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Д.Батхуяг, Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... байрлах, И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоот хаягт байрлах, С ХХК,

Хариуцагч: ... тоот хаягт байрлах, И ХХК /рд: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохирол 74,335,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд,

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, өмгөөлөгч М.Жавхлан,

Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Б.Сүхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь хариуцагч “С” ХХК, “И” ХХК нарт холбогдуулан гэм хор учруулсны хохирол 74,335,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“И” ББСБ нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Сэрүүлэг констакшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах Бизнес товер оффисын 601 тоотыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус оффисын 6 дугаар давхарт их хэмжээний ус алдсаны улмаас манай компанийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдэд гэмтэл учирсан. Ус алдаж, компанийн эд хөрөнгөд хохирол учирсан талаар хариуцагч компанийн менежерт утсаар мэдэгдэж. 2021 оны 09 дүгаар сарын 13-ний өдөр болон 2021 оны 09 дүгаар сарын 17-ны өдөр “С” ХХК-д учирсан хохирлын талаар албан бичиг хүргүүлсэн. Хариуцагч талаас ямар ч хариу ирүүлээгүй тул 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Хас үнэлгээ” ХХК-тай гэрээ байгуулж дээрх ус алдалтын улмаас учирсан хохирлын үнэлгээг хийлгэсэн. “Хас үнэлгээ” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний тайланг гаргасан бөгөөд манай компанид учирсан хохирлын хэмжээг 74,335,800 (далан дөрвөн сая гурван зуун гучин таван мянга найман зуун) төгрөг гэж тооцсон.

Иймд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “С” ХХК-аас Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах Бизнес товерын 6 давхарт их хэмжээний ус алдсаны улмаас манай компанид учирсан 74,335,800 (далан дөрвөн сая гурван зуун гучин таван мянга найман зуун) төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч С” ХХК хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч компани нь манай байгууллагын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Бизнес тауэр” төвд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 давхарын 601 тоот өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулсан.

2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ням гаригт 607 тоотын өмчлөгч “И” ХХК-ийн өрөөнд угаалтуурын уян хоолой цоорсоны улмаас ус алдалт болсон учир “И ББСБ” ХХК-ийн хохирлын асуудал үүссэн.

Манай “С” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Бизнес тауэр” төвийн 607 тоот өрөөний өмчлөгч биш бөгөөд “И” ХХК-тай Ашиглалтын гэрээ байгуулсан байдаг. Тус барилга ашиглалтын гэрээнд зааснаар “манайх зөвхөн барилгын цэвэр ус, бохир ус болон дулааны төв шугамын гэмтлийг хариуцдаг ба өмчлөгч болох “И” ХХК-тай өөрийн өрөөнд байрлах угаалтуур, 00-ын тоноглол, сантехникийн тоноглол, цахилгааны тоноглол мөн гэрэл гэрэлтүүлгийг бүрэн хариуцна гэж гэрээнд заасан байдаг тул гэрээний үүргийг “И” ХХК хариуцах ёстой. Ус алдсан шалтгаан нь манай байгууллагын зүгээс шалтгаалаагүй. Тухайн үед ажиллаж байсан харуул хамгаалалтын ажилтны утсан дээр ямар шалтгаанаас ус алдсан тухай бичлэг хийгдсэн байдаг, түүнийг шүүхээр үзлэг хийлгэж нотлох баримтаар бэхжүүлсэн, гэрчээр асуулгасан.

2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Бизнес тауэр төвийн 6 давхарын 607 тоотын өмчлөгч “И” ХХК-ийн өрөөнд угаалтуурын уян хоолой цоорсоны улмаас ус алдалт болсон учир “И ББСБ” ХХК-ийн хохирлыг арилгах нь зүйтэй байх тул энэ асуудал манай байгууллагад холбогдох асуудал биш тул холбогдох этгээдээс хохирлоо барагдуулах нь зүй ёсны шударга байдалд нийцнэ гэж үзэж байна” гэжээ.

3.Хариуцагч “И” ХХК хариу тайлбартаа:

И банк бус санхүүгийн байгууллагаас С болон Их инжирийн  үр ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа нотлоод өөрөө холбоотой баримтаа гаргаж өгөх үүрэгтэй, хэрэгт тийм баримтууд огт байхгүй. И банк бус санхүүгийн байгуулага өөрөө нэрнээсээ авахуулаад хэрэгт цугларсан баримтаар зээлийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тэгсэн чинь эднийх өөрсдөө манай оффисийн өрөөн дотор байсан нэр төрөл  гээд бичсэн байгаа. Жишээ нь 2 хүний ор, халдаг сандал, хэвлийн гудас гээд 4 нэр төрлийн юм бичсэн. Ийм эд хөрөнгөнүүд ус алдсаны улмаас гэмтсэн, ашиглах боломжгүй болсон гэдэг байдлаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаад байна. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай огт хамааралгүй, нэхэмжлэгч тал ийм нэхэмжлэл гаргах, шаардах эрх байхгүй. Манай эд хөрөнгөд хохирол учирсан буруутай этгээдээс нь гаргуулж өгнө үү гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй. Хэдэн баримтуудыг хэрэгт хавсаргаж өгдөг. Нөгөө баримт нь нотлох баримтын шаардлага огт хангахгүй, эх хувь биш, нотариатаар баталгаажуулаагүй, юу гэдэг нь мэдэгдэхгүй тийм баримтууд байдаг.  Гэрээ гаргаж өгдөг, тэр гэрээн дээр И банк бус санхүүгийн байгууллагын нэр огт байхгүй. Гаргаж байгаа хүсэлт дээр угаасаа яригдаж байсан. Угаасаа энэ эд хөрөнгүүд дээр хохирол учирчихлаа, манай эд хөрөнгө байсан, үүнийг арилгуулна, хохирол барагдуулна гэсэн. Үүнийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ямар ч эрхгүй, энэ банк бус санхүүгийн байгууллагад шаардах эрх огт байхгүй. С компанийн хэлж байгаагаар тийм эд хөрөнгүүдэд хохирол учрах хэмжээний их ус огт алдаагүй. Тэгэхээр тэр хөрөнгүүдэд ус алдсанаас болж хохирол учирсан гэж хэлж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Яагаад гэвэл тэр хөрөнгөнүүдийн байдлыг харахаар нэлээн овор хэмжээтэй юм шиг байна, бүгдийг нь шалан дээгүүр дэвссэн. Зөвхөн хөлийн улны  хэмжээний тийм бага ус алдсан юман дээр бүгдийг нь зэрэгцүүлээд тэр жижиг мкв-д тараагаад тавьсан юм уу, тийм байдлаар буюу хохирол учирсан гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад үндэслэлээ тайлбарлаад байгаа нь өөрөө үндэслэлгүй. Тодорхой хэмжээний ус алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, тэр нь дээр маргахгүй. Тэр ус алдснаас болоод эдний эд хөрөнгүүдэд хохирол учирсан гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан бичгийн дүгнэлтдээ: “С ХХК бусдад үйлчилгээ үзүүлж байж ус, гал гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээг үйл ажиллагаандаа нэвтрүүлээгүй байна. Тиймээс түрээслэж буй, өмчилж авсан гэх хоёр компани мөн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Сы ус алдсанаас болж үүссэн хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна” гэжээ.

5.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар:

5.1.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 529,629 төгрөг төлсөн баримт, И ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч.Ганболдод олгосон итгэмжлэл, И ББСБ ХХК-ийн 2021.09.17-ны өдрийн 21/109 тоот, 2021.09.13-ны өдрийн 21/104 тоот албан бичиг хавсралтын хамт, 2019.02.01-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ, гэрээний сунгалт, фото зураг, Хас үнэлгээ ХХК-ийн 2021.10.15-ны өдрийн Ү/21/02/25 дугаартай хохиролын үнэлгээний тайлан, Ч.Ганболдод олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.

5.2.Хариуцагч “С” ХХК-аас: Э.Даваасүрэнд олгосон итгэмжлэл, У.Пэрэнлэйжамцад олгосон итгэмжлэл, Э.Даваасүрэнд олгосон итгэмжлэл, М.Жавхланг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, Бизнес тауэр барилгын ашиглалт үйлчилгээний заавар, журам 2019 он, Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн байна.

5.3.Хариуцагч “И” ХХК-аас: И ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Анхбаярт олгосон итгэмжлэл, Д.Доржсүрэнд олгосон итгэмжлэл, Монгол улсын зөвлөх инженер З.Билэгсайханы 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлт зэргийг өгсөн байна.

5.4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: С.Мөнхсүлдийг гэрчээр асуусан тэмдэглэл, С ХХК-аас гаргаж өгсөн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч С.Мөнхтуяа, Д.Наранчимэг, С.Сэлэнгэ нарын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт гаргах боломжгүй талаарх дүгнэлт зэрэг авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь анх хариуцагч С ХХК-д холбогдуулан гэм  хор учруулсны хохирол 74,335,800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад хамтран хариуцагчаар И ХХК-ийг татан оролцуулж, анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хоёр хариуцагчид холбогдуулан гаргажээ.

7.Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч С ХХК, И ХХК нарт холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсны  хохирол буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Бизнес товер оффисын 601 тоотыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус оффисын 6 давхарт их хэмжээний ус алдсаны улмаас манай компанийн оффист байсан эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдэд гэмтэл учирч, үнэлгээний тайлангаар 74,335,800 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон тул уг хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай хоёр хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

8.Хариуцагч С ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Бизнес тауэр” төвийн 607 тоот өрөөний өмчлөгч биш, “И” ХХК-тай Ашиглалтын гэрээ байгуулсан, тус барилга ашиглалтын гэрээнд манайх зөвхөн барилгын цэвэр ус, бохир ус болон дулааны төв шугамын гэмтлийг хариуцдаг ба өмчлөгч “И” ХХК өөрийн өмчлөлийн өрөөнд байрлах угаалтуур, 00-ын тоноглол, сантехникийн тоноглол, цахилгааны тоноглол мөн гэрэл гэрэлтүүлгийг бүрэн хариуцна гэж заасан, “И” ХХК 607 тоот өрөөний угаалтуурын уян хоолой цоорсны улмаас ус алдсан нь манайхаас шалтгаалаагүй тул И ХХК хариуцна гэж эс зөвшөөрч маргасан.

9.Хариуцагч И ХХК нь С ХХК нь манай угаалтуурын уян хоолой цоорсны улмаас ус алдсан гэдэг нь ор үндэслэлгүй, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “С” ХХК-ийн барилга байгууламж анх ашиглалтанд өгсөн үеийн цэвэр усны шугаман дээрх булангийн хаалтнаас ус алдсан, тухайн үед жижүүрээр ажилд гарч байсан С.Мөнхсүлд ус алдалтыг зогсоохоор булангийн хаалтыг хаахад ажиллахгүй ус алдалт зогсохгүй байсан, босоо шугамын хаалтыг хааж ус алдалтыг зогсоосон нь уян холбоосоос ус алдаагүй болох нь нотлогддог. Бид 9 дүгээр сарын 12-ноос хойш одоог хүртэл угаалтуурын цэвэр усаа ашиглаж чадахгүй байгаа, С ХХК нь барилгын энэхүү алдаа дутагдлаа засварлаад явж байгаа, танайхыг засварлаж өгнө гэсэн байдалтай байгаа, ус алдалтаас үүссэн аливаа хохирлыг манайх хариуцах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзсан.

10. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага 74,335,800 төгрөгийг хариуцагч И ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Бизнес тауэр төвийн 6 давхар 601 тоот 49.8 мкв талбайг оффисын зориулалтаар ашиглахаар С ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлын байр түрээсийн гэрээ байгуулсан болох нь гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигч талуудын маргаагүй тайлбараар нотлогдож байна./хх-12-19/

10.2. Нэг талаас С ХХК, нөгөө талаас Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол /14251/ Чингисийн өргөн чөлөө 10б хаягт байрлах Бизнес тауэр төвийн барилгын 6 давхарын 607 тоотын 34.05 мкв талбайг өмчлөгч И ХХК нар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Ашиглалт үйлчилгээний гэрээ”-г 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жил хүчин төгөлдөр байх ба аль нэг талаас гэрээг цуцлах санал бичгээр гаргаагүй бол анхны нөхцөлөөр дахин сунгагдсанд тооцохоор харилцан тохиролцож байгуулжээ./2хх-    32-37/

10.3. Тэрээр Бизнес тауэр барилгын ашиглалт үйлчилгээний заавар, журам-ыг 2019 онд баталж, нийт 38 хуудас бүхий Ашиглалт үйлчилгээний үнэ тарифтай танилцаж хүлээн зөвшөөрсөн өмчлөгч И ХХК-ийн захирал Б.Нарантуяа 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, компанийн тамга дарсан бөгөөд Менежментийн газар гэсэн хэсэгт таталбар бүхий гарын үсэг зурж, С ХХК-ийн тамга дарагдсан баримт эх хувиар болон түүнд Б.Нарантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг хавсаргагдан хэрэгт авагджээ./2хх- 38-78/

10.4. Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс гэрч С.Мөнхсүлдийг асуулгах, Сидинд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангасан бөгөөд гэрчийн мэдүүлэгт: ...Би хамгаалагч хийдэг байсан. Ус алдалт 2021 оны 9 сарын 12-ны өдөр болсон, ус алдасныг доод айлаас мэдсэн. Ус заал руу орж байсан, би өрөөний хаалгыг нээгээд бичлэг хийсэн. Намайг харахад ус алдасны улмаас халуун усны уян хоолой задарсан байсан. Энэ талаар бичлэг дээр тодорхой байгаа. Өрөөнүүд урд урдаасаа харсан байдаг, 607 тоотоос ус алдаад 601 тоот өрөө рүү орчихсон байсан” гэжээ./хх-59, 63-64/

10.5. Мөн шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Сидинд үзлэг хийхэд 51 секундын бичлэгт Бизнес тауэр ффисын 607 тоот өрөөнд ус алдсан байдлыг гар утсаар бэхжүүлсэн гэж тайлбарласан ба тус бичлэгт өрөөний дугаар номер харагдахгүй, тус өрөөний угаалтуурын хойд хэсэгт байрлах уян хоолой гэх аваарын хаалтыг эхлээд хаахад хаагдахгүй ус алдаж байгаа харагдаж байсан. Харин босоо шугамын улаан хаалтыг хаахад ус хаагдсан байна. Эдгээр 3 зургийг хэвлэн тэмдэглэлд хавсаргав гэжээ./хх-95-98/

10.6. Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргааны зүйл ...607 тоот өрөөнд ус алдсан асуудал нь ямар гэмтлийн улмаас шалтгаалсан болохыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүхээс 2022.04.06-ны өдрийн 181/ШЗ2022/04629 тоот Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг шинжээчэр томилсон боловч шинжээч нар нь хариуцагч С ХХК-иас шинжээчийн дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий бичгийн баримтуудыг шаардахад гаргаж өгөөгүйн улмаас дүгнэлт гаргах боломжгүй гэх үндэслэлээр шинжээч дүгнэлт гаргаагүйн улмаас хариуцагчийн төлөөлөгч холбогдох баримтуудыг гаргуулж, дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг нь 2022.12.12-ны өдрийн 181/ШЗ2022/17474 тоот захирамжаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг шинжээчэр томилсон ба шинжээчээс 2023.04.24-ний өдөр гаргасан дүгнэлтдээ:

1.Бизнес таурын 607 тоот өрөөнд халуун усны шугам дээрх хаалт задарч ус алдсан нь халуун усны даралт өсөж шугам задарсан гэх дүгнэлт өгөх нотлох баримт олдоогүй болно.

2.Шалтгаанд тус барилгын ус ус, дулааны шугам сүлжээний мэдээ авдаг баримт байхгүй, харуулууд шугам сүлжээний талаар тэмдэглэл хөтөлж ажил хүлээлцдэггүй.

3.Инженерийн шугам сүлжээгээ хариуцсан мэргэжлийн ажилтан байхгүй байна. Иймд дүгнэлт гаргахад нотлох баримт хангалтгүй байгаа тул үнэн зөв дүгнэлт гаргах боломжгүй байна гэжээ./хх-133/

10.7. Хариуцагч И ХХК-иас Монгол Улсын зөвлөх инженер З.Билэгсайханы 2023.08.21-ний өдөр гаргасан дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Бизнес Тауэр төв, 607 тоот өрөөнд ямар гэмтлийн улмаас шалтгаалан ус алдсан болохыг тогтоож энэхүү дүгнэлтийг гаргасан.

1.Шугамд хийсэн анхны үзлэгээр угаалтуурын ар талд байх хаалтын ар талын залгаас хэсгээр ус алдсан байх ба босоо шугамын хаалтаар хаахад ус алдалт зогссон байна. Угаалтуурын ар талд байрлах хаалт, холигч, уян холбоос ажиллагаа хэвийн байна.

2.Дээрх гэмтэл нь хэрэгцээний халуун усан хангамжийн даралт огцом нэмэгдсэнээс хаалтны залгаас хэсэг задарч эвдэрсэн гэж үзэж байна. Тухайн обьектод усан шахалт хийх болон даралт ихэсгэх бол хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэж төлөөний хүмүүсийг байлцуулах шаардлагатай байдаг.

3.Уг эвдрэл гэмтэл нь хангагч байгууллагын алдаанаас болсон байна.

4.Хаалтны залгаас хэсэг задарсан гэмтэл нь ашиглагчтай огт холбоогүй, түүний буруутай үйлдлээс шалтгаалаагүй бөгөөд ашиглагчийн буруугаас болсон гэмтэлд хаалт, холбоос, холигчийг солих шаардлага өгсөн боловч солиогүй, нээлттэй орхисон, хаалт болон бусад хэрэгсэл нь зориулалтын бус даралт даахгүй хаалт хэрэгсэл тавьсан зэрэг зөрчлүүд орно.

5.Хангагч байгууллага нь уг шугаманд цаашид даралт тохируулагч тавих, байнгын ашиглалт засвар хариуцсан мэргэжлийн хүн ажиллуулах шаардлагатай гэжээ./хх-146/

10.8. Нэхэмжлэгч талаас хэргийн 43-50 дахь талд гаргаж өгсөн баримтыг хариуцагч талаас марган, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж тайлбарласныг шүүх хүлээн аваад уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдаж байна.

10.9. Хариуцагч тал нэхэмжлэгчийг ...601 тоот өрөөг оффиссын зориулалтаар ашиглахаар гэрээнд заасан байтал, агуулахын зориулалтаар ашигласан гэж маргасан боловч нэхэмжлэгч нь тус өрөөг оффиссийн зориулалтаар ашигладаг бөгөөд хохирол учирсан эд хөрөнгийг хураасан байсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэргийн үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

11.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д хэрэглэгч буюу орон сууцны өмчлөгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй гэж,

Хуулийн 15.1.12-т өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй гэж тус тус заасан байна.

11.2. Шаардах эрхийн тухайд: Маргаанд хамаарах ...6 давхарын 601 тоот оффисын талбайг ажлын байрны түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч И ББСБ ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эзэмшиж, ашиглаж байсан болох нь тус гэрээ, зохигч талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байх тул тэрээр хуулийн дээрх зохицуулалтын дагуу өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

11.3. Гэм буруугийн тухайд: Хэргийн баримтаар тухайн 607 тоот өрөөний өмчлөгч И ХХК байх бөгөөд тус өрөөнөөс ус алдсан үйл баримт тогтоогдож байх тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд эс үйлдэхүйгээр гэм хорыг хариуцагч И ХХК-ийг учруулсан гэж үзэж, хариуцах үүргийг хүлээлгэхээр байна.  

11.4. Хохирлын хэмжээний тухайд: ...601 тоот өрөөнд байсан F-300 төхөөрөмж 9 ширхэг, Аргета 2 хүний ор /матрас/-10 ширхэг, Хэвлийн гудас -10 ширхэг, Халдаг сандал /хэт улаан туяаны сандал/- 5 ширхэг бүхий эрүүл мэндийн 4 төрлийн тоног төхөөрөмжүүдийг Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар 74,335,854 төгрөг гэж тогтоожээ./хх-24-40/

11.5. Нэхэмжлэгч хохирол 74,335,854 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон хэмжээгээр гаргуулахаар шаардсан боловч хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан хэдий ч татгалзлаа баримтаар нотлоогүй.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба тус нэхэмжлэлд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүссэн, хамтран хариуцагчаар И ХХК-ийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээс энэ өдрийг хүртэл явуулж, хуулиар олгогдсон хариуцагчийн эрхийг хангалттай эдлүүлж, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, нотлох баримт цуглуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, эрх тэгш мэтгэлцэх боломжоор нь хангаж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

13. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн ...601 тоот оффисын өрөөнд байсан эрүүл мэндийн тоног төхөөрөмжид хариуцагч Их инжирийн ир ХХК-ийн өмчлөлийн ...607 тоот өрөөнөөс ус алдасны улмаас тухайн тоног төхөөрөмжид учирсан хохирол тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч И ХХК нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

13.1. Нэхэмжлэгч нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч шүүх хуралдаанд гэм буруутай этгээдээс нь  учруулсан хохирлыг гаргуулна гэх тайлбар гаргасан тул дээрх бичгийн баримтууд болон хуульд зааснаар 74,335,800 төгрөгийн хохирол учирсанд хариуцагч С ХХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13.2. Иймээс, хариуцагч И ХХК-иас 74,335,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, хариуцагч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан “С ХХК бусдад үйлчилгээ үзүүлж байж ус, гал гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээг үйл ажиллагаандаа нэвтрүүлээгүй байна. Тиймээс түрээслэж буй, өмчилж авсан гэх хоёр компани мөн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Сы ус алдсанаас болж үүссэн хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэр гаргахад шүүх бүрэлдэхүүн хуульд заасан журмын дагуу харьцуулан үнэлсэн болно.

15. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529,629 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “И” ХХК-аас 529,629 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК-аас 74,335,800 төгрөг гаргуулж И ХХК-д олгож, хариуцагч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529,629 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “И” ХХК-аас 529,629 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧИД                                    Д.БАТХУЯГ

                                                                                       Б.БИЛГҮҮН