Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00267

 

           

 

 

    2024          02          02                                         210/МА2024/00267

 

                                       “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/03798 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК, “В” ХХК-д тус тус  холбогдох,

Гэм хор учруулсны хохирол 74,335,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч М.Жавхлан, хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

“А ББСБ” нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Б” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Бизнес товер оффисын *** тоотыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус оффисын 6 дугаар давхарт “В” ХХК-ийн эзэмшдэг өрөөнөөс их хэмжээний ус алдсаны улмаас манай компанийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдэд гэмтэл учирсан.

Ус алдаж, компанийн эд хөрөнгөд хохирол учирсан талаар түрээслүүлэгч талын менежерт утсаар мэдэгдэж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болон 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Б” ХХК-д албан бичиг хүргүүлсэн. “Б” ХХК-аас ямар ч хариу ирээгүй тул 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Хас үнэлгээ” ХХК-тай гэрээ байгуулж дээрх ус алдалтын улмаас учирсан хохирлын үнэлгээг хийлгэсэн. “Хас үнэлгээ” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний тайланг гаргасан бөгөөд манай компанид учирсан хохирлын хэмжээг 74,335,800 төгрөг гэж тооцсон.

Иймд их хэмжээний ус алдсаны улмаас манай компанид учирсан 74,335,800 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч “Б” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч компани нь “Б” ХХК нь Бизнес тауэр төвийн ашиглалтыг үйл ажиллагааг хариуцдаг. Үүний дагуу “Б” ХХК нь “В” ХХК-тай ашиглалтын гэрээ байгуулсан.

Тус барилга ашиглалтын гэрээнд зааснаар манайх зөвхөн барилгын цэвэр ус, бохир ус болон дулааны төв шугамын гэмтлийг хариуцдаг ба “В” ХХК өөрийн өрөөнд байрлах угаалтуур, 00-ын тоноглол, сантехникийн болон цахилгааны тоноглол, мөн гэрэл гэрэлтүүлгийг бүрэн хариуцна гэж гэрээнд заасан байдаг.

Ус алдсан шалтгаан нь “В” ХХК-ийн өрөөнд угаалтуурын уян хоолой цоорсны улмаас болсон учир “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч “В” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

“А ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Нэхэмжлэгч нь оффисын өрөөнд байсан эд хөрөнгө нь ус алдсаны улмаас гэмтсэн, ашиглах боломжгүй болсон гэдэг байдлаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарладаг. Банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаатай огт хамааралгүй 2 хүний ор, халдаг сандал, хэвлийн гудас зэрэг эд хөрөнгийн хохирлыг шаардах эрхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуульд заасан шаардлага хангасан баримтаар нотлоогүй.

Тодорхой хэмжээний ус алдсан гэдгийг хүлээн зөвшөөрнө, харин эд хөрөнгүүдэд хохирол учрах хэмжээний их ус огт алдаагүй. Тэр ус алдсанаас болоод эдний эд хөрөнгүүдэд хохирол учирсан гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”В” ХХК-аас 74,335,800 төгрөг гаргуулж “А ББСБ” ХХК-д олгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529,629 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ”В” ХХК-аас 529,629 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч “В” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч “В” ХХК нь тухайн талбайн өмчлөгч огт биш бөгөөд хэрэгт талбайн өмчлөгчтэй холбоотой ямар ч баримт байхгүй, энэ талаарх баримтыг хэн ч шаардаагүй, зөвхөн ашиглалт үйлчилгээний гэрээг байгуулсан байдлаар өмчлөгч гэж тодорхойлон хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон ба нэхэмжлэлийн шаардлагыг “В” ХХК-д холбогдуулан хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. “В” ХХК нь хэзээ ч тухайн талбайн өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй.

Анхан шатны шүүхээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 15.1.12-т заасан зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгосон атлаа тус компанийг үүнд хамруулан дүгнэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

5.2. Нэхэмжлэгч хохирол учирсан гэх эд хөрөнгийн эзэмшигч, шаардлага гаргах этгээд мөн болохоо нотолж чадаагүй байхад хохирлыг нэхэмжлэгчид олгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өөрөө нотолж мэдүүлдэг, эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн хөрөнгөнд бүртгэлтэй, түүний хөрөнгө болох талаар хэрэгт ямар ч баримт байхгүй, нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгө биш болох нь илэрхий байхад нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.3. Анхан шатны шүүх үнэлгээний тайлантай холбоотой шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй, хүлээн аваагүй атлаа хариуцагчийг татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэж байгаа нь талуудын эрх тэгш байх зарчмыг хангаагүй, нэг талд хэт давуу байдал олгосон гэж үзэхээр байна. Хохирол учирсан гэх эд хөрөнгүүд нэхэмжлэгчийн эзэмшилд байдаг, хөрөнгийн үнэлгээ зөвхөн нэг талын хүсэлтээр түүний сонгосон этгээдээр хийгдсэн, эрх бүхий этгээдээс шинжээчид хууль сануулан үнэлгээ хийгдээгүй, үнэлгээ хийсэн этгээд нь тусгай зориулалтын тоног төхөөрөмжид үнэлгээ хийх тусгай мэдлэг байхгүй байхад үнэлгээний тайланг үнэн зөв гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.4. Мөн анхан шатны шүүх тусгай мэдлэг бүхий эрх бүхий этгээдийн ямар ч дүгнэлт байхгүй байхад гэм буруу нь “В” ХХК-тай холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болоогүй байна. Гэм буруугийн асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэн удаа дараа шинжээч томилсон боловч хариуцагч “Б” ХХК-аас баримт гаргаж өгөөгүй, дүгнэлт гаргахад хангалттай нотлох баримт байхгүй тул дүгнэлт гаргаж чадаагүй байдаг. Гэтэл ус хэрхэн, хаанаас, ямар шалтгаанаар алдсан болох, ус алдсан тоног төхөөрөмж хэрэглэгч, хангагчийн хэнд хамааралтай болох нь огт тогтоогдоогүй, ямар ч дүгнэлт гараагүй, зайлшгүй тусгай мэдлэг шаардаж байхад шүүх бүрэлдэхүүн хариуцагч “В” ХХК-ийг буруутгасанг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасныг хэт гуйвуулан тайлбарлаж байна. Учир нь тус зүйлийн 15.1.8-д “өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэнэ” гэж заасан байдаг ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т хэрэглэгч гэх нэр томъёоны талаар тодорхой заасан. Иймд тухайн хэрэглэгч нь заавал өмчлөгч байхыг шаардахгүй. “Б” ХХК болон “В” ХХК нарын хооронд ашиглалт, үйлчилгээний гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээгээр ус хангамжийн ахуй үйлчилгээгээр хангагдаж буй этгээд нь “В” ХХК тул энэ баримтыг үндэслэн шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Манай компани дээрх эд хөрөнгийг шилжүүлэн хадгалж байсан. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т зааснаар тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн эзэмшил шилжсэн. Мөн Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог. Тиймээс хариуцагчийн гаргасан өмчлөх эрхтэй эсэхийг нотолсон баримт байхгүй гэх гомдол нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч тал үнэлгээний тайланд дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй гэж хариуцагч “В” ХХК гомдолдоо дурдсан байдаг. “В” ХХК нь хохирлын үнэлгээтэй холбоотой дахин шинжээч томилуулах хүсэлтийг огт гаргаж байгаагүй.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

“Б” ХХК-ийн хувьд гэм буруутай эсэх асуудал яригдахгүй. Учир нь тухайн компани нь өөрөө хохирсон этгээд юм. Нэхэмжлэгч дотор байсан эд хөрөнгөөрөө хохирсон бол хариуцагч “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөрөө хохирсон. Иймд гомдлыг зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “В” ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 74,335,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Б” ХХК нь эс зөвшөөрч, “В” ХХК-ийн өрөөний угаалтуурын уян хоолой цоорсны улмаас ус алдсан учир болсон учир манай компани хариуцахгүй гэж татгалзсан бол, хариуцагч “В” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хохирлыг нотолсон баримтгүй, барилгын цэвэр усны шугаман дээрх булангийн хаалтнаас ус алдсан тул барилгын өмчлөгч хариуцах ёстой гэж маргажээ.

 

3. “А ББСБ” ХХК нь Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Бизнес тауэр төвийн 6 давхар *** тоот 49.8 м.кв талбай бүхий өрөөг “Б” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу ашиглаж байх явцад буюу 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зэргэлдээ өрөөнөөс ус алдсаны улмаас эд хөрөнгөд нь хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээний тайлан, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч С.Мөнхсүлдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

3.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь хариуцагч “В” ХХК гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

 

3.2. “В” ХХК нь Бизнес тауэр төвийн 6 давхрын 607 тоот 34.05 м.кв талбай бүхий өрөөг эзэмшиж, ашигладаг болох нь “Б” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ашиглалт үйлчилгээний гэрээгээр тогтоогдсон байна /2хх- 32-37/.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т "хэрэглэгч" гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно, 15 дугаар зүйлийн 15.1.8-д хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй, 15.1.12-т хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтад заасан хэрэглэгч гэдэгт өмчлөгчөөс гадна эзэмшигч мөн хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл, “В” ХХК нь өөрийн эзэмшиж буй эд хөрөнгөд хамаарах шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тухайн компанийн эзэмшлийн 607 тоот өрөөний угаалтуурын хойд хэсэгт байрлах уян хоолойноос ус алдаж зэргэлдээ *** тоот өрөө рүү нэвчин орж нэхэмжлэгч “А ББСБ” ББСБ ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учруулжээ.  

Хариуцагч “В” ХХК-ийн дээрх гэм бурууг анхан шатны шүүх гэрч С.Мөнхсүлдийн мэдүүлэг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт зэрэгт баримтад үндэслэн зөв тогтоожээ /1хх 59, 63-64, 95-98, 133/.

Харин хариуцагч “Б” ХХК-ийн “В” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ашиглалт үйлчилгээний гэрээний дагуу хариуцах ус, дулааны хангамж, түүний засвар үйлчилгээнээс шалтгаалж Бизнес тауэр төвийн 6 давхрын 607 тоот өрөөнөөс ус алдсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

3.3. Хариуцагч “В” ХХК-аас зөвлөх инженер З.Билэгсайханы 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дүгнэлт гаргаснаас хойших хугацаанд хариуцагч “В” ХХК нь ус алдсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаагүй байна.

Иймд “В” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь зааснаар нэхэмжлэгчид гэм хор учирсан үйлдэлд буруугүй болохоо нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд шаардсан 74,335,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4.1. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “В” ХХК ус алдсаны улмаас “А ББСБ” ХХК-ийн эзэмшлийн өрөөнд хадгалагдаж байсан F-300 төхөөрөмж 9 ширхэг, аргета 2 хүний ор /матрас/ 10 ширхэг, хэвлийн гудас 10 ширхэг, халдаг сандал /хэт улаан туяаны сандал/ 5 ширхэг бүхий эрүүл мэндийн 4 төрлийн тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан, түүний хавсралт гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогджээ.

 

4.2. Хохирол учирсан эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж нь хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд “А ББСБ” ХХК нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох тул эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй.

 

4.3. Нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээгээр тогтоохдоо бодит үзлэг хийж бэхжүүлж, эд хөрөнгийг засварлах, цаашид ашиглах байдлыг харгалзан элэгдлийг 40 хувиар тооцож 74,335,854 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8, 9 дүгээр зүйлд заасан аргачлал, шаардлагад нийцсэн, уг үнэлгээг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу эд хөрөнгөд гэм хорын хохирол учирснаас хойш 2 жилийн дараа хариуцагч “Б” ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээнд шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны 181/ШТ2023/00345 дугаар тогтоолоор хүндэтгэн үзэх шалтгаангүй үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Харин хариуцагч “В” ХХК нь эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх талаар хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагүй байна.

Иймд хохирол шаардах эрх, үнэлгээний талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

5. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан “Б” ХХК гэм хорын хохирлыг хариуцах ёстой гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан дүгнээд хариуцагч “В” ХХК-аас гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/03798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “В” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                  ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                     Т.БАДРАХ