Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/03776

 

 

 

 

                           

 

 

 

                                      

        2023       11        28 

                       181/ШШ2023/03776

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Н.Батчимэг, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух, Х овогт Жын У /РД: /-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, А овогт Жгийн Б /РД: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохирол 54,666,212 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж,

Хариуцагч Ж.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт,

Иргэдийн төлөөлөгч Ч.Болдмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.У нь хариуцагч Ж.Бд холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 54,666,212 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Жын У миний бие Ланд Ровер (Land Rover) маркийн Рэйнж Ровер (Range Rover) модельтой, улсын 4000 УБӨ дугаартай суудлын автомашиныг эзэмшдэг.

2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цаг 40 минутад Жгийн Б нь Тояота (Toyota) маркийн Приус (Prius) модельтой, улсын 8121 УНЦ дугаартай суудлын автомашиныг согтуугаар жолоодож явахдаа миний өмчлөлийн автомашиныг мөргөж, гэмтэл учруулсан.

Түүний буруутай үйлдлийн улмаас бий болсон хохирлын хэмжээг “Мастер үнэлгээ” ХХК-аар тогтоолгосон бөгөөд нийт 54,666,212 (тавин дөрвөн сая зургаан зуун жаран зургаан мянга хоёр зуун арван хоёр) төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон.

Иймд Жгийн Баас 54,666,212 (тавин дөрвөн сая зургаан зуун жаран зургаан мянга хоёр зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Машин нь 400 гаруй сая төгрөгийн үнэтэй машин юм. 5,000,000 төгрөгийн гарсан зардал нь зөвхөн кузов засвар, мастер үнэлгээнд нь ч тэр нь тусгагдсан. Машины эд ангийг гаднаас захиалж авчирсан. Албан ёсны хохирол учруулаад анх байсан байранд нь сэргээхэд ийм хэмжээний зардал гарна гээд албан ёсны эрх бүхий байгууллага гаргаад 54,000,000 төгрөг гээд хэлээд өгсөн. Шүүх дээр ирээд 2 жил боллоо, тэр хүн надад мөнгө төлж байгаа. Гэм хор гэвэл тэр байтугай их зардал гарч байна. Шинжээч 2 удаа томилсон, тогтоох боломжгүй байна гэсэн. Ихэнхи тохиолдолд машин засагдсан жилийн дараа үнэлэх боломжгүй гэсэн, тэрийг хариуцагч буруу тайлбарлаад байх шиг байна гэв.

 

2. Хариуцагч Ж.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “Мастер үнэлгээ ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Би тэр үнэлгээг газар тэнгэр шиг зөрүүтэй үнэлгээ гэж хувьдаа үздэг. Мастер үнэлгээ ХХК нь Старчэйз автоматив лимитд гэдэг компанид хандаж инженер н.Ганзоригоор тус ослоос учирсан гэмтлийг тогтоолгов гэж хэргийн материалд бичсэн байгаа. Гэтэл энэ материалд н.Ганзоригийн тогтоосон юу ч байхгүй. Шүүхийн 2 давхарт иргэдэд зориулсан мэдээллийн самбар байна. Байгууллагыг төлөөлдөг этгээд гэж байна. Миний бодож байгаагаар Старчэйз автоматив лимитд компанийг Б.Амаржаргал гэх хүн төлөөлөхгүй, н.Ганзориг гэх хүн төлөөлөхгүй, ямар ч хамаагүй төлөөлөхгүй хүнээр тодорхойлолт гаргуулж хохирол нэхэмжилж байгаа нь бодит байдалд огт таарахгүй ийм нэхэмжлэл гэж би хувьдаа үзэж байна. Иймд иргэн Ж.Уийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

2.1. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Яагаад гэвэл эд нар Мастер үнэлгээ ХХК-иар тогтоолгосон гээд 54,666,212 төгрөг нэхэмжилж байна. 54,666,212 төгрөгийн гэмтэл учирсан гэдгийг Мастер үнэлгээ ХХК яриад байгаа боловч энэ нь дараагийн шүүхээс томилсон Механикийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтээр энэ хэрэгт тавигдаад байгаа ийм хэмжээний эвдрэл гэмтэл гараагүй. Мастер үнэлгээ гээд байгаа 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн үнэлгээ үндэслэлгүй. Энэ байгууллагын Ж.У гэдэг хүнд тодорхой хэмжээний хохирол учруулсан гэдэг дээр хэсэгчлэн гаргаж байгаа бодит гарсан төлбөрийг төлөх хүсэл эрмэлзэлтэй байна. Нэгэнт энэ хүнд буруутай үйл ажиллагааны улмаас хохирол уруулсан нь үнэн. 54,666,212 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч баримт гаргаж өгөхгүй байсан учраас бид арга буюу өөрсдөө ямар газраар засвар хийсэн байна вэ гэдгийг судлаад засвар хийлгэсэн 10 дугаар сарын 30-ны өдрийн авто сервис ХХК-ийн гаргасан тодорхойлолтоор 5,200,000 төгрөгийн бодит засвар үйлчилгээ гарсан байна гэдгийг нотлох баримтаар шүүхэд гаргуулж өгсөн учраас миний үйлчлүүлэгчийн хувьд үүнийг төлөхөд татгалзахгүй, бусдыг нь зөвшөөрхгүй гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Ч.Болдмаа маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан бичгийн дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талаас гаргуулах 54,612,000 төгрөгийг хариуцагч тал болох Ж.Б нь баримт нотолгоо үндэслэлгүй хэмээн үзсэн. Засвар үйлчилгээ хийгдсэн нотолгоонд нь үндэслэж гаргах. Нэхэмжлэгч талаас гаргасан баримт нотолгоо дутуу байна. Иймд хариуцагч талаас нэхсэн 54,000,000 төгрөг үндэслэлгүй учраас нотолгоонд тулгуурлан баримтыг харж нэхэмжлэлийг гаргах нь зүйтэй” гэжээ.

4. Хэрэгт бичгийн нотлох баримтаар:

4.1. Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 431,281.06 төгрөг төлсөн баримт, Ж.Уийн иргэний үнэмлэхийн хуулбар, Автомашин борлуулалтын гэрээ, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтын бүдүүвч зураг, Мастер үнэлгээ” ХХК-ийн Авто машин техникийн ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тайлан холбогдох баримтуудын хамт, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0021575 дугаартай шийтгэлийн хуудас, Ж.Бы жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.Лхагвадоржид олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

 

4.2. Хариуцагч талаас: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ж.Батзоригтийг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг өгчээ.

 

4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн шинжээчдийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/06 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, “Вендо” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ц36/023 дугаартай албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай лавлагаа, ОБО авто хувьсал ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, ОБО авто хувьсал ХХК-ийн Голомт банк дахь 1415107131 тоот дансны хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9/4353 тоот албан бичиг, Албан журмын даатгагчдын холбооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03/237 тоот албан бичиг зэрэг авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч Ж.У нь хариуцагч Ж.Бд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 54,666,212 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: хариуцагч автомашиныг согтуугаар, жолоо барих эрхээ хасуулсан үедээ жолоодож явахдаа миний өмчлөлийн автомашиныг мөргөж, гэмтэл учруулсан тул Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон хохирлыг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгчийн Мастер үнэлгээ ХХК-иар гаргуулсан хохирол гэж тооцсон 54,6 сая төгрөгийн үнийн дүн үндэслэлгүй, Обо авто хувьсал ХХК-ийн засварласан зардалд төлсөн 5,200,000 төгрөгийн бодитой гарсан зардлыг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1. Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал-ын Тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолтод ...Landrover 4000 УБА, амины, оношлогоонд өвлийн дугуйтай, 30-40 км/цагийн хурдтай, ...Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг бичих хэсэгт “Зүүн урд буфер, крыло, зүүн хойд буфер, крыло зэрэг” гэж, тусгай тэмдэглэл хэсэгт “...Ж.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.7. а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах  ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог зайд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж амины Ландровер маркийн 4000 УБӨ дугаарын Батаагийн Эрдэнэцогт жолоочтой автомашиныг мөргөж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь холбогдогч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ./хх-11-12/

 

4.2. Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0021575 дугаар шийтгэлийн хуудсаар Ж.Быг Зөрчлийн тухай хуулийн 14.7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 400 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан шийтгэлийн 400,000 төгрөг, хохирлын 40,619,706 төгрөгийг хохирогчийн дансанд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдийн дотор сайн дураараа биелүүлэхийг даалгасугай... гэжээ./хх-13/

 

4.3. Замын цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл, лавлагаанд: ...А овогт Жамбалсүрэнгийн Б регистр ДЮ64011911, үнэмлэхний дугаар 134534, үнэмлэхний төлөв Эрх хасагдсан... тусгай тэмдэглэл: Эрх хасах: Улаанбаатар, Хан Уул, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1, 2021/01/11, 2022/01/11, 1 жил, др: 1.31% зөрчил хариуцсан байцаагч, д/ч Э.Алтанчимэг...гэжээ./хх-14/

 

4.4. Дээрх бичгийн баримтаар хариуцагч Ж.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 цаг 50 минутын орчим Т.Prius маркийн 81-21 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3 дах хэсэгт заасан заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч Ж.Уийн өмчлөлийн Landrover 4000 УБӨ улсын дугаартай, цэнхэр өнгийн, суудлын автомашиныг мөргөж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримт нотлогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

 

5.1. Шаардах эрхийн тухайд: Маргаанд хамаарах 4000 УБӨ улсын дугаартай Landrover маркийн 2019 онд үйлдвэрлэсэн, цайвар цэнхэр өнгөтэй тээврийн хэрэгслийг Старчейз автомотив лимитд ХХК-тай нэхэмжлэгч Ж.У 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Автомашин борлуулалтын LR-03/2020 дугаартай гэрээг байгуулж, 332,760,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгч болсон болох нь тус гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тэрээр хуулийн дээрх зохицуулалтын дагуу өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй. /хх 7-10, 48/

 

5.2. Гэм буруугийн тухайд: Хэргийн баримтаар тухайн зам тээврийн осол гаргасан хариуцагч Ж.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож улмаар нэхэмжлэгч Ж.Уийн өмчлөлийн Landrover 4000 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл баримтаар нотлогдсон, гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй.

 

5.3. Иймд нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлийг мөргөсний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хариуцагчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундаа хэрэглэж, Замын хөдөлгөөний дүрмийн  3.7, 11.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэл тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

5.4. Хохирлын хэмжээний тухайд: 4000 УБӨ улсын дугаартай Landrover маркийн тээврийн хэрэгсэлийг Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлангаар 54,666,212 төгрөг гэж тогтоожээ./хх 16-48/

 

Нэхэмжлэгч хохиролд 54,666,212 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ дээрх тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирлыг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Ж.Уийг өөрийн өмчлөлийн SALGA2BV5K556634 арлын дугаартай Ланд Ровер маркийн 4000 УБӨ суудлын автомашинаа Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 15-616 тоотод үйл ажиллагаа явуулдаг ОboCustoms авто машин засварын газарт урд купер засварын задаргаа угсралт, урд зүүн крыло, зүүн урд хаалга, хойд хаалга, хойд крыло, хойд купер задаргаа угсралт, 4 обуд, урд шаврын хаалт, өнгөлгөө хажуу тал бүтэн 5,200,000 төгрөгийн засвар хийлгэсэн талаар бичгийн баримт хэрэгт авагдсан тул уг бодит гарсан зардлыг хохиролд тооцож төлөхийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж марган, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ханган, Вендо ХХК болон Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийг шинжээчээр томилсон ба Вендо ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ц36/023 тоот Тайлбараар “...Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний хувьд тээврийн хэрэгслийн хохирлын бодит байдалтай шинжээч зайлшгүй танилцах шаардлагатай бөгөөд тус тээврийн хэрэгслийн хувьд засварлагдсан мөн Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн гаргасан шинжилгээний дүгнэлт нь дээрх асуултад хариулахад шаардлага хангахуйц бус байх тул тус тогтоолд дурдсан асуултад хариулах боломжгүй байна” гэжээ./хх-124-134, 137-138, 137/

 

6.1. Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/06 дугаар Техникийн шинжээчийн дүгнэлтэд: ...1.Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Ланд Ровер 4000 УБӨ автомашины зүүн урд дугуй хойш гүйсэн, хаалга, бампер, крыло зэргээр кузовт сэв үүссэн, амортизаторын суурь хугарсан, гэмтлийн код гарсан байна. Мөн хэрэгт авагдсан “автомашин техникийн үнэлгээний тайлан”-д кузовоос бусад гэмтсэн гэх эд ангиудын гэмтлийн хэлбэрийг тодорхойлон бичээгүй (зөвхөн их, дунд гэж бичсэн), зургаар баталгаажуулаагүй байгаа нь дээр дурьдагдсанаас бусад эд ангиудад гэмтэл үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй болсон байна. Ийм төрлийн осол, гэмтлийн үед гар, татуургууд, цапф зэрэг эд ангиуд дагаж гэмтэх магадлал өндөр байдаг. Харин өөрөө нугалардаг хагас гол (таван бул), жолооны механизм, дугуйны дотор талын битүү үүрэнд суудаг холхивч гэмтэх нь маш ховор тохиолддог. Мөн обуданд гэмтэл гарч, түүний тэнцвэржүүлэг болон битүүмж алдагдах тохиолдолд солих шаардлага үүснэ. Гэтэл энэ талаар ямар нэгэн зүйл дурьдагдаагүй байгаа боловч Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад их хэмжээний гэмтэл үүссэн гэсэн байна. Мөн эвдэрсэн гэх эд ангиуд нь байхгүй болсон, үнэлгээ хийсэн газарт нэмэлт мэдээлэл гаргуулахаар хүсэлт тавьсан боловч ямар нэгэн хариу ирээгүй. Иймээс асуултанд дурьдагдсан эд ангиуд нь ослоос хамааралтай үүссэн, эсвэл ашиглалтын явцад хуучирч муудсан эсэх нь тогтоогдохгүй байна.

2.Ослын улмаас эд ангиуд хугарсан, гулзайсан, хагарсан зэрэг гэмтэл үүссэн, тэдгээрийг засварлах боломжгүйгээс автомашины хөдөлгөөнд өөрчлөлт оруулж аюулгүй байдал алдагдах тохиолдолд дээрх эд ангиудыг заавал солино.

3.Старчэйз автомотив лимитд ХХК-ийн засварын ахлах ажилтан Б.Амаржаргалын 2021.02.09-ний өдрийн тодорхойлолтонд эвдрэл, гэмтэл үүссэн гэж байгаа боловч яг яаж гэмтсэн, юу нь эвдэрсэн гэдгийг нарийвчлан оруулаагүй, түүнийг зургаар баталгаажуулаагүй байна. Иймээс энэхүү тодорхойлолтыг ашиглан оношилгоо хийх боломжгүй байна.” гэжээ./хх-154-155/

 

6.2. Мөн хариуцагчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримтаар гаргуулсан Обо авто хувьсгал ХХК-ийн 2023-10-30-ны өдрийн тодорхойлолтод: “4000 УБӨ улсын дугаартай цэнхэр саарал алаг өнгөтэй он залуу Range Pover маркийн авто машинд доор дурдагдсан ажлуудыг иж бүрэн хийж 2021.04.20-ноос 2021.05.20-ны хооронд гүйцэтгэсэн нь үнэн болохыг тодорхойлж өгөв. Хавсралт 1-д “урд гупер засвар будаг өнгөлгөө 750000, зад/угсралт 60000, урд зүүн крело 550000, урд зүүн хаалга 560000, хойд хаалга 750000, хойд гупер 750000, зад/угсралт 60000, 4 обуд 50000 х 4 = 600,000, урд 2 шаврын хаалт 4000 х 2 = 80000, өнгөлгөө хажуу тал бүтэн - 300000, модель 3ш х 100000 = 300,000, нийт 5,200,000 Голомтоор хийх” гэж бичигдсэн, Голомт банкны 1415107131 тоот Обо авто хувьсгал ХХК-ийн дансны хуулгад: огноо-2021.04.23, дүн/төгрөг-5,200,000, төрөл-орлого “range 4000 zasvar-Ж У” гэх гүйлгээний утга бичигджээ./хх-189-191/

 

7. Хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын баримтанд жолооч нар 30-40 км/цагийн хурдтай явж байсан гэж тайлбар гаргасан талаар болон Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг бичих хэсэгт “Зүүн урд буфер, крыло, зүүн хойд буфер, крыло зэрэг” гэж тус тус бичигдсэн байх тул нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг гаргасан Мастер үнэлгээ ХХК-ийн тайлан, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/06 дугаар Техникийн шинжээчийн дүгнэлт, ОБО авто хувьсал ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, ОБО авто хувьсал ХХК-ийн Голомт банк дахь 1415107131 тоот дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу шүүх бүрэлдэхүүн харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн хохиролд шаардсан 54,666,212 төгрөгийн зарим хэсгийг дараах байдлаар хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            7.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон Мастер үнэлгээ ХХК-д 2021 оны 2 сарын 09-ний өдөр тодорхойлолт гаргасан Старчэйз автомотив лимитд ХХК-ийн засварын ахлах ажилтан Б.Амаржаргалыг үнэлгээ хийх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын татгалзлыг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

7.2. Иймээс Мастер үнэлгээ ХХК-ийн 2021-02-09-ний өдрийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад жагсаасан эвдэрсэн эд ангиудаас доод эд ангитай холбоотой шаардлагыг эргэлзээтэй гэж үзээд дараах эд ангиудын үнэлгээгээр тогтоосон 33,436,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. Рулийн аппарат /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 7,835,891

2. Зүүн урд цап /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 2,659,385

3. Цапны шарик /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 338,727

4. Зүүн урд ступец /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 463,680

5. Зүүн урд амортизатор /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 2,643,938

6. Амортизаторын суурь /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 1,020,699

7. Зүүн урд доод гар /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 835,527

8. Зүүн доод арын гар /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 835,452

10. Урд дэвш /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 7,904,389

12. Таван бул /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн / -2,564,541

32. Руллийн аппарат солих – 233,750

33. Урд доод гар, урд доод арын гар солих – 102,850

34. Амартизаторын суурь, зүүн урд амортизатор солих – 158,950

35. Зүүн урд цап солих – 233,750

36. Урд тэвш солих – 1,402,500

37. Зүүн урд хагас гол солих – 140,250 төгрөг,

44. НӨАТ сэлбэг – 4,061,971 төгрөг, нийт 33,436,250 төгрөгийн эд ангиудын үнэлгээгээр тогтоосон хэсэг болно.

 

            7.3. Иймд кузов, обуданд үүссэн гэмтлийн улмаас учирсан хохирлын доорх жагсаалт бүхий эд ангиудын үнэлгээгээр тогтоосон

9. Урд буфер /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 5,200,593

11. Дугуйн обуд /2ш /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 7,790,727

13. Күүн урд под крыло /нөатгүй элэгдэл 8% тооцсон дүн/ - 191,193

14. Хойд буферын зүүн дээд нарийн хөмсөг /нөатгүй элэгдэл 8%/ - 334,964

15. Урд хаалга – 160,000

16. Хойд хаалга – 300,000

17. Зүүн хойд крыло – 660,00

18. Зүүн урд крыло – 100,000

19. Хойд буфер – 660,00

20. Зүүн урд хаалга солих – 252,450

21. Урд хаалга задлаж угсрах/жижиг детал/ - 149,600

22. Урд хаалга, будах өнгөлгөө хийх – 590,000

23. Зүүн хойд хаалга кадалж угсрах – 252,450

24. Хаалганы тохиргоо – 149,600

25. Зүүн хаалга будах – 450,000

26. Хаалга өнгөлгөө – 60,000

27. Зүүн хойд крыло будах задлах – 370,000

28. Крыло өнгөлгөө хийх – 60,000

29. Обуд сольж баланс хийх – 74,800

30. Хойд буфер угсрах, хойд буфер будах, өнгөлгөө хийх – 685,700

31. Жижиг деталь угсрах – 102,850

38. Тэнхлэг тохиргоо – 140,250

39. Урд буфер солих – 187,000

40. Нэмэлт деталууд суулгах – 121,550

41. Урд буфер будах, өнгөлөх – 645,450

42. Зүүн урд крыло солих – 243,100

43. Урд крыло будах өнгөлөх – 390,000

7.4. НӨАТ ажлын хөлс – 907,685 төгрөг, нийт 21,229,962 төгрөгийн хохирлыг хариуцагч Ж.Баас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагын 33,436,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцнэ гэж дүгнэлээ. 

 

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ...Нэхэмжлэгч талаас гаргуулах 54,612,000 төгрөгийг хариуцагч тал баримт нотолгоо үндэслэлгүй хэмээн үзсэн. Засвар үйлчилгээ хийгдсэн нотолгоонд нь үндэслэж гаргах. Нэхэмжлэгч талаас гаргасан баримт нотолгоо дутуу байна. Иймд хариуцагч талаас нэхсэн 54,000,000 төгрөг үндэслэлгүй учраас нотолгоонд тулгуурлан баримтыг харж нэхэмжлэлийг гаргах нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг шүүхийн шийдвэр гаргахдаа шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Баас 21,229,962/хорин нэгэн сая хоёр зуун хорин есөн мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Ж.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 33,436,250 /гучин гурван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,281.06/дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун наян нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 264,100/хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ут олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                   Н.БАТЧИМЭГ

          

                                                                     С.ХИШИГБАТ