Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00222

 

 

 

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00222

 

 

Ж.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/03776 дугаар шийдвэртэй

Ж.У-ийн нэхэмжлэлтэй

Ж.Б-д холбогдох

гэм хорын хохиролд 54,666,212 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Б.Э, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Land Rover маркийн Range Rover модельтой, улсын **-** УБӨ дугаартай суудлын автомашиныг эзэмшдэг. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цаг 40 минутад Ж.Б нь Toyota маркийн Prius модельтой, улсын **-** УНЦ дугаартай суудлын автомашиныг согтуугаар жолоодож явахдаа миний өмчлөлийн автомашиныг мөргөж, гэмтэл учруулсан. Түүний буруутай үйлдлийн улмаас бий болсон хохирлын хэмжээг М ХХК-иар тогтоолгосон бөгөөд нийт 54,666,212 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Иймд Ж.Б-аас 54,666,212 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би М ХХК-иар гаргуулсан үнэлгээг газар тэнгэр шиг зөрүүтэй үнэлгээ гэж үздэг. М ХХК нь С гэдэг компанид хандаж инженер н.Г-оор тус ослоос учирсан гэмтлийг тогтоолгов гэж хэргийн материалд бичсэн байгаа. Гэтэл энэ материалд н.Г-гийн тогтоосон юу ч байхгүй. Миний бодож байгаагаар С компанийг Б.А гэх хүн төлөөлөхгүй, н.Г гэх хүн төлөөлөхгүй, ямар ч хамаагүй төлөөлөхгүй хүнээр тодорхойлолт гаргуулж хохирол нэхэмжилж байгаа нь бодит байдалд огт таарахгүй ийм нэхэмжлэл гэж үзэж байна. Иймд иргэн Ж.Уийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгч талаас гаргуулах 54,612,000 төгрөгийг хариуцагч Ж.Б нь баримт нотолгоо үндэслэлгүй хэмээн үзсэн. Засвар үйлчилгээ хийгдсэн нотолгоонд нь үндэслэж гаргах. Нэхэмжлэгч талаас гаргасан баримт нотолгоо дутуу байна. Иймд хариуцагч талаас нэхсэн 54,000,000 төгрөг үндэслэлгүй учраас нотолгоонд тулгуурлан баримтыг харж нэхэмжлэлийг гаргах нь зүйтэй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-аас 21,229,962 /хорин нэгэн сая хоёр зуун хорин есөн мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Ж.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 33,436,250 /гучин гурван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,281.06 /дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун наян нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 264,100 /хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ут олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэнгүй. Шүүхийн шийдвэрт шүүх М ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн авто машины техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлангийн хавсралтад жагсаасан эвдэрсэн эд ангиудаас доод эд ангитай холбоотой шаардлагыг эргэлзээтэй гэж үзээд эд ангиудын үнэлгээгээр тогтоосон 33,436,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх кузов, обуданд үүссэн гэмтлийн улмаас учирсан хохирлын жагсаалт бүхий эд ангиудын үнэлгээгээр тогтоосон 21,229,962 төгрөгийн хохирлыг хариуцагч Ж.Б-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.У-т олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. /Бодит бус тайланг үндэслэл болгосон/

5.1. Хариуцагч, өмгөөлөгч шүүхэд "М" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тайлан үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй бодит үнэнд нийцэхгүй байх тул Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн шинжээчийн бүрэлдэхүүнээр техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилсон. Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/06 дугаар Техникийн шинжээчийн дүгнэлтээр "М" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний тайлан үнэлгээ нь үгүйсгэгдэн үндэслэлгүй болох нь тогтоогдсон байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж 21,229,962 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

5.2.Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хууль зүйн үндэслэлтэй нотлох баримт гаргаж мэтгэлцэж чадаагүй бөгөөд Ж.У-ийн өмчлөлийн **-** УБӨ улсын дугаартай авто машинаа "О" ХХК-иар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны хооронд Гупер засвар өнгөлгөө задаргаа угсралт, урд зүүн крыло, урд хаалга, хойд хаалга хойд гупер задаргаа угсралт, 4 обуд солиулсан, урд шаврын хаалт өнгөлгөө хажуу тал бүтэн хийлгүүлэн эвдрэл гэмтлээ засварлуулснаа нуусныг хариуцагч тал мэдэж шүүхэд хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хангаж "О" ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд тодорхойлолт гаргаж засвар хийсэн жагсаалт, төлбөр хийсэн 5,200,000 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн. Түүнчлэн нэхэмлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ж.У нь **-** УБӨ улсын дугаартай авто машинаа шүүхэд нэхэмжлэл гаргасан үедээ бусдад худалдсан болохоо тайлбарласан. Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Хариуцагч 5,200,000 төгрөгийн хохирол төлөх үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасан байгааг ч шүүх анхаарч үзсэнгүй. Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Ж.У-т учруулсан бодит хохирол 5,200,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, илэрхийлсэн байхад анхан шатны шүүх бүрэлдэхүүн хуулийг буруу тайлбарлан хэт нэг талын эрх ашигт нийцүүлсэн илүү төлбөр 16,029,962 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж гомдлыг хангаж 16,029,962 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: М ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд /хх-20/ ба тэдгээрийн гаргасан автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан нь эрх бүхий этгээдийн тамга тэмдгээр баталгаажсан байхад тус үнэлгээний тайланг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг үүссэнээс хойш 11 сарын дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр автомашинд үнэлгээ хийлгүүлэх, техникийн шинжээч томилуулах, дүгнэлт гаргуулах хүсэлтийг хариуцагч гаргасан. Нэхэмжлэгч нь хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй эрх бүхий байгууллага болох М ХХК-аар үнэлгээ хийлгээд өөрт учирсан хохирол буюу тус автомашиныг хэвийн байдалд оруулахад шаардагдах хохирлын үнэлгээг гаргуулж авсанаар өөрт учирсан хохирлоо тодорхойлсон. Хэрэв нэхэмжлэгч талын хийлгэсэн хохирлын үнэлгээтэй санал нийлэхгүй, тус компаний хийсэн хохирлын үнэлгээг бодит бус гэж үзсэн бол хэргийн материалтай анх танилцсан даруй буюу нэхэмжлэгч тал тухайн автомашиныг засуулан бусдад худалдахаас өмнө дахин шинжээч томилох хүсэлтээ гаргах боломжтой байсан. Мөн ШУТИС-ийн Механик техникийн сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны техникийн шинжээчийн дүгнэлтэд М ХХК-ийн тайланг үгүйсгэсэн, үндэслэлгүй эсэхийг тогтоосон, буруу үнэлгээ гаргасан гэх дүгнэлт байдаггүй. Хариуцагчийн гэм буруутай эсэх нь шийтгэх хуудсаар тогтоогдсон. Гэм хорыг арилгахад өмнөх байдалд нь сэргээх буюу адил нэр төрлийн, адил чанарын эд хөрөнгө өгөх, эд хөрөнгийг засах боломж хариуцагч талд байсан. Хэрэг гарснаас хойш одоог хүртэл хариуцагч тал санаачилгаараа засах, сольж өгөх хүсэл сонирхол огт байгаагүй тул манай талаас хохирлын төлбөрөө шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Ж.У нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 54,666,212 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 5,200,000 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 002**** дугаартай шийтгэлийн хуудас, Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, М ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Ж.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 цаг 50 минутын орчим тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож Тоёота Приус маркийн **-** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Ж.У-ийн жолоодож явсан Landrover маркийн **-** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан.

3.2. Жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3-т заасныг зөрчсөн, харин жолооч Ж.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

З.3. Уг зам тээврийн ослын улмаас Landrover маркийн **-** УБӨ улсын дугаартай автомашинд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн М ХХК-ийн үнэлгээгээр 54,666,212 төгрөгийн хохирол учирсан байна.

Талууд зам тээврийн осол гарсан үйл баримт болон хариуцагчийн гэм буруугийн талаар маргаагүй, харин хохирлын хэмжээний талаар маргасан байна.

4.1. Зам тээврийн ослын улмаас гэм хорын хохирол учирсан, хариуцагчийн гэм буруу болон нэхэмжлэгчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/06 дугаар техникийн шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээ хөдөлбөргүй тогтоогдоогүй байна. Тиймээс шүүх 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн М ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үзэж эд хөрөнгөд учруулсан хохирлын хэмжээг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ. Иймд шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

4.2. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн 54,000,000 төгрөг үндэслэлгүй учраас нотолгоонд тулгуурлан баримтыг харж нэхэмжлэл гаргах талаарх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн талаар шийдвэрт дурдсан байх тул шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхаарч үзээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Иймд 16,029,962 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/03776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН