Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/00075

 

 

 

 

 

                           

 

 

                                      

      2024      01         05 

                      181/ШШ2024/00075

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, Б овогт Бгийн Д /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... тоотод оршин суух Б овогт Дын Н /РД:.../-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,

Хариуцагч Д.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Нт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

“Б.Д миний бие мөнгө олох зорилгоор 2017 оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсыг зорьсон.

БНСУ-д ажиллаж байх хугацаанд миний ээж П.Дулам автомашины осолд орж, ээжийн эмчилгээний зардал, эмнэлгийн төлбөр, эм хэрэгслийг авах зорилгоор олон хүнээс, мөнгө, байр, зээл авсан. Түүний нэг болох Ж.Ариунболд түүний эхнэр Б.Оюунбилэг нарт 90,000,000 төгрөгийг шилжүүлж, өр төлбөр барагдуулахаар БНСУ-аас Монгол улс руу мөнгөн гуйвуулга хийдэг байсан.

Б.Д миний бие БНСУлсад оршин суух зөвшөөрөлгүй буюу хараар амьдардаг байсан учраас өөрийн нэрийн өмнөөс биш Солонгос улсад амьдарч байсан хүмүүсийг гуйж, өөрийн эхнэр байсан Д.Нийн Хаан банк дахь 5925231668 тоот дансанд cap бүр 2,600,000 төгрөгөөс багагүй мөнгийг шилжүүлж, Ж.Ариунболд болон түүний эхнэр Б.Оюунбилэгийн дансанд шилжүүлэхийг даалгадаг байсан. Ийнхүү миний бие нийт 70-90 сая төгрөгийг Д.Нийн дансанд хийж, Д.Н Ж.Ариунболдын эхнэр болох Б.Оюунбилэгийн дансанд шилжүүлж дууссан.

Гэвч миний бие Д.Нээс салж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулсаны дараа Д.Н нь маш их хэмжээний мөнгө нэхэж, миний БНСУ-д ажиллаж байхдаа өөрт нь шилжүүлж байсан мөнгийг бүгдийг нь авна гэж Б.Оюунбилэгээс нэхэмжилж, 68,300,000 төгрөгийг Б.Оюунбилэгээс гаргуулж, Д.Нт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч Б.Оюунбилэг, Ж.Ариунболд нарт шилжүүлсэн тус мөнгө нь Д.Нийн мөнгө биш бөгөөд Ж.Ариунболд, Б.Оюунбилэг нар одоо надаас тэр мөнгийг шаардаж байна.

Д.Н өөрийн биш мөнгийг миний төлбөр төлсөн хүнээс буцаан авсан нь Б.Д

A


миний эрх ашигт ноцтой зөрчил гаргаж байгаа бөгөөд Б.Оюунбилэгт өгсөн мөнгийг дахин өгөх үүрэг үүсээд байна.

 

Иймд Б.Д миний БНСУ-д ажиллаж байхдаа Б.Оюунбилэгт шилжүүлсэн мөнгийг Д.Н буцаан шаардаж, шүүхээр хангуулсан тул хариуцагч Д.Нээс 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

1.а.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулиар гэрлэгчдийн хооронд үүссэн эд хөрөнгийн болон амины бус харилцааг зохицуулсан байдаг. Амины болон амины бус харилцаатай холбоотойгоор, эд хөрөнгөтэй холбоотойгоор гэр бүлийн гишүүд адил тэгш үүрэг хүлээх үүрэгтэй. Хуваарьт хөрөнгө болон гэр бүлийн хамтын өмч дундаа өмчлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтыг дурдахдаа гэр бүл болсноос хойш гэр бүлийн хамтын хөдөлмөрийн улмаас бий болсон, гэр бүл болсноос хойш аж ахуйн үйл ажиллагааны улмаас олсон орлого, хадгаламж тэр мөнгөн хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үздэг. Хэрэгт цугларсан байгаа энэ баримтын хүрээнд үзэх юм бол Дийн өөрийн шилжүүлсэн гээд байгаа хөрөнгө маань 2023 оны 2 сарын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээр Ариунболдын нэхэмжлэлтэй Алимаа нарт холбогдох хэрэг дээр Алимаагийн орон сууц гэх шинж чанартай байсан гэдэг нь харагдаж байгаа. Одоо хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс энэ бол гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа гэж ярьж байгаа боловч хэрэв гагцхүү шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзлээ гэж бодоход тухайн хөрөнгийг бий болгоход оролцсон хувь хэмжээг харгалзан үзнэ гэдэг хууль зүйн зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох гэж заасан. Гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал гэж заасан. Тус хуулийн 129.4-д бол гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийг дундын эд хөрөнгө бий болгоод оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо гэж заасан юм. Тэгэхээр хөдөлмөрийн оролцоог нь харж үзэх юм бол Нийн өөрийн мэдүүлгээс харвал Б.Д Солонгост ажиллаж байх явцдаа олсон хөрөнгө буюу дангаар бий болгосон хөрөнгө. Мэдээж үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаа чухал амин үүргийг Д.Н хэрэгжүүлээд хүүхдүүдээ асарч хамгаалж харж байсан нь сайшаалтай. Энийг бол шүүх харгалзан үзэж шударгаар шийдвэрлэх байх гэсэн хүсэлтэй байна. Энэ хуулийн заалтыг цаашаа үргэлжлүүлэх юм бол хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах эс үгүй бол олгохгүй байгааг шүүх бас шийдвэрлэж болно гэж заасан байгаа юм. Тэгээд 70 сая төгрөг нэхэмжилж байгаа бол гэр бүлийн гишүүн бүрт хувааж хуваарилах асуудал дээр, үр хүүхдүүдтэй холбоотойг бол бид нар маргадаггүй хүлээн зөвшөөрч болно. Д.Нтэй холбоотой хэсгийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Яг Д.Н Б.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг 50 хүртэлх хувийг шийдвэрлэхэд бол шүүгчид эрх хэмжээ нь байгаа гэж бодож байна. Хэрвээ гагцхүү хариуцагчийн болон түүний өмгөөлөгчийн ярьж байгаа гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзвэл шүү дээ. Үзэхгүй байна гэж бодох юм бол бид одоо Б.Д өөрөө хувийн байдал нь санхүүгийн хувьд дордчихсон байгаа гэдгийг харгалзан үзэх шаардлагатай байна. Хувийн байдлын хувьд Алимаад өртэй, Алимаа мөнгө хөрөнгө ч үгүй, орон сууцгүй болчихсон байгаа гэдгийг шүүгч та шүүхийн шийдвэрээс харж болох байх. Харин Оюунбилэг бол Дийн хувьд давамгай байдалтай байгаа. Оюунбилэгээс 63.700.000 төгрөгийг гаргуулах эрхтэй. Шүүхийн шийдвэрт байгаа. Түүнээс 233 төгрөгийг 2023 оны 8 сарын байдлаар бол өгсөн. 9, 10, 11 сар өнөөдрийг хүртэл ямар нөхцөл байдалд байгаа нь хэрэгт цугларсан баримтын хувьд бол харагдахгүй байна гэж үзэж байна. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн заалтуудыг үндэслээд Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн санхүү, гэр бүлийн гишүүд, гэрлэгч нар эхнэр нөхөр адил тэнцүү үүрэг хүлээх үүргийг бас харгалзан үзэж шийдвэр гаргаж өгөөч. Анхны нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна гэв.

2.Хариуцагч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70.000.000 төгрөгийг гаргуулах ...Ж.Ариунболд болон түүний эхнэр Б.Оюунбилэг нараас олон удаагийн үйлдэлтэй зээл авч дансанд шилжүүлэхийг даалгадаг байсан..." гэжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчтай гэр бүл байсан талаар дурдсан.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 2 дахь хэсэгт гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаарх ойлголтыг тодорхойлох бөгөөд хэргийн зохигч нарын хооронд гэр бүлийн харилцаа, тэдгээрийн хамтын амьдралын явцад үүссэн дундын эд хөрөнгийн харилцаа бий болсныг нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжилжээ. Тухайлбал, Ж.Ариунболд, Б.Оюунбилэг нар гэр бүлийн хүмүүс бөгөөд Б.Д бид хоёрт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Саруул тэнгэр хотхон 47 дугаар байрны 56 тоот 3 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийж cap бүр 2.500.000 төгрөг, нийт 90.450.000 төгрөгийг 2017.09.15-2019.09.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Д.Н нь гэрээнд заасан төлбөрийг cap бүр төлж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Алимаа гэх хэний ч танихгүй хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, бидний өөрийн худалдан авсан гэж ойлгож байсан байрыг өөр этгээдэд худалдаж, эрхийг шилжүүлсэн учраас Б.Оюунбилэгээс орон сууцны үнэд төлсөн мөнгийг буцаан шаардаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Иргэний хуулийн гэрээний бус үүрэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд аливаа шалтгаангүй, хууль тогтоомжоор үүрэг үүсээгүй байх ойлголт бөгөөд хэргийн зохигч нарын хооронд гэр бүлийн харилцаа, түүний дундын эд хөрөнгө, орон сууц худалдан авсан харилцаа зэргээс үзвэл, нэхэмжлэгчийн бусдаас авсан зээлийн төлбөрийг шилжүүлээгүй, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

2.а.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж байгаа мэт агуулга харагдаж байна. Мөн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг өөрчилж байгаа мэтээр тайлбарлаж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ 2 хүний хооронд үүрэг байхгүй тийм учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн, ер нь бол мөнгө шилжүүлэх ёсгүй байсан гэдэг утга агуулгатайгаар нэхэмжлэл анх гаргаж байсан бол шүүх хуралдааны мэтгэлцээний явцад дундын өмчийн хөрөнгө байх юм бол өөрт оногдох болон Д.Нт оногдох хөрөнгөөс хөрөнгөө гаргуулъя гэсэн байдлаар хууль зүйн үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Үүнд: тайлбар хэлэхэд гэр бүлийн маргаан асрамж эд хөрөнгө болон гэрлэлт цуцлалт эцэслээд шийдвэрлэгдчихсэн байгаа. Дундын өмчийн хөрөнгийг хэн олсноос нь үл хамаараад дундын өмчийн хөрөнгө гэж үзэх хуулийн зохицуулалт байгаа. Эдгээр хуулийн зохицуулалтыг харгалзаж үзэх ёстой болов уу гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын субъектив хүсэл зоригийг харуулаад байгаа нэг өгүүлбэр байна. Энийг дурдахгүй бол болохгүй байна. Д.Нийг 2 хүүхэдтэйгээ 2 жил шахуу түрээсийн байранд үнэгүй амьдарчихсан гэдэг юмыг 2-3 удаа ярьлаа. Эцэг хүн эхнэр, хүүхдээсээ түрээс авах гээд байсан юм байх даа. Би тэгж л ойлголоо. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байр суурьтай байна гэв.

3.Шүүхэд нотлох баримтаар:

А.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 508,000 төгрөг төлсөн баримт, Б.Дийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Ад олгосон итгэмжлэл, Д.Нийн Хаан банк дахь 5925231668 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О.Мөнхтулгад олгосон итгэмжлэл, Б.Дийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.06.13-ны өдөр гаргасан нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Д.Нийн Хаан банк дахь 5925231668 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.15-ны өдрийн 0368 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.28-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэнйи хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.03-ны өдрийн 101/ШШ2021/02595 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн 1637 дугаар магадлал, Д.Удвал, Д.Билгүүн нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 184/ШШ2020/03539 дүгээр шийдвэр, 2020.12.16-ны өдрийн 184/ШШ2020/03539 тэмдэглэл, Б.Аийг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг гаргаж өгсөн байна.

Б.Хариуцагч талаас: Д.Бд олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 181/ШШ2023/00544 дүгээр шийдвэр, Д.Бийг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг гаргаж өгсөн.

В.Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн Иргэнйи хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.03-ны өдрийн 101/ШШ2021/02595 дугаар шийдвэр, 2021.09.03-ны өдрийн 2595 дугаар тэмдэглэл зэрэг баримт авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   4.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Нт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   5.Шүүх доор үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

   6.Нэхэмжлэгч Б.Д нь миний БНСУ-д ажиллаж байхдаа Б.Оюунбилэгт шилжүүлсэн 70,000,000 /далан сая/ төгрөгийг Д.Н буцаан шаардаж, шүүхээр хангуулсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол,

хариуцагч Д.Н эс зөвшөөрч, гэр бүл байх хугацаанд БНСУ явж, ажиллаад орон байртай болох зорилгоор байрны мөнгө шилжүүлж байсан нь гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгө тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж маргаж байна.

7.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

7.а.Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.Н нар нь 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2008 онд хүү Д.Билгүүн, 2012 онд охин Д.Удвал нар төрсөн, гэрлэгчдийн гэр бүлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/03539 дугаар шийдвэрээр цуцалж, хоёр хүүхдийг эх Д.Нийн асрамжид үлдээж, эцэг Б.Дээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болох нь зохигч талуудын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, шүүхийн хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 7.б.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Нтэй гэр бүл байх хугацаандаа буюу 2017 оны 01 дүгээр сард Бүгд найрамдах Солонгос улс руу явж ажиллаад орон байртай болж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготойгоор явсан бөгөөд ийнхүү хараар ажиллаж, авсан цалингаасаа өөрийн нэрийн өмнөөс бус Солонгост амьдарч байсан хүмүүсийг гуйж эхнэр Д.Нийнхээ Хаан банкны 5925231668 тоот дансанд сард 2,600,000 төгрөгөөс багагүй мөнгө шилжүүлж, Ж.Ариунболд түүний эхнэр Б.Оюунбилэгийн дансанд шилжүүлэхийг даалгасан ба ийнхүү 70-90 сая төгрөгийг Д.Нийн дансанд хийж, Д.Н нь Ж.Ариунболдын эхнэр Б.Оюунбилэгийн дансанд шилжүүлж, дууссан. Гэрлэлтээ цуцлуулсан, үүний дараа Д.Н нь маш их хэмжээний мөнгө нэхэж, миний өөрт нь шилжүүлж байсан мөнгийг бүгдийг нь авна гэж Б.Оюунбилэгээс нэхэмжилж, 68,300,000 төгрөгийг Б.Оюунбилэгээс гаргуулж Д.Нт олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Б.Оюунбилэг, Ж.Ариунболд нарт шилжүүлсэн тус мөнгө нь Д.Н өөрийн биш мөнгийг миний төлбөр төлсөн хүнээс буцаан авсан нь Б.Д миний эрх ашигт ноцтой зөрчил учруулсан бөгөөд Б.Оюунбилэгт өгсөн мөнгийг дахин өгөх үүрэг үүсээд байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

7.в.Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.03-ны өдрийн 101/ШШ2021/02595 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн 1637 дугаар магадлалаар ...нэхэмжлэгч Д.Нийн хариуцагч Ж.Ариунболд, Б.Оюунбилэг нарт холбогдох, нийт 67,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцээд, хариуцагч Б.Оюунбилэгээс 67,300,000 төгрөг гаргуулж Д.Нт олгож, хариуцагч Ж.Ариунболдоос 600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7.г.Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 181/ШШ2023/00544 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Ариунболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н, Б.Д, Р.Алимаа, Р.Аминаа нарт холбогдох, Б.Дтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Р.Алимаатай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Р.Алимаа, Р.Аминаа нарын хооронд байгуулсан 2022.05.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тогтоолгох, орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Р.Алимаа, Р.Амина нарт даалгах, Д.Нээс 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцээд, Ж.Ариунболдын Р.Алимаатай 2019.12.02-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, Р.Алимаагийн Р.Аминатай 2022.05.18-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ”-нүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Р.Алимаа, Р.Аминаа нарт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр, 56 тоот, 3 өрөө орон сууцыг Ж.Ариунболдод хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ариунболдын Б.Дт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.Нээс 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрүүдээр хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин дүгнэлт хийхгүй болно.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд ...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар ...хөдөлмөрийн оролцоог харвал Б.Д Солонгост ажиллаж байхдаа олсон хөрөнгө буюу дангаар бий болгосон хөрөнгө, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах үгүй бол олгохгүй байгааг шүүх шийдвэрлэж болох тул 70 сая төгрөг нэхэмжилж байгаа бол гэр бүлийн гишүүн бүрт хувааж хуваарилах асуудлыг үр хүүхдүүдтэй холбоотойг маргахгүй, Д.Нтэй холбоотой хэсгийг зөвшөөрөхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагын 50 хүртэлх хувийг шийдвэрлэхэд шүүгчид эрх хэмжээ нь байгаа, хариуцагчийн тайлбараар гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзвэл, үзэхгүй бол Б.Дийн хувийн байдал санхүүгийн хувьд дордсонг харгалзан үзэх шаардлагатай тул Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуулийн заалтуудыг үндэслээд гэр бүлийн санхүү, гэр бүлийн гишүүд, гэрлэгч нар эхнэр, нөхөр адил тэнцүү үүрэг хүлээхийг нь харгалзан үзэж шийдвэр гаргахыг хүссэн тайлбарыг гаргасан.

9.Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа буюу шүүх хуралдаанд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох-оор заасны дагуу шүүхээр энэ хуулийн заалтын дагуу шийдвэрлүүлэхээр гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаадлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу дүгнэлт хийнэ.

10.Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.Н нар гэр бүл байх хугацаандаа орон байртай болох үүднээс буюу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн., 126.2-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:, 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө; 126.4-д Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Д Солонгос улс руу явж, ажил хийж олсон мөнгөө эхнэр болох Д.Нт шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

11.Хариуцагч Д.Нийг 70,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу хөрөнгө олж авсан этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Дийн хариуцагч Д.Н холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,000 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,000 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ