Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00460

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00460

 

 

 

 

 

Б.Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00075 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Н т холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Д.Н , хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа эх П.Д ын эмчилгээний зардал олох зорилгоор олон хүнээс зээл авсны нэг болох Ж.А , түүний эхнэр Б.О нарт 90,000,000 төгрөгийг өр төлбөр барагдуулахаар шилжүүлсэн.

Миний бие Солонгос улсад оршин суух зөвшөөрөлгүй буюу хараар амьдардаг байсан учраас өөрийн нэрийн өмнөөс биш Солонгос улсад амьдарч байсан хүмүүсийг гуйж, өөрийн эхнэр байсан Д.Н ийн Хаан банк дахь 5925231668 тоот дансанд cap бүр 2,600,000 төгрөгөөс багагүй мөнгийг шилжүүлж, Ж.А болон түүний эхнэр Б.О ийн дансанд шилжүүлэхийг даалгадаг байсан.

Ийнхүү миний бие нийт 70-90 сая төгрөгийг Д.Н ийн дансанд хийж, Д.Н нь Ж.А ын эхнэр болох Б.О ийн дансанд шилжүүлсэн.

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Н ээс гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулсны дараа Д.Н нь зээлийн өр төлбөрт шилжүүлсэн мөнгийг Б.О ээс нэхэмжилж, 68,300,000 төгрөгийг Б.О -с гаргуулж, Д.Н т олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан. Гэвч Б.О , Ж.А нарт шилжүүлсэн тус мөнгө нь Д.Н ийн мөнгө биш бөгөөд Ж.А , Б.О нар одоо надаас тэр мөнгийг шаардаж байна.

Иймд Б.Д миний Солонгос улсад ажиллаж байхдаа Б.О т шилжүүлсэн мөнгийг Д.Н буцаан шаардаж авсан тул хариуцагч Д.Н ээс 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ж.А , Б.О нар гэр бүлийн хүмүүс бөгөөд Б.Д бид хоёрт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Саруул тэнгэр хотхон 47 дугаар байрны 56 тоот 3 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийж cap бүр 2,500,000 төгрөг, нийт 90,450,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-наас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.

Д.Н нь гэрээнд заасан төлбөрийг cap бүр төлж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцыг өөр этгээдэд худалдаж, эрхийг шилжүүлсэн байсан тул Б.О ээс орон сууцны үнэд төлсөн мөнгийг буцаан шаардаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн гэрээний бус үүрэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд аливаа шалтгаангүй, хууль тогтоомжоор үүрэг үүсээгүй байх ойлголт бөгөөд хэргийн зохигч нарын хооронд гэр бүлийн харилцаа, дундын эд хөрөнгө, орон сууц худалдан авсан харилцаа зэргээс үзвэл, нэхэмжлэгчийн бусдаас авсан зээлийн төлбөрийг шилжүүлээгүй, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Д ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

Анхан шатны шүүхийн шийдвэр нь илт үндэслэл муутай бичвэрийн хувьд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт байхгүй, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй шийдвэр гарсан.

Шүүх хуралдаанд Б.Д нь ...Гэрлэлт цуцлуулсны дараа Д.Н нь маш их хэмжээний мөнгө нэхэж, миний БНСУ-д ажиллаж байхдаа өөрт шилжүүлж байсан мөнгийг бүгдийг нь авна гэж Б.О ээс нэхэмжилж, 68,300,000 төгрөгийг Б.О ээс гаргуулж, Д.Н т олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч Б.О , Ж.А нарт шилжүүлсэн тус мөнгө нь Д.Н ийн мөнгө биш бөгөөд Ж.А , О.О нар одоо надаас тэр мөнгийг шаардаж байна..." гэх тайлбарыг өгсөн байдаг. Тус тайлбарын нотлох баримт нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02595 дугаар шийдвэр юм.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Д.Н ийн бусдаас авахаар болсон 68,300,000 төгрөг нь Б.Д ийн Солонгос улсад ажиллаж байхдаа шилжүүлсэн мөнгө бөгөөд үүнд шүүх тайлбар хийлгээгүй. Тус 68,300,000 төгрөг нь Б.Д ийн хуваарьт хөрөнгө бөгөөд Солонгос улсад ажиллаж байхдаа Р.Алимаагаас өөрийн ээжийн эмчилгээний зардалд зээлсэн мөнгийг Д.Н т шилжүүлж, Д.Н ийг Б.О т шилжүүлж өгөхийг даалгасан байдаг. Д.Н нь тус хөрөнгийг бий болоход хөдөлмөрөөр болон хөрөнгөөр тусалж дэмжсэн зүйл байхгүй.

Б.О ээс 68,300,000 төгрөгийг гаргуулж Д.Н т олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Д.Н ийг Б.Д ийн хуваарьт хөрөнгийг хувьдаа бий болгосон нь тодорхой харагдаж байгаа.

Хариуцагч нь тухайн хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж тайлбарыг няцаах зорилгоор ...хэрэв шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзлээ гэж бодоход тухайн эд хөрөнгийг бий болгоход оролцсон хувь хэмжээг харгалзан үзнэ... гэж мэтгэлцсэн байдлыг шүүх хууль бусаар гуйвуулж, тайлбарласан.

Хариуцагч Д.Н нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 68,300,000 төгрөгийг авахаар болсон нь тогтоогдсон. Б.Д ээс тухайн мөнгийг авч Б.О т дамжуулан өгдөг байснаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасанд бүрэн нийцсэн.

Гэтэл Д.Н ийн Б.О т шилжүүлж өгөх үүрэг нь дуусгавар болсон байхад уг мөнгийг өөрийн мөнгө мэт Б.О ээс буцаан шаардаж авсан нь Б.Д ийн мөнгийг Д.Н нь үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй болж байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч нь хариуцагч руу мөнгө шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг тул үүнийг шүүх дүгнэх шаардлагагүй юм.

Зохигч нь 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсон. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Д.Н нь нэхэмжлэлд дурдагдаж байгаа н.Оюунбилэгээс авах ёстой 68,300,000 төгрөгийг одоогоор аваагүй байгаа. Мөн тухайн үед зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуульд заасан эрх үүргийн харилцаатай байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоно. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Н т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчид 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/03539 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, энэ шийдвэрээр зохигчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /хх ......./.

3.1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02595 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1637 дугаар магадлалаар Б.О ээс 67,300,000 төгрөг гаргуулж Д.Н т олгохоор шийдвэрлэсэн байна /хх 73-79/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

3.2. Б.Д нь гэрлэлтийн харилцаатай байх хугацаандаа Д.Н рүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Д.Н нь Б.О рүү орон сууц худалдан авахаар шилжүүлсэн боловч хүчин төгөлдөр бус байх гэрээ байгуулсан үндэслэлээр Д.Н нь Б.О рүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө дээрх шүүхийн шийдвэрээр буцааж гаргуулан авахаар болжээ.

3.3. Иймд зохигчийн гэрлэлтийн харилцаатай байх хугацаанд хамаарах мөнгөн хөрөнгөтэй холбоотой асуудалд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байна.

Учир нь гэрлэгчдийн хамтын амьдралтай байх хугацааны хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хуваарьт хөрөнгө гэж дүгнэн маргааныг шийдвэрлэхгүй.

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Т.БАДРАХ