Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2019/00034

 

Х.Р-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэртэй, Х.Р-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэврийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн зөрүү 2.532.408.00 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулах, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1.627.758.00 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас тус тус гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний бие Боловсролын салбарт 28 жил ажилласан учраас Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасны дагуу үндсэн цалингаар тооцож ажилласан жилдээ тэнцэх нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгох ёстой байсан. Өөрөөр хэлбэл миний үндсэн цалин хөлс болох 542.586 төгрөг х 28 = 15.192.408 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авах ёстой байтал 12.660.000 төгрөг өгсөн. 2.532.408 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүйгээр хохироож байна. Мөн тус сургуулийн захирлын зүгээс намайг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 70 дугаар тушаал гаргаж 3 сарын цалин хөлсний тэтгэмжийг олгохоор болсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд тэтгэврийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн зөрүү болох 2.532.408 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулиудаас, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1.627.758 төгрөгийг Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас тус тус гаргуулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн тайлбарт: “X.Р нь тогоочоор ажиллаж байсан ба Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтад заасны дагуу ТҮ-3 зэрэглэл ба Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу ТҮ-З-ын 5 дугаар шатлал нь 452.155 төгрөгтэй тэнцэх үндсэн цалинтай болно. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 5-д “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана” гэсний дагуу нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсэж тухайн салбарт 28 жил ажилласныг үндэслэн 28 сарын үндсэн цалинтай тэнцэх /452.155 х 28 сар = 12.660.340 төгрөг/ хэмжээний тэтгэмж авсан байна. Иймд Баяннуур сумын бүрэн дунд сургуулиас 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан X.Р тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу 28 сарын тэтгэврийн тэтгэмж ажиллаж буй байгууллагаар нь дамжуулж бүрэн авсан болно.” гэжээ.

 

Хариуцагч Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тайлбарт: “Нэхэмжлэгч Х.Р-ыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 61 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж өндөр насны тэтгэвэрт гаргасан. Тухайн үед Х.Р Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралт ёсоор ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тогооч албан тушаалын ангилал зэрэглэлээр мөн Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт ТҮ-3 ба 5 дугаар шатлалаар 452.155 /дөрвөн зуун тавин хоёр мянган нэг зуун тавин таван/ төгрөгөөр цалинжиж байсан. Нэхэмжлэгч Х.Р 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарахад Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь заалтын дагуу Х.Р-д ажилласан жилээр тооцож Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт ёсоор үндсэн цалин болох 452.155x28=12.660.000 төгрөгийг олгосон. Боловсролын тухай хуулийн 43.5-т заасны дагуу тогооч Х.Р нь бусад хууль тогтоомжийн дагуу авч байсан нэмэгдэл цалин хөлс болох зэрэг дэв, ур чадварын нэмэгдэл хөлс нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоход мөнгөн тэтгэмжид тооцож олгохгүй. Тухайн үед Х.Р нь ТҮ-3 үндсэн цалин 452.155 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 45.216 төгрөг, ур чадварын нэмэгдэл 45.216 төгрөг, нийт 542.587 /таван зуун дөчин хоёр мянган таван зуун наян долоо/ мянган төгрөгөөр цалинжиж байсан ба үндсэн цалин болох 452.155 төгрөгөөр тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгосон болно. Харин нэг жилийн дараа Х.Р-ы өргөдлийн дагуу сургуулийн захирал А.Е 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор сургуулийн санхүүд зөвшөөрсөн боловч уг тушаал нь хуулийн үндэслэлгүй учир сургуулийн санхүүгээс нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу татгалзаж олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу ажлаас халагдсан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т зааснаар нэг сар түүнээс дээш хугацааны тэтгэмж олгох хуулийн заалт байна. Иймд нэхэмжлэгч Х.Р нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу ажлаас халагдсаны тэтгэмж авах 37.1.6, 40.1.1, 40.1.3-т заасан үндэслэлүүдийн шаардлагын аль нэгийг хангахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 40.1.3 заалтын шаардлагыг хангахгүй 60 нас хүрээгүй болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 43 дугаар зүйлийн 43.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг тус тус баримтлан Х.Р-ны Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс болон Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас тэтгэврийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн зөрүү болох 2532408 төгрөг, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1627758 төгрөг,бүгд 4160166 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатын шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Р нь боловсролын салбарт 28 жил ажилласан учраас Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасны дагуу түүнд үндсэн цалингаар тооцож ажилласан жилдээ тэнцэх нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгох ёстой байсан. Анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген нь Х.Р-ны үндсэн цалин 542.586.00 төгрөг болох нь тогтоогдоогүй, ТҮ-3-ын 5 дугаар шатлалаар цалинждаг болох нь тогтоогдсон гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Х.Р нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг ба түүний сардаа авах үндсэн цалин нь 542.586.00 төгрөг болох нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн шимтгэл төлөлтийн тэмдэглэл болон нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар тус тус тогтоогдож байгаа. Хариуцагчаас Х.Р-ыг ТҮ-3-ын 5 дугаар шатлалаар цалинждаг гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримтаараа нотолж чадаагүй байсан. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан буруу дүгнэлт хийсэн. Сургуулийн захирлын зүгээс Х.Р-ны өргөдлийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 70 дугаар тушаал гаргаж 3 сарын цалин хөлсний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа боловч хариуцагч байгууллага эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс "Х.Р-ыг 2 удаа тэтгэмж авах эрхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн. 3 сарын тэтгэмж бол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгогдож байгаа тэтгэмж. Нэг нь тэтгэмж бол нөгөө нь тусламж байна. Тус тусдаа хууль, эрхийн актын үндсэн дээр олгогдох мөнгө юм. Нөгөө талаар тэтгэмж олгож буй тушаалд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Х.Р нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургууль, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4.-т заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн зөрүү 2.532.408.00 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажлаас халагдсаны тэтгэмж 1.627.758.00 төгрөг, нийт 4.160.166.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь Боловсролын тухай хуульд зааснаар олгогдох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ түүний ажиллаж байх үеийн үндсэн цалингийнхаа хэмжээг “542.586.00 төгрөг” гэж тооцсон бол хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь “452.155.00 төгрөг” гэж, хариуцагч Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургууль нь “үндсэн цалингийн хэмжээ нь 452.155.00 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 45.216.00 төгрөг, ур чадварын нэмэгдэл 45.216.00 төгрөг” гэж тус тус зөрүүтэй тайлбарласан байна.

 

            Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг гаргаж өгч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг шаардлагынхаа үндэслэл болгож байгаа боловч тус дэвтэр болон тодорхойлолтод бичигдсэн ажилтны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4.-т заасан “ажилтны үндсэн цалин”-г бодитой тогтоохгүй юм. Учир нь уг дэвтэр болон тодорхойлолтод Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөгддөг тул уг үнийн дүн бичигддэг байна.

            Хэрэгт Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн ажилчдын 7 дугаар сарын  /хэдэн оных эсэх нь тодорхойгүй/ ээлжийн амралтын олговрын талаарх санхүүгийн баримтын хуулбар авагдсан, уг баримтад нэхэмжлэгч Х.Р-д 668.342.00 төгрөгийн цалин бодогдсон талаар тусгагдсан боловч ажилтны ээлжийн амралтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар тооцдог учраас уг баримтад тусгагдсан нэхэмжлэгчийн цалинг түүний үндсэн цалин гэж үзэх үндэслэлгүй.

 

            Иймээс маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдал болох нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан үндсэн цалингийн хэмжээ баримтаар бүрэн, хангалттай тогтоогдоогүй, энэ талаар зохигч зөрүүтэй тайлбарласан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон  хариуцагчийн татгалзлын үндэслэлийг тус тус тодруулаагүй атлаа нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж тус тус үзэн “нэхэмжлэгчийн үндсэн цалин нь 452.155.00 төгрөг болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна” гэж дүгнэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээ буюу Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4.-т заасан зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь ажил олгогчийн санхүүгийн анхан шатны баримт бичгүүдээр тогтоогдоогүй байхад мөн заалтыг буруу хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагчийн тайлбарыг анхан шатны шүүх хуульд зааснаар үнэлээгүй” гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлэх тул гомдолд дурдсан бусад асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК