Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00374

 

Х.Ры нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2019/00034 дүгээр магадлалтай,

Х.Ры нэхэмжлэлтэй,

За, Е-д тус тус холбогдох,

За, Заиас тэтгэврийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 2 532 408 төгрөгийг гаргуулах, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 627 758 төгрөгийг Заиас тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Засийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Айгүлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний бие Боловсролын салбарт 28 жил ажилласан учраас Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасны дагуу үндсэн цалингаар тооцож ажилласан жилдээ тэнцэх нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгох ёстой байсан. Өөрөөр хэлбэл миний үндсэн цалин хөлс болох 542 586 төгрөг х 28 = 15 192 408 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авах ёстой байтал 12 660 000 төгрөг өгсөн. 2 532 408 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүйгээр хохироож байна.

Мөн тус сургуулийн захирлын зүгээс намайг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 70 дугаар тушаал гаргаж 3 сарын цалин хөлсний тэтгэмжийг олгохоор болсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Иймд тэтгэврийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн зөрүү болох 2 532 408 төгрөгийг Заэс болон Заиудаас, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1 627 758 төгрөгийг Заиас тус тус гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Засийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Айгүл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Р нь тогоочоор ажиллаж байсан ба Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтад Заийн дотуур байрны болон цэцэрлэг, яслийн тогооч нарын цалин ТҮ-3 гэх шатлалаар тооцогдохоор заасан. ТҮ-3-5-ын цалингийн сүлжээний шалтал нь 452155 төгрөг байгаа. ТҮ-3-ийн дээд талын шатлал нь 5 байгаа. Үүнийг үндэслээд Х.Ры улсад ажилласан 28 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. 542 586 төгрөгийн цалин нь цалингийн сүлжээнд байхгүй.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Төрийн болон орон нутгийн өмчийн Заь, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэх заалтыг үндэслээд нэхэмжлэгчид тэтгэмж олгосон.

Нэхэмжлэгч нь үндсэн цалин гэх ойлголтыг бодогдсон цалинг ойлгож байгаа юм байна. Албан тушаалын үндсэн цалингаар өндөр насны тэтгэврийн тэтгэмж олгодог. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2 шаардлага нь давхцаж байна. Боловсролын салбарт 25 ба түүнээс дээш жил ажилласан бол Боловсролын тухай хуулийн дагуу, 25 жил хүрэхгүй байвал Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тэтгэмж авна. Хөдөлмөрийн тухай хуульд 1 сар ба түүнээс дээш тэтгэмж авна гэж заасан. Боловсролын салбарт ажиллаж байгаа ажилчдад дээрх 2 хуулийн заалтын дагуу тэтгэмж олгодог.

Х.Р нь Боловсролын тухай хуулиар тэтгэмж авах болзол хангасан тул түүний үндсэн цалин болох 452 155 төгрөгийг 28 сараар үржүүлэхэд 12 660 340 төгрөг гарч байгаа. Х.Р нь 12 660 340 төгрөгийн тэтгэмжийг авсан. Тэтгэмж олгохдоо үндсэн цалингаар тооцох тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Еийн захирал А.Есен шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Р нь тус сургуулийн дотуур байранд тогоочоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтийн дагуу өндөр насны тэтгэвэрт 2017 оны 12 дугаар сард гарсан. Тухайн үед Х.Р Засгийн газрын 2007 оны 354 дугаар тогтоолын 7 дүгээр хавсралт ёсоор Заийн дотуур байрны тогооч албан тушаалын ангилал зэрэглэлээр мөн Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт ТҮ-3 ба 5 дугаар шатлалаар 452 000 төгрөгөөр цалинжиж байсан. Нэхэмжлэгч Х.Р 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарахад боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 заалтын дагуу Х.Рд ажилласан жилээр тооцож Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт ёсоор үндсэн цалин болох 452 155x28=12 660 000 төгрөгийг олгосон болно. Боловсролын тухай хуулийн 43.5 заалтын дагуу тогооч Х.Р нь бусад хууль тогтоомжийн дагуу авч байсан нэмэгдэл цалин хөлс болох зэрэг дэв, ур чадварын нэмэгдэл хөлсийг нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоход тооцож олгохгүй болно.

Тухайн үед Х.Р нь: ТҮ-3 үндсэн цалин 452 155 төгрөг, Зэрэг дэвийн нэмэгдэл 45 216 төгрөг, Ур чадварын нэмэгдэл 45 216 төгрөг, бүгд 542 587 мянган төгрөгөөр цалинжиж байсан ба үндсэн цалин болох 452 155 мянган төгрөгөөр тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгосон болно. Хуулийн дагуу тэтгэмж олгоход нэмэгдэл цалин тооцохгүй.

Нэхэмжлэгч Х.Р тус сургуулийн дотуур байранд тогоочоор ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №61 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж өндөр насны тэтгэвэрт гаргасан. Харин нэг жилийн дараа Х.Ры өргөдлийн дагуу сургуулийн захирал А.Есен 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн №70 дугаар тушаалаар Х.Рд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор сургуулийн санхүүд зөвшөөрсөн боловч уг тушаал нь хуулийн үндэслэлгүй учир сургуулийн санхүүгээс нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу татгалзаж олгоогүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 заалтын дагуу ажлаас халагдсан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3 заалтын дагуу нэг сар түүнээс дээш хугацааны тэтгэмж олгох хуулийн заалт байна. Иймд нэхэмжлэгч Х.Р нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу ажлаас халагдсаны тэтгэмж авах 37.1.6, 40.1.1, 40.1.3-т заасан үндэслэлүүдийн шаардлагын аль нэгийг хангахгүй байгаа тул тэтгэмж олгох хуулийн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Х.Р нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 40.1.3 заалтын шаардлагыг хангахгүй 60 нас хүрээгүй болно гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 43 дугаар зүйлийн 43.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг тус тус баримтлан Х.Ры Заэс болон Заиас тэтгэврийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн зөрүү болох 2532408 төгрөг, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1627758 төгрөг,бүгд 4160166 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Ры энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2019/00034 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Засийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Айгүл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэрт нэхэмжлэгч Ботахара нура овогт Хаманы Раушан давж заалдах гомдол гаргаж, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр болж, 212/МА2019/00034 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хаманы Раушан нэхэмжлэлтэй иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгчийн үндсэн цалин нь 452.155 төгрөг болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна” гэж дүгнэснийг зөв гэж үзэж байна. Учир нь МУ Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт, 2014 оны 03 дугаар сары 07-ны өдрийн 75 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу Х.Р нь 452.155 төгрөгийн үндсэн цалингаар тэтгэврийн тэтгэмж бодогдох ёстой.

Иймд тус ЗГ-ын тогтоолоор батлагдсан 2007 оны 354 дугаар тогтоол, 2014 оны 75-р тогтоолыг давж заалдах шатны шүүх хэрэглэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 212/МА2019/00034 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Айгүл миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэргийн утга нь: Нэхэмжлэгч Х.Р тэтгэврийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн зөрүү 2.532.408 төгрөгийг Заэс болон Еиас гаргуулах, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1.627.758 төгрөгийг Еиас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр болж, 212/МА2019/00034 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хаманы Раушаны нэхэмжлэлтэй иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснээр Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндсэн цалин дээр нэмээд нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэврийн тэтгэмж олгогдохоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан ба нэхэмжлэгч Х.Р нь тогоочоор ажиллаж байсан ба Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтад заасны дагуу ТҮ-3 зэрэглэл ба Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу ТҮ-З-ын 5 дугаар шатлал нь 452.155 төгрөгтэй тэнцэх үндсэн цалинтай тул зөвхөн үндсэн цалингаар тооцож тэтгэврийн тэтгэмж бодогдсон болно. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Төрийн болон орон нутгийн өмчийн Заь, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэсэн заалтын дагуу нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсч тухайн салбарт 28 жил ажилласныг үндэслэн 28 сарын үндсэн цалинтай тэнцэх /452 155 х 28 сар = 12 660 340 төгрөг/ хэмжээний тэтгэмж авсан байна.

Баяннуур сумын бүрэн дунд сургуулиас 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан X.Раушан тухайн үед нь мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу 28 сарын тэтгэврийн тэтгэмж ажиллаж буй байгууллагаар нь дамжуулж бүрэн авсан тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна .

Иймд иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2019/00034 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагч Баян-Өлгий аймгийн За тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Р нь За, Заиас тэтгэврийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 2 532 408 төгрөгийг гаргуулах, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 627 758 төгрөгийг Заиас тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээ ...ажил олгогчийн санхүүгийн анхан шатны баримт бичгүүдээр тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн...” гэх үндэслэл заажээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээг түүний ажиллаж байсан албан тушаалын зэрэглэлээс хамааруулан Засгийн газрын тогтоолоор тогтоосон хэмжээгээр тооцох тул “...нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээг ажил олгогчийн санхүүгийн анхан шатны баримтаар тогтоолгох...”-оор шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцсэнгүй.

Тухайлбал: Төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №354 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал зэрэглэлийг 7 дугаар хавсралтаар баталж, мөрдүүлэхээр зааж, 7 дугаар хавсралтын 12-ын 2-т “Заийн дотуур байрны болон цэцэрлэг, яслийн тогооч ТҮ-3 дугаар зэрэглэлд хамаарахаар, 2014 оны 75 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу ТҮ-3 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалын цалинг 452 155  төгрөгөөр тогтоосон байна.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.-д  төрийн болон орон нутгийн өмчийн Заь, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг ... олгоно гэж, 3.1.15.-д боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, ...үйлчилгээний бусад ажилтан хамаарна гэж тус тус зохицуулжээ.

Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын 21 дэх заалтаар Боловсролын тухай хуулийн ...43.5.-д... заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтооно... гэж, журмын 3-т ...тэтгэвэр тогтоолгосон ...албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Р нь Еьд тогоочоор ажиллаж байсан, түүний үндсэн цалин ТҮ-3 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалд хамаарах тул сарын үндсэн цалин 452 155 төгрөг байна.

Тэрээр төрийн албанд 28 жил ажилласан тул 452 155 х 28/жил/= 12 660 340 төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй байх ба Х.Рыг тэтгэвэрт гарахад нь ажил олгогчоос дээрх үнийн дүн бүхий буцалтгүй тусламжийг олгосон тул зөрүү төлбөрт 2 532 408 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт холбогдох хууль, Засгийн газрын тогтоолд нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж, 42.3.-т төсвийн байгууллагаас энэ хуулийн 42.1-д заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална гэжээ.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засгийн газрын баталсан тогтоолын дагуу авсан, ажил олгогч ажилтанд дахин тэтгэмж олгох үүрэг хүлээгээгүй тул хэдийгээр ажилтны хүсэлтийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №70 тушаал гаргаж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн боловч хуульд нийцээгүй үндэслэлээр олгохоос татгалзсныг албадан гүйцэтгүүлэх боломжгүй тул тус тушаалыг үндэслэн нэхэмжилсэн 1 627 758 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй бөгөөд талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагч Баян-Өлгий аймгийн За тамгын газрын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2019/00034 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Засийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Айгүлийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Заэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД