Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2023/04104

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 19

181/ШШ2023/04104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........ тоотод байрлах, РРСӨХ /Бүртгэлийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ байранд байрлах М ГХОХХК /Регистрийн дугаар:.....-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 157.130.505 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч РРСӨХ /цаашид СӨХ гэх/ нь М ГХОХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 157.130.505 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай Реженси Ресиденси СӨХ нь 2011 онд байгуулагдан, Олимп 16 дугаар байрны оршин суугчдын дундын хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Манай сууц өмчлөгчдийн холбооны удирдах зевлөл, бүх гишүүдийн 2011 оны хурлын шийдвэрээр айл өрх бүрээс сар бүр 125.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 01 дугаартай тогтоолоор сард 130.000 төгрөг болгон дундын өмчлөлийн ашиглалтын засвар үйлчилгээний зардалд тооцон СӨХ-д төлж байхаар шийдвэрлэсэн.

Тус 16 дугаар байр болох 15 давхар барилгыг 2011 онд анх хариуцагч М ХХК өөрөө барьж ашиглалтад оруулснаас 20 айлын орон сууц, 20 ширхэг авто зогсоолыг тус тус өөрсдөө өмчилдөг. Уг орон сууц авто зогсоолуудаа гадаадын болон дотоодын иргэдэд түрээслүүлдэг. 2011 оноос хойш СӨХ-ны төлбөрөө дутуу төлж байсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга гишүүд, М ГХОХХК-ийн удирдлагуудтай уулзан СӨХ-д төлөх өр авлагыг барагдуулах талаар хэлэлцэж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2.500.000 төгрөгийг сар бүрийн 15-ны дотор төлж байхаар тохиролцсон. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157.130.505 төгрөгийг төлөх дутуу байгааг тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2 талын нягтлан бодогч нар тохиролцож хийсэн. Гэвч М ГХОХХК-д удаа дараа мэдэгдэн шаардаж байсан боловч одоо болтол төлөөгүйгээс СӨХ болон бүх оршин суугчдын эрх ашгийг хохироож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.6-д заасны дагуу дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул 157.130.505 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч тооцоо нийлсэн актыг үндэслэж шаардсан. Уг барилгыг манайх анх барьсан, 20 ширхэг орон сууц, автозогсоолыг өмчилдөг гэдэгт маргахгүй. Тооцоо нийлсэн акт дах гарын үсэгт маргахгүй. Харин дээрх тооцоо нийлсэн акт юуны төлбөр гэдэг нь тодорхойгүй тул зөвхөн СӨХ-ийн төлбөр мөн гэж үзэх боломжгүй. Мөн тухайн сар бүрийн тооцоог хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй байна. Талуудын хооронд СӨХ-ийн төлбөрөөс гадна дэд станцын асуудал байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гурав.Нэхэмжлэгчээс баримтаар: СӨХ-ийн гэрчилгээ, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Холбооны дүрэм, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот удирдах зөвлөлийн гишүүд компанийн төлөөлөлтэй хийсэн хурлын тэмдэглэл, Тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот хурлын тэмдэглэл, төлбөр тооцооны бүртгэл, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Гүйцэтгэх захирлыг шинээр томилсон Удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 28 тоот хурлын тогтоол, төлбөрийн хэмжээг тогтоосон Удирдах зөвлөлийн 2011 оны 02 тоот хурлын шийдвэр, айл өрхөөс авах үйлчилгээний хураамж, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот удирдах зөвлөл, бүх гишүүдийн хурлын тогтоол, 2022 оны СӨХ-ийн хураамжийн зардлын задаргаа, Монголиан пропертис ХХК-ийн менежменттэй 20 айлын бүртгэл, хураамжийн тооцоо, Хаан банкны депозитын хуулга хуулбараар, 2022 оны 10 дугаар сарын 20,14-ний өдрийн 07, 22/90 тоот өр авлага барагдуулах тухай хоёр талын хамтарсан шийдвэр, 2021 оны тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг ирүүлжээ. /хх 4-21, 45-46, 62, 63, 68/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх32, 60/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Реженси ресиденси СӨХ нь М ГХОХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 157.130.505 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ:Тус СӨХ-ийн харьяа 20 айл, 20 автомашины зогсоолыг хариуцагч өмчилдөг хэрнээ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэгчийн шаардаж байгаа дүн зөвхөн СӨХ-ийн зардал мөн эсэх тодорхойгүй, сар бүрийн тооцоолол тодорхойгүй гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороонд байрлах 16 дугаар байрыг нэхэмжлэгч Реженси ресиденси СӨХ харьяалан үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан 18/086 тоот гэрчилгээ, Холбооны дүрмээр тогтоогдсон, үүнд маргаагүй. /хх 4-7/

4.2.Хариуцагч М ГХОХХК нь тус 16 дугаар байрыг 2011 онд анх барьж ашиглалтад оруулсан, уг байрны нийт 20 ширхэг орон сууц, 20 ширхэг авто зогсоолыг өмчилдөг /хэргийн 21 талын жагсаалт дах/ үйл баримтад хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

4.3.Тус СӨХ-ийн 2011 оны бүх гишүүдийн хурлын 02 тоот шийдвэрээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд нэг айлаас авах төлбөрийн хэмжээг сард 125.000 төгрөгөөр тогтоосон, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолоор 2022 оноос хураамжийн хэмжээг нэмэгдүүлж, нэг айл өрхөөс сард 130.000 төгрөг, гараж зогсоолтой айлд цэвэрлэгээний хөлсөд 10.000 төгрөг, нохойтой айлаас 2.500 төгрөг нэмж авахаар зардлын хэмжээг тогтоожээ. Энэ үйл баримтад хариуцагч маргаагүй. /хх 17-20/

4.4.Реженси ресиденси СӨХ болон М ГХОХХК-ийн нягтлан бодогч нар тооцоо нийлж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 157.130.505 төгрөгийн өртэй байгааг тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар үйлджээ. /хх 15/ Уг баримтад хоёр талын хариуцсан нягтлан бодогч гарын үсэг зурж, байгууллагын тамгаар баталгаажуулсан, тухайн баримт дах гарын үсэг болоод эрхтэй эсэхэд хариуцагч мөн маргаагүй.

5.Харин талуудын хооронд СӨХ-ийн төлбөрөөс гадна газар, ЦТП-гийн асуудал байгаа тул тухайн актад зөвхөн СӨХ-ийн төлбөр буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардал багтсан эсэх тодорхойгүй, нэхэмжлэгч нотлоогүй гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ... төлөх үүргийг хүлээхээр, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээхээр, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3.-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүргийг сууц өмчлөгч хүлээхээр тус тус зохицуулжээ.

5.1.Хэргийн баримтаар авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаанд МП ХХК нь 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 141.381.308 төгрөгийн өртэй, 2020, 2021, 2022 оны 12 дугаар сарын байдлаар 15.749.197 төгрөгийн дутуу төлөлттэй, 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт өр 157.130.5050 төгрөг гэж тусгагджээ.

Өөрөөр хэлбэл 2020-2022 оны төлөгдөөгүй үлдэгдэл өр 15.749.197 төгрөг байгаа, харин бусад өр 2019 оноос өмнөх хугацааны өр төлбөр болох нь дээрх баримтаар тогтоогдож байна. Уг баримтад газар болон дэд станцын асуудал мөнгөн дүнгээр илэрхийлэгдэн тусгагдсан гэх байдал тухайн баримт дах бичиглэлээр тогтоогдоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

5.2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан тул нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сараас өмнөх хугацааны төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Гэвч хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дээрх тооцоо нийлсэн акт үйлдснээр өмнөх өр төлбөрийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байх тул тэрээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар М ГХОХХК-иас 157.130.505 /нэг зуун тавин долоон сая нэг зуун гучин мянга таван зуун таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч РРСӨХнд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 943.603 төгрөг хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 943.603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ