Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00528

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00528

 

 

Р СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/04104 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Р СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Дундын өмчлөлтийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 157,130,505 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Тус СӨХ-ны хариуцдаг 16 дугаар байрыг 2011 онд анх хариуцагч М ХХК барьж ашиглалтад оруулснаас 20 айлын орон сууц, 20 ширхэг авто зогсоолыг тус тус өмчилдөг. 2011 оноос хойш СӨХ-ны төлбөрөө дутуу төлж байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга гишүүд, М ГХОХХК-ийн удирдлагуудтай уулзан СӨХ-д төлөх өр авлагыг барагдуулах талаар хэлэлцэж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2,500,000 төгрөгийг сар бүрийн 15-ны дотор төлж байхаар тохиролцсон.

2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157,130,505 төгрөгийг төлөх дутуу байгааг тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2 талын нягтлан бодогч нар баталгаажуулсан. Гэвч удаа дараа мэдэгдэн шаардаж байсан боловч хариуцагч нь төлбөрийг одоо болтол төлөөгүйгээс СӨХ болон бүх оршин суугчдын эрх ашгийг хохироож байна.

Иймд хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.6-д заасны дагуу дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул 157,130,505 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг барилгыг манайх анх барьсан, 20 ширхэг орон сууц, авто зогсоолыг өмчилдөг гэдэгт маргахгүй. Тооцоо нийлсэн акт дах гарын үсэгт маргахгүй. Харин дээрх тооцоо нийлсэн акт юуны төлбөр гэдэг нь тодорхойгүй тул зөвхөн СӨХ-ны төлбөр гэж үзэх боломжгүй. Мөн тухайн сар бүрийн тооцоог хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй байна. Талуудын хооронд СӨХ-ны төлбөрөөс гадна дэд станцын асуудал байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар М ГХОХХК-иас 157,130,505 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р сууц өмчлөгчдийн холбоонд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 943.603 төгрөг хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 943.603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Ж.Э нь М ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулан өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүслэлтийг эмнэлгийн магадлагааны хамт хүргүүлсэн боловч шүүх хүсэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийн оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Мөн хэргийг ийнхүү журам зөрчиж шийдвэрлэснээр хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрх нь зөрчигдөөд байна.

4.2. Хариуцагчийн зүгээс тооцооны үлдэгдлийн баталгааны гарын үсэг болон тамга дээр маргаагүй боловч энэхүү тооцоо нийлсэн актад "Монголиан пропертис" ХХК нь "Р " ХХК-д юуны төлбөрт тооцож, мөнгөн төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй талаар тодорхой тусгаагүй тул тухайн төлбөрийг СӨХ-ны төлбөр гэж тооцож нэхэмжлэгч талд төлөх үүрэг хүлээгээгүй, энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа нь энэ хэргийн маргааны үйл баримтад хамааралтай гэж шууд үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл дээрх тооцоо нийлсэн акт гэх баримтаас харахад "М ХХК-ийн 2019 оноос өмнөх үлдэгдэл 142,566,122 төгрөг гэх боловч хэдэн оны, хэдэн сарын, хэдэн айлын СӨХ-ны төлбөр гэдэг талаар тодорхой биш, мөн 2019 оноос хойшхи төлбөр тооцоо ч задаргаа байхгүй нэгдсэн дүнгээр бичигдсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн зүгээс энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад заасан мөнгөн дүн болон задаргааг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа болно.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Энэ нэхэмжилж буй мөнгө бол зөвхөн дундын өмчлөлтийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал юм. Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараалан хойшилж байсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Р СӨХ нь М ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 157,130,505 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн Сүхбаатар дүүргийн засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрыг хамаарах Р СӨХ-г бүртгэж гэрчилгээ олгосон, тус байранд хариуцагч М ХХК нь 20 ширхэг орон сууц, 20 ширхэг авто зогсоол өмчилдөг гэх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

  3.1. Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар М ХХК нь Р СӨХ-д 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 141,381,308 төгрөгийн өртэй, 2020, 2021, 2022 оны 12 дугаар сарын байдлаар 15,749,197 төгрөгийн дутуу төлөлттэй буюу нийтдээ 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 157,130,505 төгрөг төлөх үүрэгтэй болохыг баталгаажуулсан байна /хх 15/.

Энэхүү баримтад талуудын хооронд үүссэн төлбөрийн хэмжээ, хамрах хугацааг тодорхой тусгасан байна.

Анхан шатны шүүх уг баримтаар талууд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлаас төлөгдөөгүй төлбөрийг баталгаажуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

3.2. Хариуцагчийн зүгээс зохигчийн хооронд дэд станцын талаар маргаантай асуудал байгаа бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаагаар зөвхөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын төлбөрийг баталгаажуулсан гэж үзэх боломжгүй гэж маргасан боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.3. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 157,130,505 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж заасантай нийцсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан эмнэлгийн магадлагааны хамт ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

4.1. Шүүх 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гардуулж, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлаж өгчээ.

Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтээр, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтээр тус тус хойшлуулжээ.

Ийнхүү шүүхийн зүгээс хариуцагч талын өмгөөлүүлэх эрхийг удаа дараа хангаж байсан нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дахин өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байгааг буруутгах үндэслэлгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/04104 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 943,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Т.БАДРАХ