Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/00034

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/00034

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж. тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар.

Нэхэмжлэгч: .............. тоотод бүртгэлтэй ч, .....................тоотод оршин суух, С овогт Ч /РД:...../,

Нэхэмжлэгч: ................тоотод бүртгэлтэй ч, ..................... оршин суух, Боржигон овогт Б.А /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГ холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц гэрч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов. Нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдгээрийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Ч, Б.А нар НШШГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжпэгч миний бие С.Чинбат Хас банк ХХК-тай зээлийн гэрээний дагуу 124.059.868 төгрөгийн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд Хас банк ХХК тухайн зээлийг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлд хамтран зээлдэгч болох миний эхнэр Б.Ариунгэрэлийг мөн хариуцагчаар оролцуулсан. Бидний хувьд зээл, зээлийн хүүг төлөхөө илэрхийлж тухайн хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн билээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00658 дугаар шүүгчийн захирамжаар С.Ч, Б.А нараас 124.059.868 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Бидний дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын Ү-2203013816 дугаартай бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байрны 17 тоот хаягт байрлах, 112.79 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж шинжээч томилох тухай тогтоол үйлдэж шинжээчээр С.Мөнхжаргалыг томилж, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК үнэлгээ тогтоож 505.075.650 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна гэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4-151/9153 төлбөр төлөгч бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь дээрх үнэлгээ зах зээлийн бодит ханшаар гаргаагүй гэж үзэхээр байна.

Шинжээчийн дүгнэлтээс харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д зааснаар Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэсэн заалтыг хангасан буюу хөрөнгө үнэлгээний тайланд ямар баримт, мэдээлэл үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар мэдээлэл олж авсан эсэх нь нотлогдоогүй байна.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг тусгасан байх шаардлагад нийцэхгүй буюу зах зээлийн мэдээлэл цуглуулан үнэлгээ хийсэн гэж тэмдэглэсэн боловч хаанаас ямар арга замаар үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулсан эсэх нь тодорхойгүй, үүнийг заавал нотлох ёстой байсан ч нотлоогүй байна.

-Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д зааснаар шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тус орон сууцны хамгийн том давуу талыг нь орхигдуулан үнэлсэн. Тодруулбал тус орон сууц нь хотын төвийн А бүсэд байрлах, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвд ойр, бүх цонх нь наран талдаа, төв зам дагуу биш учир дуу чимээгүй бага зэрэг олон давуу талтай.

Эдгээр давуу талыг тайланд тусгаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх мөн хуулийн 8.3.10 хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал зэрэг зохицуулалтад нийцэхгүй байна.

Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 Мэргэжлийн байгууллагын хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн зүйлийн шинж байдал, онцлогт үндэслээгүй, мөн хуулийн 35.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ үндэслэлгүй, бодитой бус, тодорхой бус байх тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Бидний хөрөнгийг үнэгүйдүүлж бодит бус зах зээлийн ханшаас багаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчиж үндэслэлгүй үнэлгээ хийсэн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжпэлийг гаргаж байна.

Иймд С.Ч, Б.А бидний өмчлөлийн эрхийн улсын Ү-2203013816 дугаартай бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байрны 17 тоот хаягт байрлах, 112.79 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Бэсгэ ХХК-ний 23/0011 дугаарт үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 658 дугаар шүүгчийн захирамжаар С.Ч, Б.А нараас 124.059.868 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хэрэв хариуцагч нар дээрх төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд С.Ч, Б.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байрны 17 тоот хаягт байрлах, 112.79 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГ зөвшөөрсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийн үүргээ нэг мөр биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22280690/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22280690/151-03 тоот тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл гардуулахад төлбөр төлөгч 700.000.000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч Бэсгэ ХХКомпанийн С.Мөнхжаргалыг томилж үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ болох 505.075.650 төгрөгөөр үнэлсэн.

Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн талуудад мэдэгдэж, төлбөр авагч талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан эрхийг танилцуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхгүйгээр өнөөдрийг хүрч, ажиллагаанд саад учруулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-иас шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар: С.Ч, Б.А нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4-151/9153 тоот үнэлгээний мэдэгдэл, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан хуулбараар ирүүлжээ. /хх 4-22/

Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/09693 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00658 дугаартай шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1337 дугаартай тоот, 000701938 дугаартай улсын бүртгэлийн жд хөрөнгийн өмчлэх эрхийн гэрчилгээ, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 26-ны шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэл, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-151/7822 дугаартай үнийн санал хүргүүлэх тухай тоот, Үнийн санал хүргүүлэх тухай Б.Ариунгэрэл, С.Чинбат гараар бичсэн санал, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4-151/9153 дугаартай мэдэгдэл, 2023 оны 5 дугаар сарын 09-ний Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах талаар тодруулсан баримт, Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт зэргийг ирүүлжээ. /хх 36, 45-78, 86-109/

Гуравдагч этгээдээс: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 38-41/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч С.Ч, Б.А нар НШШГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шаардах эрхийн үндэслэлээ: Хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшаас илтэд доогуур үнэлсэн гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хэт багаар талаар нэхэмжлэгч нотлоогүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариу тайлбар ирүүлээгүй.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00658 дугаар шүүгчийн захирамжаар С.Ч, Б.А нараас 124.059.868 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгох, хэрэв төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013816 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байр 17 тоотод байрлах, 112.79 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжэ э. /хх 50-52/

3.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, улмаар барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013816 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22280690/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22280690-151/03 тоот тогтоолоор хурааж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажууулжээ. /хх 46-63/

3.3.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч С.Ариунгэрэл С.Чинбат нараас 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус бүр 700.000.000 төгрөгөөр үнийн санал өгснийг, төлбөр авагч Хас банк ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр тус газар 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5/165 тогтоолоор Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилжээ. /хх 64-74/

Нэхэмжлэгч энэ хүртэлх ажиллагаанд гомдол гаргаагүйгээс гадна хариуцагчийн явуулсан дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй, нийцсэн байна.

4.Шинжээч Бэсгэ ХХК-иас хөрөнгийг 505.075.650 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч С.Ч, Б.А нарт болоод төлбөр авагч Хас банк ХХК-д тус тус 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. /хх 6, 75-78/

5.Нэхэмжлэгч үндэслэлээ: хөрөнгийг үнэлэхдээ хаанаас ямар арга замаар зах зээлийн мэдээллийг цуглуулж харьцуулсан нь тодорхойгүй, хамгийн том давуу тал болох хотын төвийн А бүсэд байршдагийг харгалзаагүй, зах зээлийн ханшаас багаар үнэлсэн гэжээ.

Шинжээч маргааны зүйл болох хөрөнгөд үнэлгээ хийхдээ зах зээлийн, өртгийн хандлагын аргыг хэрэглэснээс зах зээлийн хандлагын аргыг сонгож эрхийн улсын бүртгэлийн Ү-220313816 дугаартай хөрөнгийг 505.075.650 төгрөгөөр үнэлсэн, ийнхүү үнэлэхдээ зах зээлд худалдан борлуулахаар нийтэд зарласан /remax.mn, unegui.mn/ байршил, хэмжээ ойролцоо гурван хөрөнгөтэй харьцуулсан талаар үнэлгээний тайландаа хүснэгтээр харуулсан, харьцуулсан хөрөнгийн холбогдох зар мэдээллийг тайлангийн хавсралтаар хавсаргажээ. Иймд үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шинжээч ямар журам, аргачлалын дагуу дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Мөн үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага талаарх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

6.Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх тэдгээрийн эзгүйд шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013816 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байр 17 тоотод байрлах, 112.79 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 505.075.650 төгрөгөөр үнэлсэн Бэсгэ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Ч, Б.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ОДГЭРЭЛ