Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00471

 

 

 

 

 

    2024         03            11                                       210/МА2024/00471

 

С.Ч, Б.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/00034 дугаар шийдвэртэй,

 

С.Ч, Б.А нарын нэхэмжлэлтэй,

НШШГГт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцалтөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С.Ч би “ХБ” ХХК-д зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 124,059,868 төгрөгийн төлбөртэй байсан. “ХБ” ХХК зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд эхнэр Б.А бид зээл, зээлийн хүүг төлөхөө илэрхийлж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00658 дугаар захирамжаар “С.Ч, Б.А нараас 124,059,868 төгрөгийг гаргуулж “ХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын Ү-22********* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ************* талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилох тухай тогтоол үйлдэж, шинжээчээр С.Мөнхжаргалыг томилж, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК үнэлгээ тогтоож 505,075,650 төгрөгөөр хөрөнгийг үнэлсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4-151/9153 дугаар мэдэгдэлээр хүргүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит ханшаар гаргаагүй гэж үзэхээр байна.

 Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.9, 8.3.10-т заасантай нийцээгүй,  Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1,  35.2.3-т  заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

1.3. Бидний үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж бодит бус зах зээлийн ханшаас багаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 658 дугаар шүүгчийн захирамжаар С.Ч, Б.А нараас 124,059,868 төгрөгийг гаргуулж, “ХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үүсгэсэн,  үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22280690/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22280690/151-03 тоот тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны талууд үнээлгээний талаар тохиролцоогүй тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч “Бэсгэ” ХХК-ийн шинжээч С.Мөнхжаргалыг томилсон.  Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 505,075,650 төгрөгөөр үнэлсэн.

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь зааснаар үнэлгээг талуудад мэдэгдэж, төлбөр авагч талд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дахь хэсэгт заасан эрхийг танилцуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХБ” ХХК-иас шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ***************** талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 505,075,650 төгрөгөөр үнэлсэн “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Ч, Б.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  Шүүхийн шийдвэрийн бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдааны өдөр 10 минутын өмнө мэдэгдсэнээр шүүхийг хүндэтгэх үүднээс яаравчлан ирж шүүх хуралдаанд оролцсон.

Өмгөөлөгч өмнөх шүүх хуралдаанд хэргийн материал танилцах, мөн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд оролцож чадахгүй болохоо мэдэгдэж хүсэлтийг шүүхэд баримтын хамт хүргүүлсэн. Энэхүү шалтгаанаар өмнөх шүүх хуралдаан хойшилсон.

5.2. Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмнэлгийн магадлагаатай хугацаанд ажлаа хийгээгүй байсан учир хэргийн материалтай танилцах боломжгүй байсан болохоо илэрхийлж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг тус тус хамтад нь гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэж заасан шүүх хуралдааны бэлтгэл хангах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Мөн хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмаар адил тэгш хангаагүй энэ тухайгаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатын шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар: Төлбөр төлөгч тал удаа дараа шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хугацаа хожих зорилготой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Ч, Б.А нар хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00658 дугаар захирамжаар С.Ч, Б.А нар 124,059,868 төгрөгийг харилцан тохиролцсон хугацаанд “ХБ” ХХК-д төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ********************** үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үүсгэсэн, үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22280690/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22280690/151-03 тоот тогтоолоор хураасан талаар талууд маргаагүй.

5. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудыг харилцан тохиролцох ажиллагаа явуулахад тэдгээр нь тохироцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. 

6. Шинжээчийн тогтоосон үнэлгээ хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдлийн талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

7. НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Ч, Б.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж дүгнэнэ. 

 

8.  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.

8.1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2023/20536 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, нотлох баримт гаргах нэхэмжлэгч талын эрхийг хангажээ. 

8.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2023/21450 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Ч, түүний өмгөөлөгч Т.У нарын гаргасан хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

8.3.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эмнэлгийн байгууллагаас өмгөөлөгч Т.У олгосон эмнэлгийн магадлагааны хугацаа 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр дуусчээ.

Иймд өмгөөлөгч Т.У хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцах эрхээр шүүх хангасан байна.

8.4. Түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ” гэж заасны дагуу хүргүүлэхэд “хурлын товыг мэдэж байгаа” гэх үндэслэлээр мэдэгдэх хуудсыг гардан авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч тал нь өөрийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжтой.    

 

9. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/00034 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА