Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2019/00035

 

Т.Г-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00365 дугаар шийдвэртэй, Т.Г-ы нэхэмжлэлтэй, Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн орон тоог хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Т.Г би анх 2013 оны 10 дугаар сард 12 дугаар багийн зохион байгуулагчаар түр томилогдож, 2013 оны 12 дугаар сард тус сумын 13 дугаар багийн Засаг даргын туслахаар томилогдсон. Бүтэц, зохион байгуулалтаар багийн Засаг даргын туслахын албан тушаалыг баг хариуцсан нарийн бичгийн дарга гэж өөрчилснөөр 2015 оны 04 дүгээр сараас Өлгий сумын 3 дугаар багийг хариуцсан нарийн бичгийн даргаар бүр томилогдсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга улс төрийн зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаартай "Ажлаас чөлөөлүүлэх тухай" тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөн. Би тухайн үед намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч Өлгий сумын Засаг дарга Х.Б болон Ч.Б нар надад нэхэмжлэлээ татан авахыг зөвлөсөн. Учир нь: “2019 он гараад орон тоо нэмэгдэнэ, таны хувийн байдлыг бид нар маш сайн мэдэж байгаа хэмээн ятгаж, миний эрх бүхий албан тушаалтнуудад оруулсан өргөдөлд "он гараад ямар нэгэн орон тоонд томилох боломжоор хангана" гэсэн цохолт хийсэн. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр татаж авсан бөгөөд тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт маш олон орон тоо гарсан. Гэвч, эрх бүхий албан тушаалтнууд гарсан орон тоо болгонд намайг томилохоос татгалзаж, дараагийн орон тоо гарвал томилгоо хийнэ гэж өнөөдрийг хүртэл итгүүлж ирсэн. Намайг чөлөөлсний дараа Өлгий сумын багуудын нарийн бичгийн орон тоог дахин бий болгож, иргэдийг ажилд авсан. Миний хувьд тухайн үед Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т заасан үндэслэлээр маргах эрх нээлттэй байсан боловч дарга нарын өөр орон тоонд ажиллуулна гэсэн үгэнд итгэсэн. Миний маргаж буй орон тоо нь сул орон тоо байсан бөгөөд одоо ажиллаж буй иргэн нь урьд өмнө тухайн байгууллагад огт ажиллаж байгаагүй. Тэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу ажил олгогч намайг өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргийг хуулиар хүлээх ёстой. Иймд, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Ажилд томилох тухай" 05 тоот тушаалыг хүчингүй болгож, Т.Г намайг цэвэрлэгчийн ажилд томилохыг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж өгнө үү.” гэжээ.  

 

Нэхэмжлэгч Т.Г өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад: “Өмнө нь намайг орон тоо хасагдсан нэрийдлээр Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн боловч тухайн орон тоог дахин бий болгож, зөвхөн нэрийг нь өөрчилж нийгмийн ажилтан болгож, дахин 6 хүнийг ажилд авсныг олж мэдлээ. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг үндэслэн Т.Г би нэхэмжлэлийн шаардлагаа Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын орон тоог хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, /баг хариуцсан нарийн бичгийн даргын орон тоог нийгмийн ажилтан гэж өөрчилсөн/ урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай" гэж өөрчилж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч Т.Г нь Өлгий сумын 3 дугаар багийн Засаг даргын нарийн бичгийн ажил хийдэг байсан. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон тоо цомхотгоход 6 нарийн бичиг ажлаасаа чөлөөлөгдсөний нэг юм. Нийт 12 багийн Засаг даргын нарийн бичиг байдгаас цалин хөлс хүрэлцэхгүйн улмаас 6 нарийн бичгийг сонгон шалгаруулалт явуулж ажилд нь үлдээсэн. Тухайн үед Т.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрөө татгалзсан. Засаг дарга Х.Б болон Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б миний бие улс төр хийгээгүй, сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулалтад Д.А, С.Х, Б.Р, Х.С, Ж.А, М.Б нар тэнцэж, Т.Г тэнцээгүй. Үүнийг эдгээр нарийн бичгийн дарга нар гэрчилнэ. Харин он гарсны дараа төсөвт тодотгол хийлгэж баг болгоныг мэргэжлийн нийгмийн ажилтантай болгосон. Т.Г-ы мэргэжил таарахгүй. Нийгмийн ажилтнуудыг мөн сонгон шалгаруулалт явуулж шалгаруулж авсан. Тухайн нийгмийн ажилтны орон тоонд гомдол гаргаж чадахгүй байгаа нь харамсалтай. Харин Т.Ж нь Хот тохижуулах албаны үйлчлэгчээр орсон ба Хот тохижуулах алба өөрөө бие даасан төсвийн захирагчтай тусдаа байгууллага учраас Хот тохижуулах албаны дарга ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөх талаар Засаг даргын Тамгын газрын даргатай зөвшилцөхгүй болохыг дурдъя. Тухайн үед шүүхээр шийдвэрлүүлэх асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа өөр байгууллагад ажилд томилогдсон хүний орон тоонд нэхэмжлэл гаргаж байгааг хуулийн дагуу хэлэлцэж "Т.Г-ыг цэвэрлэгчийн ажилд томилох" нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.  

 

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбарт: “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дугаар "Орон тоо, ажил албан тушаалын жагсаалт, цалингийн сан батлах тухай" тушаалын хоёрдугаар хавсралтаар "Өлгий сумын БАА-ны бүтэц орон тоо, ажил албан тушаалын жагсаалт"-ыг баталж, багийн нарийн бичгийн дарга гэх орон тоог хасаж байсан. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр багийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Г-ы орон тоо хасагдсан учраас цомхотголд оруулсан. Үүний дараа 3 сарын дотор тухайн орон тоо дахин бий болсон гэсэн нь үндэслэлгүй. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой 6 нийгмийн ажилтны орон тоо нэмэгдсэн. Нийгмийн ажилтны сонгон шалгаруулалтыг багийн ажлын албанаас нээлттэй сонгон шалгаруулж авсан. Тухайн сонгон шалгаруулалтад Т.Г оролцох эрх нь байсан боловч уг эрхээ эдлээгүй. Энэ бий болсон орон тоо Т.Г-ы урьд ажиллаж байсан багийн нарийн бичгийн орон тоо биш. Нөгөөтээгүүр Т.Г-ыг цомхотголд оруулснаас хойш 6 сарын дараа энэ орон тоо бий болсон учраас ажил мэргэжил харгалзахгүйгээр, нээлттэй сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд түүнийг томилбол хууль бусаар ажилтан томилсон гэж ард иргэд хэл ам гаргахаар байжээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 130/ШШ2019/00365 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Г-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтын талаар буруу үнэлэлт дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учраас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Нэхэмжлэгч Т.Г-нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр "урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай" нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна", мөн хуулийн 74.4-т "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй" гэж заасан. Гэтэл шүүх Т.Г-ы энэхүү асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдсээр байж түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснээр хуулийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Т.Г-ы нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэх ёсгүй байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь буруу болсон.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 365 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Г-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Т.Г нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Т.Жанаргүлийг ажилд томилох тухай” 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.Г намайг цэвэрлэгчийн ажилд томилохыг Засаг даргын Тамгын газрын даргад даалгах тухай гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад гомдлын шаардлагаа өөрчилж, урьд эрхэлж байсан Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “орон тоо хасагдсан нь үндэслэлгүй, зөвхөн нэрийг өөрчилж нийгмийн ажилтан болгож дахин 6 хүн ажилд авсан” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч  “Т.Г-ы орон тоо хасагдсан учраас цомхотголд оруулсан. Үүний дараа 3 сарын дотор тухайн орон тоо дахин бий болсон гэсэн нь үндэслэлгүй” гэж шүүхэд маргажээ. 

 

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Т.Г-ыг ”багийн нарийн бичгийн бүтэц орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Т.Г нь уг тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Засаг даргатай харилцан тохиролцсон. 2019 оны 01 дүгээр сард багтаан намайг ямар нэгэн ажлын байраар хангахыг санал болгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2503 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийг татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

 

            Гэтэл Т.Г нь дахин 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Т.Жанаргүлийг ажилд томилох тухай” 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.Г намайг цэвэрлэгчийн ажилд томилохыг Засаг даргын Тамгын газрын даргад даалгах тухай гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад гомдлын шаардлагаа өөрчилж, урьд эрхэлж байсан Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж шүүх уг гомдлыг хүлээн авч 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлээ татан авах эрхийн дагуу нэхэмжлэлээ татан авсан учир шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг зөрчжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ багасгах, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэлээ татан авах эрхийг эдлэх бүрэн эрхтэй хэдий ч нэхэмжлэлээ татан авах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй байна. Шүүх хуулиар зохицуулаагүй ажиллагааг явуулах боломжгүй юм.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болохыг заасан боловч энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үр дагавар болохыг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

           

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Г-ы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                       

Д.КӨБЕШ