Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00369

 

 

Т.Г-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00365 дугаар шийдвэр,

          Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2019/00035 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.Г-

          Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

          Нэхэмжлэл: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн орон тоог хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Г-, түүний өмгөөлөгч К.Жархынбек, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би тус шүүхэд “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын 2019-02-01-ний өдрийн Т.Ж-ийг ажилд томилох тухай 03 тоот тушаалыг хүчингүй болгож, Т.Г- намайг цэвэрлэгчийн ажилд томилохыг тус сумын ЗДТГ-ын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах байдлаар өөрчилж байна. Өмнө нь намайг орон тоо хасагдсан нэрийдлээр Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн боловч тухайн орон тоог дахин бий болгож, зөвхөн нэрийг нь өөрчилж нийгмийн ажилтан болгож, дахин 6 хүнийг ажилд авсныг олж мэдлээ. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т “...Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно...” гэж заасныг үндэслэн Т.Г- би нэхэмжлэлийн шаардлагаа Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын орон тоог хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, /баг хариуцсан нарийн бичгийн даргын орон тоог нийгмийн ажилтан гэж өөрчилсөн/ урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гэж өөрчилж байна гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018-02-01-ний өдрийн А/04 дугаар “Орон тоо, ажил албан тушаалын жагсаалт, цалингийн сан батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар “Өлгий сумын БАА-ны бүтэц орон тоо, ажил албан тушаалын жагсаалт”-ыг баталж, багийн нарийн бичгийн дарга гэх орон тоог хасаж байсан. 2018-8-16-ны өдөр багийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Г-ы орон тоо хасагдсан учраас цомхотголд оруулсан. Үүний дараа 3 сарын дотор тухайн орон тоо дахин бий болсон гэсэн нь үндэслэлгүй. 2019-01-02-ны өдөр тус байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой 6 нийгмийн ажилтны орон тоо нэмэгдсэн. Нийгмийн ажилтны сонгон шалгаруулалтыг багийн ажлын албанаас нээлттэй сонгон шалгаруулж авсан. Тухайн сонгон шалгаруулалтад Т.Г- оролцох эрх нь байсан боловч уг эрхээ эдлээгүй. Энэ бий болсон орон тоо Т.Г-ы урьд ажиллаж байсан багийн нарийн бичгийн орон тоо биш. Нөгөөтээгүүр Т.Г-ыг цомхотголд оруулснаас хойш 6 сарын дараа энэ орон тоо бий болсон учраас ажил мэргэжил харгалзахгүйгээр, нээлттэй сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд түүнийг томилбол хууль бусаар ажилтан томилсон гэж ард иргэд хэл ам гаргахаар байжээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 130/ШШ2019/00365 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Г-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна. 

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2019/00035 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Г-ы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

       Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Т.Г- би анх Өлгий сумын Засаг даргын 2013-10-11-ний өдрийн 213 дугаартай захирамжаар 12 дугаар багийн зохион байгуулагчаар түр томилогдож, 2013-12-31-ний өдрийн “Ажилд томилох тухай” 19 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тус сумын 13 дугаар багийн Засаг даргын туслахаар томилогдсон. Дараа нь бүтэц, зохион байгуулалтаар багийн Засаг даргын туслахын албан тушаалыг баг хариуцсан нарийн бичгийн дарга гэж өөрчилснөөр эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр буюу тус сумын ЗДТГ-ын даргын 2015-04-01-ний өдрийн 18 дугаартай тушаалаар намайг Өлгий сумын 3 дугаар багийг хариуцсан нарийн бичгийн даргаар бүр томилон ажиллуулсан. Тэрээр багийн Засаг даргын туслах, баг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга улс төрийн зорилгоор 2018-08-16-ны өдрийн Б/53 дугаартай “Ажлаас чөлөөлүүлэх тухай” тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байдаг юм. Би тухайн үед намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон гэж үзээд шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхпоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байсан хэдий ч Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар болон Ч.Бахатжан нар надад нэхэмжлэлийг маань татан авахыг зөвлөсөн. Учир нь, 2019 он гараад орон тоо нэмэгдэнэ, таны хувийн байдлыг бид нар маш сайн мэдэж байгаа хэмээн ятгаж, миний эрх бүхий албан тушаалтнуудад оруулсан өргөдөлд хүртэл “он гараад ямар нэгэн орон тоонд томилох боломжоор хангана” гэсэн цохолт бүхий бичигтэй. Би шүүхэд анх нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ 2018-10-26-ны өдөр татаж авсан бөгөөд тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд Өлгий сумын ЗДТГ-т нэг биш маш олон орон тоо гарсан болохыг дурьдаж байна. Гэвч, эрх бүхий албан тушаалтнууд гарсан орон тоо болгонд намайг томилохоос татгалзаж, дараагийн орон тоо гарвал томилгоо хийнэ гэж өнөөдрийг хүртэл итгүүлж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т “...Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй...”, мөн хуулийн 36.3-т “...Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно...” гэж тус тус заасан байдаг. Уг нь бол намайг анх чөлөөлсний дараа Өлгий сумын багуудын нарийн бичгийн орон тоог дахин бий болгож, иргэдийг ажилд авсан байдаг. Харин миний хувьд тухайн үед дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т заасан үндэслэлээр маргах эрх маань нээлттэй байсан боловч дарга нарын өөр орон тоонд ажиллуулна гэсэн үгэнд итгэсэн байдаг юм. Ингээд явсаар дам яриагаар Өлгий сумын ЗДТГ-т дахин нэг орон тоо гарсан талаар олж мэдээд. шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба миний нэхэмжлэлд холбогдуулан хариуцагчаас хариу тайлбар ирүүлэхэд нийгмийн ажилтан нэрийдлээр нэмж 6 ажилтан авсан талаар мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өмнөх орон тоо хассан нь хууль бус, урьд эрхэлж байсан багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж өөрчилсөн юм. Гэвч, хариуцагчаас намайг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, шалгалтад унасан, орон тоо хасагдсан нь нотлогдсон гэх боловч бүхий л нотлох баримтаа ХХША-ны явцад гарган өгч, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосонд гомдолтой байна. Магадлалд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болохыг заасан боловч энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үр дагавар болохыг мөн хуулийн 106.5-д заасан байна... гэжээ. Урьд нь анхан шатны шүүхийн 2018-10-26-ны өдрийн 130/Ш32018/02503 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан байна. Нэхэмжлэгч Т.Г- миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь эцэслэн шүүхээр шийдвэрлэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах эрхийн дагуу нэхэмжлэлээ татан авсан учир шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байдаг юм. Өөрөөр хэлбэл, Т.Г- миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Түүнчлэн, одоо байгаа шүүхийн практикт нэхэмжлэлээ татан авсан нөхцөлд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа бөгөөд дахин нэхэмжлэл гаргахад хүлээн авч, шийдвэрлэж байгаа болно. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Т.Г- 2019-03-05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын орон тоог хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан байна. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “.... багийн нарийн бичгийн дарга гэх орон тоог хасагдсан... 3 сарын дотор тухайн орон тоо дахин бий болсон гэдэг нь үндэслэлгүй... нийгмийн ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж авсан ч Т.Г- оролцоогүй...” гэжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “.... өмнө энэ талаар нэхэмжлэгч шүүхэд хандаж, нэхэмжлэлээсээ татгалзаж байсан байна..” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

       Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо “... он гараад ямар нэгэн орон тоонд томилох боломжоор хангана гэсэн тул би нэхэмжлэлээ 2018-10-26-ны өдөр татаж авсан ч  өнөөдрийг хүртэл ажилд аваагүй байна... намайг анх чөлөөлсний дараа нийгмийн ажилтан нэрийдлээр нэмж 6 ажилтан авсан байдаг... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ямар нэг баримт хэрэгт байхгүй.... татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй...” гэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгоно.

       Т.Г- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2018-09-14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Өлгийн сумын 3-р багийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардаж байсан боловч шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, Т.Г- нь “...Өлгий сумын ЗДТГ-т холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг дараах үндэслэлээр татан авч байна. Би Өлгийн сумын ЗДТГ-н дарга болон Өлгий сумын засаг даргатай харилцан тохиролцсон. Энэ нь 2019 оны 1-р сард багтаан намайг ямар нэгэн ажлын байраар хангахыг санал болгосон явдал юм. ИХШХШТХ-н 106.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах эрхийг хуулиар олгосон байдаг тул миний хүсэлтийг хүлээн авна уу..” гэсэн хүсэлт гаргаж, үүний дагуу   Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018-10-26-ны өдөр 130/ШЗ/2018/02503 дугаар захирамж гаргаж, татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

      Харин, 2019-03-05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “....2018-08-16-ны өдөр халагдсан...2018-09-14-ний өдөр шүүхэд хандсан ч нэхэмжлэлээ татан авч 2018-10-26-ны өдөр захирамж гарсан.../хх1/...гэтэл миний ажлын нэрийг өөрчилж... 3 сарын дотор ... 2019 онд нийгмийн ажилтан гэх нэрээр дахин 6 хүнийг ажилд авсанг олж мэдлээ...” гэсэн агуулга бүхий үндэслэл зааж, Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн даргын орон тоог хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох, Өлгийн сумын 3-р багийн нарийн бичгийн  ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.   

      Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-26-ны өдрийн 130/ШЗ/2018/02503 дугаар захирамж гарснаас хойш үүссэн үйл баримтыг  Т.Г- 2019-03-05-ны өдөр гаргасан нэхэмжлэл гаргах үндэслэл болгосон байхад давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-г зөрчсөн байна.

      Өөрөөр хэлвэл, Өлгий сумын засаг даргын Тамгын газар нарийн бичгийн орон тоог гурван сарын дотор дахин бий болгосон эсэх..” үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-26-ны өдөр 130/ШЗ/2018/02503 дугаар захирамжаар шийдвэрлээгүй байна. 

      Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт нийцнэ. 

     2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     а/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга 2018-08-16-ны өдөр Б/53 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтуудыг баримтлан “..багийн нарийн бичгийн бүтэц орон тоо хасагдсан..” гэсэн үндэслэлээр Т.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.  

    Орон тоо хасагдсан гэдэгт хуулийн этгээд байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

   Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн 2019-01-02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар 2019 оны Өлгий сумын багийн ажлын албаны бүтэц, орон тоог батлахдаа  багийн нийгмийн ажилтны 12 орон тоог бий болгосон байх бөгөөд багийн нарийн бичгийн ажил, албан тушаалын байр үгүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлвэл, нарийн бичгийн даргын ажлын чиг үүргийг нийгмийн ажилтан гүйцэтгэх болсон нь нотлогдсон байх тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 36 дугаар зүйлийн 36.3-г зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

    б/. Т.Г- нь “... нарийн бичгийн орон тоог хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох..”-г шаардсан гэх боловч энэ нь “... нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоолгох..” нэхэмжлэлийн үндэслэл байна.

    Иймд анхан шатны шүүх нь Т.Г- Өлгий сумын 3 дугаар багийн нарийн бичгийн  ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь зөв болжээ. 

   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангав. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2019/00035 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ