Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/03165

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/03165

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:..............тоотод оршин суух, С. овогт Ж. Бр /РД: ./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . тоотод оршин суух, Б. овогт Д. Б.ү /РД: ./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эт, хариуцагч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч И.Э, гэрч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Б нь Д.Б д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 15.000.000 төгрөг буцаан гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Д.Б гийн Төрийн банк дахь 102100067275 дугаартай дансанд 15.000.000 төгрөгийг Д.О ийн өмнөөс шилжүүлсэн. Гэвч тус мөнгийг миний бие Д.О т өөрт нь өгөх ёстой байсныг сүүлд мэдсэн. Миний бие Д.О тэй хамааралгүй, зөвхөн эмчлэгч эмчлүүлэгийн харилцаатай. Д.Б д би ямар нэгэн өглөг байгаагүй тул дээрх андуурч хийсэн 15.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Ж.Б бид хоёр найз нөхдийн, харин Д.О бол Ж.Бтай гэр бүлийн харилцаатай хүмүүс. 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах орон сууцны барилгаас 1 давхрын 80 мкв үйлчилгээний зориулалттай орон сууцыг Ж.Б, Д.О нар надаас худалдан авсан.

Ж.Б, Д.О нараас би үндэслэлгүйгээр нэгч төгрөг аваагүй харин ч надаас үл хөдлөх хөрөнгө худалдан авч, шүүхийн шийдвэр гарчихаад байхад өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй явж байгаа.

Миний худалдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө одоо нэхэмжлэгч Ж.Бын нэр дээр шилжсэнийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдсэн. Нэхэмжлэгч нь надаас үндэслэлгүйгээр 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Надаас банкны зээлээр орон сууц авахад байрны урьдчилгаа хэрэгтэй гээд миний данснаас тэр өдөр гурван удаагийн гүйлгээгээр мөнгө авахуулж, буцаагаад миний данс руу банкаар дамжуулан шилжүүлсэн. Ингэж хийсэн нь байрны урьдчилгаа мөнгө болгож харагдуулах үүднээс шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Төрийн банкны 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Орлогын мэдүүлэг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2211070100929 тоот гэрлэсний бүртгэлийн лавлагааг ирүүлжээ. /хх 3,43 /

Хариуцагчаас баримтаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00369 дүгээр тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Төрийн банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 11-28, 54, 55, 128/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Б нь Д.Б д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Хариуцагчийн Төрийн банкны дансанд Д.О ийн нэрийн өмнөөс андуурч мөнгө шилжүүлсэн тул буцаан гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Надаас орон сууц авахдаа банкны урьдчилгаа болгож харагдуулах шаардлагатай гээд миний данснаас бэлнээр мөнгө авч буцаагаад миний дансанд хийсэн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1.Ж.Баас 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Д.Б гийн Төрийн банк дах 102100067275 тоот данс руу 15.000.000 төгрөгийг Д.О ээс гэсэн гүйлгээний утгаар орлогын гүйлгээ хийжээ. /хх 3/

4.2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00369 дүгээр тогтоолоор Д.Б гийн нэхэмжлэлтэй Д.О , Ж.Б нарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 157.245.000 төгрөг гаргуулах тухай маргааныг эцэслэн шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрт: хариуцагч Д.О ээс 137.745.000 төгрөг гаргуулж Д.Б д олгож, үлдэх 9.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч Ж.Баас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Уг шийдвэрт тусгагдсан Д.О ээс төлсөн 108.170.000 төгрөг гэсэн үнийн дүнд нэхэмжлэгчийн одоо шаардаж байгаа 15.000.000 төгрөг ороогүй хэмээн зохигчид шүүх хуралдааны явцад тайлбарлаж, хэн алин нь маргахгүй зөвшөөрч байна.

5.Харин зохигчид дээрх мөнгийг шилжүүлэх болсон үндэслэлд маргасан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шилжүүлэхээр заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид хэн алин нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагчаас татгалзлаа нотлохоор ирүүлсэн түүний Төрийн банкны 102100067275 тоот дансны 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуулгаас үзвэл: тухайн өдөр Д.Б гийн данснаас 28.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, эргээд Дуламсүрэнгийн Отгонцэцэг, Ж.Баас гэсэн утгаар 28.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгджээ. Дахин мөн өдрөө 28.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээг хариуцагч өөрийн нэрээр гарсан, үүний дараа дахин 15.000.000 төгрөгийг Д.О ээс орлого утгаар, 13.000.000 төгрөгийг Ж.Баас орлого утгаар тус тус шилжүүлжээ. /хх 128/

Дээрх дансны хуулгаар хариуцагчийн данснаас тухайн өдөр 56.000.000 /28+28/ төгрөгийн зарлага гарч, эргээд тухайн өдөртөө 56.000.000 /28+15+13/ төгрөгийн орлогын гүйлгээг нэхэмжлэгч Ж.Баас хийжээ. Нэхэмжлэгч тухайн өдрийн 3 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлэхдээ хоёр удаагийн 43 /28+15/ сая төгрөгийг Д.О ийн нэрийн өмнөөс, харин нэг удаагийн 13 сая төгрөгийн гүйлгээг өөрийн нэрийн өмнөөс шилжүүлсэн боловч зөвхөн нэг удаагийн буюу Д.О ийн нэрээр шилжүүлсэн 15.000.000 төгрөгийг сонгож, бусдын өмнөөс үүрэг үүсээгүй байхад шилжүүлсэн хэмээн тайлбарлаж шаардах болсон үндэслэл тодорхойгүй.

Иймд маргааны энэ тохиолдолд надаас бэлнээр мөнгийг авч буцаагаад надад шилжүүлсэн, банкны урьдчилгааг бүрдүүлэх үүднээс хийсэн, бодитоор надад мөнгө шилжүүлээгүй тухай хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзэв.

Мөн нэхэмжилж буй 15.000.000 төгрөгийг баримтаа бүрдүүлж чадаагүйгээс хасагдаагүй талаар Д.О ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа дурдсан болох нь Улсын дээд шүүхийн 2021 оны 001/ХТ2021/00369 дүгээр тогтоолд тусгагдсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, улмаар Д.Б үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдоогүй гэж үзэн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Б гээс 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ