Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/00168

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 12

181/ШШ2024/00168

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б...... тоот хаягт оршин суух Жын Э /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: .... оршин байрлах, Эанд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгөлдөр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Хариуцагчийн итэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмаа, Г.Мөнхнасан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Эанд холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Майдар овогт Жын Э нь 2021 оноос Өргөө амаржих газрын төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн захирлаар ажиллаж байгаад Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 сарын 13-ны өдрийн бо/72 Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан юм.

Энэ тушаалыг хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг тус тус зааснаар Эны Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст тус тус хандсан боловч тухайн байгууллагууд нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй маргаан таслах комисс, хороо байгуулаагүй байна.

Ж.Эийг ажлаас халсан Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 сарын 13-ны өдрийн бо/72 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд Байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдэлийг бий болгож, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул ажпаас чөлөөлөхөөр заажээ.

Гэвч Ж.Эийн хувьд дээрх үйлдлүүдийг гаргаагүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл юм. Учир нь

1.Эрүүл мэндийн сайдын тушаалд Байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдлийг бий болгож, Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон гэжээ. Миний бие эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие эмнэлгийн удирдах ажилтны хувьд иргэд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарч, эмч ажиллагсаддаа эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг чирэгдэл багатай, хүнд сурталгүй үзүүлэх зүй ёсны шаардлагыг тавьдаг байсан. Үүнийг бусдыг дарамталсан үйлдэл гаргасан, алба хаагчдын өмнө үлгэр жишээч байгаагүй гэх мэтээр ёс зүйн дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

4.Эрүүл мэндийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/209 дугаартай Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тушаалаар Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Энэ тушаалын хавсралтад хяналтын хорооны нарийн бичгийн дарга Ц.Тунгалагтамир гэж заасан байтал Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хийсэн хяналтын хорооны бүрэлдэхүүнд хяналтын хорооны нарийн бичгийн дарга Б.Хандмаа гэх хүн бүрэлдэхүүнд нь багтсан байсан. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүний гишүүн бус хүн томилогдож, дүгнэлт гаргасан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Иймд Ж.Э миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бо/72 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй тул Өргөө амаржих газрын төрөлжсөн маргэжлийн эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийг хүлээн авч, зохих журмыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Ж.Эийг 2020 оноос Өргөө амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлаар томилсон байдаг. Томилохдоо түр хугацаагаар томилоогүй нь Эны төлөөлөгч нарын тайлбараар нотлогддог. Эрүүл мэндийн сайд түр хугацаагаар томилсон гэх асуудлыг ярьсан. Ж.Э түр хугацаагаар томилогдоогүй. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Энэ тушаалтай танилцахад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 158 дугаар зүйлийн 158.1, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4-т тус тус зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч тухайн гурван талт чиг үүрэг бүхий хороо байгуулагдаагүй учир шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Энэхүү тайлбар нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зөрчөөгүй гэдгийг харуулж байна.

Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг харахад байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар, эмнэлгийн үйлчилгээ авах доголдлыг бий болгосон, эмнэлгийн ёс зүйн зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэж ажлаас чөлөөлөх үндэслэлдээ дурдсан. Эны харьяа эмнэлгийн ёс зүйн зөрчлийг шалгаж байгаа ёс зүйн хорооны бүрэлдэхүүн нь өөрөө хууль ёсны бүрэлдэхүүн биш. Эны сайдын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/209 дугаартай тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнд багтаагүй хүн орсон байсан. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хорооноос дүгнэлт гаргасан нь өөрөө хөдөлмөрийн харилцааг дуусгах үндэслэл болж байна. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан эсэхийг зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Хяналт шалгалтын хүрээнд ойлгомжгүй судалгаагаар үндэслэлгүй нөхцөл байдлыг бий болгож ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна. Магадгүй ёс зүйн хорооны дүгнэлтээр Ж.Э сайн ажилласан гэх агуулга байсан. Тэрхүү хяналт шалгалтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил үүссэн байх ёстой байтал ноцтой зөрчилгүй байхад ёс зүйн хорооны дүгнэлт гарсан гэж ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгчээс гол үндэслэл нь бүрэлдэхүүн, мөн ноцтой зөрчил гаргасан гэдгийг тогтоогоогүй гэж үзэж байна. Эны дэргэдэх ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилсон тушаал, уг тушаалд өөрчлөлт орсон бол өөрчлөлтийн хамт Энаас гаргуулах хүсэлт гаргаж нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хариуцагч талаас гаргуулсан. Бүрэлдэхүүнд томилогдоогүй н.Хандмаа гэх хүний нэр байсан. Эрүүл мэндийн сайдын тушаалаар томилогдоогүй учир хууль бус тушаал болох нь тодорхой болж байна. Хөдөлмөрийн тухай хуульд ноцтой зөрчил гэж үзлээ гэхэд тэрийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд сахилгын шийтгэл оноох ёстой. Ноцтой зөрчил гарсныг тогтоож, Эрүүл мэндийн сайдад уламжлаад 1 сар 3 хоногийн дараа зөвлөмжийн биелэлтийг Ёс зүйн хорооноос 2022 оны 11 дүгээр сарын 09-ний дотор ирүүлнэ үү гэх шаардлага хүргүүлсэн. 11 дүгээр сарын 09-ний өдөр болохоос өмнө ажлаас халагдах тушаалыг 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Үр дагавар өөр байна. зөвлөмжид хугацаа тогтоосон атлаа хугацаанаас өмнө халсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Э руу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Эны сайд руу албан бичиг хүргүүлсэн байдаг. Эрүүл мэндийн сайд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн бичгийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар сахилгын зөрчил гаргасан өдрөөс ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх заалтыг зөрчсөн. Сахилгын зөрчил зохих ёсоор гаргасан эсэхтэй маргаж байна. Бид сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тушаал нь хүртэл ийм асуудалтай гэдгийг дурдах нь зүйтэй. Тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдал байхгүй учир нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг ажлаас чөлөөлөх тушаалд барьсан байдаг. Ноцтой зөрчил гэдгийг тогтоогоогүй байна. Ноцтой зөрчлийн тухай хариуцагч талаас асуухад 8.1.2-ын талаар хариулсан. Гэрээний 8.1.2-т албан тушаалын тодорхойлолтод заасан буюу хууль тогтоомж чиг үүрэгт заасан албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан санхүүгийн болон эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Санхүү эд хөрөнгийн хохирол учруулсан гэдгийг 2 сайдын удирдамжийн хяналтын дүнгийн 2022 оны 8 дугаар сарын  22-ны өдрийн тайланг үзэхэд 9 төрлийн зөвлөмж гаргаж өгсөн. Ноцтой зөрчилд тооцсон дүгнэлт гэж гараагүй. Дүгнэлт нь эмнэлгийн ажилтны ажлын байрыг шалгаж үзэхэд 2019 оны ажлын байрны тодорхойлолт байгаа нь Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг дурдсан байна гэж байсан. Албан тушаалтан Ж.Э Өргөө амаржих газарт эд хөрөнгийн дутагдал гарсан үйл баримт гэж үзэхгүй байна. Ёс зүйн хорооны дүгнэлт гарахад Ж.Эт буюу Өргөө амаржих газарт зөвлөмж явуулсан, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22/74 дугаартай зөвлөмжийн биелэлтийг 11 дүгээр сарын 09-ний дотор хариу мэдэгдэхээр хугацаа заасан байдаг. Энэ зөвлөмжид ёс зүйн хорооны зөвлөмжүүдийг зөрчсөн, 2019 оны А/46 мөн Засгийн газрын тогтоол, 3 дугаар зүйл болох 2017 оны А/256 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтний хэсгийн хорооны журам гэж байдаг. Эдгээрийг зөрчсөн гэдэг боловч хэрэгт хэсгийн хорооны журам гэдгийг ирүүлээгүй. Хэсгийн хорооны журам нь Өргөө амаржих газартай холбогдсон нь хавсралтаар батлагдсан. 2019 оны шинэ А/46 дугаартай Ёс зүйн хорооны эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүрмийг баталсан байхад 2017 оны хэсгийн хорооны журмыг барьсан нь ямар үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй. Хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтээр ноцтой зөрчил гарсныг тогтоогоогүй.

Хөдөлмөрийн гэрээний 8.1.10-ыг мөн халах тушаалд барьсан. Энэ нь ажлын байранд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, төрийн үйлчилгээний эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн хорооны дүгнэлтээр батлагдсан гэх боловч бичиж байгаа үйл баримт нь болж байгаа үйл баримттай тохирдоггүй. Жишээ нь 400 гаруй албан тушаалтнаас 6 ажилтныг асуусан байна. Эдгээр хүмүүс Ж.Эийн томилсон хүмүүс байна гэж байгаа боловч зөвхөн н.Эрдэнэцэцэгийг томилсон бусад хүмүүс Ж.Эийн тушаалаар томилогдоогүй. Эдгээр хүмүүс учир утгыг нь ч мэдээгүй хяналт шалгалт хийсэн, удирдамж ч танилцуулаагүй. Энэ нь зохион байгуулалттай өөрсдийн нэрсийн бүрэлдэхүүнээр шийдсэн учир Ёс зүйн хорооны судалгааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гэрчээр мэдүүлэг өгүүлсэн. Тиймээс ноцтой зөрчил гэж тогтоолгүй ажлаас халсан тушаал гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агент, Авлигатай тэмцэх газраас ирсэн шалгалтын дүгнэлтэд санхүү болон эд хөрөнгийн асуудал үүссэнийг тогтоогоогүй. Албан тушаалыг дур мэдэн ашигласан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэж байгаа бол тогтоогдсон баримт байхгүй. Хэрэв тогтоогдвол эрүүгийн хэргийн шинжтэй эрүүгийн журмаар шалгуулах хүсэлтийг өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/72 ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн сайдын тушаал үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Шүүхийн шийдвэрийн биелэлттэй холбоотой маргаан явагдсан. Хариуцагч байна гэдэг нь Иргэний хуульд заасан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн н.Энхболд сайдын үед гомдол гаргасан. Сайд одоо байх байхгүй эсэх нь хамааралгүй. Эыг хариуцагчаар татсан. Салбар зөвлөл солигдох нь хариуцагч өөрчлөгдөх, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа, бусад нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд түр томилох тухай Б/05 дугаар тушаалаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын албан тушаалд Ж.Эийг түр томилсон. Иргэнийг эмнэлгийн даргын албан тушаалд томилохдоо Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батласан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ын дагуу сонгон шалгаруулж томилох ёстой. Ж.Эийг Коронавиуруст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн түр томилсон бөгөөд Ж.Этэй Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж, нэр дэвшигч тодрох хүртэл гэж зааж өгсөн. Мөн Коронавиуруст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үйлчлэл нь дуусгавар болж байгаа тул Ж.Эийг ажилд эгүүлэн томилох асуудал нь хууль, эрх зүйн хувьд биелэгдэх боломжгүй юм.

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Эны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2022 оны 08 дугаар сарын 03-наас 05-ны өдрийн хооронд тус эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар 9 төрлийн зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгах зөвлөмжийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 8/3753 тоот албан бичгээр хүргүүлсэн. Зөвлөмжийг хэрэгжүүлэх хугацаа олгож, зөвлөмжийн хэрэгжилтийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эргэж шалгахад зөвлөмжийн биелэлт хангалтгүй байсан. Мөн Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажиллаж байсан эмч, ажилтнуудаас эмнэлгийн захирлын ёс зүйтэй холбоотой ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг 2022 оны 07 дугаар сарын 26, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд хийхэд ноцтой зөрчил илэрсэн.

Дээрх хяналт, шалгалтын үр дүн, зөвлөмжийн биелэлтээс харахад Ж.Э нь Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг удирдах албан тушаал хаших чадвар дутаж байгаа болох нь тогтоогдож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хяналт шалгалтаар илэрсэн тул 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Ж.Эт мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн. Улмаар Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/72 дугаар тушаалаар Ж.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэлтээр ирсэн нотлох баримтуудыг үндэслэн яам ямар нэгэн этгээдийг томилох эрхгүй субъект болсон. Гэвч нэхэмжлэлийн шаардлага эгүүлэн томилох хэвээрээ байхад томилох эрхгүй субъекттэй маргах боломжгүй болж байна. Сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотой асуудал байгаа бол анх Ж.Эийг томилсон захиргааны албаны хороо илт хууль бус гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгож байгаа процесс нь болж байна. Томилох эрхгүй субъектэд томилооч гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалаар батлагдсан 4 бүтцийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахыг Өргөө амаржих газар төрөлжсөн эмнэлэг Ж.Эт үүрэг болгохоор заасан. Энэ тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Эмнэлгийн бүтцэд эмнэлгийн захирлын дор Дотоод хяналтын алба буюу Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албыг ажиллуулж байсан. Гэтэл Эмнэл зүй хариуцсан дэд захирлын дор Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албыг ажиллуулсан. Мөн Төлөвлөлт үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын дор Захиргаа санхүү хүний нөөцийн албыг ажиллахаар заасан байдаг. Санхүүгийн албыг өөрийнхөө удирдлагад тусад нь байгуулсан ноцтой зөрчил гэж үзэж байна. Санхүүгийн хувьд дэд захирлын дор ажиллах ёстой байтал өөрийн харьяалалд ажиллуулж байсан.

Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д ноцтой зөрчил гаргавал ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан болон хууль тогтоомж, дүрэм журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашигласан, санхүүгийн болон эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, ...бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх гол үндэслэл нь бүтцээ өөрчилсөн. 8.1.10-т ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, эмнэлгийн үйлчилгээний болон төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон учир тушаалд үндэслэсэн. Хэрэгт авагдсан Ёс зүйн хорооны дүгнэлт тайлбар, хяналт шалгалтаар тогтоогдсон талаар нотлох баримтууд авагдсан. Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо бие даасан хараат бус байгууллага, өөрсдөө хараат бусаар дүгнэлтээ гаргасан, нөлөөлсөн зүйл байхгүй.

Эмнэлгийн хүний нөөцийн томилгоо сонгон шалгаруулалтад хийсэн шалгалтын удирдамж нь Эрүүл мэндийн сайд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан. 8 дугаар сарын 02-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл шалгалтыг хийсэн. Ёс зүйн хяналтын хорооны даргын удирдамж нь 7 дугаар сарын 26 болон 8 дугаар сарын 03-ны өдөр тус тус батлагдсан талаар дүгнэлтдээ бичсэн. Хугацааны хувьд эмнэлгийн мэргэжилтний хяналтын хороо орж байгааг мэдээгүй. Мөн энэхүү 2 шалгалтаас гадна Хэрэг эрхлэх газраас бусад газрын бүрэлдэхүүний хяналт шалгалт хийгдсэн. Эмнэлгийн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их 30 хувиас дээш хувьтай байсан нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй, байгууллагын удирдлагын манлайлал үйл ажиллагааны залгамж халаа алдагдсан байсан. Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хүртэл Өргөө амаржих газрын талаар гомдол гаргаж байсан.

Ж.Э нь Нийслэлийн гурван амаржих газар байх үед томилогдон ажилласан, тус томилогдсон тушаалыг хууль бус эсэхийг тогтоолгохоор хандсан. Тухайн томилгоо нь ямар ч сонгон шалгаруулалтгүй, ковидын хуулийг барьж томилсныг н.Энхболд сайд тушаалыг нь хууль ёсны болгож томилсон байдаг. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн газар, нийслэлийн Засаг даргад хандаж албан бичгээр арга хэмжээ тооцуулах тухай гэж Ж.Э, н.Бямбадорж дарга нарт хүргүүлж байсан учир нь жирэмсэн эхийг зулбуулдаг, хориглосон тариаг зогсоож арга хэмжээ авах талаар албан бичиг явуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд зөрчлийг давтан 2 ба түүнээс дээш удаа ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Ж.Э захирлыг ажлаас чөлөөлсөн тушаал бол давтан зөрчил гаргасан нь нотлогдож байгаа, мөн сайдын 3 дугаар сарын 17-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар баталсан захиргаа санхүүгийн албаны бүтцийг зөрчиж 4 дүгээр сард нь өөрийнхөө харьяанд авчирч өөрийн эрх мэдлийг урвуулан ашигласан. Энэ бүтцийг схем зургаар нь батлах эрх Эрүүл мэндийн сайдад байдаг. Үйл ажиллагаа хариуцсан захирлын харьяанд байх ёстой санхүүгийн асуудал. Хамгийн гол асуудал нь ковидын хуулийн үед ямар ч сонгон шалгаруулалтгүй томилсон байдаг. 2023-2024 онуудад шүүр ажиллагаа гэж явагдаж 2022 оны 12 дугаар сараар тасалбар болгож ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй орсон бүх албан тушаалтныг чөлөөлсөн. Энэ хүрээнд Хөдөлмөрийн гэрээнд заасан түр томилсон заалтыг барьсан, мөн 8.1.2, 8.1.1-т заасан ноцтой зөрчил, сахилгын шийтгэл, ёс зүйн алдааг бүгдийг нь үндэслэн сайд эрх хэмжээнийхээ хүрээнд чөлөөлсөн. Энэ тушаал хүчин төгөлдөр байж тухайн үедээ хэрэгжсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох эгүүлэн томилох ямар ч боломжгүй. Шүүх нэхэмжлэлийг шаардлагын хүрээнд хэлэлцдэг. Шүүхийн шийдвэр яаж ч гарсан хүндэтгэлтэй хандана. Ж.Э даргыг тухайн үедээ сайн эмч, багш байсан гэдгийг бүгд мэддэг. Өргөө амаржих газарт эмчээр томилогдож ажиллах гэж ирээгүй 400 гаруй албан хаагчдыг удирдан ажиллахаар ирсэн. Энэ олон хүмүүсийн өргөдөл гаргасныг хүлээн зөвшөөрөөгүй 160 гаруй хүний гомдлын мөрөөр энэ бүх шалгалтууд 4, 5 удаа хийгдсэн. Үндэсний аудитын газар мөнгөний асуудалд нь хяналт шалгалт хийсэн. Эдгээр бүх асуудлуудад үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, С.Саруултөгөлдөрт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.11.09-ний өдрийн 4/1104 тоот зөвлөмж, Эрүүл мэндийн сайдын 2022.10.13-ны өдрийн бо/72 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралтын хамт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас нотлох баримтаар: Э.Цэрэнчунт, Б.Тунгалаг нарт олгосон итгэмжлэл, Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Дүгнэлт хүргүүлэх тухай 22/73 тоот албан бичгийн хуулбар, Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Зөвлөмж хэрэгжүүлэх тухай 22/74 тоот албан бичгийн хуулбар, Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 22/75 тоот албан бичгийн хуулбар, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт-шинжилгээ хийх ажлын удирдамжийн хуулбар, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт-шинжилгээний тайлангийн хуулбар, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт-шинжилгээний зөвлөмжийн хэрэгжилтийн танилцуулгын хуулбар, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд түр томилох тухай Б/05 дугаар тушаалын хуулбар, Ж.Этэй хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023.01.31-ний өдрийн 01/49 тоот албан бичиг хавсралтын хамт, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрийн эвлэлийн хорооны 2023.01.30-ны өдрийн 1/78 тоот албан бичиг хавсралтын хамт, С.Энхжинд олгосон итгэмжлэл, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт-шинжилгээ хийх ажлын удирдамжийн нотариатаар батлуулсан хуулбар, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт-шинжилгээний тайлангийн хуулбар, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт-шинжилгээний зөвлөмжийн хэрэгжилтийн танилцуулгын хуулбар, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болон ажлын байрны дарамтаас үүдэн ажлаас гарахаас өөр аргагүй болсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөллөөс гаргасан өргөдөл, гомдлын хуулбар, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болон ажлын байрны дарамтаас үүдэн ажлаас гарахаас өөр аргагүй болсон эмч, Эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөллөөс гаргасан өргөдөл, гомдлын хуулбар, Эны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос Эанд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн 22/109 тоот албан бичиг, хуулбарын хамт, Эны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Ц.Тунгалагтамирыг ажлаас чөлөөлөх тухай Б/65 дугаар тушаалын хуулбар, Эны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б.Хандмааг ажилд түр томилох тухай Б/80 дугаар тушаалын хуулбар, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн Лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын хуулбар, Г.Мөнхнасан, С.Энхжин нарт олгосон итгэмжлэл, Эны 2021.11.04-ний өдрийн 5/5890, 2021.11.08-ны өдрийн 1а/8930, 2023.11.27-ны өдрийн 2/5236 албан бичгүүд, албан тушаалын тодорхойлолтын маягт, Нийслэлийн Засаг даргын 2023.11.27-ны өдрийн 01/7259, Эрүүл мэндийн сайдын 2023.11.06-ны өдрийн 1а/4992 тоот албан бичиг хавсралтын хамт, Нийслэлийн Засаг даргын 2023.10.31-ний өдрийн 01/6919, Гадаад харилцааны яамны 2023.03.13-ны өдрийн 081252, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023.03.20-ны өдрийн 01/1426, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.03.16-ны өдрийн 1а/1025, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023.03.21-ний өдрийн 01/655, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023.03.15-ны өдрийн 01/861, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023.03.14-ний өдрийн 02/654, Батлан хамгаалахын сайдын 2023.03.14-ний өдрийн 1а/870, Соёлын сайдын 2023.03.21-ний өдрийн 1/632, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023.03.10-ны өдрийн 01/499, Эдийн засаг, хөгжлийн яамны 2023.03.27-ны өдрийн 02/444, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны 2023.03.14-ний өдрийн 02/130, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.04.04-ний өдрийн 01/182 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023.03.23-ны өдрийн 1/1436, Сангийн сайдын 2023.04.07-ны өдрийн 01/2075, Эрчим хүчний сайдын 2023.03.16-ны өдрийн а/782, Барилга, хот байгуулалтын сайдын 2023.03.14-ний өдрийн 1/842, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.03.15-ны өдрийн 01/1126 тоот албан бичгүүд зэргийг гаргаж өгчээ.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Эрүүл мэндийн сайдын 2022.04.08-ны өдрийн А/209 дүгээр Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тушаал, хавсралтын хамт, Б.Өлзий-Орших, Л.Гантулга, Ц.Мөнхцэцэг, А.Гандулам, П.Эрдэнэцэцэг, Ц.Алтантуяа нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Өргөө амаржих газрын мэдүүлгийн бүрдүүлэлт, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг хянасан тухай танилцуулга, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт шалгалт хийсэн дүнгийн тухай баримт зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Эанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх доор үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Э нь миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бо/72 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй учир Өргөө амаржих газрын төрөлжсөн маргэжлийн эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...яам ямар нэгэн этгээдийг томилох эрхгүй субъект болсон, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалаар батлагдсан 4 бүтцийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоогүй зөрчсөн, Санхүүгийн албыг өөрийнхөө удирдлагад тусад нь байгуулан ажиллуулж байсан ноцтой зөрчил гаргасан, ...ноцтой зөрчил, сахилгын шийтгэл, ёс зүйн алдааг бүгдийг нь үндэслэн сайд эрх хэмжээнийхээ хүрээнд чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэлтэй гэж эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан болох нь анх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6/19 дүгээр Ж.Эийн ажилд томилох тухай тушаал болон Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/05 дугаар ажилд түр томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ болон зохигч талуудын маргаагүй тайлбараар тодорхойлогдож байна./1хх 27, 8-14, 2хх 23-25/

Хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүрэм бүтэц батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаал, Хөдөлмөрийн гэрээний 8.1.2, 8.1.10 дахь заалт, Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 22/73 дугаартай албан тоотоор ирүүлсэн дүгнэлт, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт шилжилгээний дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Эийг Байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдлийг бий болгож, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь хяналт шалтгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бо/72 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./1хх 6-7/

Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч хэдийд гардан авсан талаар болон шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар хариуцагч маргаагүй, хэрэгт авагдсан болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар Ж.Э нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2022.11.09-ний өдөр ...гомдол гаргасныг нь тус хэлтэс хүлээн аваад мөн өдрийн 4/1104 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр ...хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул шийдвэрлэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой гэх хариу өгснөөр шүүхэд мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр энэхүү гомдлоо гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасан 30 хоногийн дотор гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /1хх 1-2, 5-7/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т Засгийн газрын гишүүн энэ хууль ... бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор:, 4-т хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага ... дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө; гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль ...бусад актаар тогтооно, 14 дүгээр зүйлийн 14.1-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш ... төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:, 14.1.2-т боловсрол... эрүүл мэнд ... зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал ... гүйцэтгэх, туслах албан тушаал; гэж заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төрийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан байх тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг байсан тул түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиас гадна Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй.

Хэрэгт авагдсан Эны сайд С.Энхболд болон Ж.Э нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ авагдсан ба уг гэрээг эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж, нэр дэвшигч тодрох хүртэл хугацаатай байгуулсан талаар гэрээний 2.7-д зааж тохиролцсон байна.

Талуудын хооронд 2022.09.16-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд Гэрээг цуцалж дуусгавар болгох, сахилгын шийтгэл ногдуулах, 8.1-д Ноцтой зөрчил-ийг нэрлэн заасан байх бөгөөд 8.1.2-т албан тушаалын тодорхойлолтод заасан болон хууль тогтоомж, дүрэм, журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, санхүүгийн болон эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалтгалтаар тогтоогдсон, 8.1.10-т ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан эсхүл төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж заажээ. /1 хх 8-13/

Ажил олгогч Э нь ажилтан Ж.Эийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээний 8.1.2, 8.1.10-т заасан ноцтой зөрчил гаргасан, уг зөрчил нь хяналт шалтгалтаар тогтоогдсон гэж үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон бөгөөд талууд ноцтой зөрчил гаргасныг тогтоосон эсэх, ноцтой зөрчил гаргасан эсэх талаар маргаж байна.

Сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх тухайд, Хөдөлмөрийн гэрээний 8.1.2-т албан тушаалын тодорхойлолтод заасан болон хууль тогтоомж, дүрэм, журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, санхүүгийн болон эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалтгалтаар тогтоогдсон бол ноцтой зөрчил гэж үзэхээр тохиролцжээ.

Хариуцагч тал Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүрэм бүтэц батлах тухай тушаалаар баталсан захиргаа санхүүгийн албаны бүтцийг зөрчиж 4 дүгээр сард нь өөрийнхөө харьяанд авчирч өөрийн эрх мэдлийг урвуулан ашигласан ноцтой зөрчил гаргасан гэж маргаж буй тайлбар дараах баримтаар нотлогдож байна.

Эрүүл мэндийн сайдын 2022.08.02-ны өдөр баталсан, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт-шинжилгээ хийх ажлын удирдамжийн дагуу тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэрээр ахлуулсан, гишүүдэд тус газрын ахлах шинжээч С.Энхжин, шинжээч Д.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 08 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Өргөө амаржих газарт ...хяналт шилжилгээг хийж, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт-шинжилгээ хийсэн тайланд:

-...Хүснэгт 1. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалаар баталсан бүтэц-г болон Өргөө эмнэлгийн захирлын 2022 оны А/21 дүгээр тушаалаар баталсан бүтэц-г тус тус хүснэгтээр харьцуулан тодорхойлсон бөгөөд Өргөө эмнэлгийн захирлын 2022 оны А/21 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албыг Эмнэл зүй эрхэлсэн захирлын шууд удирдлагад хамааруулахаар шилжүүлсэн нь Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 116/А/565 дугаар тушаалаар баталсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дүрэм-ийн 2.1 дахь заалтад албыг албаны дарга удирдах бөгөөд тухайн эрүүл мэндийн байгууллагын захирал /даргын шууд удирдлагад хаамарагдаж, удирдлагын багийн гишүүн байна гэснийг зөрчиж байна гэж,

-Өргөө эмнэлгийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/345 дугаар тушаалаар томилогдсон Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн захирал П.Эрдэнэцэцэг нь менежмент, нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, эрдмийн болон мэргэжлийн зэрэг цолтой байх стандартын шаардлагыг хангаагүй байна. Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын 2021 оны А/44 дүгээр тушаалаар баталсан Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн орлогч даргын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлээгүй, одоог хүртэл мөрдөж байгаа ба тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад Бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, санхүүгийн менежмент, маркетингийн чиглэлээр мэргэшсэн байх гэжээ. Харин П.Эрдэнэцэцэг нь Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр, цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажилласан байна. гэж,

-Хүснэгт 2. ЭМТ-401.5. Өргөө, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөц, үйл ажиллагааны зарим үзүүлэлтийг 2021 оны байдлаар хүснэгтээр харуулсан ба Өргөө эмнэлгийн хүний нөөцийг бүрдүүлэхэд сонгон шалгаруулалтыг ил тод зохион байгуулсан гэх боловч холбогдох баримт бичгүүдийг хяналт-шинжилгээний багт гаргаж өгөөгүй тул удирдах болон бусад ажилтан сонгон шалгаруулах журмын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэлээ гэж,

- Өргөө эмнэлгийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/360 дугаар тушаалаар Дотоод хяналт шалтгалт эрхэлсэн ажилтнаар эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 21 жил ажилласан Л.Гантулгыг томилсон байна. Энэ нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх нийтлэг журмын 3.3-т Дотоод хяналт шалгалтын ажилтан нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлээр боловсрол, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай байна гэж заасныг зөрчжээ гэж,

-Дотоод хяналт шалгалт эрхэлсэн ажилтны баталгаажсан албан тушаалын тодорхойлолт, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байхгүй, Захирлын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хяналт шалгалт хийж байгаа нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан нийтлэг журмын 3.4-т Дотоод хяналт шалгалтын ажилтан нь ...тухайн жилд хийх хяналт шалгалтын тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий албан тушаалтнаар батлуулан мөрдөж ажиллана гэснийг зөрчиж байна. тухайн ажилтан ажилд орсноос хойш нийт 10 өргөдөл, гомдол, үүн дотор эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой иргэний гомдолд ганцаараа хяналт шалгалт хийж байгаа нь холбогдох тушаал, шийдвэрийг зөрчиж байна гэж,

-Клиникийн нэгдүгээр амаржих газрын даргын 2013 оны Б/257 дугаар тушаалаар Эх барих станционарын Төрх, төрсний дараах хэсгийн эрх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Мөнхзулыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын албаны даргаар томилжээ. Өргөө эмнэлгийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/36 дугаар тушаалаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсон гэх боловч тушаал нь захирлын гарын үсэг, тамгагүй байв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам баримт бичгийн стандарт /MNS5140-2:2021/-ыг зөрчсөн байна гэж,

-Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын 2020 оны А/01 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны бүрэлдэхүүнийг шинэчилсэн тушаад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Алба нь орон тооны 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан ч 2022 оны 8 дугаар сарын байдлаар албаны дарга, чанарын мэдээлэл хариуцсан менежер зэрэг 2 албан тушаалтан ажиллаж байна... 2022 оны 8 дугаар сарын байдлаар Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер, Эх барихын чанарын менежерийн орон тоо сул бөгөөд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба бүрн бүрэлдэхүүнээр ажиллаж чадахгүй байна гэж,

-Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэд албан хаагчдын шилжилт хөдөлгөөн жилд 15.0 хувиас доош байх зорилт тавьдаг. Гэтэл Өргөө эмнэлгийн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их, 2022 оны эхний хагас жилийн байдлаар 12.5 хувьд хүрсэн байгаа нь өндөр үзүүлэлт юм. Ялангуяа удирдах ажилтан, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч, дүрс оношилгооны эмчийн шилжилт хөдөлгөөн 30-аас дээш хувьтай байгаа нь удирдлагын манлайлал, үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох бодит эрсдлийг бий болгосон байна гэж,

-Өргөө эмнэлгийн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөний мэдээгээр 2021 он, 2022 оны эхний хагас жилд нийт 138 ажилтан чөлөөлөгдсөнөөс ажилтан бичгээр хүсэлт гаргасан 82 (49.4%), өндөр насны тэтгэвэрт гарахаар хүсэлт гаргасан 31 (22.5%) байгаа нь ихэнх хувийг эзэлж байна гэж,

-Зөвлөх эмч нарын талаар ...Эмнэл зүйн 7 зөвлөхөөс 2 нь зөвлөх зэрэгтэй буюу Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар баталсан Мэргэшлийн зэрэг олох, нөхөн олгох, хүчингүй болгох журам-ын 2.4 дүгээр заалтад заасан салбар, үндэсний түвшинд бусад эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөх шаардлагыг хангаж байна. Бусад зөвлөхүүдийн тухайд 2 нь тэргүүлэх зэрэгтэй, 1 нь ахлах зэрэгтэй, 2 нь мэргэшлийн зэрэггүй буюу журмын шаардлага хангаагүй эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөвлөх эмчээр томилсон байна гэж,

-Эдгээр зөвлөхүүдээс зөвхөн хуулийн зөвлөх ..тэй 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2022.02.01-2023.02.01-нийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулжээ. 2022 оны эхний хагас жилийн байдлаар 7 зөвлөхөд нийт 16,440,000 төгрөгийн цалин олгожээ. Мөн хуулийн зөвлөхөд 2022 оны 5 дугаар сарын цалин дээр 6-9 дүгээр сарын цалинтай тэнцэх 1,920,000 төгрөгийг бөөн дүнгээр олгосон нь гэрээний 4.4.1 дэх заалтыг зөрчсөн байна. гэж,

-Байгууллагын хөдөлмөийн дотоод журам ...Шинэчлэн баталсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг нийт ажиллагсдад танилцуулж, санал авсан талаар тодруулж, холбогдох мэдээлэлтэй танилцах гэхэд гаргаж өгөөгүй болно. Хөдөлмөрийн дотоод журмыг харагдахуйц газар байршуулаагүй байна гэж,

-Өргөө эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.19.9-д ...2 сараас дээш хугацаагаар чөлөө авах тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно гэж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т ...ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэснийг зөрчиж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчих нөхцлийг бүрдүүлсэн байна. гэж,

-2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд ...зохицуулалтууд тусгагдсан. Ажил олгогчийн хүлээж буй үүрэгт Хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээнд энэ талаарх хориглосон зохицуулалтыг нарийвчлан заах, энэ талын гомдол гарвал хаана хандах нэгжийг тодорхой заах ёстой. Гэвч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох талаар ямар нэгэн заалт ороогүй байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 6.26.6 дахь заалтаар хариуцлага хүлээх үндэслэл болж байна. гэж,

-Албан тушаалын тодорхойлолт ...төрийн албан зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор Албан тушаалын тодорхойлолт (АТТ) боловсруулах нийтлэг журам батлагдсан. ...Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын 2021 оны А/11 дүгээр тушаалаар АТТ-ыг Амаржих газрын удирдах албан тушаалтан, албадын дарга, тасгийн эрхлэгч, Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Дэмжих хэсгийн ажлтнууд гэсэн 3 хавсралтаар шинэчлэн баталсан гэх боловч баталгаажуулсан хавсралт тушаалд нь байхгүй, АТТ-ыг бүрэн шинэчлээгүй зөрчил илэрсэн гэж,

-Байгууллагын холбогдох ажилтнаас тодруулахад 2021 онд баталсан эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, эм зүйн албаны дарга, мэс заслын сувилагч зэрэг 3, 2019 оны А/95 дугаар тушаалаар баталсан эх баригч, туслах сувилагч, лаборатирийн техникч, халдваргүйтгэлийн ариутгагч, сувилагч болон эрчимт эмчилгээний сувилагч гэсэн 6 АТТ-ыг авчирч танилцуулсан. Ингэхэд албан тушаалын тодорхойлолтод тухайн албан тушаалд ажиллаж байгаа хүний гарын үсгийг зуруулсан байгаагаас харахад АТТ боловсруулах нийтлэг журмыг зөрчиж, АТТ-г тухайн албан тушаалд биш хүнд нь тохируулан боловсруулсан зөрчил илэрсэн гэж,

-Дүгнэлтэд: Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаа алдагдсан, эмнэлгийн удирдах болон бусад ажилтан сонгон шалгаруулах журмын хэрэгжилт хангалтгүй байна. Байгууллагын удирдлагын баг тогтворгүй, бүрдэл дутуу ажиллаж байгаа нь удирдлага, зохион байгуулалт доголдоход хүргэж байна.

-Эмнэлгийн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их, нэн ялангуяа удирдах ажилтан, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч, дүрс оношилгооны эмчийн шилжилт хөдөлгөөн 30-ээс дээш хувьтай, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж чадахгүй байгаа нь удирдлагын манлайлал, үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох бодит эрсдэлийг бий болгосон байна.

-Тус эмнэлгийн удирдлага Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй олон зөвлөхийг ажиллуулж, төсвийг үрэлгэн зарцуулж байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулахаар заасныг зөрчиж байна.

-Түүнчлэн Эрүүл мэндийн сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны А/144 дүгээр тушаалаар тус эмнэлэг нь захирал, 2 дэд захирал, 10 алба, 9 тасагтай үйл ажиллагаа явуулахаар баталсан байтал эмнэлгийн захирал эрх хэмжээгээ хэтрүүлж 2022 оны А/21 дүгээр тушаалаар ерөнхий захирал, 2 захирал, 12 алба, 9 тасагтай үйл ажиллагаа явуулахаар эмнэлгийн бүтцийг баталсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 21.2-т Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэснийг зөрчиж байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь заалтын дагуу ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг харагдахуйц газар байршуулах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн дагуу Хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээндээ Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох талаарх зохилцуулалтыг нарийвчлан заах, энэ талын гомдол гарвал хаана хандах нэжгийг тодорхой заах үүргээ хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэл болж байна.

-Хөдөлмөрийн дотоод журмын 6.19.9-д ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заагаагүй үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгасан нь Хөдөлмөрийн тухай хууль болон ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

-Байгууллагын захиргаанд, тухайлбал, Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Дотоод хяналт шалгалт эрхэлсэн ажилтан зэрэг албан тушаалд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр мэргэшээгүй, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан нийтлэг журмын шаардлагыг хангаагүй хүнийг томилж, албан тушаалын тодорхойлолтод заасан тавигдах тусгай шаардлагыг тодорхой хүнд тохируулан боловсруулсан ба баталгаажуулаагүй байна.

-Тус эмнэлгийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шалгаж үзэхэд 2019 оны ажлын байрны тодорхойлолт байгаа нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тогтоолыг зөрчсөн байна.

-Эмнэлгийн удирдлага хяналт-шинжилгээний багийг камертай өрөөнд оруулж, хараат бусаар ажиллах боломжийг алдагдуулсан болно. гэж,

Зөвлөмж хэсэгт:

1.Монгол Улсын Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:2017 стандартыг хангаж ажиллах;

2.Хуулиар эрх олгоогүй байхад эмнэлгийн бүтцийг баталсан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн захирлын 2022 оны А/21 дүгээр тушаалыг хүчингүй болгох;

3.Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчийг байгууллагын дотроос болон гаднаас ил тод сонгон шалгаруулж, хүний нөөцийг бүрдүүлэх;

4.Албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах, хөдөлмөрийн харилцаанд дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход онцгой анхаарч албан хаагчдын тогтвор сууршилыг хангах;

5.Хөдөлмөрийн дотоод журмыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн шинэчилж, нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах,

6.Албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шинэчлэх,

7.Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, баримт бичгийн стандартыг хэрэгжүүлж ажиллах,

8.Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шударга, ёс зүйтэй байдлыг хангах, хяналт-шинжилгээгээр илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх,

9.Төрийн хэмнэлтийн тухай хууль, дагалдаж гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг мөрдөж ажиллах-ыг зөвлөмжилжээ./2хх 39-50/

Дээрх хяналт-шалтгалтаар илрүүлэн тогтоосон зөрчлүүдийг арилгах талаар 9 төрлийн зөвлөмжийг захирал Ж.Эт хүргүүлж, түүний хэрэгжилтийг дахин шалгасан талаархи Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хийсэн хяналт-шинжилгээний зөвлөмжийн хэрэгжилтийн танилцуулгад: Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт-шинжилгээний зөвлөмжийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8/3753 тоот албан бичгээр Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хүргүүлж, зөвлөмжийн биелэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Эанд ирүүлэхийг даалгасан.

Хяналт-шинжилгээний мөрөөр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг эргэн шалгахад тус эмнэлгийн удирдлагууд хяналт-шинжилгээгээр илэрсэн зөрчлүүдийг арилгах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх тусгайлсан төлөвлөгөө батлаагүй, зөвлөмжийн биелэлт Хангалтгүй байна. Үүнд:

-Зөвлөмж 1: Монгол Улсын Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:2017 стандартыг хангаж ажиллах

Биелэлт: Тайлан, мэдээлэл, нотлох баримт ирүүлээгүй тул зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн.

-Зөвлөмж 2: Хуулиар эрх олгоогүй байхад эмнэлгийн бүтцийг баталсан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн захирлын 2022 оны А/21 дүгээр тушаалыг хүчингүй болгох

Биелэлт: Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Бүтцийн зохион байгуулалт шинэчлэн батлах тухай А/57 дугаар тушаалаар байгууллагын бүтцийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалд нийцүүлэн шинэчлэн батлуулжээ. Өргөө эмнэлэг нь Эмнэлгийн захирал, Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 10 алба, 9 тасагтай үйл ажиллагаа явуулахаар баталсан байна. Түүнчлэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албыг Эмнэлгийн захирлын шууд удирдлагад хамааруулахаар шилжүүлэн баталжээ. Зөвлөмжийг хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн.

-Зөвлөмж 3: Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчийг байгууллагын дотроос болон гаднаас ил тод сонгон шалгаруулж, хүний нөөцийг бүрдүүлэх

Биелэлт: Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Хүний нөөцийг төлөвлөх, сонгон шалгаргуулах, бүрдүүлэх журам-ыг шинэчлэн баталсан.

Өргөө амаржих газар эмнэлгийн албан ёсны цахим хуудсанд Хүний нөөцийг төлөвлөх, сонгон шалгаруулах, бүрдүүлэх журам болон сонгон шалгаруулах ажлын байрны зарыг байршуулаагүй байна.

Өргөө амаржих газрын фейсбуук хуудсаар тайлангийн хугацаанд 2 удаа (2022.08.17, 24) 35 ажлын байрны зарыг байршуулсан байна. Тус эмнэлгийн Удирдлагын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар ЗСХА-ны даргын орон тоонд Н.Төрболдыг, туслах сувилагчийн орон тоонд Б.Ганцэцэгийг, асрагчийн орон тоонд Х.Оюунтуяа нарыг томилох асуудлыг хэлэлцсэн гэх боловч зөвлөмжийг хэрэгжүүлэх шатанд байна гэж дүгнэсэн.

-Зөвлөмж 4: Албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах, хөдөлмөрийн харилцаанд дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход онцгой анхаарч албан хаагчдын тогтвор суурьшлыг хангах.

Биелэлт: Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийх Урамшуулал олгох тухай А/58 дугаар тушаалаар нийт 383 ажилтанд 8 дугаар сарын үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл тооцон олгож, нийт 58,700,767 төгрөгийг зарцуулсан байна. Хөдөлмөрийн харилцаанд дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ахиц дэвшил гарсан гэж дүгнэх нотолгоо байхгүй, хяналт-шинжилгээний багийн гишүүдтэй дэд захирал П.Эрдэнэцэцэг уулзахдаа зандрангүй, тохуурхсан байдалтай харьцаж байгаагаас дүгнэхэд энэ чигэлэлээр ямар нэгэн ахиц дэвшил гараагүй байх магадлал өндөр байна. Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна.

-Зөвлөмж 5: Хөдөлмөрийн дотоод журмыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн шинэчилж, нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах

Биелэлт: Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн шинэчлээгүй байна. Хөдөлмөрийн дотоод журамтай холбогдуулан тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дотоод журмыг хүчингүй болгож, шинэчлээгүй байгаа гэсэн тайлбарыг өгсөн.

Эмнэлгийн захирлын 2022 оны А/50 дугаар тушаалаар баталсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 07 дугаар сарын 20-22, 26, 28, 08 дугаар сарын 15-ны өдөр тасаг, нэгжийн ажиллагсдад тус тусд нь танилцуулж гарын үсэг зуруулсан байна.

Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг Захиргааны хэсэгт хананд харагдахуйц газар хуудас болгоныг жаазанд хийж байршуулсан байна. Зөвлөмжийг хэрэгжих шатанд гэж дүгнэсэн.

-Зөвлөмж 6: Албан хаагчдын албан тушаалын тодохойлолтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шинэчлэх

Биелэлт: Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар Байгууллагын нэршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор албан хаагчдын албан тушаалын тодохойлолт боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ. Одоогийн байдлаар хэдэн АТТ-ыг шинэчлэн баталсныг үзүүлээгүй бөгөөд хийж байгаа гэсэн тайлбар өгсөн болно. Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна.

-Зөвлөмж 7: Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, баримт бичгийн стандартыг хэрэгжүүлж ажиллах

Биелэлт: Мэдээлэл, тайлан, нотлох баримт ирүүлээгүй тул зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн.

-Зөвлөмж 8: Төрийн үйл ажиллагааны ил тод нээлттэй, шударга, ёс зүйтэй байдлыг хангах, хяналт-шинжилгээгээр илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх

Биелэлт: Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шударга, ёс зүйтэй байдлыг хангах, хяналт-шинжилгээгээр илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, мэдээллийг ирүүлээгүй.

Тайлангийн хугацаанд Өргөө амаржих газрын албан ёсны цахим хуудсанд байгууллагын ил тод байдлын мэдээлэл болох санхүүгийн ил тод байдал, хүний нөөцийн үйл ажиллагаа, байгууллагын үйл ажиллагааны тайлан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, удирдлагын багийн гишүүд, өргөдөл гомдол шийдвэрлэлт, авилгын эсрэг үйл ажиллагаа зэрэг цэсэнд мэдээлэл байршуулаагүй байна. Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна.

-Зөвлөмж 9: Төрийн хэмнэлтийн тухай хууль, дагалдаж гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг мөрдөж ажиллах

Биелэлт: Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, шилэн дансанд холбогдох мэдээллийг байршуулсан гэж тайлагнасан боловч 2022 онд 18 мэдээллийг хуулийн хугацаа хоцроон мэдээлж, 4 төрлийн 21 мэдээллийг Шилэн дансанд байршуулаагүй байна. Үүнд:

1.Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний мэдээлэл-4, 5, 6, 2 дугаар улирал, 7, 8 сарууд;

2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн мэдэгдэл-4, 5, 6, 2 дугаар улирал, 7, 8 сарууд,

3.Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт-8 сар,

4.КОВИД-19 цар тахалтай холбоотой мөнгөн хандив тусламжийн мэдээлэл-8 сар,

5.КОВИД-19 цар тахалтай холбоотой материаллаг хандив, тусламжийн мэдээлэл-8 сар,

6.Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан-4, 5, 6, 2 дугаар улирал, 7, 8 саруудын мэдээллийг байршуулаагүй байгаа нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх 4.1.3 тогтоогдсон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх гэж заасантай нийцэхгүй байна.

Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна гэжээ./2хх 51-54/

Дээрх хяналт шалтгалтыг хийж илрүүлэн тогтоосон зөрчлийн баримтууд буюу зөвлөмжийн биелэлийг шалгаж дүгнэсэн баримтуудаар Өргөө амаржих газар төрөлжсөн эмнэлгийн захирал Ж.Э нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалаар батлагдсан 4 бүтцийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахыг үүрэг болгосныг зөрчсөн үйл баримт нь Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Бүтцийн зохион байгуулалт шинэчлэн батлах тухай А/57 дугаар тушаалаар байгууллагын бүтцийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалд нийцүүлэн шинэчлэн батлуулжээ. Өргөө эмнэлэг нь Эмнэлгийн захирал, Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 10 алба, 9 тасагтай үйл ажиллагаа явуулахаар баталсан байна. Түүнчлэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албыг Эмнэлгийн захирлын шууд удирдлагад хамааруулахаар шилжүүлэн баталжээ. Зөвлөмжийг хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн. зэргээр нэхэмжлэгч Ж.Эийг Хөдөлмөрийн гэрээний 8.1.2-т заасан албан тушаалын тодорхойлолтод заасан болон хууль тогтоомж, дүрэм, журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, ...нь эрх бүхий байгууллагын хяналт, шалтгалтаар тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцно гэж заасныг зөрчсөн болохыг нотлон тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Хөдөлмөрийн гэрээний 8.1.10-т ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан эсхүл төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчил гэж үзэхээр тохиролцсон тухайд:

Хариуцагч тал ...ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, эмнэлгийн үйлчилгээний болон төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул тушаалд үндэслэсэн Ёс зүйн хорооны дүгнэлт тайлбар, хяналт шалгалтаар тогтоогдсон гэж маргаж буй тайлбар нь хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдож байна. Үүнд:

Эмнэлгийн ажилтны ёс зүйн хяналтын хороонд Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болон ажлын байрны дарамтаас үүдэн ажлаас гарахаас өөр аргагүй болсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий 12 ажилтнуудаас гарын үсэг, утасны дугаараа бичиж гаргасан 2022.06.13-ны өдрийн өргөдөл, гомдолд: ...эмнэлгийн захирал Ж.Э тус амаржих газарт 2021 оны 02 дугаар сард захирлаар томилогдон ирсэн. ...Ковид цар тахал, үндсэн үйл ажиллагаагаа алдагдуулахгүй хичээн ажиллаж, маш их ядарч туйлдаж байгаа хамт олныг бугшсан идээ бээрийг шахах нэрийдлээр алхам тутамдаа ажлын байрны дарамт үзүүлж, хэл амаар доромжилж, өөрийн тойрон хүрээлсэн цөөн хэдэн хүний үгээр ажлаа явуулж жил 6 сарыг үдлээ. Зөвхөн өөрийн үзэл бодол, бусдын ховоор эмч, мэрэгжилтнүүдийг үнэлж тайлбар хэлэх боломжгүйгээр хашхичиж, өргөдлөө өг гэх байдлаар дарамталж, үндсэн үйл ажиллагаа алдагдтал 3-4 цагаар хурал нэртэй зөвхөн өөрөө хашхичиж, орилж ажлын 8 цагийн 40-50%-ийг нь үрдэг, удирдлагын ёс зүйгүй байдлаас шалтгаалж ихэнх чадварлаг мэргэжилтнүүд халширч, залхан ажлаа орхиж байна...тэргүүн зорилго нь эмч, эмнэлгийн ажилчдыг ажлаас халах, дарамтлах! ...Дүрс оношлогооны ганц мэргэшсэн эмчээ хөөгөөд явуулсан. Оронд нь эмч олдохгүй тусламж үйлчилгээ тасалдсаар... ажлын байрны дарамтаас шалтгаалан ажлаас гарсан эмч, ажилтнууд бид өөрсдийнхөө нэр хүндийг сэргээлгэхээр Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хооонд хандаж байна. ...Э захирлын удирдлагын ёс зүйгүй, дарамтлагч, доромжлогч, гүтгэгч, муйхарлан зүтгэгч үйлдлийг шалгаж зохих хариуцлагыг тооцож хамт олны нэр хүндийг сэргээж өгөхийг хүсэж байна гэжээ./2хх 9-12/

Монголын Эны ёс зүйн салбар хороонд Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ажилтнуудаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болон ажлын байрны дарамтаас шалтгаалан ажлаас гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөллөөс 2022.08.08-ны өдөр гаргасан өргөдөл, гомдолд: ...захирал Ж.Э нь ирсэн цагаасаа хойш Ковид цар тахлын хүнд үед ядарч туйлдаж байгаа ажилтнуудын сэтгэл зүйг дэмжихээсээ илүү бугшсан идээ бээрийг шахах нэрийдлээр алхам тутамдаа ажлын байрны дарамт үзүүлж, айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж, өөрийн тойрон хүрээлсэн цөөн хэдэн хүний хов жив, үзэмж, үгээр ажлаа явуулж 1 жил гаруй боллоо. Зөвхөн өөрийн үзэл бодол, бусдын ховоор эмч, мэргэжилтнүүдийг үнэлж, тайлбар хэлэх боломжгүйгээр хашхичиж, өргөдлөө өг гэх байдлаар дарамталдаг. ...өнөөдөр ажлаасаа халагдсан, ажлаасаа гарсан ажилтнуудын гомдол гэж хүлээн авахаас илүүтэй, одоо дарамттай ажиллаж байгаа, үгээ хэлж дуугарч чадахгүй олонхи ажилтнуудын эрх ашиг, ар гэр, үр хүүхдээ цалингаас цалингийн хооронд тэжээн амьдарч байгаа иргэний, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгааг онцлон анхааралдаа авч, асуудлыг шийдвэрлэж өгөхийг Хамт олны өмнөөс чин сэтгэлээсээ хүсч байна гэжээ. /2хх 13-17/

Нийслэлийн өргөө амаржих газрын дарга /захирал Ж.Э/-ын 2022.04.19-ний өдрийн Б/176 дугаартай С.Батцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, 2022.04.18-ны өдрийн Б/167 дугаартай Л.Амаржаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, С.Батцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, 2022.05.17-ны өдрийн Б/239 дугаартай Д.Сумьяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, 2022.05.03-ны өдрийн Б/235 дугаартай Д.Рэнцэнхандтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, 2022.04.18-ны өдрийн Б/111 дугаартай Ц.Амарбаясгалантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалуудын хуулбарууд, /2хх 18-22/

Эрүүл мэндийн сайдын 2022.04.08-ны өдрийн А/209 дугаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан, салбар хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо /Д.Оюунбилэг/-д даалгаж, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны ажлыг дэмжин ажиллаж, хорооны үйл ажиллагааны зардал, гишүүдэд үнэмлэх олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Төрийн нарийн бичгийн дарга /Ц.Эрдэмбилэг/-д үүрэг болгосон бөгөөд хавсралтад Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнд-Хяналтын хорооны дарга Д.Оюунбилэг... ,Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, Хяналтын хорооны нарийн бичгийн дарга - Ц.Тунгалагтамир, Эны Эмнэлгийн тусламж үйлчигээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, соён гэгээрүүлэх зөвлөлийн дарга - Б.Пүрэвжав, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт, судалгааны газрын дарга, Эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, соён гэгээрүүлэх зөвлөлийн гишүүд: М.Цэрэнбат, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биоанагаахын сургуулийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн дэд профессор, Б.Саранцэцэг, Шинэ анагаах ухааны их сургуулийн Инновацийн төвийн захирал, М.Ундрам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Өрхийн анагаах ухааны тэнхимийн ахлах багш, Ш.Цэрмаа, Натул эмнэлгийн сургалт, сувилахуйн албаны дарга, Ч.Батнайрамдал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал,

Орлогч дарга-Иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх зөвлөлийн дарга: Ш.Оюунчимэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Захиргаа, удирдлагын асуудал эрхэлсэн захирал, Иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх зөвлөлийн гишүүд: Б.Болорхорлоо, Эны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Ш.Алтанцэцэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны дарга, М.Болдбаатар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл, согогийн тасгийн эрхлэгч, Д.Цэцэгээ, Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, З.Хишигсүрэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, Ч.Одгэрэл, Генотологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламжийн албаны дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр томилогдсон байна./1хх 64-66/

Дээрх Ёс зүйн хорооны дарга Д.Оюунбилэг Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-т ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн гаргасан өргөдлийг хянан шалгах ажлын удирдамжийг 2022.07.26-ны өдөр баталж, 2022 оны 07 сарын 27-ноос 08 сарын 03-ны хооронд, шалгалтын бүрэлдэхүүнд: Ажлын хэсгийн ахлагч Ш.Алтанцэцэг, Бүрэлдэхүүнд: Б.Хандмаа, Б.Саранцэцэг, Ч.Одгэрэл нарыг оролцуулахаар томилсон бөгөөд 2022.08.03-ны өдөр Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-т ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн гаргасан өргөдлийг хянан шалгах ажлын удирдамжийг сунгахаар баталсан ба хугацааг 2022 оны 08 сарын 03-наас 09 сарын 03-ны хооронд сунгажээ./2хх 60-61, 65-66/

Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга Д.Оюунбилэг нь Өргөө амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч, ажилтнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авах асуулга бүхий хуудсыг 2022.07.25-ны өдөр баталсан талаархи баримт, /2хх 62-64/

ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны хурлын 2022.09.01-ний өдрийн 05 тоот тэмдэглэл /2хх 53-59/

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хийсэн хяналт шалгалтын тайлан, нэгдсэн дүгнэлтэд: ...хяналт шалтгалтаар илэрсэн зөрчил хэсэгт: 1.Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дэргэдэх Ёс зүйн хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг 2015 онд 5 гишүүнтэйгээр томилсон, мөн 2019 онд НЭМГ-ын Ёс зүйн салбар хорооны 15-р тогтоолоор шинэчлэн батлуулсан гэх боловч тухайн тушаалаар баталсан хавсралт байхгүй байгаа нь хэсгийн хороо яг бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан эсэх нь эргэлзээтэй, дарга нь зөвхөн Удирдлагын багийн шийдвэрээр асуудлыг шийддэг, хараат бус, бие даасан, хөндлөнгийн чиг үүрэгтэй ажиллах нөхцөл алдагдсан байна.

2.Эмч, ажиллагсдын нэр дээр гаргасан үйлчлүүлэгчээс ирүүлсэн ёс зүйтэй холбоотой гомдол гарсан гээд байгаа ч бүртгэлийн сан байхгүй, энэ нь нотлох баримтаар нотлогдсонгүй, зарим тохиолдолд авч хэлэлцүүлсэн, эвлэрүүлэн зуучилсан тухай хурлын тэмдэглэл байхгүй, зөвхөн Удирдлага болон Дотоод хяналтын ажилтан, Үйлчлүүлэгчийг дэмжих албанд ирсэн гэсэн гомдлын эх материалыг ажлын хэсэгт үзүүлээгүй. Мөн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны хүмүүстэй уулзаж байхад ёс зүйн чиглэлийн гомдол ирж байгаагүй гэсэн билүү. Энийг бас нэг лавлаад харчмаар байна. Хэрэв тийм бол энд оруулбал ямар байна.

3.Захирлын 2022 оны 3 сарын 16-ний өдрийн Б/110, Б/111, 2022 оны 4 сарын 19-ний өдрийн Б/176 дугаар тушаалаар гурван эмнэлгийн мэргэжилтэнд ёс зүйн зөрчилтэй гэж ажлаас чөлөөлсөн боловч Ёс зүйн хэсгийн хорооны хурлаар урьдчилан хэлэлцүүлдэггүй, шууд Удирдлагын баг руу шилжүүлдэг зөрчил илэрлээ.

4.Ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдлын дагуу зарим хүмүүст арга хэмжээ авсан гэх боловч тухайн хүндээ танилцуулдаггүй, зөвхөн Удирдлагын зөвлөлийн хурлаар шийдсэн байна.

5.2022 оны 8 сарын 08 хүртэлх хугацаанд ажлаас гарсан, чөлөөлөгдсөн, хариуцлага тооцсон тухай захирлын 396 тушаал гарсан гэээд байгаа боловч ажлын хэсэгт зөвхөн 84 тушаалыг ирүүлж бусад 312 тушаалыг ирүүлээгүй. Энэ 84 тушаал дотор Яамны дэргэдэх Ёс зүйн хяналтын хороонд өргөдөл гаргасан О.Алтангэрэл, Ж.Сувд-Эрдэнэ, О.Туяацэцэг нарын тушаал байгаагүй.

6.Ажлын хэсгээс тухайн байгууллагын эмч, ажиллагсад, өргөдөл гаргасан хүмүүсийн төлөөллүүдтэй хийсэн уулзалтаас харахад эмнэлгийн дарга Ж.Эийн зүгээс ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг, харилцаа хандлага, ажлын арга барилын доголдолтой, ёс зүйн зөрчил дутагдал гаргадаг, хууль эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэх, удирдлагын манлайлах, үлгэрлэх тал дээр учир дутагдалтай болох нь шалгалтаар илэрлээ.

7.Тухайн байгууллага дээр хүний нөөцийн бодлого алдагдаж, хамт олны уур амьсгал хэвийн бус, багаар ажиллах, бие биедээ итгэх итгэлцэл, байгууллагын соёл, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал доголдож байгаа нь харагдаж байна.

8.Уулзалт ярилцлагын дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тайван бус, ажлын байрны дарамт шахалт их, ажиллах орчин нөхцөл тайван бус, илүү цагаар ажиллуулдаг, Албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг хуваарилах, шаардах, удирдлага, удирдлагын багийн удирдах арга барил нэг талыг барьдаг, эмч, эмнэлгийн мэргэжитнүүд үг хэлэх, хариу тайлбар хэлэх боломж бүрдүүлдэггүй, ёс зүйгүй, хуулийн зүйл заалт уншиж, хавтаст хэргэ үүсгэнэ гэж айлган сүрдүүлдэг зэрэг зөрчлүүд байгааг илрүүллээ.

Дүгнэл, санал хэсэгт:

1.ӨАГТМЭ-ийн захирал Ж.Э нь Төрийн захиргааны болон албан хаагчийн ёс зүйн дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын 3.1.3 б. 3.1.7.а, б, е, ё, ж, Эрүүл мзндийн сайдын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай 2019 оны 406 дугаар тушаалын 6.1, 8.9, 9.4, 9.5, 9.6, 9.9 дэх заалт, ЭМСайдын 2017 оны А/256 тоот тушаалын 3-р хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны журмын 2.1.3., 2.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

2.ӨАГТМЭ-ийн захирал Ж.Этэй холбоотой өргөдөл гомдлын мөрөөр хийсэн шалгалтын нэгдсэн дүн, шалгалтын бүрэлдэхүүн холбогдох мэдээлэл, баримт, бичиг, судалгаанд дүн шинжилгээ хийж дараах саналыг хүргүүлж байна.

Үүнд: Удирдлагын үйл ажиллагааг сайжруулах дэмжлэг үзүүлэх менежментийн баг оруулах;

Дутагдалтай байгаа хүний нөөцийг бүрдүүлж, эмчилгээ үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангах,

Ажилчдын ажлын байрны стрессийн түвшинг бодитой үнэлүүлэх, ажлын байрны дарамт шахалт үзүүлэхгүй орчинг бүрдүүлэх

Ёс зүйн салбар хороог шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах; Ёс зүйн салбар хорооны бие даасан, хөндлөнгийн хараат бус байдлаар ажиллах нөхцөлийг хангах гэжээ./2хх 43-52/

Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь хяналт, шалгалтыг хийж дуусгаад, 2022.09.09-ний өдөр Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ж.Эт 22/01 дугаар зөвлөмжийг 2022.09.09-ий өдрийн 22/74 тоот албан бичгээр хүргүүлсэн, мөн гомдол гаргасан С.Батцэцэг, Л.Амаржаргал болон нэр бүхий иргэдэд 2022.09.09-ний өдрийн 22/75 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод 2022.09.09-ний өдрийн 22/73 тоот албан бичгээр Дүгнэлт хүргүүлсэн талаархи бичгийн баримтууд тус тус авагджээ./1хх 33-38/

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх гэрчээс мэдүүлэг авсан ба Санал асуулгын хуудсаар тус эмнэлгийн эмч, ажилтнаас санал асуулга цахимаар авсан эсэх талаар гэрч Б.Өлзийхишиг ...гүүглэ форумыг бөглөсөн...гэх, гэрч А.Гандулам ...нэгдсэн журмаар захиргааны үйл ажиллагаа ямар байна гэсэн асуулт байсан гэх, гэрч П.Эрдэнэцэцэг ...санал асуулгыг бүгдэд нь хүргэж цаасаар авна гэсэн. Цаасаар авахын хувьд би 3 тасагт өөрөө дагуулж ороод, цаасаар аваагүй нь мэйлд ирсэн. Өмнөөс нь ороод мэйлээр бөглөсөн, цаасаар бөглөсөн дээр ёс зүйн хороонд итгэхгүй байгаа, хэт нэг талыг барьсан...гэх, гэрч Ц.Алтантуяа ...надад 4 удаа мэйл ирж байсан, тэр асуулга дээр удирдлагын зүгээс дарамт байна уу гээд аль удирдлагыг хэлээд байгаа нь ойлгомжгүй, Э таныг дарамтласан уу гэсэн зүйл байхгүй. Аль нэг хүнтэй нь таагүй харилцаатай хүн тиймээ гээд бөглөх боломжтой юм. Эзэн биегүй асуулт олон байсан гэжээ.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэлээ болгосон Эны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 22/73 дугаартай албан тоотоор ирүүлсэн дүгнэлтэд: ...сэтгэл ханамжийн судалгааг цахим болон цаасан хэлбэрээр 2022 оны 07 дугаар сарын 30-аас 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулан 273 (58%) эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах албан тушаалтан хамрагдаж, эмнэлгийн захирлын харилцаа, хандлагыг 54% нь сөрөг, 22% нь эерэг, 21% нь хариулж мэдэхгүй, 7% нь нэмэлт хариулт хэлсэн байна.

1.Хяналт шалтгалтаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ж.Эийн ёс зүйтэй холбоотой дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд: Төрийн захиргааны болон албан хаагчийн ёс зүйн дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын 3.1.3 б Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх, 3.1.7.а Удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх, 3.1.7.б хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх, 3.1.7.е Ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, ёс зүйн сургалт зохион байгуулах, 3.1.7.ё Удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр албаны хэдийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх, 3.1.7.ж Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх,

2.Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн 6.1 Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгийгээ харилцан хүндэтгэсэн, дэмжсэн, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн шударга, хамтын ажиллагааны зарчмд үндэслэнэ, 8.9 үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх, бэлгийн дарамтанд оруулахгүй байх, 9.4 Эрүүл мэндийн удирдах ажилтан нь давуу байдлаа ашиглан, албан тушаалын тодорхойлолтын хүрээнээс хэтэрч, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгөөс оролцохгүй, тулган шаардахгүй байх, 9.6. Эрүүл мэндийн удирдах ажилтан нь байгууллагын хэмжээнд ёс зүйн дүрмийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ёс зүйн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ, 9.9. Ёс зүйн асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэлэлцүүлэх ажлын орчныг бүрдүүлэх, байгууллагын соёлыг эрхэмлэсэн, эрүүл ажлын байрыг дэмжин ажиллана,

3.Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны журам-ын 2.1.3 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, албан тушаалтан, байгууллагаас ирүүлсэн гомдол, өргөдөл, бусад материалыг хүлээн авах, хянан судалж, хэлэлцэн шийдвэрлэх, 2.1.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон тохиолдолд арга хэмжээ авах саналыг ажил олгогчид хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох мэдээг Салбар хороонд хүргүүлэх, зөрчлийн мэдээний санд тухай бүр бүртгүүлэх зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдлоо гэжээ.

Дээрх бичгийн баримтаар хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаалд баримтласан Хөдөлмөрийн гэрээний 8.1.10-т ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан эсхүл төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж зааснаар захирал Ж.Эийн гаргасан зөрчлийг шалган тогтоосон байна гэж шүүхээс дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож бичгээр байгуулах, гэрээнд ямар ажил үүргийг хаана, хэрхэн гүйцэтгэх, цалин хөлсний хэмжээ, ажил амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга болон гомдол гаргах журам, ажлын байранд тавигдах чадвар, чадамжийн шаардлага зэргийг тусгах-аар заажээ.

Хавтас хэрэгт авагдсан талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд Гэрээг цуцалж дуусгавар болгох, сахилгын шийтгэл ногдуулах, 8.1-д дор дурьдсан нөхцлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана гээд 8.1.1-ээс 8.1.11-т нийт 11 зөрчлийг нэрлэн зааж, тохиролцсон байна.

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Өргөө амаржих газар-т ажиллаж буй болон ажлаас гаргасан гэх нэр бүхий гэрч Ц.Мөнхцэцэг, Л.Гантулга, П.Эрдэнэцэцэг, Б.Өлзийхишиг, А.Гандулам, У.Алтантуяа нараас мэдүүлэг авсан нь хэргийн 86-128 дахь талуудад авагдсан эдгээрийн мэдүүлгийг шүүх бусад бичгийн баримтаар хөдөлбөргүй нотлогдоогүй гэж дүгнэсэн болно.

Дээрхээс ажил олгогчийн зүгээс ажилтан Ж.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлдээ баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ноцтой зөрчлийг Ж.Эийг гаргасан болохыг шалган тогтоож, бичгийн баримтаар нотолсон байна гэж дүгнэлээ.

Иймд ажилтан /захирал/ Ж.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогч Эрүүл мэндийн сайд-ын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бо/72 дугаартай тушаал үндэслэл бүхий байна, нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж чадаагүй, хариуцагч талыг нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан болохыг шалган тогтоогоогүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хэргийн баримтаар нотлогдоогүй гэж маргаж байх боловч хариуцагчаас гаргасан бичгийн баримтыг үгүйсгэж буй тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгч Ж.Эийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Эанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хувиарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эанд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай Ж.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Ж.Эийн улсын тэмдэгтийн хураамжид 2022-11-11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ