Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/00211

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 15 181/ШШ2024/00211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух ... овогт С.Ц /РД: ........./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. давхарт оршин байрлах ГСАЗ ХХК /РД:5857481/ болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн шаардлагатай,

 

2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч ГСАЗ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч ГСАЗ ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ГСАЗ ХХК -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. ...миний бие 2017 оноос хойш ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажилладаг байсан. Гэтэл намайг ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна. Энэхүү шийдвэрийн хуулбарыг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авсан. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

1.2. ...ГСАЗ ХХК -ийн ТУЗ-өөс миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу хамтран хариуцагчаар татан оролцуулж, дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. ГСАЗ ХХК -ийн ТУЗ-д холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг, ГСАЗ ХХК -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг тус тус гаргаж байна. ...

1.3. ...нэхэмжлэгч тус компанид 2017 оноос хойш ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гэнэтийн байдлаар хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тодруулбал, гэрээний дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлах тодорхой үндэслэл, нөхцөл байдал бий болсон бол түүнийг тогтоосны эцэст шийдвэрлэх ёстой байтал ийнхүү шийдвэрлээгүйд нэхэмжлэгч гомдолтой байгаа. ТУЗ нь удирдамжийн дагуу асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх журмаа зөрчиж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байдаг. Мөн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.1, 9.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөлийг зөрчсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг нотолж байна. Түүнчлэн Ц.Цолмон нь Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, ЭМ ХХК-иар хэлэлцэх асуудал, удирдамжгүй, төлөөлөн шийдвэрлэх эрхгүйгээр ийнхүү шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 7 хоногийн ажлын 5 өдөр ажилладаг, компаниас хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлж, ажил үүргээ гүйцэтгэх өрөө, ширээ, сандал, зөөврийн компьютер, бичиг хэрэгслийн зүйлс, ажил гүйцэтгэхэд хэрэгцээт зүйлсээр хангагдан ажиллаж байсан. Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно. гэж заасан тул ажил эгүүлэн томилуулах шаардлагыг ТУЗ-д, бусад шаардлагыг компанид холбогдуулан гаргасан. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэнээр ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах боломжтой бөгөөд уг албан тушаал нь байнгын ажлын байр юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ёстой учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

2.1. ...ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох эрх нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, ЭМ ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.17 дахь хэсэг, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн ажиллах нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар ТУЗ, түүний даргын эрхэд хамаардаг болно. ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор ТУЗ-ийн нарийн бичгийн дарга С.Цыг гишүүдийн саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

2.2. ...С.Ц нь ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд томилогдсоноос 6 сарын дараа ЭМ ХХК-ийн охин компани болох ШО ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд давхар томилогдож 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж, цалин авдаг байсан. Хоёр талд байнгын ажлын байранд зэрэг ажиллах боломжгүй. ... гэжээ.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

3.1. ...С.Ц нь ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоор ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилогдож, ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн. С.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар Ц.Б ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Ц.Б байсан. ГСАЗ ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Ц.Б нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон байх бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байжээ. Гэтэл С.Ц нь тухайн үед Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, ТУЗ-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ТУЗ-ийн даргаар томилогдсон, ЭМ ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан С.Этай ГСАЗ ХХК -ийн нэрийн доор байнгын ажлын байранд хийгддэг хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь эрх зүйн чадамжгүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. С.Э нь Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам, ГСАЗ ХХК -ийн дүрмийн 8.2.1-д заасны дагуу авто зам өмчлөгчийг төлөөлж хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Түүний хувьд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ГСАЗ ХХК болон тус компанийн ТУЗ-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгогдоогүй этгээд юм. ГСАЗ ХХК -ийн дүрмийн 8.5 дахь хэсэгт ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг Компанийн тухай хууль болон Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нийцүүлэн тодорхойлно. гэж заасан. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.13-т зааснаар компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох эрх нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах бөгөөд Төрийн өмчит компанийн хувьд Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 80 дугаар тогтоолын хавсралт Төрийн өмчийн оролцоотой хуулийк этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам-ын 3.7-д Энэ журмын 3.6-д заасан цалин хөлсний хэмжээг тухайн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, санхүү эдийн засгийн байдлыг харгалзан Хувьцаа эзэмшигчдийн хурал тогтооно. Цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна гэсэн зохицуулалт нь ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд хамааралтай ба Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн харьяалалд хамаарах байнгын бус ажлын байр юм. С.Ц нь ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд томилогдсоноос 6 сарын дараа ЭМ ХХК-ийн охин компани болох ШО ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд давхар томилогдож 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эрхэм ах С.Этай хөдөлмөрийн гэрээ байгуулж өөрийн цалин хөлсийг 2 500,000 төгрөгөөр тогтоолгон 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан байдаг. С.Ц нь ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар 2017 оны 4 дүгээр сарын 10-наас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээг үндэслэж өөрийн цалин хөлсийг сарын 2,1 сая төгрөгөөр ТУЗ-ийн төсөвт суулгуулах замаар 43,558,687 төгрөгийг холбогдох дүрэм, журмыг зөрчин хүлээн авсан байдаг юм. 2017-2021 онуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000-420,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан гэж тооцвол холбогдох журмын дагуу түүнд олгох цалин хөлсний дээд хэмжээ 480,000-840,000 төгрөг байжээ. Энэ асуудал нь хэдийгээр дан ганц С.Ц-ын буруутай үйлдэл биш бөгөөд тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдэл, цаашлаад Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдүүдийн хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан, санхүү, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллуулах үүргээ умартсан, өөрсдийн хамааралтай этгээдүүдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх боломжийг бий болгосон үйлдэл юм. Гэтэл өдрийн 8 цагаар байнгын ажлын байранд ажиллаж байгаа үндсэн ажилтнууд С.Цаас даруй 2 дахин бага цалинтай байгаа юм. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс энэ асуудлыг холбогдох шат шатны байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр болсон байна. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн ажилтан гэх статустай ба ГСАЗ ХХК -д цаг бүртгүүлдэггүй, үндсэн ажилтан биш юм. С.Ц нь 2017 оноос хойш 4 жил ажиллаж байх хугацаандаа нийт 5 удаагийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, 32 удаагийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцсон.

3.2. С.Ц нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ГСАЗ ХХК -ийн захиргаа, хүний нөөцийн албанд хандан ажлаас чөлөөлөгдсөн, хамрын дайвар хөндийн хагалгаанд орох болсон тул 6 сарын цалин хөлстэй тэнцэх буцалтгүй тусламж хүссэн өргөдөл өгсөн байдаг. Энэхүү өргөдлийн дагуу ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирал асан С.Э 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/73 тоот тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасны дагуу ГСАЗ ХХК -ийн санхүү 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн Хаанбанкны 5034468543 тоот дансанд 5,326,709 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирал С.Эы Б/57 тоот тушаалаар С.Цыг захирлын туслахын үүрэгт ажилд томилсон байх бөгөөд цалин хөлсийг 1,650,000 төгрөг байхаар тогтоож хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Гэвч С.Ц нь энэ ажлын саналыг хүлээж аваагүй тул ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирал С.Эы 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 тушаалаар ажлаас чөлөөлж өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь мөн өдөр буцалтгүй тусламж хүссэн өргөдлийг С.Эы оролцоотойгоор шийдүүлсэн байдаг юм. С.Ц нь буцалтгүй тусламж хүссэн өргөдөлдөө өөрийн хувийн байдлыг нотолсон эмнэлгийн ямар нэгэн магадлал баримт хавсаргаагүй бөгөөд гүйцэтгэх захирал С.Э нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, Үндсэн үйл ажиллагаанаас бусад нэмэлт орлогыг захиран зарцуулах, тайлагнах бүртгэлд утсгах журам-ын 3.1.7-д заасан заалтыг тус тус үндэслэн буцалтгүй тусламж олгосон нь хууль, дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаагүй, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл юм. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтанд олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламж нь гагцхүү ГСАЗ ХХК -ийн үндсэн ажилтанд хамааралтай зохицуулалт бөгөөд тус журамд өргөдөлд дурдсанчлан хагалгаанд ороход 3 сарын тэтгэмж олгох тухай зохицуулалт байхгүйгээс гадна, гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дүгээр тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолуудын бүтэц орон тооны задаргаанд ГСАЗ ХХК -ийн үндсэн ажилтанд нарийн бичгийн орон тоо байхгүй байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа болно. гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

4.1. ...С.Ц нь 2017 оны 4 дүгээр сараас тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхлээд 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн байх бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүсгэхгүйгээр ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах боломжгүй юм. Мөн С.Ц нь өдөр бүр ажилдаа ирж, цаг бүртгүүлэн, сар бүр цагийн бүртгэлээ нягтлан бодогчид өгч, цалингаа авдаг байсан. Энэхүү нөхцөл байдал нь талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нараас хүлээн зөвшөөрч, чөлөөлөгдөх хүртэл цалинг нь өгч байжээ. С.Цыг 4 жил гаруйн хугацаанд ажиллуулж байснаа одоо хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа нь үндэслэлгүй. Бодит байдал дээр энэхүү гэрээ хэрэгжиж, түүний дагуу хөдөлмөрийн харилцаа үүсээд, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажиллах орчин болон техник хэрэгслээр ханган, цалин хөлсийг нь өгдөг байсан. Түүнчлэн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д "байнгын ажлын байр" гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг" ойлгохоор заасан бөгөөд С.Ц нь ГСАЗ ХХК -ийн байрлаж буй оффист ТУЗ-ийн нарийн бичгийн даргын чиг үүргийг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу, ажил олгогчоос хариуцуулж өгсөн зөөврийн болон суурин компьютер, ажилчид дунд ашиглагддаг принтер, ажил олгогчоос гаргаж өгсөн өрөө, ширээ, сандал, дуу хураагуур, бичгийн цаас болон бусад ажилд шаардлагатай техник хэрэгслээр ажлаа хийж, сар бүр цалингаа авч, амралтын болон бусад урамшуулал, нэмэлт хөлсийг холбогдох журмын дагуу авч байсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн хувьд ч үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.2. Хоёрдахь шаардлагын тухайд хариуцагч нарын зүгээс бодит нөхцөл байдлыг шүүхэд өөрөөр тайлбарлаж байх бөгөөд түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхгүй байгаа. Тодруулбал, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын бичлэгийг хариуцагчаас гаргуулах гэхэд устсан гэсэн мөртлөө шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын бичлэгийг гаргаж өгчээ. Бүх хурлын бичлэг, дуу хураагуур дотор байдаг. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ТУЗ-ийн хурал дээр урамшуулал олгох талаар яригдсан бөгөөд 5,326,709 төгрөг нь ТУЗ-ийн тогтоолоор урамшуулал болон амралтын мөнгө гэж орсон. Иймд дээрх шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

 

5. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

5.1. Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр ТУЗ-ын нарийн бичгийн даргыг чөлөөлөх тухай тогтоол /хувилсан хувь/, ГСАЗ ХХК -тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт талаарх тодорхойлолт /2017.4-2021.2 хүртэлх/, Э.Бд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ГСАЗ ХХК -ийн ХЭ-ийн ээлжит болон ээлжит бус хурлуудаас гарсан тогтоол, шийдвэрүүд хүлээлцсэн акт /хувилсан хувь/, ШО ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолын хувилсан хувь /1хх 2-9, 143, 2хх 71/-ийг,

 

5.2. Хариуцагчаас: ГСАЗ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Л.М, Г.А, Л.Г, Д.Д, Э.Б нарт, ТУЗ-өөс Л.Г, Д.Д нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх тухай тогтоол, өмгөөлөгч Ж.Г-той байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг томилох тухай тогтоолын хуулбар, ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 дүгээр С.Цыг ажлаас чөлөөлөх тухай, 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Б/57 дугаар С.Цыг хөлсөөр ажиллуулах тухай тушаалын хуулбарууд, ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар Урамшуулал олгох тухай тогтоолын хуулбар, С.Цын ГСАЗ ХХК -ийн Захиргаа, хүний нөөцийн албанд гаргасан 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлт, гүйцэтгэх захирлын С.Цт буцалтгүй тусламж олгох тухай тушаалын ноорог, ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, ТУЗ-ийн гишүүдийн 2021 оны төсөв, ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн дарга Ц.Цолмонгийн тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан тайлбар, ШО ХК-иас ГСАЗ ХХК -д хүргүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/755 дугаар албан бичиг, ШО ХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 79 дүгээр тодорхойлолтын хуулбар, ШО ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох тухай, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолын хуулбарууд, С.Цын НДШ, ХХОАТ, ГОЦ-н тооцооны хуулбар /2017-2021 хүртэлх/, ГСАЗ ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолын хуулбар, ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилох тухай тогтоолын хуулбар, ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар Цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар Компанийн шинэчилсэн бүтцийг батлах тухай тогтоолын хуулбарууд /хавсралтын хамт/, ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/73 дугаар С.Цт буцалтгүй тусламж олгох тухай тушаалын хуулбар, ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан Үндсэн үйл ажиллагаанаас бусад нэмэлт орлогыг захиран зарцуулах, тайлагнах, бүртгэлд тусгах журмын хуулбар, ШО ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолын хуулбар, ШО ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/06 дугаар С.Цт тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар, С.Цын цалингийн хүснэгт /1хх 13-14, 20, 31, 34, 41, 44-60, 96-97, 150-152, 177-235, 2хх 85-89/-ийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

5.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2021/09520 дугаар захирамжийн дагуу:

- Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаар тогтоолоор баталсан ЭМ ХХК-ийн дүрэм /хувилсан хувь/,

- ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолт,

- ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, удирдамж, мөн өдрийн хурлын тэмдэглэл,

- ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар,

- Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот тогтоолоор баталсан ГСАЗ ХХК -ийн дүрмийн хуулбар,

- ГСАЗ ХХК -иас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1-272/2023 дугаар ...хариуцагч компанийн ТУЗ-ийн хурлыг зохион байгуулах болон ажиллах журам нь батлагдаагүй ийм журам хэрэгжүүлдэггүй... гэсэн хариу албан бичиг /1хх 46-47, 65-95, 160-162, 204-225, 2хх 100-143/-ийг,

 

2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2021/10820 дугаар захирамжийн дагуу:

- ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай тогтоол /1хх 112/-ыг,

 

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2021/14608 дугаар захирамжийн дагуу:

- ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар,

- ГСАЗ ХХК -иас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1-272/2023 дугаар ...хариуцагч компанийн ТУЗ-ийн хурлыг зохион байгуулах болон ажиллах журам нь батлагдаагүй ийм журам хэрэгжүүлдэггүй... гэсэн хариу албан бичиг ,

- ГСАЗ ХХК -иас тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01/04 дүгээр ...С.Цыг ажиллаж байх хугацаанд хэрэгжиж байсан Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно. гэсэн хариу албан бичиг, хавсралтаар ажилтнуудын танилцвал зохих хүний нөөцтэй холбоотой журам, мэдээлэл болон баталгааны хуудас /1хх 117-135, 2хх 100, 164-188, 205-206/-ыг,

 

2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2022/09777 дугаар захирамжийн дагуу:

- ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн хуралд ЭМ ХХК-ийн төлөөллийг хэрэгжүүлэгчийн баримтлах 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн удирдамжийн хуулбар,

- ЭМ ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан ЭМ ХХК-ийн төлөөлийг охин болон хараат компанид хэрэгжүүлэх журмын хуулбар,

- ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн хурлаас гарсан шийдвэр, тогтоол хүлээлцсэн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Sony брендийн дуу хураагч,

- ГСАЗ ХХК -иас тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1-471/2022 дугаар ...нарийн бичгийн дарга Г.Алтаншагай нь Солонгос Улсад магистраар суралцах болсон ба 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Дуу хураагуурт байх 2.26 gb 21 файл нь нарийн бичгийн дарга Г.А-гийн ажлын зөөврийн компьютерт байх ба тус зөөвийн компьютер нь эвдрэлийн улмаас засварт байна. Иймд хурлын шийдвэр, тогтоол хүлээлцсэн акт болон 2.26 gb файлыг одоогоор хүргүүлэх боломжгүй байна. хариу албан бичиг,

- ГСАЗ ХХК -иас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1-308/2023 дугаар ...С.Цын ажиллаж байх хугацаанд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан дүрмийг дагаж мөрдөж байсан. Уг дүрмийг 2017 онд хугацаа хоцроон бүртгүүлсэн байна. Иймд 2017 онд компанийн дүрэмд өөрчлөлт орсон зүйл байхгүй болно. гэсэн хариу албан бичиг /1хх 158-167, 2хх 163/-ийг,

 

2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2022/12373 дугаар захирамжийн дагуу:

- Sony брендийн дуу хураагчид ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын ярианы бичлэг хадгалагдаж байгаа эсэхэд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 55/-ийг,

 

2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/00772 дугаар шүүгчийн захирамжийн дагуу:

- ГСАЗ ХХК -иас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1-21/2023 дугаар ...нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Алтаншагай нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч 2 сарын турш ажилдаа ирээгүй алга бол 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ТУЗ-ийн дотоод хянан шалгагч Д.Д тай ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэхэд С.Цтай ажил хүлээлцсэн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн акт, ТУЗ-ийн хурлын дуу хураагуурууд, файл хүлээлгэж өгөөгүй ба зөөврийн компьютер эвдэрсэн гэж ажил хүлээлцэх актад гарын үсэг зурсан... гэсэн хариу албан бичиг, хавсралтаар Г.А-гийн ТУЗ-ийн даргад 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ажил хүлээлцэх акт,

- С.Цын цагийн бүртгэл, цалингийн цэсний хуулбар /2017-2021 хүртэлх/,

- ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 2 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар Урамшуулал олгох тухай тогтоолын хуулбар, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн даалгавар,

- Л.Баатарсүрэн, Н.Шатарчулуун нарын гэрчээр өгсөн мэдүүлэг,

- ГСАЗ ХХК -иас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1-272/2023 дугаар ...ТУЗ-ийн хурлаас гарсан шийдвэр, тогтоол, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ажил хүлээлцсэн акт зэрэг нотлох браимтуудыг С.Ц нь хүлээлгэж өгөөгүй болно. гэсэн хариу албан бичиг /1хх 199-201, 2хх 1-46, 60-62, 2хх 100, 146-149/-ийг,

 

2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/05142 дугаар захирамжийн дагуу:

- ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын ярианы бичлэг хадгалагдаж буй CD, DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 56-58/-ийг,

 

2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2023/15043 дугаар захирамжийн дагуу:

- ЭМ ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/755 дугаар ...тус компанийн хараат болон охин компанийн ТУЗ-ийн тогтоол, шийдвэрийг тухайн компаниуд нь өөрсдөө бүртгэж, архивлан хадгалдаг бөгөөд захирамжид дурдсан ШО ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол манай компанид эх хувиараа байхгүй... гэсэн хариу албан бичиг,

- ШО ХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/684 дүгээр ...тус компанид иргэн С.Цыг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй болно. гэсэн хариу албан бичиг,

- ШО ХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/910 дугаар ...тогтоолуудыг архиваас шүүн үзэхэд С.Ц-ыг өөрийн хүсэлтээр ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоол гарч ирээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. гэсэн албан бичиг,

ШО ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх тухай тогтоол /2хх 76-77, 79-80, 161-162/-ыг,

 

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2024/00265 дугаар захирамжийн дагуу:

- Монголын нотариатчдын танхим-аас тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар албан бичиг, хавсралтаар нотариатч Ч.Э-ын тайлбар, бичиг баримтын хуулбарын бүртгэлийн дэвтрийн хуулбар,

-С.Цын [email protected] и-мэйл хаягт [email protected] хаягаас ирүүлсэн цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /2хх 200-204, 208-211/-ын хамт,

 

5.4. Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2023/09508 дугаар захирамжийн дагуу:

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ...нэхэмжлэгч нь ШО ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор өөрийн хүсэлтээр ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг бөгөөд мэргэжлийн байгууллага ажиллаагүй, ямар нэгэн дүгнэлт гараагүй болно. Мөн нэхэмжлэгч нь хамрын дайвар эдийн хагалгаанд орох шаардлагатай гэж байсан боловч одоог хүртэл орж чадаагүй байна. ... гэсэн тайлбар /2хх 69/-ыг тус тус шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

Зохигчид шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн захирамжийн биелэлтүүд бүрэн хангагдсан, цаашид бүрдүүлэх баримт байхгүй гэснийг үндэслэн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч ГСАЗ ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд:

- ...миний бие 2017 оны 4 дүгээр сараас эхлэн ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Ийнхүү ажиллах хугацаандаа 7 хоногт ажлын 5 өдөр ажиллаж, ажил олгогч компаниас хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн багаж хэрэгслээр хангаж, цалин хөлс олгодог байсан. Уг албан тушаал нь байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ёстой. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний 9.1, 9.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөлийг зөрчсөний сацуу ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, удирдамжид тусгагдаагүй асуудлаар хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд ГСАЗ ХХК -ийн ТУЗ-д холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ГСАЗ ХХК -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус гаргаж байна... гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох эрх нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, ЭМ ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.17 дахь хэсэг, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн ажиллах нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар ТУЗ, түүний даргын эрхэд хамаардаг. ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор ТУЗ-ийн нарийн бичгийн дарга С.Цыг гишүүдийн саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. С.Ц нь ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд томилогдсоноос 6 сарын дараа ЭМ ХХК-ийн охин компани болох ШО ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд давхар томилогдож 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж, цалин авдаг байсан. Хоёр талд байнгын ажлын байранд зэрэг ажиллах боломжгүй. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн ажилтан гэх статустай ба ГСАЗ ХХК -д цаг бүртгүүлдэггүй, үндсэн ажилтан биш юм... гэжээ.

 

4. Хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

- ...С.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч тухайн гэрээг байгуулах үед ГСАЗ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар Ц.Б ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох Ц.Б нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан тул ... ЭМ ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан С.Этай ГСАЗ ХХК -ийн нэрийн доор байнгын ажлын байранд хийгддэг хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь эрх зүйн чадамжгүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм...,

- ... С.Ц нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ГСАЗ ХХК -ийн захиргаа, хүний нөөцийн албанд хандан хамрын дайвар хөндийн хагалгаанд орох болсон тул 6 сарын цалин хөлстэй тэнцэх буцалтгүй тусламж хүссэн өргөдөлдөө эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримт хавсаргаагүй байхад гүйцэтгэх захирал асан С.Эы 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/73 тоот тушаалаар түүнд 3 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасны дагуу ... 5,326,709 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн. Гүйцэтгэх захирал С.Э нь хууль, дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаагүй, эрх мэдлээ хэтрүүлсэн... гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

- ...4 жил гаруйн хугацаанд ажиллуулж байснаа одоо хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа нь үндэслэлгүй. Бодит байдал дээр энэхүү гэрээ хэрэгжиж, түүний дагуу хөдөлмөрийн харилцаа үүсээд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажиллах орчин болон техник хэрэгслээр ханган, цалин хөлсийг нь өгдөг байсан...

- ...ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хурал дээр урамшуулал олгох талаар яригдсан бөгөөд 5,326,709 төгрөг нь ТУЗ-ийн тогтоолоор олгогдсон урамшуулал, амралтын мөнгө юм... гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. С.Ц нь ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоор тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг тус компанийн гүйцэтгэх захирал гэх С.Этай байгуулж, ... Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт нэрлэн заасан ажлыг хийж гүйцэтгэх, сарын үндсэн цалин 2,100,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

 

6.2. Ийнхүү ажиллах хугацаандаа тэрээр мөн ЭМ ХХК-ийн охин компани болох ШО ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоолоор тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилогдож, сарын 2,500,000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллаж байгаад ТУЗ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор түүнийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж байжээ.

 

6.3. Улмаар ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга С.Цыг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба ТУЗ-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор түүнд ажлын үр дүнг харгалзан ТУЗ-ийн даргын 3 сарын урамшуулалтай дүйцэхүйц хэмжээний мөнгөөр урамшуулахаар, урамшууллыг холбогдох журмын дагуу олгохыг Гүйцэтгэх захирал /С.Э/-д үүрэг болгожээ.

 

6.4. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон дээрх шийдвэрийг С.Ц 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн гэх бөгөөд хувийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

7. Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан, 2017 оны 4 дүгээр сарын 15-наас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар маргаагүй.

 

Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэл хуульд нийцсэн эсэх, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч 5,326,709 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар маргаж байна.

 

8. Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно. гэж, Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот тогтоолоор баталсан ГСАЗ ХХК -ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т ТУЗ нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан эрхийг эдлэхээс гадна, компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг батлах эрхтэй. гэж тус тус заасан.

 

ГСАЗ ХХК -ийн ТУЗ нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэх бусад асуудлын хүрээнд тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга С.Цын ШО ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлыг давхар гүйцэтгэж, цалин хөлс авсан байдлыг танилцуулж, цаашид түүнтэй хамтарч ажиллах талаар санал хураахад, ТУЗ-ийн даргын саналыг бусад 8 гишүүнээс дэмжиж, улмаар С.Цыг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрт хүрчээ.

 

Энэхүү шийдвэр нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 80.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон ба ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн хуралд ЭМ ХХК-ийн төлөөллийг хэрэгжүүлэгчийн баримтлах удирдамжийн 2.8.2-т ...дотоод хянан шалгагч, нарийн бичиг нарын жилийн эцсийн урамшууллын талаар шалгаж, холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх; гэж заасанд харшлаагүй байна.

Түүнчлэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх явцад, Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжих, бэлэн байдлын зэргийг бууруулах, бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчлэн шилжих гэх мэт тогтоолуудыг гаргаж байсан бөгөөд үүнтэй холбогдуулан дээрх хурлыг цахим /Zoom/ хэлбэрээр явуулжээ.

 

Хэдийгээр цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаан хуралд оролцсон ТУЗ-ийн гишүүд хурлын тэмдэглэлд гарын үсгээ зураагүй байх боловч тэдгээрийг хуралд оролцоогүй гэж үзэхгүй ба Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.12 дахь хэсэгт зааснаар тухайн тэмдэглэлийн үнэн зөвийг баталгаажуулж, хурлын дарга гарын үсгээ зурсныг буруутгах аргагүй байна.

 

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч талын хүсэлтээр хурлын ярианы бичлэг хадгалагдаж буй CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч талын гаргаж өгсөн хурлын тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тал бүрээс нь судалбал хуралд оролцсон гишүүдийн тоо, хурлаар хэлэлцсэн асуудал, санал хураалтаар шийдвэрлэсэн байдал зэрэг тохирч байгаагаас гадна, энэ хуралд нэхэмжлэгч нь дараагийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга буюу өөрийнх нь оронд томилогдсон Г.Алтаншагайн хамт оролцсон байх тул тэрээр ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээгүй гэж үзэхээргүй байна.

 

9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

9.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг тус компанийн гүйцэтгэх захирал гэх С.Этай байгуулж, ... Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт нэрлэн заасан ажлыг хийж гүйцэтгэх, сарын үндсэн цалин 2,100,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

 

ГСАЗ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээс үзвэл Ц.Б-ыг гүйцэтгэх захирлаар томилсоныг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, Б.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус тус бүртгэснийг тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ байгуулагдах үед С.Э нь тус компанийн гүйцэтгэх захирал байсан гэж үзэхээргүй байх ба түүнд ажил олгогчийг төлөөлж, ажилтантай ийнхүү хэлцэл хийх эрх олгогдсон баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 15-наас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажил үүргийг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байдлыг нь хүлээн зөвшөөрч, ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар авч хэлэлцсэн зэргээс үзвэл Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

 

9.2. ГСАЗ ХХК -ийн ТУЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Ц, дотоод хянан шалгагчаар ажиллаж байсан А.Мөнхболд нарыг урамшуулах асуудлыг хэлэлцэж, улмаар ТУЗ-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тэдний ажлын үр дүнг харгалзан ТУЗ-ийн даргын 3 сарын урамшуулалтай дүйцэхүйц хэмжээний мөнгөөр урамшуулахаар, урамшууллыг холбогдох журмын дагуу олгохыг Гүйцэтгэх захирал /С.Э/-д үүрэг болгожээ.

 

Уг тогтоолын дагуу ГСАЗ ХХК -ийн Хасбанк дахь 5001796050 дугаарын данснаас нэмжлэгчийн Хаанбанк дахь 5034468543 дугаарын дансанд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ТУЗ-н урамшуулал гэж 5,326,709.16 төгрөгийг шилжүүлсэн болох нь мөн өдрийн 015/4/3914 дүгээр төлбөрийн даалгавар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн хүснэгт зэргээр тодорхойлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, 5,326,709.16 төгрөгийг нэхэмжлэгчийн ГСАЗ ХХК -ийн Захиргаа, хүний нөөцийн албанд гаргасан 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлтийн дагуу тус компанийн гүйцэтгэх захирал С.Эы 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар олгогдсон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж үзэхээргүйн гадна, хариуцагчаас энэ талаарх гүйлгээ хийсэн баримт нотолгоог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэрэгт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу дээрх мөнгийг буцаан шаардах үндэслэлгүй гэж үзэв.

 

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч ГСАЗ ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай С.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Цт холбогдох 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч ГСАЗ ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН