Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/00076

 

2024 01 05 181/ШШ2024/00076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: И И М Г ХХК -д холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээний үүрэг, нэмэлт урамшуулал, тооцоо нийлэх гэрээний дагуу 118,311,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Т нь

“И И М Г” ХХК-тай 2022 оны 11-р сарын 11-ний өдрийн 22/10 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулж, тус компанид тамирчинаар ажиллахаар болсон. Түүний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн чиг үүргийн дагуу олон улсын болон дотоодын тэмцээнд амжилттай оролцож, бэлтгэл сургалт хөтөлбөрт бүрэн хамрагдаж, шууд удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажилласан. Б.Т нь “И И М Г” ХХК-ийн бусад тамирчдын хамт 2022 оны PUBG мобайл дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-д оролцохоор болсон. Улмаар тус тэмцээнд багаараа амжилттай оролцож тавдугаар байр эзэлсэн бөгөөд 80,000 ам.долларын шагнал хүртсэн. Гэтэл Б.Т болон Ихбит Испортс Мобайл Гэйминг нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл 4.3.6 дахь хэсэгт "...гадаад болон дотоод улсад зохион байгуулагдсан тэмцээнд оролцож мөнгөн шагнал хүртсэн тохиолдолд нийт дүнгийн 30 хувийг байгууллага, 70 хувийг ажилтанд нэмэлт урамшуулал болгон өгнө. Тухайн тэмцээнд зарцуулсан зардлыг хассан дүнгээс тооцно... гэж заасан. Тодруулбал дээрх тэмцээний шагналын сан болох 80,000 ам доллараас татварын 5 хувь болох 4,000 ам долларыг хасаж, үлдэгдэл 76,000 ам долларын 70 хувийг багийн 5 тамирчдад тэнцүү хуваан олгох бөгөөд нэг тамирчинд ногдох нэмэлт урамшуулал нь 10,640 ам доллар буюу 37,027,200 төгрөг, /2023 оны 04 сарын 27-ны өдрийн Монгол банкны хаалтын ханш буюу 3,480 төгрөгөөр тооцов./ байхаар байна. Гэвч “И И М Г” ХХК-ийн зүгээс шагналын сан болох 80,000 ам долларыг авсан атлаа өнөөдрийг хүртэл нэмэлт урамшууллыг олгохгүй байх бөгөөд энэхүү үйлдэл, эс үйлдэхүй нь хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн Б.Т нь 2020 оны PUBG мобайл дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-д амжилттай оролцож багаараа гуравдугаар байр эзэлсэн бөгөөд 100,000 ам долларын шагналын санг хүртсэн. Тухайн үед Зэүс е-спорт ХХК /одоогийн “И И М Г” ХХК/ нь ямар нэгэн санхүүжилтгүй байсан учир тус 100,000 ам долларын шагналын сангаас хуримтлал үүсгэж компанийн үйл ажиллагаанд зарцуулах болсон. Тодруулбал, багийн тамирчдад оногдох нэмэлт урамшуулал тус бүрээс 16,000,000 төгрөгийн хуримтлал үүсгэхээр авсан бөгөөд тус хуримтлалыг санхүүжилт авсан тохиолдолд буцаан олгох эсхүл хөдөлмөрийн гэрээ цуцлахаар болсон тохиодолд буцаан олгохоор харилцан тохиролцсон. “И И М Г” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2023.02.23-ны өдөр ажилтны санаачилгаар цуцалсан билээ. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор Б.Тийн зүгээс зөвхөн өөрийн авсан урамшуулал дээр харилцан тохиролцож тооцоо нийлсэн. Энэхүү нэхэмжлэлд шаардаж буй урамшууллыг олгохгүй бөгөөд гомдлоо холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх талаар “И И М Г” ХХК-ийн зүгээс мэдэгдсэн. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор гэрээнд заасны дагуу 2020 болон 2022 оны дэлхийн аваргын урамшууллуудыг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тооцож олгохыг Б.Тийн зүгээс шаардсан боловч “И И М Г” ХХК-ийн зүгээс ямар ч үндэслэлгүйгээр урамшууллуудыг олгохоос татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч “И И М Г” ХХК-иас 2020 оны дэлхийн аваргын үлдэгдэл нэмэлт урамшуулал болох 16,000,000 төгрөг, 2022 оны дэлхийн аваргын нэмэлт урамшуулал болох 10,640 ам доллар буюу 37,027,200 төгрөг, нийт 53,027,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “И И М Г” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийг гэрээг 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажилтны санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор Б.Тийн зүгээс талуудын хооронд маргаангүй урамшуулал дээр харилцан тохиролцож талууд 2023 оны 02-р сарын 13-ны өдөр Тооцоо нийлэх гэрээ -г байгуулсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан ...Тэмцээн бүрийн төлбөрийг компани хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор компани нь тухайн тамирчинд ногдох хувийг голомт банкны 1235121745 тоот дансанд шилжүүлнэ... гэж заасныг хариуцагч нь зөрчсөөр байна. Тодруулбал хариуцагч "“И И М Г” ХХК-ийн дансанд тооцоо нийлэх гэрээнд дурдагдсан шагналын мөнгөнүүд орсон байх бөгөөд түүнээс Б.Тт ногдох хувийг өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Б.Тийн зүгээс тооцоо нийлэх гэрээгээр тохирсон шагналын мөнгөнүүдийг олгохыг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байх тул ийнхүү нэхэмжлэлийн шаарлагаа нэмэгдүүлж байна. Талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Б.Тт олгох урамшууллыг тооцож, баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 02-р сарын 13-ны өдөр Тооцоо нийлэх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүснэгтийн 1,2,7 дугаарт тус тус бичигдсэн тэмцээний шагнал нь “И И М Г” ХХК-д бүрэн олгогдсон боловч хариуцагч нь ямар нэгэн шалтгаангүйгээр урамшууллыг олгоогүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх ёстой 65,284,750 төгрөгийг, мөн хөдөлмөрийн гэрээний дагуу олгох ёстой 53,027, төгрөг, нийт 118,311,950 төгрөгийг хариуцагч “И И М Г” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “И И М Г” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, нөлөөллийн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүрэгтэй танилцсан, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авсан боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс:

-Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт

-Итгэмжлэл

-Хөдөлмөрийн гэрээ

-Ажлын байрны тодорхойлолт

-”И И М Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал

-Тооцоо нийлэх гэрээ

-Ажил хүлээлцэх хуудас,

-Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ

 

Хариуцагчаас:

-2023.08.30-ны өдрийн №01/10 дугаар итгэмжлэл

-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мийн иргэний үнэмлэхний хуулбар

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тийн иргэний үнэмлэхний хуулбар

-2023.10.17-ны өдрийн №А/36 дугаар итгэмжлэл

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.    Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “И И М Г” ХХК-д холбогдуулан гадаад болон дотоод улсад зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцсонтой холбоотойгоор бай шагнал, урамшууллын зохих хувийг тус хуулийн этгээдтэй байгуулсан харилцан тохиролцоо болон хөдөлмөрийн гэрээний дагуу тооцон олгох ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 118,311,950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь 2020 оны PUBG мобайл дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-д амжилттай оролцож багаараа гуравдугаар байр эзэлсэн, 100,000 ам.долларын шагнал хүртсэн, тухайн үед хариуцагч нь санхүүжилтгүй байсан учир тамирчдын шагналын мөнгөн хөрөнгөөс хуримтлал үүсгэж компанийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор тамирчин тус бүрээс 16,000,000 төгрөгийг авсан, хөдөлмөрийн гэрээ цуцлахад буцаан олгох ёстой байсан. “И И М Г” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2023.02.13-ны өдөр ажилтны санаачилгаар цуцалсан боловч 16,000,000 төгрөгийг олгохгүй байгаа тул буцаан гаргуулна, мөн нэхэмжлэгч Б.Т нь “И И М Г” ХХК-тай 2022 оны 11-р сарын 11-ний өдрийн №22/10 Хөдөлмөрийн гэрээг байгуулж, тус компанид тамирчинаар ажилласан, улмаар 2022 оны PUBG мобайл дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-нд тавдугаар байр эзэлж, багаараа 80,000 ам.долларын шагнал хүртсэн боловч хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон хувь хэмжээ буюу 70 хувийн урамшуулал буюу нэг тамирчинд ногдох хувиар тооцон 10,640 ам доллар буюу 37,027,200 төгрөгийг олгохгүй байгаа тул хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэл гаргажээ.

 

2.2. Түүнчлэн “И И М Г” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийг гэрээг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажилтны санаачилгаар цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгчид олгох ёстой урамшуулалд 2023 оны 02-р сарын 13-ны өдөр Тооцоо нийлэх гэрээ-г байгуулсан. Уг тооцоо нийлэх гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжилж буй мөнгөн урамшууллууд ажил олгогчийн дансанд хэдийнээ орсон байхад олгоогүй. Тооцоо нийлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүснэгтийн 1,2,7 дугаарт тус тус бичигдсэн тэмцээний шагнал нь нийт 65,284,750 төгрөг болох тул хариуцагчаас гаргуулна, мөн хөдөлмөрийн гэрээний дагуу олгох ёстой 53,027,200 төгрөг, нийт 118,311,950 төгрөгийг хариуцагч “И И М Г” ХХК-иас гаргуулна гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн.

3. Хариуцагч “И И М Г” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, нөлөөллийн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүрэгтэй танилцсан, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг мөн гардан авсан боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

5. Нэхэмжлэгч Б.Т нь 2020 оноос хойш ”И И М Г” ХХК-д тамирчнаар ажиллаж эхэлсэн, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан тамирчны байнгын ажлын байранд томилогдон ажиллажээ. /хх 6-10/

6. Нэхэмжлэгч Б.Т нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг нь үндэслэн ”И И М Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар Б.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг чөлөөлжээ. /хх-11/

7. Нэхэмжлэгч нь 2020 онд зохион байгуулагдсан дэлхийн аваргын нэмэлт урамшууллаас компанийн хуримтлалд зориулан суутгуулсан гэх 16,000,000 төгрөг, мөн 2022 оны дэлхийн аваргын нэмэлт урамшуулал болох 10,640 ам.доллар буюу 37,027,200 төгрөг, нийт 53,027,200 төгрөгийг хариуцагчаас шаардаж маргасантай холбоотойгоор хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тухайн асуудлаар хандаж, улмаар 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцүүлж шийдвэрлэжээ. /хх-15/

7.1. Гурван талт хорооны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны №68 шийдвэрт тусгагдсанаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар биечлэн оролцож байсан, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн асуудлаар урьчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хариуцагчтай маргахад хариуцагч талыг төлөөлөн оролцсон н.Дөлгөөн нь ... гомдол гаргагчтай зөвшилцөн үр дүнгийн урамшууллыг олгохоос бүрэн татгалзаагүй. Харин жоохон хугацаа өгч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж гомдлыг барагдуулахыг хүсч байгаа талаар, компанийн зүгээс цаашдын арга хэмжээ болох шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсэхгүй байгаа талаар, өөрийгөө хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрхтэй оролцож байгаа талаар тусгагджээ.

7.2. Мөн 3 талт хорооноос зохигчдод эвлэрэх хугацаа өгсөн үед хийгдсэн ажиллагааны хувьд ...Ажил олгогч талтай удаа дараа холбогдоход эвлэрлийн гэрээ болон гомдлыг барагдуулах талаар баталгаажуулсан тайлбар гаргаж өгөөгүй. Бонус орж ирэхээр өгнө гэсэн хариу өгсөн. Дахин ажил олгогч тал руу ярьж бид хурлын шийдвэрээ гаргамаар байна гэж шаардахад М: Тэмцээн зохион байгуулах төлбөр гадаадаас орж ирдэг, тэр үед өгнө, бүгд мэдэж байгаа. Манай захирал Утай ярь гэх мэт хариуг өгсөн. У ............... утсаа аваагүй тул эвлэрэхгүй байна гэж үзээд хурлын тэмдэглэлд оруулав гэж,

-Хуралдааны шийдвэрт ... талууд харилцан тохирч эвлэрч чадаагүй, 3 талт хорооны зүгээс хариуцагч талын эвлэрье гэсэн саналыг хүлээн авч эвлэрэх хугацаа өгсөн боловч харилцан тохролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов. Хөдөлмөрийн хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авах эрх нь нээлттэй болно. гэж тусгагджээ.

8. Хариуцагч тал зохигчийн хооронд үүссэн маргаан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад шүүхэд хариу тайлбар гаргаагүй боловч нэхэмжлэгч Б.Тийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар талууд 3 талт хороонд хүсэл зоригоо илэрхийлсэн, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 2020 оны дэлхийн аваргын нэмэлт урамшууллаас компанийн хуримтлалд зориулан суутгуулсан гэх 16,000,000 төгрөг, мөн 2022 оны дэлхийн аваргын нэмэлт урамшуулал болох 10,640 ам.доллар буюу 37,027,200 төгрөг буюу нийт 53,027,200 төгрөгт холбогдох хэсгийг ажил олгогч буюу хариуцагч нь эс зөвшөөрч маргасан үйл баримт тогтоогдоогүй, хугацааг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн зэрэг үйл баримтаас дүгнэхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар маргаангүй буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотойгоор талуудын хооронд байгуулсан тооцоо нийлэх гэрээний харилцаанаас гадна тусдаа мөнгөн төлбөр шаардах бодит харилцаа үүссэн байсан гэж шүүх дүгнэв.

9. Иймд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотойгоор 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Тооцоо нийлэх гэрээний дагуу шаардах эрхээс гадна 2020 оны дэлхийн аваргын нэмэлт урамшууллаас компанийн хуримтлалд зориулан суутгуулсан 16,000,000 төгрөг, мөн 2022 оны дэлхийн аваргын нэмэлт урамшуулал болох 10,640 ам.доллар буюу 37,027,200 төгрөг буюу нийт 53,027,200 төгрөгийг шаардах эрх үүссэн, эдгээр шаардах эрхтэй холбоотой үйл баримтын талаар зохигч маргаангүй гэж үзэв.

10. Хариуцагч “И И М Г” ХХК нь нэхэмжлэгч Б.Тийн шүүхэд гаргасан 53,027,200 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхээс гардан авсан боловч хуулиар тогтоосон хугацаа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

11. Хариуцагч “И И М Г” ХХК нь шүүхэд тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан нэхэмжлэл, түүнд холбогдуулан гаргасан зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 53,027,200 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болохыг дурдав.

13. Нэхэмжлэгч Б.Т нь “И И М Г” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийг гэрээг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажилтны санаачилгаар цуцлахдаа Тооцоо нийлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тул Тооцоо нийлэх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүснэгтийн 1, 2, 7 дугаарт тус тус бичигдсэн тэмцээний тамирчинд ногдох мөнгөн урамшуулалд нийт 18,884,8 ам.доллар буюу 65,311,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

14. Нэхэмжлэгч Б.Т нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг нь үндэслэн ”И И М Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар Б.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

14.1. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.6-д Гадаад болон дотоод улсад зохон байгуулагдсан тэмцээнд оролцож мөнгөн шагнал хүртсэн тохиолдолд нийт үнийн дүнгийн 30 хувийг байгууллага, 70 хувийг ажилтанд нэмэлт урамшуулал болгон өгнө. Тухайн тэмцээнд зарцуулсан зардлын хассан дүнгээс тооцно. гэж заажээ.

14.2. Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлахдаа, Тооцоо нийлэх гэрээг байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний дээр дурдсан 4 дүгээр зүйлийн 4.3.6 дахь заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд нийт 7 тэмцээний тамирчинд олгох шагналын дүнгээс суутгах, татвар суутгал зэргийг хасч, 23,775.4 ам.долларын үлдэгдэл төлбөрийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид олгох ёстой болохыг баталгаажуулахаар Тооцоо нийлэх гэрээний 2-т зааж, тэмцээн бүрийн төлбөрийг компани хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор тухайн тамирчинд ногдох хувийг шилжүүлэх-ээр, шагналын төлбөрийг төлбөр шилжүүлэх өдрийн Монгол банкны ханшаар тооцох-оор гэрээний №5, №6-д заасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-12-13/

14.3. Ажил хүлээлцэх хуудас-ын №5-д Ажилтанд олгох нэмэгдэл хөлс, урамшууллыг Талууд энэхүү тойрох хуудсын Хавсралт №1-т заасан Тооцоо нийлэх гэрээнд заасны дагуу зохицуулахаар Талууд харилцан тохиролцов гэж баталгаажуулжээ.

14.4. Нэхэмжлэгч Б.Т нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Тооцоо нийлэх гэрээний №1, 2, 7-д заагдсан /8,317 ам.доллар, 855 ам.доллар, 9,712.8 ам.доллар/ нийт 18,884.8 ам.доллар буюу 65,284,750 төгрөгийн урамшууллыг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул гаргуулна гэж шаардсан байна.

15. Тооцоо нийлэх гэрээний №1, 2, 7-д зааснаас бусад буюу №3-6-д заагдсан урамшууллын асуудлаар маргаан байхгүй, харин №1,2,7-д заасан урамшуулал нь хэдийнээ компанийн дансанд шилжсэн байхад урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхгүй нь бусад тамирчид урамшлууллыг авснаар тогтоогдоно, мөн тэдгээрээс урамшуулал орсныг сонссон учир хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар тайлбарлажээ.

16. Хариуцагч “И И М Г” ХХК нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох Тооцоо нийлэх гэрээ-ний үүрэгт 65,24,750 төгрөг гаргуулах шаардлагыг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариу тайлбар, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй байна.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болжээ.

18. Хариуцагч “И И М Г” ХХК нь нэхэмжлэгч Б.Ттэй байгуулсан хөлдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлахдаа түүнтэй байгуулсан Тооцоо нийлэх гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөр тооцооны бусад асуудлаар шүүхэд байр сууриа илэрхийлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хариу тайлбар гаргаагүй байх тул тухайн гэрээг талууд байгуулсан, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 18,884.8 ам.доллар буюу 65,284,750 төгрөгийг тооцоо нийлэх гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзэв.

19. Хариуцагч “И И М Г” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 25.2-т заасан хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах; шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх; шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

20. Тодруулбал, нэхэмжлэлийн үндсэн, нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авсан атлаа хариу тайлбар гаргах, эрх тэгш мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, хэргийг шүүх хуралдаанд хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдэхэд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдааныг хойшуулсан, улмаар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Ундрахад мэдэгдэхэд За ойлголоо. Манай өмгөөлөгч байхгүй орон нутагт байгаа. Хойшлуулах хүсэлт өгье. гэсэн атлаа шүүхэд хүсэлт, санал ирүүлээгүй, хуралдаанаас өмнө утсаар лавлаж, залгахад хариу өгөөгүй байна.

21. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг, шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

22. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “И И М Г” ХХК-иас 118,311,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч “И И М Г” ХХК-иас 118,311,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /423,100+484,400/ 907,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И И М Г” ХХК-иас 907,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД