Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00451

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00451

 

 

 

 

2024 03 04 210/МА2024/00451

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 05-

ны өдрийн 181/ШШ2024/00076 дугаар шийдвэртэй

Б.Т-ийн нэхэмжлэлтэй, И И М Г-ХХК-д холбогдох

Хөдөлмөрийн гэрээний үүрэг, нэмэлт урамшуулал, тооцоо нийлэх гэрээний дагуу 118,311,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь И И М Г-ХХК-тай ---- хөдөлмөрийн гэрээг байгуулан тус компанид тамирчнаар ажилд орж, бусад тамирчдын хамт 2022 оны PUBG мобайл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд багаараа тавдугаар байр эзэлж 80,000 ам.долларын шагнал хүртсэн. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.6-д "...гадаад болон дотоод улсад зохион байгуулагдсан тэмцээнд оролцож мөнгөн шагнал хүртсэн тохиолдолд нийт дүнгийн 30 хувийг байгууллага, 70 хувийг ажилтанд нэмэлт урамшуулал болгон өгнө. Тухайн тэмцээнд зарцуулсан зардлыг хассан дүнгээс тооцно гэж заасан. Тэмцээний шагнал 80,000 ам.доллараас татварын 5 хувь 4,000 ам.долларыг хасч, үлдэх 76,000 ам.долларын 70 хувийг багийн 5 тамирчдад тэнцүү хуваан олгох ба нэг тамирчинд ногдох урамшуулал нь 10,640 ам.доллар буюу 37,027,200 төгрөг, /2023 оны 04 сарын 27-ны өдрийн Монголбанкны хаалтын ханш буюу 3,480 төгрөгөөр тооцов./ болно. Гэвч хариуцагч нь шагналын 80,000 ам.долларыг өнөөдрийг хүртэл олгоогүй.

1.2. Мөн Б.Т- нь 2020 оны PUBG мобайл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцож гуравдугаар байр эзлэн 100,000 ам.долларын шагнал хүртсэн. Тухайн үед компани санхүүжилтгүй байсан учир шагналыг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан.

1.3. Талууд хөдөлмөрийг гэрээг 2023 оны 02 сарын 23-ны өдөр ажилтны санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор талууд урамшууллын талаар харилцан тохиролцож 2023 оны 02 сарын 13-ны өдөр тооцоо нийлж гэрээ байгуулсан. Уг гэрээний 1 дүгээр 1.5 дахь хэсэгт ...Тэмцээн бүрийн төлбөрийг компани хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор тухайн тамирчинд ногдох хувийг Голомт банкны 1235121745 тоот дансанд шилжүүлнэ... гэж заасныг хариуцагч зөрчсөөр байна. Тооцоо нийлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүснэгтийн 1, 2, 7-д бичигдсэн тэмцээний шагнал нь И И М Г-ХХК-д бүрэн олгогдсон боловч ямар нэгэн шалтгаангүйгээр өнөөг хүртэл урамшууллыг олгоогүй.

Иймд тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх ёстой 65,284,750 төгрөг, мөн хөдөлмөрийн гэрээний дагуу олгох ёстой 53,027,000 төгрөг, нийт 118,311,950 төгрөгийг хариуцагч И И М Г-ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч И И М Г-ХХК-иас 118,311,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И И М Г-ХХК-аас 907,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн:

4.1. Шүүхээс шүүх хуралдааныг 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 09:30 цагт товлосон боловч тухайн хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож буй өмгөөлөгч надад шүүх хуралдааны тов мэдэгдэхгүйгээр шүүх хурлыг товлон шүүх шийдвэрээ гаргасан нь хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн эрхийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болж байна.

4.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх ноцтой зөрчсөн нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаснаас хариуцагчийн өмгөөлөгч болон хариуцагчид товыг мэдэгдээгүй нь нотлогдоно. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.12- т зааснаар хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг бүрэн хангалгүй, мэтгэлцэх боломжийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

4.3. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т "Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх заалтыг шүүх илтэд зөрчсөн тул зөрчигдсөн эрхийг сэргээж хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь хуульд нийцэх бөгөөд хуулийн нэг мөр хэрэгжүүлэх үндэслэлийг бий болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2023 оны 09 сарын 22-ны өдрөөс эхлэн хүсэлтээр оролцсон. 2023 оны 12 сарын 13-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон ба энэ хугацаанд хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбараа гаргаагүй. Ингээд 2023 оны 12 сарын 23-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан товлогдсон ч хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 01 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан товлогдоход И И М Г-ХХК-ийн захирал Б.Ундрахад товыг мэдэгдсэн байсан нь шүүгчийн туслахын ...өмгөөлөгч хөдөө томилолттой явж байгаа. Шүүх хуралдааны товыг өмгөөлөгчдөө хэлж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгнө гэснийг тэмдэглэсэн тэмдэглэл байдаг. Шүүх хуралдаан товлогдсон өдөр хариуцагчаас шүүхэд хүсэлт ирүүлээгүй бөгөөд хариуцагч тал руу утсаар залгахад ямар нэгэн хариу өгөөгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч И И М Г-ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээний үүрэг, нэмэлт урамшуулал, тооцоо нийлэх гэрээг үндэслэн 118,311,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч 2023 оны 08 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсанаа илэрхийлсэн тайлбараа шүүхэд гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэн, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4. Хариуцагч И И М Г-ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч Д.Одонтунгалаг анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн агуулгаар давж заалдах гомдлоо гаргажээ.

4.1. Шүүх хариуцагч И И М Г-ХХК-ийн төлөөлөгч Д.М-д 2023 оны 08 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ. Хариуцагчаас тус компанийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Т, өмгөөлөгчөөр Д.Одонтунгалаг нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хүсэлтийг 2023 оны 09 сарын 22, 10 сарын 17-ны өдрүүдэд шүүхэд ирүүлсэн байна. Шүүх 2023 оны 10 сарын 03-ны өдөр өмгөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ба хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар уг хугацаанаас хойш эрхээ хэрэгжүүлэх боломжтой тул тэдгээрийн хэргийн материалтай танилцах эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

4.2. Хэргийг 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 09:30 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагчид 2023 оны 12 сарын 07-ны өдөр мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлснийг хариуцагч хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт шүүхэд ирүүлсэн ба 2023 оны 12 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж хариуцагчийн мэтгэлцэх болон хууль зүйн туслалцаа авах эрхийг хангажээ. Иймд шүүх хариуцагчийн татгалзлаа нотолж мэтгэлцэх эрхийг хязгаарласан, боломжит хугацаа олгоогүй гэх гомдлыг хангахгүй.

4.3. 2024 оны 01 сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч И И М Г-ХХК-ийн захирал Б.Ундрахад түүний 111111111 дугаараар дамжуулан 2023 оны 12 сарын 13-ны өдөр мэдэгдэхэд товыг хүлээн авсан тухай, мөн 2024 оны 01 сарын 03-ны өдөр дахин мэдэгдэхэд манай өмгөөлөгч байхгүй орон нутагт байгаа. Хойшлуулах хүсэлт өгье гэж хариу өгснийг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэн баримтжуулсан нь хэрэгт авагджээ.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн байх тул товыг биечлэн хүргэх байсан гэх гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагчаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй тул шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчөөгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ