Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1576

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ү-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01356 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Ү-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Д, У Ж нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрийн эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч У Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ү, өмгөөлөгч Л.Баасанжав, хариуцагч У Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, өмгөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Н.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ж.Д-тэй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 104 дүгээр байрны 22 тоот хаягт байршилтай 81.36 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 290 000 000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед Ж.Д нь өөрийн алтны уурхайд банкны зээл авахдаа БНХАУ-ын иргэн Алтанхүү /У Ж-ийн Эрдэнэт хотод барьсан 11 ширхэг байрыг барьцаалсан. Гэтэл зээл нь гараад тэр хүний банкинд орчихлоо, чиний байрыг зээлийн барьцаанд сольж тавиад 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө мөнгийг чинь өгнө. Одоо худалдах, худалдан авах гэрээ хийхгүй бол би барьцаанд тавьж чадахгүй гэж хэлээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Алтанхүү /У Ж/ гэж нэрлэсэн хятад хүн дагуулж ирээд яаралтай уурхайн ажил эхлүүлэх мөнгө хэрэг болчихлоо, түр энэ хүнтэй 50 000 000 төгрөгөөр худалдах гэрээ хийчих, хэд хоногоос банкинд тавьчихна гэж хэлээд дахин У Ж гэдэг хүнтэй гэрээ хийлгэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөг урьдчилгаа гэж өгөөд утсаа салгаж алга болсон. Энэ хугацаанд 4-5 удаа холбогдоход зээлийг нь нөгөө хятад хүн аваад өгөхгүй байна, лицензээ зарж байгаа, удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Гэтэл тэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн нэрийг надад хэлэлгүй шилжүүлсэн байна. Иймд миний бие Ж.Д, У Ж нартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрийн эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулахыг хүсч байна гэжээ.

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ү нь Ж.Д-ийн ээж Д.Тунгалагтай нэг байгууллагад ажилладаг бөгөөд 2017 оны 10 дугаар сард өөрөө борлуулж чадахгүй үйлчилгээний зориулалттай 81.36 м.кв үл хөдлөх хөрөнгө байна, үүнийг зээлээр худалдан aваач гэж санал болгосон. Уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн У Ж-ийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хуулийн дагуу хийж, шилжүүлсэн байдаг. Гэрээний үнийн дүнг 50 000 000 төгрөгөөр хийсэн байдаг. Ж.Д нь дээрх гэрээнд зуучлагчийн зүгээс оролцсон ба гэрээ байгуулах явцад ямарваа нэгэн үүрэг, хариуцлага хүлээж гарын үсэг зурж, оролцоогүй болно. БНХАУ-ын иргэн У Ж нь Монгол Улсад татварын бүртгэлтэй 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай “Мони-Уул” ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд Ж.Д-ийн эзэмшдэг “Ти Жи Вай” ХХК-тай техник тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг 2017 оны 9 дүгээр сард хийж, үүнээс үүдэн Ж.Д-ийн компани нь Монгол Улсын Хөгжлийн банктай Алт-2 хөтөлбөрийн хүрээнд бизнесийн эргэлтийн зээл авсан юм. Үүнээс хойшхи хугацаанд “Мони-Уул” ХХК, “Ти Жи Вай” ХХК-ийн хооронд техник тоног төхөөрөмж нийлүүлээгүй бөгөөд үүнээс үүдсэн маргааныг шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэж дуусгавар болоогүй, асуудал одоог хүртэл үргэлжилж байна. Энэ асуудал нь Н.Ү-ийннэхэмжлэлд дурдсанчлан ямарваа нэгэн холбоогүй бөгөөд зөвхөн Н.Ү-ийнхүсэлтийнх нь дагуу худалдах, худалдан авах тохиролцоо юм. Мөн Н.Ү нэхэмжлэлдээ 4-5 удаа уулзах гэсэн боловч олдохгүй, холбоо барьж чадаагүй гэдэг нь үндэслэлгүй. Өнгөрсөн хугацаанд байнга холбогдож байсан ба Н.Ү тухайн үл хөдлөх хөрөнгө нь өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй болохоос эхнэрийн дүүгийнх нь өмч, буцааж авах талаар ярилцсан ба хүсэлтийг нь хүлээн авч урьдчилгаа болгон өгсөн 25 000 000 төгрөгөө эхний ээлжинд буцаагаад өгчих дараа нь БНХАУ-ын иргэн У Ж бид хоёрын шүүхийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүлээх шаардлагатай гэдгийг хэлсэн. Өнгөрсөн хугацаанд Н.Ү-ийнүл хөрөнгө байсан үйлчилгээний объектод нэг удаа очсон ба эзэмшсэн, үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Иймд Ж.Д нь тус иргэний хэрэгт Н.Ү, БНХАУ-ын  иргэн У Ж нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 104 дүгээр байрны 22 тоотын 81.36 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх болон одооны өмчлөгч зэрэгт хариуцлага хүлээхгүй Н.Ү-ийннэхэмжлэлийн дагуу хариуцагчаар тооцох боломжгүй гэж үзэж байна. Мөн Н.Ү, Ж.Д нарын хооронд аливаа гэрээ хэлцэл хийж тохиролцсон зүйл байхгүй болно. Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаад эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзээд өгсөн эд хөрөнгөө авна гээд байгаа юу гэдэг нь нэг талдаа тодорхойгүй байна. Хууль ёсны өмчлөгч болох У Ж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үнэн зөв гэж тооцдог. Бас Ж.Д энэ хэргийн хариуцагч мөн үү, биш үү гэдэг асуудал яригдана. Ж.Д нь тухайн орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан зүйл байхгүй. Иймд хариуцагч Ж.Д-ийг хариуцагчаар татсан асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч У Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У Ж нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Н.Ү-той үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр-2, Да хүрээ гудамж, 104 дүгээр байрны 22 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр худалдан авсан. Өөрийн танил Ж.Д-д үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний төлбөрийг шилжүүлэхийг даалгаж, 50 000 000 төгрөгийг үлдээсэн ба нэхэмжлэгч Н.Ү нь төлбөр бүрэн хүлээн авлаа, тооцоо дууссан гэсэн тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр гэрээний дагуу шилжүүлж авсан. Иймд энэхүү үл хөдлөх хөрөнгө нь хууль ёсоор У Ж-ийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Үгоос 25 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч Ж.Дд олгож, улсын бүртгэлийн Ү-2204053243 дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо.Саруул тэнгэр 2 /13261/, Да хүрээ гудамж, 104 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах 81.36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч У Ж-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон нэхэмжлэгч Н.Ү-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Ү-гоос улсын тэмдэгтийн хураамжид 1 487 750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ж.Д, У Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 557 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Үд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч У Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Гэрээ, хэлцэл гэдэг бол 2 талын харилцан тохиролцсоны үндсэн дээр бий болдог бөгөөд Н.Ү Ж.Д нарын байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн, нэхэмжлэгч Н.Ү хариуцагч У Ж нарын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 50 000 000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг “үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй...” гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэдийгээр нэхэмжлэгч Н.Ү хариуцагч Ж.Д нарын хооронд маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч тус гэрээг цуцалсан байхыг үгүйсгэхгүй ба Ж.Д нь Н.Ү болон У Ж/Wu Jinshan/ нарын хооронд үүссэн харилцаанд зөвхөн зуучлагчаар оролцож байсан нь хариуцагч нар тайлбартаа дурдсан байдаг. Хариуцагч У Ж нь зуучлагч Ж.Д-д гэрээний үнэ болох 50 000 000 төгрөгийг өгсөн бөгөөд нэхэмжлэгч Н.Ү нь төлбөрийг бүрэн хүлээн авснаа илэрхийлснээс үзэхэд хариуцагч У Ж нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад шүүхээс дүр үзүүлэн хийсэн хүчин төгелдөр бус хэлцэл гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Тус хэрэгт хариуцагч У Ж-ийн өмгөөлөгчөөр оролцож байсан О.Даваажаргал нь өвчний улмаас тус хэрэг дээр ажиллах боломжгүй болсон байдаг ба энэ тухайгаа шүүхэд мэдэгдэж, холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүх хуралдааны үед хариуцагч У Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай нь шинээр өмгөөлөгч авч өмгөөлүүлэх эрхээр хангуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаж шийдвэрлээгүй, хариуцагчийн өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан юм. Дээрх хууль зөрчсөн ажиллагаатай нь холбогдуулан У Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байна гэж үзэн шүүгчээс татгалзсан боловч мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасан байтал дур мэдэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гэрээнээс татгалзаж, өөрийн эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу гэрээний үнийн дүнгээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч 70 200 төгрөгийг төлсөн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхад шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн буюу хэргийг шударгаар шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Ү нь хариуцагч Ж.Д, У Ж нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрийн эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Ү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ж.Д нь У Ж гэдэг хятад хүнийг дагуулж ирээд яаралтай уурхайн ажил эхлүүлэх мөнгө хэрэгтэй байна, энэ хүнтэй 50 000 000 төгрөгөөр гэрээ хийчих, чиний байрыг барьцаанд тавиад 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө мөнгийг чинь өгнө” гэсэн агуулгаар тайлбарлажээ.  

 

Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч Ж.Д тухайн орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан зүйл байхгүй, өөрийгөө хариуцагч биш гэсэн, хариуцагч У Ж“өөрийн танил Ж.Д-д орон сууцны үнийг шилжүүлэхийг даалгаж, мөнгийг үлдээсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл миний нэр дээр хуулийн дагуу шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Ү, хариуцагч Ж.Д нар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Н.Ү нь хариуцагч Ж.Д-д өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2, Да хүрээ гудамж, 104 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах 81.36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нь 290 000 000 төгрөгт худалдахаар, мөн Н.Ү нь БНХАУ-ын иргэн У Ж-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж дээрх орон сууцыг 50 000 000 төгрөг худалдахаар тус тус тохиролцсон байна.

 

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу У Ж-ийн өмнөөс хариуцагч Ж.Д нэхэмжлэгч Н.Ү-д 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч У Ж 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

Дээрх гэрээнүүдээр зохигчид нэг үл хөдлөх эд хөрөнгийг өөр өөр үнийн дүнгээр худалдан авахаар тохиролцож, хоёр хоногийн зөрүүтэй хоёр өөр гэрээ байгуулсан, гэрээний үнийн дүн нь илт зөрүүтэй, хариуцагч У.Ж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 25 000 000 төгрөг төлснөөр өмчлөгчөөр бүртгэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж, нэхэмжлэгч Н.Үгоос 25 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч Ж.Д-д олгож, улсын бүртгэлийн Ү-2204053243 дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо.Саруул тэнгэр 2 /13261/, Да хүрээ гудамж, 104 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах 81.36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч У Ж-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон нэхэмжлэгч Н.Ү-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан буюу дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзсэн атлаа мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалт буюу хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн гэсэн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Н.Ү, хариуцагч Ж.Д нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь бодитоор хэрэгжээгүй, уг гэрээний дагуу маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжээгүй, нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзаж байхад шүүх энэ талаар хууль зүйн үндсэлэл бүхий дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Н.Ү, хариуцагч Ж.Д нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсанаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээний дагуу хариуцагч Ж.Д орон сууцны үнийг төлөөгүй, нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр уг гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалттай нийцсэн гэсэн дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд өөрчлөх нь зүйтэй байна.

 

Мөн гэрээний талууд маргааны зүйл болж буй эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа, түүнийг хариуцагчид шилжүүлээгүй гэдэг асуудлаар маргаагүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хөрөнгө гаргуулах эд хөрөнгийн үнийн дүнгээр тооцож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 557 950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч У Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01356 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1” гэж нэмж, “56.1.1” гэснийг “56.1.2” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д, У Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ү-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч У Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                   ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

                                                        Ц.ИЧИНХОРЛОО