Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2023/00391

 

 2023 оны 10 дугаар

сарын 11-ний өдөр Дугаар 149/ШШ2023/00199 ******* сум

 Монгол улсын нэрийн өмнөөс

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг гийн № тоотод оршин суух, /МБ:61060205, утас:*******/ Сартуул овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг гийн № тоотод оршин суудаг, /*******, Утас:*******/ Боржигон овогт ийн Цэрэндоржид холбогдох

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,895,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, Хариуцагчийн өмгөөлөгч С.*******, Иргэдийн төлөөлөгч А.Болормаа /Цахим/, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Д.Цэрэндоржид толгой хэсэг рүүгээ цохиулж, хөнгөн гэмтэл авсан. Миний бие нь хувиараа хонины толгой чанаж, Стүжин хийж албан байгууллагуудаар зардаг. Ингээд сардаа 1,000,000 орчим төгрөг олдог. Би Вишнфанд ББСБ-д 700,000 төгрөгийн, Мобиком корпорацид 360,000 төгрөгийн, Эрхэмбаяр гэх хүнд 400,000 төгрөгийн өртэй. Би энэ өр зээлүүдээ хувиараа хөдөлмөрлөж төлдөг байсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Цэрэндорж гэх хүнд толгой руугаа цохиулсны улмаас хөнгөн гэмтэл учирч, 1 сар гаруй ажлаа хийж чадаагүй. Хүчтэй эм, тариа хийлгэж байгаагийн улмаас босож чадахгүй, бие хямарч, нойр хүрч, толгой эргэж, толгой байнга өвдөж, ажил хийх ямар ч боломжгүй болсон. Цаашид тархиндаа эмчилгээ хийлгэж, хяналтад байх шаардлагатай гэсэн. Би хэрвээ Цэрэндоржид толгой руугаа цохиулаагүй байсан бол дээрх өр зээлүүдээ аль хэдийн төлсөн байх боломжтой байсан. Иймд намайг хэсэг хугацаанд хөдөлмөрлөх боломжгүй болгосон Цэрэндоржоос 45 хоногийн хөдөлмөрийн хөлс 1,500,000 төгрөг, fohow" Зүүнхараа салбарт тархиндаа эмчилгээ хийлгэсэн төлбөр 1,395,000 төгрөг нийт 2,895,000 төгрөгийг Д.Цэрэндоржоос гэм хорын хохиролд нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Би 2023 оны 06 дугаар сарын 02-нд Цагаан сар болох гэж байсан. Тэр үед би хэсгийн дарга болсон юм. гийн хэсгийг хариуцагч ахлагч нь би юм. Манай үүрийн дарга Мөнхөө та ахлагчаа хийгээд явчих Гарамхандаар хэсгийн ахлагч тавья гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хамтраад ажиллая гээд тэгээд явж байсан чинь Гарамханд бичиг барьж явж байсан. Тэгээд би Гарамхандыг сайн уу, юу байна чи юу барьцан явж байгаа юм бэ гэсэн чинь би 65-аас дээш насны хүмүүсийг шагналд оруулах гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд орой нь очоод харсан чинь миний нэр байгаагүй. Бүх улсуудыг бичсэн байсан. Миний нэр байхгүй байхаар нь 6 цаг болж байхад гэрт нь очиж хаалгыг нь цохисон чинь согтуу Цэрэндорж гарч ирсэн. Тэгээд эгч нь танай эхнэртэй уулзах гэсэн юм намайг шагналаас нэрийг маань хассан байна. Ахмадын баяр болгоноор бэлэг аваад сурсан болохоор оролцмоор байна гэсэн чинь чи муу Ардчилсан намын сэнтэг авгай юу гээд хуцаад байгаа юм бэ өнөөдөр авгай бид хоёрын архи уудаг өдөр гэхээр нь би шургаад орох гэсэн чинь миний толгой руу цохисон. Тэгээд нэг хэсэг манарсан. Би цагдаа дуудаад хоёр цагдаа ирсэн. Цагдаа нар ирээд аан Цэрэндорж ах юм уу гээд яасан эгчээ гэхээр нь ажлын талаар явж байхад толгой руу цохичихлоо жаахан архи уусан байна гэсэн. Тэгээд хоёр цагдаа руу гарын салаа өгөөд сүйд болоод байсан. Тэгээд болохоо байхаар нь гэртээ ороод даралтын аппаратаар үзсэн чинь ихэдсэн байсан. 166 хүрсэн байсан. Тэгээд болохоо байхаар нь түргэн дуудсан. Түргэн дуудаад үзүүлээд зүрхний хэм алдагдсан эгч нь зүрх муутай сая хүн толгой руу цохиод баларлаа гэсэн чинь яах гэж очсон юм бэ гээд би ажлын талаар очсон гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирсэн. Түргэн ч ирсэн. Миний толгой өвдөөд 2, 3 хоногийн дараа томографикт очиж үзүүлсэн. Тэгээд хариу яаж гарсан бэ гэхээр зүүн талын тархи чинь хавдартай, аймар улайсан байсан, цагаан эс гарсан байна. Та шүүх эмнэлэгт очоорой гэж хэлсэн. Шүүх эмнэлэг дээр очсон чинь таных хөнгөн гэмтэл байна гээд надад бичиж өгсөн. Тэгээд би шүүхэд хандсан. Тэгээд одоо болтол миний толгой дайвалзаад, хүчтэй эм уугаад би чинь элэг муутай, ходоодны шархтай, зүрх муутай хүн чинь дандаа хамгаалах эмийг давхар уудаг. Тэгэхээр дотор муухайраад эмээ уугаад явж байна. Сая 120,000 төгрөгөөр манай хүүхдүүд эм авч өгсөн. Ер нь тархины талдаа тиймэрхүү байна. Одоо дахиж томографикт харуулна гэж бодож байна. Би улсуудад өр тавьсан. Фохов эмчилгээ курсээрээ их үнэтэй байдаг болохоор нэг курс 100,000 төгрөг бараг нэг сая төгрөг болж байна лээ. Би тал 500,000 төгрөгийг нь өгөөд тэгээд надаас нэхээд Эрхэмбаяр намайг шүүхэд өгсөн байх. Эргэлтийн мөнгө хийх гээд авсан. Хувиараа бизнес хийдэг болохоор Вишнфанд, Мобикомоос зээлсэн авсан. Өрөө өгч чадахгүй байна. Тэтгэврээ зээлээд авсан болохоор жилийн дараа тэтгэврээ авна. Одоо би 3 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна. Тэр мөнгөө аваад өрөө өгөөд гаргаж байна. Зарим нь намайг шүүхэд өгсөн байх. Надад хэцүү байна. Тэтгэвэр байхгүй өвөл болох гээд байна. Аргаа бараад 20 хоног ажиллаж түлээ нүүрсний мөнгө олсон. Улсуудын өрийг өгмөөр байна. Би их хохирсон. Тархи гэдэг зүйл чинь эмзэг, би чинь залуу хүн биш шүү дээ. 62 хүрсэн хүн тархи дайвалзаад 8,10 толгой үүрч явдаг байсан одоо 6 толгой л үүрч байна. Ийм асуудал их байна намайг гомдолгүй болгож өгнө үү. Би Цэрэндоржийн толгой руу цохисон байсан бол надаас их мөнгө нэхэх улс байна лээ. Одоо гадуур намайг худлаа хэлж мөнгө авдаг. Шүүхэд олон очсон гэж муулж байна. Маш их гомдолтой байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.******* шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагч Цэрэндоржид холбогдуулан 45 хоног хөдөлмөрийн чадвараа алдсан. Тэрний хөлс 1,500,000 төгрөг. Фоховт тархиндаа эмчилгээ хийлгэсэн төлбөр 1,395,000 төгрөг нийтдээ 2,895,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ энэ хүнд бага хэмжээний хөнгөн хохирол учруулсан. Тодорхой мөнгө өгье гэж хэлсэн. Энийг шүүгчийн туслах цааш нь дамжуулсан. ******* хүлээн зөвшөөрөөгүй. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хууль зүйн үндэстэй байна гэж үзэж байна. ******* баримтуудаа өгсөн. 45 хоног хөдөлмөрийн чадвараа алдсан юм бол дор хаяж 1, 2 удаа эмнэлгээс үйлчилгээ авах ёстой. Эмчилгээ хийлгэсэн. Аптекаас эм авсан ямар ч нотлох баримт байхгүй. Фоховт үзүүлсэн 1,395,000 төгрөг. Цэрэндоржийг 450,000 төгрөгөөр торгоод нэхэмжлэлийн баримт бүрдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт хийсэн. Дахиад буцаж баримтуудаа хийсэн. Ямар ч нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №32 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд *******гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарч байхад одоо хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан гэж ярьж байна. Хэрэг болсноос хойш 5 сарын дараа эмнэлэгт хэвтэж байна. Иймд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Д.Цэрэндоржид холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 2,895,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргана.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Цэрэндоржийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч П.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч ******* аймгийн ******* Сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №2023/ШЦТ/36 дугаартай Шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож түүнийг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч П.******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсан бөгөөд Д.Цэрэндорж нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг арилгах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.

Өөрөөр хэлбэл гэм хор учруулснаас улбаалан хохирсон этгээд өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгахад гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь биеэ эмчлүүлсэн болон цалин орлогогүй байсан нь холбогдох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.******* ******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлэг Компьютерт Томографикийн оношилгоо /ХХ-ийн 3 дугаар хуудас/, Түргэн тусламж дуудлагын хуудас /ХХ-ийн 4-5 дугаар хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6 дугаар хуудас/, Алтан Сийлбэр ХХК-ийн эмчилгээний хуудас /ХХ-ийн 7 дугаар хуудас/, Бумхараа ХХК-ийн тодорхойлолт /ХХ-ийн 8 дугаар хуудас/, ******* аймгийн ******* сумын Татварын албаны даргын тодорхойлолт /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 10 дугаар хуудас/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Иймд хариуцагч Д.Цэрэндоржоос нэхэмжлэгч П.*******гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,895,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Цэрэндоржоос Улсын тэмдэгтийн хураамжид 61270 төгрөгийг гаргуулж, Улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт ийн Цэрэндоржоос Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,895,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сартуул овогт ******* *******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэрэндоржоос Улсын тэмдэгтийн хураамжид 61270 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭБАТ

 

Б.ЭРДЭН