Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2024/00004

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 149/ШШ2023/00391 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******ид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,895,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч ******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч С.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. .. Миний бие нь 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр *******ид толгой хэсэг рүүгээ цохиулж, хөнгөн гэмтэл авсан. Миний бие нь хувиараа хонины толгой чанаж, Стүжин хийж албан байгууллагуудаар зардаг. Ингээд сардаа 1,000,000 орчим төгрөг олдог. Би Вишнфанд ББСБ-д 700,000 төгрөгийн, Мобиком корпорацид 360,000 төгрөгийн, Эрхэмбаяр гэх хүнд 400,000 төгрөгийн өртэй. Би энэ өр зээлүүдээ хувиараа хөдөлмөрлөж төлдөг байсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр ******* гэх хүнд толгой руугаа цохиулсны улмаас хөнгөн гэмтэл учирч, 1 сар гаруй ажлаа хийж чадаагүй. Хүчтэй эм, тариа хийлгэж байгаагийн улмаас босож чадахгүй, бие хямарч, нойр хүрч, толгой эргэж, толгой байнга өвдөж, ажил хийх ямар ч боломжгүй болсон. Цаашид тархиндаа эмчилгээ хийлгэж, хяналтад байх шаардлагатай гэсэн. Би хэрвээ *******ид толгой руугаа цохиулаагүй байсан бол дээрх өр зээлүүдээ аль хэдийн төлсөн байх боломжтой байсан. Иймд намайг хэсэг хугацаанд хөдөлмөрлөх боломжгүй болгосон *******оос 45 хоногийн хөдөлмөрийн хөлс 1,500,000 төгрөг, fohow" Зүүнхараа салбарт тархиндаа эмчилгээ хийлгэсэн төлбөр 1,395,000 төгрөг нийт 2,895,000 төгрөгийг *******оос гэм хорын хохиролд нэхэмжилж байна гэжээ. гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1. ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ энэ хүнд бага хэмжээний хөнгөн хохирол учруулсан. Тодорхой мөнгө өгье гэж хэлсэн. Энийг шүүгчийн туслах цааш нь дамжуулсан. ******* хүлээн зөвшөөрөөгүй. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хууль зүйн үндэстэй байна гэж үзэж байна. ******* баримтуудаа өгсөн. 45 хоног хөдөлмөрийн чадвараа алдсан юм бол дор хаяж 1, 2 удаа эмнэлгээс үйлчилгээ авах ёстой. Эмчилгээ хийлгэсэн. Аптекаас эм авсан ямар ч нотлох баримт байхгүй. Фоховт үзүүлсэн 1,395,000 төгрөг. *******ийг 450,000 төгрөгөөр торгоод нэхэмжлэлийн баримт бүрдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт хийсэн. Дахиад буцаж баримтуудаа хийсэн. Ямар ч нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №32 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд *******гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарч байхад одоо хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан гэж ярьж байна. Хэрэг болсноос хойш 5 сарын дараа эмнэлэгт хэвтэж байна. Иймд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 149/ШШ2023/00391 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ийн *******оос Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,895,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос Улсын тэмдэгтийн хураамжид 61270 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...2023 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 149/шш2023/00391 тоот шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байгаа.

Хариуцагч ******* нэхэмжлэгч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр толгой руу нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2023 шшт 36 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450,000 төгрөгөөр торгож шийтгэсэн.

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №32 тоот шинжээчийн дүгнэлтэнд: ******* овгийн *******гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон хөдөлмөрийн чадвар, тогтонги алдангид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Анхан шатны шүүх хариуцагч *******ид холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан шийдвэрлэхдээ тодорхойлох хэсэгтээ хохирол төлбөр нэхэмжилсэн, нотлох баримт бүрдүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар тооцоогүй болно гэсэн. дүгнэлт хийсэн атлаа Иргэний журмаар нэхэмжлэх гаргахдаа Эрүүгийн хэрэгт хийгдсэн баримтуудаа буцаагаад л хийсэн байхад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж" гэм хорын хохирол гаргахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч С.******* хөнгөн гэмтлээс болж 45 хоног хөдөлмөрийн чадвар алдсан сардаа 1,000.000 орчим төгрөг олдог. Би Вишн фанд ББСБ-д 700.000 төгрөгийн өртэй, Мобиком корпорацид 360.000 төгрөгийн, Эрхэмбаяр гэх хүнд 400.000 төгрөгийн өртэй би энэ өр зээлүүдээ хувираа хөдөлмөрлөж төлдөг. Фоховт тархиндаа эмчилгээ хийлгэсэн 1,395,000 төгрөг нийт 2,895.000 төгрөг нэхэмжилсэн байдаг.

Нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн чадвараа алдаж эрүүл мэндийн байдал муу 45 хоног хөдөлмөрийн чадвар алдсан гэж байгаа боловч эрүүл мэндийн байгууллагаас нэг удаа ч үйлчилгээ аваагүй нэг удаа ч эмийн сангаас эм авч хэрэглээгүй байгаа, эмчилгээ хийлгэсэн ганц ширхэг ч баримт байхгүй байхад гэм хорын хохирол гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр боллоо.

Иймд *******гийн нэхэмжлэлтэй *******ид холбогдох иргэний хэргийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч давж заалдах гомдолдоо:

...Нэхэмжлэгч *******тай 2023 оны 02 сарын 09-ний орой 19 цагийн үед манай хашааны хаалга хүчтэй цохиж балбаад байхаар нь гараад хашааны хаалгаа онгойлгоход ******* эхнэр *******ыг асуусан байхгүй гэж хэлэхэд танай авгай намайг бэлэгнээс хасдаг хэн бэ? миний ажлыг булааж авчихаад гээд орилж хашгичаад гэр лүү орох гээд дайраад байхаар нь толгойноос нь түлхэж гаргаад хаалгаа хаагаад гэртээ орсон, эхнэр давс авахаар гарсан. Бид бууз хийх ажилтай байсан, согтуу байгаагүй. Үнэндээ би *******г цохиогүй юм шүү.

-Эхнэр ******* нь мэдрэлийн гурвалжин гэх оноштой ба элэгний хавдартай тул архи битгий хэл ундаа уудаггүй. Эмчийн хяналтанд байдаг.

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гэсэн боловч эхнэр ******* бие муудаж гэнэт хүнд хагалгаанд орох гээд боломж зав гараагүй.

-Эхнэр ******* нь ******* 400,000 төгрөг өгчих гэж байна. Тэгээд болъё гэж байна гэж надад хэлсэн. Тэр үед би цохиогүй байж түүнд мөнгө өгөх ёстой гэж үү! Чамайг хагалгаанд ороход мөнгө их хэрэгтэй гээд би мөнгө өгөөгүй.

-Хэрэв би цохисон бол иргэний үүргийг биелүүлж түүнээс уучлалт гуйгаад хэлсэн мөнгийг өгөх л байсан.

-Мөн ******* нь эхнэр *******ын өвчнөөр тохуурхан, доромжилж, сэтгэл санаанд нь гүн хямрал өвчинд нь нөлөөлөл үзүүлсэн. ******* нь надаар оролдож заргалдсан хүн ийм байдалд ордог юм гэж орсон гарсан айл хүнд ярьж явдаг нь эхнэрийн сэтгэл санаанд нөлөөлж байна.

-...Анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг 2023 оны 05 сарын 08-ны өдөр хянан шийдвэрлэхдээ хохирол төлбөр нэхэмжилсэн нотлох баримт бүрдүүлсэн боловч нотлох баримтын бүрдэл шаардлага хангахгүй тул нотлох баримтаар тооцохгүй болно гэсэн дүгнэлттэй гэтэл иргэний журмаар нэхэмжлэхдээ эрүүгийн хэрэгт хийгдсэн баримтуудаа буцаагаад л хийсэн байхад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж гэм хорын хохирол гаргахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ******* нь энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагаас нэг ч удаа үйлчилгээ аваагүй. Мэргэжлийн эмчид хандаж эмийн жороор эмийн сангаас эм тариа авч эмчилгээ хийлгэсэн гэх нотлох баримт байхгүй байгаа нь эргэлзээтэй. Иймд *******гийн нэхэмжлэлийг хуулийн дагуу хянаж шударга ёсыг эрхэмлэн хариуцагч ******* надад хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гээд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гандангийн 88 тоотод оршин суух ******* овогт ******* ******* \\ би, хариуцагч ******* овогтой *******ийн өмгөөлөгч С.*******гийн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 149\ШШ2023\00391 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 шшт 36 дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт ..Хохирогч ******* нь хохирлын талаар нотлох баримт бүрдүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар тооцоогүй болно. Харин хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. гэж Тогтоох хэсэгт 5. Хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж тус тус заасан байна.

Иймд би эрүүгийн хэрэгт нэхэмжилсэн 2,895,000 төгрөг дээрээ нэг ч төгрөг нэмэлгүйгээр шаардлага хангаагүй гэх баримтуудаа шинээр бүрдүүлж тамга, тэмдэггүй байсныг тамга тэмдэг даруулж албажуулан нотлох баримтын шаардлага хангаад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхдээ гарган өгсөн. Би эмнэлэгт 2 удаа үзүүлсэн, хэвтэн эмчлүүлсэн, компьютер томографик шинжилгээ хийлгэсэн, бариа засал хийлгэсэн баримтуудаа бүрдүүлэн шүүхэд гарган өгсөн болно. Мөн 45 хоног өвчтэй байх хугацаандаа хөдөлмөрлөж мөнгө олж бусдад төлөх байсан төлбөрөө зодуулснаас болж мөнгө олж чадахгүй болсон тул тэр хохирлоо нэхэмжилсэн. Ер нь бол 45 хоног гээд байгаа сар гаруй эмнэлгээр явсан. Одоо ч толгой өвдөөд байгаа Хэрвээ болдог бол хөөцөлдөж чаддаг бол гэмтлийн зэргээ дахин тогтоолгомоор байна. Би одоо 62 настай эмэгтэй хүн. Надаас өчнөөн дүү ******* намайг зодож гэмтээснээсээ хойш өдий болтол нэг ч төгрөгийн хохирол төлж барагдуулаагүй. Одоо болохоор өмгөөлөгчтэйгөө нийлээд хохирол барагдуулахгүй гээд байгаад үнэхээр гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4-р зүйлийн 2 дахь хэсэгт Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж, Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д Бусдын эрх. амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна. Иймд хариуцагч *******оос надад учруулсан гэм хорын хохиролд 2.895.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 149\ШШ2023\00391 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг.

 4.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь *******ид холбогдуулан Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол хор уршиг 2.895.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан ...Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, эрүүгийн хэргийн журмаар хэрэг шийдвэрлэгдэхэд гаргасан баримтуудаа дахин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Энэ гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан, эм худалдан авсан баримт байхгүй. Иймд *******гийн нэхэмжлэлтэй *******ид холбогдох иргэний хэргийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх,

Хариуцагч *******оос гаргасан ...Анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг 2023 оны 05 сарын 08-ны өдөр хянан шийдвэрлэхдээ хохирол төлбөр нэхэмжилсэн нотлох баримт бүрдүүлсэн боловч нотлох баримтын бүрдэл шаардлага хангахгүй тул нотлох баримтаар тооцохгүй болно гэсэн дүгнэлттэй гэтэл иргэний журмаар нэхэмжлэхдээ эрүүгийн хэрэгт хийгдсэн баримтуудаа буцаагаад л хийсэн байхад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж гэм хорын хохирол гаргахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд *******гийн нэхэмжлэлийг хуулийн дагуу хянаж шударга ёсыг эрхэмлэн хариуцагч ******* надад хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэх гомдлын шаардлагуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Нэхэмжлэгч *******гийн эрх чөлөөнд хариуцагч ******* халдаж түлхсэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлогдсон хариуцагч ******* нь гэм буруутайд тооцогдож Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот шийтгэх тогтоол гарсан нь хүчин төгөлдөр үйлчилж, ******* гэм буруугийн талаар маргаангүй, шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй байна.

 6.Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл: Нэхэмжлэгч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсны улмаас 45 хоногийн хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж олох ёстой байсан орлого 1.500.000 төгрөгийг олж чадаагүй гэж нэхэмжилсэн боловч хэдэн төгрөгийн орлого олдог эсэхээ нотолж чадаагүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлж өрхийн амьжиргаагаа залгуулдаг болох нь хэрэгт авагдсан сумын засаг даргын тодорхойлолт, сумын татварын тасгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүний өвчтэй эмчилгээ хийлгэсэн ажилгүй байсан хугацааны цалин орлогыг Засгийн газраас журамлан мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгөөр 1 сараар тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас түүний тархи доргисны улмаас Фохоу компаний аппаратаар бариа засал хийлгэн, нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэсэн 1.395.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх ханган шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас цалин түүнтэй орлого гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 950.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 149/ШШ2023/00391 дугаартай шийдвэрийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагч түүний өмгөөлөгчийн эмчилгээний төлбөр үндэслэлгүй гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эрүүл мэндэд учирсан хохирол, хариуцагчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох олох байсан орлого, эмчилгээний зардал нийт 2.895.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.945.000 төгрөгийн шаардлагыг хангаж, 950.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 149/ШШ2023/00391 дугаартай шийдвэрийн

 1 дүгээр заалтыг:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 1.945.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 950.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтыг:

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос Улсын тэмдэгтийн хураамжид 46.070 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 61.270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ