Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2022/01875/И |
Дугаар | 181/ШШ2024/00166 |
Огноо | 2024-01-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/00166
2024 01 12 181/ШШ2024/00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, .. дугаар хороо, ... тоотод оршин суух, М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, .. дугаар хороо, ... байрлах, К ХХК-д холбогдох,
Эксковаторын хохирол 678,798,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б, өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ц.Г, А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: “М” ХХК нь “К” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №0 тоот “Зээлийн гэрээ”, 0 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, 0 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулан 650,000,000 /зургаан зуун тавин сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан.
Улмаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 тоот “Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ” 0 тоот “Барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байдаг. Манай компани “К” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ээр 678,798,000.00 /зургаан зуун далан найман сая долоон зуун ерэн найман мянга/ төгрөгийн үнэ бүхий /2019.02.25-ний өдрийн байдлаар/ 1797-УБ улсын дугаартай “НIТАСНI-870” загварын эксковаторыг банкны өмчлөлд шилжүүлсэн.
“К” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул зээлдэгчээс нийт 740,998,955 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” хэмээх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар, төлөх үүргээ үл биелүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн 0 дугаартай, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг, Урт 0 дугаар гудамжны нарийн сухайт тоотод орших 798.36 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 0 дугаартай, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг нарийн сухайт тоотод орших 3640 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлөөр Эвлэрлийн гэрээ байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0 дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл "К” ХХК нь дээрх Эвлэрлийн гэрээг ноцтой зөрчиж, талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №3030-2019/04-2 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу “К" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 0000-УБ улсын дугаартай “НIТАСНI ZХ870Н-3” маркийн Эксковаторийг бидэнд огт мэдэгдэлгүйгээр эзэмшилдээ шилжүүлэн авч, хууль бусаар худалдан борлуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 /Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно:/ 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №0 тоот “Зээлийн гэрээ”, түүний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” болон “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” дуусгавар болж, энэхүү Зээлийн гэрээний үүргийн харилцаа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон. Энэ тохиолдолд “К” ХХК нь зөвхөн Эвлэрлийн гэрээний үндсэн дээр үүргийг шаардах эрхтэй буюу тус Эвлэрлийн гэрээний 4.2 /Эвлэрлийн нөхцөл/-т заасан барьцааны зүйлүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Товчхондоо, “К” ХХК нь зөвхөн Эвлэрлийн гэрээнд заасан үндэслэлээр шаардах эрхтэй бөгөөд тус гэрээний нөхцөлд тусгагдаагүй фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар бусдад худалдан борлуулсан нь үндэслэлгүй бөгөөд Эвлэрлийн гэрээ байгуулагдсан даруйд фидуцын зүйлийн өмчлөлийг “М” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй байсан.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эвлэрлийн гэрээний 4 дүгээр зүйл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №0 дугаар Шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалт, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:” гээд 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №0 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эвлэрлийн гэрээгээр дуусгавар болсон тул “Капитрон Банк” ХХК-ийн хууль бусаар захиран зарцуулсан 0000-УБ улсын дугаартай “НIТАСНI ZХ870Н-3” маркийн Эксковаторийн хохиролд 678,798,000 төгрөг /зургаан зуун далан найман сая долоон зуун ерэн найман мянга/-ийг “К” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “К” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар татгалзалдаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Фидуцийн гэрээний үүрэг эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар дуусгавар болоогүй тухайд: Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 4.1.4-т “эвлэрлийн гэрээ” гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг хэлэхээр хуульчлан тодорхойлсон. Тухайн эвлэрлийн гэрээ нь К нь зээлдэгч буюу М ХХК-иас зээлийн гэрээний дагуу өр төлбөрөө нэхэмжлэх, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэйг шүүхээр баталгаажуулах үндсэн зорилготой гэрээ байсан болно.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд өмнөх гэрээнүүдийн үүргийг эвлэрлийн гэрээгээр сольж байгаа эсхүл талуудын өмнө байгуулсан хэлцлийг орлох талаар аливаа нөхцөл, агуулга тусгагдаагүй. Иймд, зээлийн болон фидуцийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээний үүргээр сольсон гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд аливаа хэлбэрээр тийм тохиролцоо хийгдээгүй болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр тодорхойлсон байдаг. Үүнд: 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөх өр төлбөртэй хэвээр байгаа бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл тэдгээрийн дуусгавар болох үндэслэлийн тухайд: Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хийгдсэн, хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ байсан. Тус хуульд фидуцийн гэрээг дуусгавар болох нөхцлийг заасан байх бөгөөд Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор заажээ. К-ыг тухайн хөрөнгийг бодитойгоор гаргуулах хүртэл хугацаанд зээлдэгч талаас мөнгө төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй хэвээр байсан. К тухайн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн авч, худалдан борлуулж, зээлийн төлбөрөөс хассанаар тухайн фидуцийн гэрээ дуусгавар болсон.
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бухий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ нь зээлдүүлэгчид зээлийн гэрээний өр төлбөрийн бүрэн төлж дууссанаар зээлийн гэрээ дуусгавар болох үндэслэлтэй. Зээлдэгч төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй талаар дурдсан болно.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний тухайд, тухайн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар гуравдагч этгээд болох иргэн Б.Б-тэй байгуулсан бөгөөд тус гэрээ нь зээлдэгч үүргээ бүрэн гүйцэтгэснээр эсвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсанаар дуусгавар болох бөгөөд одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, улсын бүртгэлд банкны барьцааны эрх хэвээр бүртгэлтэй байгаа болно.
Иймд, нэхэмжлэгчийн хувьд банкны өмнө хүлээх үүргийг аливаа хэлбэрээр дуусгавар болгосон гэрээ хэлцэл байхгүй, эвлэрлийн гэрээ нь дангаар тус 3 төрлийн гэрээг орлох боломжгүй, үүргийг солихоор тохиролцоогүй учир нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй талаар; Нэхэмжлэгч нь банкыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шаардах эрхийн хүрээнд шаардлага гаргаж байгаа. Иргэний хуулийн үндсэн системчлэлийн дагуу талуудын хооронд гэрээний хүрээнд шаардах эрх байгаа эсэхийг шалгаад, хэрэв гэрээнээс үүдэлтэй шаардах эрх байхгүй тохиолдолд үүргийн шаардах эрх рүү шалгадаг.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл байхгүй болно.
Иймд талуудын хоорондох зээл түүнтэй холбоотой харилцааг хүчин төгөлдөр гэрээ үйлчилж байхад, үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой шаардах эрхийг үндэслэл болгон шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Мөн хариуцагч нь тухайн хөрөнгөд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, тухайн үнэлгээгээр худалдан борлуулсан бөгөөд худалдан борлуулсан төлбөрөөр зээлийн төлбөрөөс хасч тооцсоныг анхаарна уу. Маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч нь К байсан бөгөөд одоо тус хөрөнгийг худалдан авагч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Иймд, нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн бус хөрөнгөтэй холбоотой аливаа шаардлага гаргах эрх нь дуусгавар болсныг анхаарах нь зүйтэй.
3. Хөрөнгийн үнэлгээний талаар, Нэхэмжлэгч тухайн экскавторийн хохирлыг 678,798,000.00 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчаас шаардсан. Уг үнэлгээ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед буюу 2019 оны 2 сард талуудын хооронд харилцан тохиролцсон үнэлгээ байдаг.
Нэхэмжлэгч нь тус үнэлгээ хийгдсэнээс хойш тус хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж ашигласан бөгөөд 2022 оны 03 сард банк биет байдлаар гаргуулан авах хүртэл хугацаанд тухайн хөрөнгөд ашиглалтын болон зөөвөрлөлтийн элэгдэл, хорогдол үүссээр байсан. Мөн уг маргаан бүхий экскаваторын хөрөнгийн ашиглалтын хугацаа нь 10 жил байдаг бөгөөд тус хөрөнгийг банканд барьцаалахад буюу 2019.02 сард 7 жил өнгөрсөн байсан ба биетээр гаргуулан авахад ашиглалтын хугацаа дууссан байсан зэргийг харгалзах нь зүйтэй. Тухайн хөрөнгийн 2022 оны 03 сарын 09-ний байдлаар үнэлсэн Хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний тайланд техникийн шинжээчийн дүгнэлт тусгагдсан байдаг. Тус дүгнэлтэд: “Гидрийн шингэний түвшин бага, хөдөлгүүр болон үндсэн хуваарлахаас тос гоожилттой, үндсэн нососнуудын даралт болон урсгал хангалтгүй, шанаганы бүх пальц, втулка муудсан. Үндсэн сум болон цилиндрийн сальник солих, хуваарлагчийн сальникуудыг солих, эргэн моторын тормос муудсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү байдлыг нотлох эскаваторын гэрэл зургууд авагдсан.
Тухайн хөрөнгийг барьцаалах үед энэхүү эвдрэл, гэмтлүүд байгаагүй бөгөөд 3 жилийн ашиглалтаас үүдсэн элэгдэл, эвдрэл гэмтэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Капитронбанкны зүгээс тухайн хөрөнгийг 2022 оны 03 сарын 09-ний байдлаар үнэлгээ хийлгэхэд 398,000,000 /гурван зуун ерэн найман сая төгрөг/ хэмээн үнэлэгдсэн болно.
Иймд, нэхэмжлэгчээс хохирлоо бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, К-аас тухайн экскаваторыг өөрсдөө эзэмшиж, ашиглаж байсан үедээ учруулсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагадаа багтаан нэхэмжлэх нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.02.25-ны өдрийн 00 тоот Зээлийн гэрээ, 00 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”, 00 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”, 2020.07.27-ны өдрийн 00 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”, мөн өдрийн 00 тоот барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”, 2022.04.06-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.04.14-ний өдрийн 00 тоот К-д хандсан албан бичиг, тус шүүгчийн 2022.04.26-ны өдрийн 00 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, К ХХК-ийн нэхэмжлэгчид хандсан 2022.05.10-ны өдрийн 0 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021.12.02-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.02-ны өдрийн 0000 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2022.03.16-ны өдрийн 0000 дугаар “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 000 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, Хариуцагч талаас “К” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.03.21-ний өдрийн “Хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 0000-УБ улсын дугаартай “НIТАСНI ZХ870Н-3” маркийн Эксковаторийн Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2022.03.14-ний өдрийн “Эксковатор хүлээлцсэн тэмдэглэл” зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, Шүүхийн журмаар шинжээч “Л” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, “М” ТББ-ын шинжээчийн дүгнэлт зэргийг бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан эксковаторын хохирол 678,798,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр шийдвэрлүүлснээр фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад эксковаторыг хууль бусаар захиран зарцуулж, хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул фидуцийн зүйл болох эксковаторыг бодитойгоор гаргуулан авч, худалдан борлуулж, зээлийн төлбөрөөс хассан, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөр шаардах эрхгүй, нэхэмжлэгчээс хохирлоо бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. “М” ХХК нь “К” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №0000 тоот “Зээлийн гэрээ”, №0000 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, №0000 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулан 650,000,000 /зургаан зуун тавин сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0000 тоот “Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”00 тоот “Барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. /хавтаст хэргийн 8-18 хуудас/
2. “К” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 740,998,955 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу талууд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 740,998,955 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах, үл биелүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн 0 дугаартай, Өмнөговь аймгийн ... сумын 0 дүгээр баг, Урт 0 дугаар гудамжны нарийн сухайт тоот хаягт байршилтай, 798.36 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 0000 дугаартай, Өмнөговь аймгийн ... сумын ... хаягт байршилтай, 3640 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсоныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хавтаст хэргийн 72-73 хуудас/
3. “К” ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0000 дугаар захирамжаар дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, гүйцэтгэх хуудсыг олгожээ. /хавтаст хэргийн 74, ар тал/
4. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0000 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ээр 678,798,000 /зургаан зуун далан найман сая долоон зуун ерэн найман мянга/ төгрөгийн үнэ бүхий /2019.02.25-ний өдрийн байдлаар/ 0000-УБ улсын дугаартай “НIТАСНI-870” загварын эксковаторыг “К” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. /хавтаст хэргийн 15-16 хуудас/
Уг эксковаторыг “К” ХХК нь 2022.03.14-ны өдөр ... аймгийн ... сумын нутагт хураан авч, харуул хамгаалалтын ажилтнуудад хүлээлгэн өгч, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Х” ХХК-иар зах зээлийн үнэ 398,000,000 /гурван зуун ерэн найман сая/ төгрөг болохыг тогтоолгож, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр “Х” ХХК-д 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгөөр худалджээ. /хавтаст хэргийн 83-84, 44-59, 43 хуудас/
Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.
5. Хариуцагч “К” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа фидуцийн гэрээний үүрэг шаардаагүй, талууд “Эвлэрлийн гэрээ”-гээр зээлийн төлбөрийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцсоныг шүүх баталж шийдвэрлэснээр фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болох эсэх талаар зохигч маргаж байна.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд “Зээлийн гэрээ”-тэй салшгүй холбоотой буюу акцисор шинжтэй гэрээ юм.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу “К” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардаагүй, талууд “Эвлэрлийн гэрээ”-гээр зээлийн төлбөрийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцсоныг шүүх баталж шийдвэрлэснээр зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-ний эрх, үүргүүд буюу гэрээний харилцаа дуусгавар болсон байна.
Иймд “К” ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох 0000-УБ улсын дугаартай “НIТАСНI ZХ870Н-3” маркийн Эксковаторыг 2022.03.14-ны өдөр бодитойгоор гаргуулан авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй байсан байна.
6. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заасны дагуу “К” ХХК нь фидуцийн гэрээний дагуу 0000-УБ улсын дугаартай “НIТАСНI ZХ870Н-3” маркийн Эксковаторын өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд фидуцийн гэрээний харилцаа дуусгавар болсноор Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.-д “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар уг Эксковаторыг “М” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй юм.
7. Нэхэмжлэгч “М” ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар фидуцийн гэрээ дуусгавар болсноор Эксковаторыг “К” ХХК-иас буцаан шаардах эрхтэй юм.
“К” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр “Хамтын эх булаг” ХХК-д 0000-УБ улсын дугаартай “НIТАСНI ZХ870Н-3” маркийн Эксковаторыг 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгөөр худалдсан байна.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлиийн 493.2.-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө.” гэж заасны дагуу хариуцагч “К” ХХК нь Эксковаторыг бусдад худалдсанаас түүнийг буцааж өгөх боломжгүй байгаа тул түүний үнийг төлөх үүрэгтэй байна.
8. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2019.02.25-ны өдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” байгуулах үеийн эксковаторын үнэ 678,798,000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч, гэрээ байгуулах үед эксковатор эвдрэл, гэмтэлгүй байсан ба үүнээс хойш 3 жил нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтаас элэгдэл, эвдрэл гэмтэлүүд үүссэн, К зүгээс тухайн хөрөнгийг 2022 оны 03 сарын 09-ний байдлаар үнэлгээ хийлгэхэд 398,000,000 /гурван зуун ерэн найман сая/ төгрөгөөр үнэлэгдсэн гэж маргаж байна.
Шинжээч “Л” ХХК нь 0000УБ улсын дугаартай “НIТАСНI-870” загварын эксковаторын зах зээлийн үнийг 2023.01.30-ны өдрийн байдлаар 1,895,780,138 төгрөг болохыг тогтоосон. /хавтаст хэргийн 110-140 хуудас/
Шүүх “Л” ХХК, “Х” ХХК нар нь эксковаторын зах зээлийн үнийг нэг жил орчим хугацааны зөрүүтэй гаргасан ч, хоорондоо их зөрүүтэй байгаа нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнээд дахин шинжилгээ хийлгэхээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтыг шинжээчээр томилж, шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр 0000 УБ улсын дугаартай “НIТАСНI-870” загварын эксковаторын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнийг тогтоохыг даалгасан.
Шинжээч М-ын 2023.10.03-ны өдрийн 00 дугаар Шинжээчийн дүгнэлтээр “Л” ХХК болон “Х” ХХК нарын үнэлгээний тайланд дүгнэлт өгч, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын Стандартад нийцүүлэн 0000-УБ улсын дугаартай “НIТАСНI-870” загварын эксковаторын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнийг 599,014,982 төгрөг болохыг тогтоосон. /хавтаст хэргийн 158-223 хуудас/
9. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаар захирамжаар “М” ХХК-иас 740,998,955 төгрөгийг гаргуулж “К” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эксковаторыг худалдсан үнэ 400,000,000 төгрөгийг уг төлбөрөөс хассан болох нь Н-ын 2022.04.06-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”, “М” ХХК-ийн 2022.04.14-ний өдрийн 0000 тоот К-д хандсан албан бичиг, К ХХК-ийн 2022.05.10-ны өдрийн 0 тоот нэхэмжлэгчид хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 19-20, 33 хуудас/
Иймд хариуцагч “К” ХХК-иас гаргуулах Эксковаторын үнэ 599,014,982 төгрөгөөс нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлбөрт төлөгдсөн 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгийг хасч, үлдэх 199,014,982 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн эксковаторын хохирол 678,798,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч “К” ХХК-иас 199,014,982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 479,783,018 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Шүүх хуралдааны явцад хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь “нэхэмжлэгчээс зээлийн төлбөр гаргуулахаар Хан-Уул дүүргийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээ нотлох баримтаар гаргаж өгөх хүсэлт”-ийг гаргаж, уг хүсэлтийг гаргах болсон үндэслэлээ “нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, түүнээсээ татгалзсан” гэж тайлбарлаж байгааг няцаана гэж тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “зээлийн төлбөрийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахаар эвлэрсэн тул уг эвлэрлийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах байсан. Харин фидуцийн зүйлийг дур мэдэн худалдан борлуулах эрхгүй байсан” гэж тодорхойлогдсон тул “шүүх хуралдааны явцад шинээр үндэслэл илэрч нотлох баримт гаргах шаардлага үүссэн” гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шинээр нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
11. Шинжээчийн ажлын зардал тухайд,
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаар захирамжаар шинжээчээр “Л” ХХК-ийг томилж, шинжээчийн зардал, ажлын хөлсийг нэхэмжлэгч “М” ХХК урьдчилан хариуцахыг даалгасан. Шинжээч “Л” ХХК-ийн 2023.01.30-ны өдрийн №0 дугаар албан бичгээр шинжээчийн зардал 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн болохыг мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 122 хуудас/,
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 4172 дугаар захирамжаар шинжээчээр М-ыг томилсон. Шинжээч нь ажлын хөлс 2,304,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэх, хүсэлтээ ирүүлсэн боловч хариуцагч “К” ХХК-иас 2023.07.18-ны өдөр 2,304,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан байна. /хавтаст хэргийн 169, 241-244 хуудас/,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ”, 53.1.1. “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж тус тус заасан.
Нэхэмжлэлийн эксковаторын үнэ гаргуулах шаардлагыг хангасан боловч нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, дахин шинжээчийг хариуцагчийн хүсэлтээр томилсон тул “Л” ХХК-ийн шинжээчийн зардлагыг нэхэмжлэгчид, М-ын шинжээчийн зардлыг хариуцагчид хариуцуулах үндэслэлтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “К” ХХК-иас 199,014,982 /нэг зуун ерэн есөн сая арван дөрвөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 479,783,018 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,551,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-иас 1,153,025 /нэг сая нэг зуун тавин гурван мянга хорин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА